- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ҮНЭТ МЕТАЛЛ, ҮНЭТ ЧУЛУУНЫ, ЭСХҮЛ ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН ЭДЛЭЛИЙН АРИЛЖАА ЭРХЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАЙНЫ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны
2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн
233 дугаар тогтоолын хавсралт
ҮНЭТ МЕТАЛЛ, ҮНЭТ ЧУЛУУНЫ, ЭСХҮЛ ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН ЭДЛЭЛИЙН
АРИЛЖАА ЭРХЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАЙНЫ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журмаар Санхүүгийн зохицуулах хороо (цаашид "Хороо" гэх)-оос үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч (цаашид "Арилжаа эрхлэгч" гэх)-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд хяналт шалгалт хийж, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын хэрэгжилт, учирч болзошгүй эрсдэлийн түвшнийг тодорхойлж, түүнд үнэлгээ, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдалд холбогдох арга хэмжээ авахтай холбогдох харилцааг зохицуулна.
1.2.Хорооноос баталсан "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам"-аар арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалттай холбоотой нийтлэг харилцааг зохицуулж, энэ журмаар нарийвчилсан харилцааг зохицуулна.
1.3.Хороо хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ "Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын бодлогын баримт бичиг"-т заасан зарчмыг баримтална.
1.4.Холбогдох төрийн байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд энэ журмыг баримталж болно.
ХОЁР.ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТӨРӨЛ, ХЭЛБЭР
2.1.Хорооноос хийх хяналт шалгалт нь дараах төрөлтэй байна:
2.1.1.зайны хяналт шалгалт;
2.1.2.газар дээрх хяналт шалгалт.
2.2.Хяналт шалгалтыг хянан шалгагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ. Газар дээрх хяналт шалгалтыг зөвхөн улсын байцаагчийн эрхтэй хянан шал
гагч хэрэгжүүлж, ажлын хэсгийг удирдана. Шаардлагатай гэж үзвэл бусад албан хаагчийг ажлын хэсгийн гишүүнээр ажиллуулж болно.
2.3.Хянан шалгагч, улсын байцаагч нь хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.
ГУРАВ.ЗАЙНЫ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ
3.1.Зайны хяналт шалгалтаар үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн салбарын болон арилжаа эрхлэгчийн болзошгүй эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
3.2.Зайны хяналт шалгалт нь дараах үе шаттай байна:
3.2.1.арилжаа эрхлэгчээс ирүүлбэл зохих тайлан, мэдээг хянаж, үндсэн үйл ажиллагааны болон цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг тодорхойлох, санхүү, төлбөрийн чадварт үнэлэлт, дүгнэлт өгөх;
3.2.2.тайлан, мэдээг ирүүлээгүй, ирүүлсэн тайлан, мэдээ нь шаардлага хангаагүй бол тухайн арилжаа эрхлэгчээс шаардлага хангасан тайлан мэдээг нэн даруй ирүүлэхийг шаардах;
3.2.3.шаардлагатай тохиолдолд нэмэлт тайлбар, мэдээлэл, холбогдох баримт бичгийг шаардах;
3.2.4.шаардлагатай гэж үзвэл арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд газар дээрх хяналт, шалгалт хийх саналыг Хорооны холбогдох удирдлагад танилцуулах.
3.3.Арилжаа эрхлэгчээс ирүүлсэн тайлан мэдээг хянаж, эрсдэлтэй гэж дүгнэсэн тохиолдолд хугацаатай үүрэг даалгаврыг албан бичгээр хүргүүлнэ.
ДӨРӨВ.ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ
4.1.Газар дээрх хяналт шалгалтаар арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааварт нийцэж байгаа эсэхийг газар дээр нь баримтаар тогтоох, зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авна.
4.2.Газар дээрх хяналт шалгалтын төлөвлөгөө, шалгалтын удирдамж (цаашид "удирдамж" гэх)-ийг Хорооны дарга батална.
4.3.Газар дээрх хяналт шалгалтыг хамрах цар хүрээгээр нь иж бүрэн, хэсэгчилсэн гэж ангилна.
