A

A

A

Бүлэг: 1979

 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

 

ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН АРГА

  1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дараах төлбөрийн аргаар санхүүжүүлнэ.
    1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 6.2-т заасан Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтад багтсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг иргэнээр тооцсон төлбөрийн аргаар санхүүжүүлнэ.
    2. Сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх дараах эмнэлгийн тусламж, үйлчилгээг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар лавлагаа шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх багц, төлбөрийн аргаас дор заасан тусламж, үйлчилгээг санхүүжүүлнэ. Үүнд:
      1. Түргэн тусламжийн үйлчилгээ
      2. Яаралтай тусламж, үйлчилгээ
      3. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
      4. Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ
    3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх дараах тусламж, үйлчилгээ тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар эрүүл мэндийн даатгалын сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн төвийг санхүүжүүлнэ.
      1. Зарим сэргээн засах тусламж, үйлчилгээ
      2. Оношилгоо, шинжилгээ
      3. Өдрийн эмчилгээ
      4. Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ
  2. Гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаа, арга хэмжээний зардлыг эдийн засгийн ангиллаар Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу тухай бүр нэмэлтээр санхүүжүүлнэ.
  3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаас бусад анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.10-д заасны дагуу иргэн эрүүл мэндийн даатгалд даатгуулсан эсэхээс үл хамаарч авна.
  4. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх нэг иргэнээр тооцсон болон тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээнд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, урсгал засвар, байрны түрээсийн  зардлууд ороогүй бөгөөд энэхүү зардлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу жил бүрийн төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан гарсан холбогдох журмын дагуу орон нутгийн төсвөөс эдийн засгийн ангиллаар санхүүжүүлнэ.
  5. Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан төлбөрийн хэмжээг тухайн жилийн Эрүүл мэндийн даатгалын сангийн батлагдсан төсвийн хүрээнд дараах өөрчлөлтийн аль нэг нь бүрдсэн үед зайлшгүй шинэчлэнэ.
    1.     Үндэсний статистикийн хорооноос зарласан жилийн эцсийн инфляцын сүүлийн хоёр жилийн түвшингүүдийн нийлбэр нь 10 хувиас дээш гарсан үед;
    2.     Төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, хэмжээ өөрчлөгдсөн үед;
    3.     Ам долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн 2 жилийн дотор 20 болон түүнээс дээш хувиар өөрчлөгдсөн үед;
    4.     Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн тогтолцооны үнэлгээ болон тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанар, үр дүнд хийсэн судалгаа, үнэлгээгээр эрүүл мэндийн салбарын зардал, үр ашигт нөлөөлөл илэрсэн үед.