A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 254

Улаанбаатар хот

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 257 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-д доор дурдсан агуулгатай 3.7, 3.8, 3.9, 3.10, 4.13, 4.14, 4.15, 4.22 дахь заалт тус тус нэмсүгэй:

"3.7.Тухайн бөх ам авахаар бөхийн нэрийг дуудуулах, эсхүл цахим программыг ашиглаж эхэлснээс хойш ам авах хугацаа 4 минут байх бөгөөд уг хугацааг нэг удаа 1 минутаар сунгаж болно.

3.8.Энэ дүрмийн 3.7-д заасан хугацаанд ам аваагүй бол тухайн бөх цолны эрэмбээр дараагийн хоёр бөх ам авсны дараа ам авахаар хойшлох бөгөөд цолны эрэмбээр дараагийн бөх ам авна.

3.9.Бөх ам авахдаа холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно.

3.10.Бөхийн цолыг дуудахдаа бөхийн үндсэн харьяа, цол, спорт хороо, бөхийн дэвжээ, нэг ивээн тэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагыг дуудна.

4.13.Энэ журмын 4.12-т заасан дан болон давхар шуудагны барьцтай барилдаж хоёр бөх хаялцаагүй бол тухайн хоёр бөхийн барилдааныг зогсоож, хөлийн цэц барилдааны явцад идэвхтэй барилдсан бөхийн талаар сонгуулж тэгш барьцтай барилдуулна.

4.14.Тэгш барьц гэж бөхийн нэг гар учраа бөхийн шуудагнаас, нөгөө гар сугадаж барьсан барьцыг хэлэх бөгөөд уг барьцтай барилдуулах хугацаа даваа тус бүрд 20 минут байна.

4.15.Барилдааны үндсэн, дан болон давхар шуудагны барьцтай барилдах, тэгш барьцтай барилдах нийт 60 минутын хугацаанд бөхийн санаачилга харна.

4.22.Барилдаж байгаа бөх эмчилгээ хийлгэх, эсхүл зодог, шуудгаа солих зайлшгүй шалтгааны улмаас зодог, шуудгаа барилдааны талбайгаас гадна тайлахаас бусад тохиолдолд зодог, шуудгаа талбай дээр тайлахгүй."

2.Мөн дүрмийн 3.5, 3.6, 4.9, 4.10, 4.12, 6.5.6, 9.2.5 дахь заалт, дэд заалтыг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

"3.5.бөхийн ам авах үйл ажиллагааг цахим программ ашиглан явуулж болно.

3.6.Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны өмнөх давааны барилдаан дуусаж, тухайн бөхийн нэрийг ам авхуулахаар зарласнаас хойш ам авч эхлэх хугацаа 5минутаас илүүгүй байна.

4.9.Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёр бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацаа даваа тус бүрд 20 минут байна.

4.10.Аймаг, сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёр бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацаа даваа тус бүрд 20 минут байна.

4.12.Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны барилдах үндсэн хугацаа дуусахад дан болон давхар шуудагны барьцтай барилдуулах хугацаа даваа тус бүрд 20 минут байна.

6.5.6.барилдааны үндсэн, дан болон давхар шуудагны барьцтай барилдах, тэгш барьцтай барилдах хугацаанд буюу санаачилга харах 60 минутын хугацаанд хоёр бөхийн идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах зэрэг үйлдлийг харгалзан үзэж идэвх санаачилгагүй барилдсан бөхөд хоёр удаа сануулж, дээрх хугацаа дууссаны дараа хоёр бөх хаялцаагүй бол хоёр бөхийн идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах үйлдэл, сануулгыг харгалзан үзэж улмаар барилдаанаас хасаж, учраа бөхийг давсанд тооцох эсэхийг бүх цэцүүд зөвлөлдөн олонхын саналаар шийдвэрлэх;

9.2.5.энэ дүрмийн 4.9, 4.10, 4.12, 4.14-т заасан хугацаанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах хугацаанд идэвх санаачилга болон барьц барих, хорьж барих, илт хамгаалах зэрэг хөдөлгөөний үйлдлийг харгалзан идэвх санаачилгагүй барилдсан бөхөд хоёр удаа сануулж, улмаар барилдаанаас хасаж, учраа бөхийг давсанд тооцно."

3.Мөн дүрмийн 4.15 дахь заалтын "4.14-т" гэснийг "4.17-д" гэж, 4.13, 4.14, 4.15, 4.16, 4.17, 4.18 дахь заалтын дугаарыг "4.16, 4.17, 4.18, 4.19, 4.20, 4.21" гэж, 10.1 дэх заалтын "барилдаантай" гэснийг "барилдаан зохион байгуулахтай" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Дүрэмд нэмэлт орсонтой холбогдуулан хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН