A

A

A

Бүлэг: 1979

Эрүүл мэндийн даатгалын үндэсний

                                                                                зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын

          28-ны өдрийн 08 дугаар тогтоолын

                                                                                           хоёрдугаар хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ НЬ ХАРИУЦАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН АРГА

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журмын зорилго нь эрүүл мэндийн даатгалын сангаас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээг худалдан авахад баримтлах төлбөрийн аргыг тогтоох, төлбөрийн аргын бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлох, бүрэлдэхүүн хэсэгт өөрчлөлт оруулах нөхцөлийг тогтооход оршино.

 

Хоёр. Төлбөрийн арга

 

2.1 . Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 заалтад зааснаас бусад эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг "Тохиолдолд суурилсан төлбөрийн арга"-аар тооцон  санхүүжүүлнэ.

 

2.2 . "Тохиолдолд суурилсан төлбөрийн арга" гэж  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т[1] заасныг ойлгоно.

 

2.3 . "Оношийн хамааралтай бүлэг" нь тохиолдолд суурилсан төлбөрийн аргын нэг хэлбэр бөгөөд өвчин эмгэгийг эмнэлзүйн хувьд төстэй, өртгийн хувьд ойролцоо байдлаар нь сонгон багцалж бүлэг үүсгэх, бүлэг бүрийн дундаж өртгийг урьдчилан тооцож, урьдчилан тогтоосон өртгөөр тухайн бүлэгт хамаарах  бүх тусламж үйлчилгээг санхүүжүүлдэг арга юм.

 

2.4 . "Оношийн хамааралтай бүлэг"-ийн төлбөрийн арга нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

 

2.4.1   Оношийн хамааралтай бүлгийн код: Бүлэг нь тусламж, үйлчилгээний нийтлэг онцлогийг илтгэх 9 хүртэлх цифрээс бүрдсэн кодтой байх бөгөөд кодын орон нь дараах утгыг илэрхийлнэ:

 

2.4.1.1   эхний орон нь Оношийн хамааралтай бүлгийн төлбөрийн аргын хөгжүүлэлтийн хувилбарын дугаарыг;

2.4.1.2   хоёр дахь орон нь тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын төрлийг (1 – бүх ЭМБ, 2 – үндсэн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг,  ортой болон оргүй клиник, амаржих газар, түргэн тусламжийн төв 3 – төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай эмнэлэг)

2.4.1.3   дараагийн 2 орон буюу 3, 4 дэх орон нь тухайн бүлэгт хамрагдах оношийн үндсэн ангилал буюу эрхтэн системийн бүлгийн дугаарыг;

2.4.1.4   дараагийн 3 орон буюу 5, 6, 7 дахь орон нь тухайн бүлэгт орсон оношийн эмнэлзүйн төстэй болон өртгийн хувьд ойролцоо байдлыг;

2.4.1.5   сүүлийн 2 орон буюу 8, 9 дэх орон нь тухайн тусламж, үйлчилгээний төрлийг.

 

2.4.2  Тухайн бүлэгт хамаарах өвчин эмгэгийн оношийн жагсаалт: Бүлэгт эмнэлзүйн болон өртгийн хувьд ойролцоо оношуудыг жагсаан оруулсан байна. Жилд 20-иос доош удаа тохиолдсон буюу ховор өвчин эмгэгийг эмнэлзүйн болон өртгийн хувьд ойролцоо эсэхийг үл харгалзан нэгтгэж "Ангилагдаагүй бусад" гэсэн бүлэгт хамааруулна. 

 

 2.4.3. Суурь тариф:  ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний өртгийн судалгаа, бодлогын тохируулгын өөрчлөлт, эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөөлөл зэрэгт үндэслэн тусламж, үйлчилгээний төрлөөр тодорхойлогдоно.

 

 2.4.4. Өртгийн жин: Тухайн оношийн хамааралтай бүлгийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлогч индекс бөгөөд энэ нь тухайн бүлэгт хамаарах тусламж, үйлчилгээний дундаж өртгийг суурь тарифт харьцуулсан харьцаагаар тодорхойлогдох тул  бүлэг бүрээр ялгаатай байна.

 

 2.4.5. Бүсчлэлийн коэффициент: Аймаг, орон нутгийн алслагдмал байдал болон Монгол Улсын Засгийн газраас орон нутгийг дэмжих зорилгоор албан хаагчдад олгож буй цалингийн өсөлт, тээврийн хөлс, амьжиргааны өртөг зэрэг нь тусламж, үйлчилгээний өртөгт шууд нөлөө үзүүлж буй тул уг нөлөөллийг тарифт тусгах зорилгоор энэхүү коэффициентийг ашиглана.

 

2.5.  Оношийн хамааралтай бүлэгт багтах өвчин эмгэгийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээг бүлгийн суурь тариф, өртгийн жин, бүсчлэлийн коэффициентийн үржвэрээр тодорхойлно.

 

 

Zохб = Cохб * Кохб* Rохб

 

 

 

 

 

Энд,

 

Zохбтухайн бүлэгт хамаарах оношийн нэг тохиолдлын нийт төлбөрийн хэмжээ

Cохб суурь тариф

Кохб холбогдох оношийн хамааралтай бүлгийн өртгийн жин

Rохб бүсчлэлийн коэффициент

 

 

Гурав. Суурь тарифыг өөрчлөх

3.1.  Улсын Их Хурлаас баталсан Эрүүл мэндийн даатгалын сангийн жил бүрийн төсвийн хуулийн хүрээнд сангийн зарлагыг нэмэгдүүлэх төсвийн боломж үүсэж дараах нөхцөлийн аль нэг бүрдсэн үед  эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний суурь тарифын хэмжээг шинэчилнэ:

 

3.1.1. Албан ёсны статистикаар жилийн инфляцын сүүлийн хоёр жилийн  нийлбэр 10 хувиас давсан;

 

3.1.2. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн сүлжээг шинэчилсэн;

 

3.1.3.  Америк долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн 2 жилийн дотор 20 ба түүнээс дээш хувиар өөрчлөгдсөн;

 

3.1.4. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн тогтолцооны үнэлгээ болон тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанар, үр дүнд хийсэн судалгаагаар суурь тарифыг өөрчлөх шаардлагатай нь нотлогдсон.

 

3.2.  Суурь тарифыг өөрчлөлттэй уялдуулан оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жинг өөрчлөхгүй байж болно.   

 

3.3.  Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь суурь тарифыг өөрчлөх шаардлагатай эсэх, тарифыг нэмэгдүүлэх төсвийн боломж эрүүл мэндийн даатгалын санд байгаа эсэхэд жил бүр дүн шинжилгээ хийж, энэ талаарх дүгнэлтийг шийдвэрлэх арга замын саналын хамт ЭМДҮЗ-өөр хэлэлцүүлнэ.  

 

 

-оОо-

 


[1] "тохиолдолд суурилсан төлбөрийн арга" гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тохиолдол бүрээр зардлыг урьдчилж багцлан тооцож санхүүжүүлэхийг хэлнэ.