A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 06

Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, 9.1.13 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.8.6 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйл, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, "Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг хоёрдугаар, "Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, хяналт тавих журам"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (С.Төгсдэлгэр)-т даалгах нь:

2.1.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээтэй холбогдох дүрэм, журам, тусламж, үйлчилгээний жагсаалтыг шинэчлэн батлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

2.2."Журам, гэрээний загвар, шалгуур үзүүлэлт батлах тухай" тушаалыг шинэчлэн батлах, чиглэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх;

2.3."Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн зардлын хязгаар, зарцуулах журам" батлуулах;

2.4.Санхүүгийн хүндрэлд орсон сум, тосгоны эрүүл мэндийн төвийн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд үүссэн өр төлбөрийн шалтгааныг судлан, зайлшгүй шийдэх өр төлбөрийг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргах, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хангуулах;

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Л.Бямбасүрэн)-т даалгах нь:

3.1.Нийт өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээг шинэчлэн байгуулах;

3.2.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй тусламж, үйлчилгээний нэхэмжлэлд тавигдах чанар, төлбөрийн хяналтын шалгуур бий болгож нэхэмжлэлийн хяналтыг хийх;

3.3.Эрүүл мэндийн даатгалын цахим програм хангамжид холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах;

3.4.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн тоо мэдээлэл болон нэхэмжлэлийг бодит цагийн горимоор хүлээн авч холбогдох эрх зүйн хүрээнд тусламж, үйлчилгээг худалдан авах;

3.5.Тогтоолоор батлагдсан журмыг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах сургалтыг холбогдох байгууллагуудыг оролцуулан зохион байгуулах;

4.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг болгох нь:

4.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны програм, цахим системийг бодит цагийн горимд шилжүүлж, иргэнд чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх;

5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны "Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын алба (Т.Батмөнх)-д даалгасугай.

ДАРГА С.ЧИНЗОРИГ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, 9.1.13 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.8.6 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйл, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.10 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, "Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг хоёрдугаар, "Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, хяналт тавих журам"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай.

2.1.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Д.Очирбат)-д:

1/ Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар шуурхай хангаж, чиглэл бүхий албан даалгавар хүргүүлэх;

2/ Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хянахад ашиглаж байгаа удирдлага, мэдээллийн систем, програмыг шинээр хөгжүүлэх, нэвтрүүлэх;

3/ Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай тохиолдолд Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэр, дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн батлуулах;

2.2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Л.Бямбасүрэн)-т:

1/ Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй тусламж, үйлчилгээний нэхэмжлэлд тавигдах чанар, төлбөрийн хяналтын шалгуурыг шинэчлэгдсэн багц, журмуудтай уялдуулан бий болгож нэхэмжлэлийн хяналтыг хийх;

2/ Эрүүл мэндийн даатгалын цахим програм хангамжид холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах;

3/ Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн тоо мэдээлэл болон нэхэмжлэлийг бодит цагийн горимоор хүлээн авч холбогдох хууль, журмын дагуу тусламж, үйлчилгээг худалдан авах;

4/ Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад тогтоол, журмын талаар сургалт зохион байгуулах;

5/ Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвтэй байгуулах гэрээний шалгуур үзүүлэлтэд нэмэлт,өөрчлөлт оруулж батлуулах, хэрэгжүүлэх;

6/ Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чадамж, хүртээмжид үнэлгээ хийж, үнэлгээний үр дүнгээр оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээг үзүүлэх гэрээг байгуулах;

3.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга нарт:

1/ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны програм, цахим системийг бодит цагийн горимд шилжүүлж, иргэнд чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх;

2/ Иргэн даатгуулагчид эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ, тогтоолын талаар үнэн зөв мэдээллээр хангах;

4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны "Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын алба (Т.Батмөнх)-д даалгасугай.

ДАРГА С.ЧИНЗОРИГ