4.4.Иж бүрэн хяналт шалгалтаар баталсан удирдамжийн хүрээнд холбогдох баримт бичигт тулгуурлан арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг бүхэлд нь хамруулж, үнэлэлт, дүгнэлт өгнө.
4.5.Хэсэгчилсэн хяналт шалгалтаар харилцагчдаас болон холбогдох бусад байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, эсхүл Хорооноос шалгах шаардлагатай гэж үзсэн хүрээнд арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгнө.
4.6.Удирдамжийг хяналт шалгалтад хамрагдах арилжаа эрхлэгч, хуульд заасны дагуу төлөөлж буй этгээдэд танилцуулснаар хяналт шалгалтыг эхлүүлнэ.
4.7.Газар дээрх хяналт шалгалтад хамрагдах арилжаа эрхлэгчээс шалгалтын удирдамжид заасан баримт бичгийг шаардана.
4.8.Газар дээрх хяналт шалгалтын тайлан (цаашид "тайлан" гэх)-г шалгалтад хамрагдсан арилжаа эрхлэгчид удирдамжид заасан хугацаанд танилцуулна.
4.9.Газар дээрх хяналт шалгалт хийхэд арилжаа эрхлэгч, эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд тухайн этгээд ирээгүй нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй.
4.10.Ажлын хэсэг тайланг арилжаа эрхлэгч, хуульд заасны дагуу төлөөлж буй этгээдэд танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулна.
4.11.Тайлантай холбогдуулан хариу шаардсан бол арилжаа эрхлэгч тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд Хороонд хариу мэдэгдэх үүрэгтэй.
4.12.Тайланг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тайлантай танилцсанаас хойш 10 хоногийн дотор Хорооны Улсын Ерөнхий байцаагчид бичгээр гомдол гаргаж болно.
4.13.Газар дээрх хяналт шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалтын ажлын хэсэг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгнө.
4.14.Газар дээрх хяналт шалгалтын дүнд илэрсэн зөрчил, дутагдалд шалгалтын тайлангаар болон Улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөх, шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг нээх, эсхүл гэмт хэргийн шинжтэй тохиолдолд харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлнэ.
ТАВ.ТАЙЛАН, МЭДЭЭ
5.1.Арилжаа эрхлэгч нь дараах тайлан, мэдээг улирал бүр гаргаж, дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор Хороонд цахимаар болон албан бичгээр ирүүлнэ:
5.1.1.санхүүгийн байдлын тайлан (Хавсралт 1);
5.1.2.орлогын дэлгэрэнгүй тайлан (Хавсралт 2);
5.1.3.мөнгөн гүйлгээний тайлан (Хавсралт 3);
5.1.4.өмчийн өөрчлөлтийн тайлан (Хавсралт 4);
5.1.5.санхүүгийн тайлангийн тодруулга (Хавсралт 5).
5.1.6.үнэт металл, үнэт чулууны арилжааны нэгдсэн мэдээлэл (Хавсралт 6);
5.1.7.үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжааны нэгдсэн мэдээлэл (Хавсралт 7);
5.1.8.алтны арилжааны мэдээ (Хавсралт 8);
5.1.9.мөнгөний арилжааны мэдээ (Хавсралт 9);
5.1.10.бусад металлын арилжааны мэдээ (Хавсралт 10);
5.1.11.үнэт чулууны арилжааны мэдээ (Хавсралт 11);
5.1.12.үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжааны мэдээ (Хавсралт 12);
5.1.13.эртний эдлэлийн арилжааны мэдээ (Хавсралт 13).
5.2.Арилжаа эрхлэгч нь арилжаа хийх тухай бүрд хэрэглэгчийн систем, эсхүл цахим төлбөрийн баримтын системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг арилжаанд оролцогч хувь хүн, хуулийн этгээдэд хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээнэ.
5.3.Арилжаа эрхлэгч нь хэрэглэгчийн системд бүртгэгдсэн арилжааны гүйлгээний мэдээллийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3-т заасан хугацаанд нэгдсэн системд илгээнэ.
---oOo---
Текст томруулах
A
A
A