- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАЙНЫ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны
2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн
235 дугаар тогтоолын хавсралт
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАЙНЫ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэ журмаар Санхүүгийн зохицуулах хороо (цаашид "Хороо" гэх)-оос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага (цаашид "зуучлалын байгууллага" гэх)-ын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд хяналт шалгалт хийж, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын хэрэгжилт, учирч болзошгүй эрсдэлийн түвшнийг тодорхойлж, түүнд үнэлгээ, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдалд холбогдох арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Хорооноос баталсан "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам"-аар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалттай холбоотой нийтлэг харилцааг зохицуулж, энэ журмаар нарийвчилсан харилцааг зохицуулна.
1.3.Холбогдох төрийн байгууллагуудтай хамтран нэгдсэн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг баримталж болно.
1.4.Хороо хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ "Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын бодлогын баримт бичиг"-т заасан зарчмыг баримтална.
ХОЁР.ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТӨРӨЛ, ХЭЛБЭР
2.1.Хорооноос хийх хяналт шалгалт нь дараах төрөлтэй байна:
2.1.1.зайны хяналт шалгалт;
2.1.2.газар дээрх хяналт шалгалт.
2.2.Хяналт шалгалтыг хянан шалгагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ. Газар дээрх хяналт шалгалтыг зөвхөн улсын байцаагчийн эрхтэй хянан шалгагч хэрэгжүүлж, ажлын хэсгийг удирдана. Шаардлагатай гэж үзвэл бусад алба хаагчийг ажлын хэсгийн гишүүнээр ажиллуулж болно.
2.3.Хянан шалгагч, улсын байцаагч нь хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.
ГУРАВ.ЗАЙНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТ
3.1.Зайны хяналт шалгалтаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын болон зуучлалын байгууллагын болзошгүй эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
3.2.Зайны хяналт шалгалт нь дараах үе шаттай байна:
3.2.1.зуучлалын байгууллагаас ирүүлбэл зохих тайлан, мэдээг хянаж, үндсэн үйл ажиллагааны болон цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг тодорхойлох, санхүү, төлбөрийн чадварт үнэлэлт, дүгнэлт өгөх;
3.2.2.тайлан, мэдээг ирүүлээгүй, ирүүлсэн тайлан, мэдээ нь шаардлага хангаагүй бол тухайн зуучлалын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд шаардлага хангасан тайлан мэдээг нэн даруй ирүүлэхийг шаардах;
3.2.3.шаардлагатай тохиолдолд нэмэлт тайлбар, мэдээлэл, холбогдох баримт бичгийг шаардах;
3.2.4.шаардлагатай гэж үзвэл зуучлалын байгууллагын үйл ажиллагаанд газар дээрх хяналт, шалгалт хийх саналыг Хорооны холбогдох удирдлагад танилцуулах.
3.3.Зуучлалын байгууллагаас ирүүлсэн тайлан мэдээг хянаж, эрсдэлтэй гэж дүгнэсэн тохиолдолд хугацаатай үүрэг даалгаврыг албан бичгээр хүргүүлнэ.
ДӨРӨВ.ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ
4.1.Газар дээрх хяналт шалгалтаар зуучлалын байгууллагын үйл ажиллагаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааварт нийцэж байгаа эсэхийг газар дээр нь баримтаар тогтоох, зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авна.
4.2.Газар дээрх хяналт шалгалтын төлөвлөгөө, шалгалтын удирдамж (цаашид "удирдамж" гэх)-ийг Хорооны дарга батална.
4.3.Газар дээрх хяналт шалгалтыг хамрах цар хүрээгээр нь иж бүрэн, хэсэгчилсэн гэж ангилна.
4.4.Иж бүрэн хяналт шалгалтаар баталсан удирдамжийн хүрээнд холбогдох баримт бичигт тулгуурлан зуучлалын байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь хамруулж, үнэлэлт, дүгнэлт өгнө.
4.5.Хэсэгчилсэн хяналт шалгалт нь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс болон холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, эсхүл Хорооноос шалгах шаардлагатай гэж үзсэн хүрээнд зуучлалын байгууллагын үйл ажиллагааг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгнө.
4.6.Удирдамжийг хяналт шалгалтад хамрагдах зуучлалын байгууллагад танилцуулснаар хяналт шалгалтыг эхлүүлнэ.
4.7.Газар дээрх хяналт шалгалтад хамрагдах зуучлалын байгууллагаас удирдамжид заасан баримт бичгийг шаардана.
4.8.Газар дээрх хяналт шалгалтын тайлан (цаашид "тайлан" гэх)-г шалгалтад хамрагдсан зуучлалын байгууллагад удирдамжид заасан хугацаанд танилцуулна.
4.9.Газар дээрх хяналт шалгалт хийхэд зуучлалын байгууллагын эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд тухайн албан тушаалтан ирээгүй нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй.
4.10.Ажлын хэсэг тайланг зуучлалын байгууллагын удирдлагад танилцуулж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна.
4.11.Тайлантай холбогдуулан хариу шаардсан бол зуучлалын байгууллага тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд Хороонд хариу мэдэгдэх үүрэгтэй.
4.12.Тайланг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тайлантай танилцсанаас хойш 10 хоногийн дотор Хорооны Улсын Ерөнхий байцаагчид бичгээр гомдол гаргаж болно.
4.13.Газар дээрх хяналт шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалтын ажлын хэсэг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгч Хорооны холбогдох удирдлагад танилцуулна.
ТАВ.ТАЙЛАН, МЭДЭЭ
5.1.Зуучлалын байгууллага нь дараах тайлан, мэдээг улирал бүр гаргаж, дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор Хороонд цахимаар болон албан бичгээр ирүүлнэ:
5.1.1.санхүүгийн байдлын тайлан (Хавсралт 1);
5.1.2.орлогын дэлгэрэнгүй тайлан (Хавсралт 2);
5.1.3.мөнгөн гүйлгээний тайлан (Хавсралт 3);
5.1.4.өмчийн өөрчлөлтийн тайлан (Хавсралт 4);
5.1.5.зуучлалын байгууллагын үндсэн үйл ажиллагааны мэдээлэл (Хавсралт 5);
5.1.6.үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг худалдах, худалдан авах, шилжүүлэх үйл ажиллагааны зуучлалын мэдээ (Хавсралт 6);
5.1.7.үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг түрээслүүлэх, түрээслэх, хөлслүүлэх, хөлслөх үйл ажиллагааны зуучлалын мэдээ (Хавсралт 7);
5.1.8.үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, засварлан борлуулах үйлчилгээний мэдээ (Хавсралт 8);
5.1.9.үл хөдлөх эд хөрөнгийн менежментийн үйлчилгээний мэдээ (Хавсралт 9);
5.1.10.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаанд хамаарах бусад үйлчилгээний мэдээ (Хавсралт 10);
5.1.11.Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад тайлан мэдээ (Хавсралт 11) .
5.2.Хянан шалгагч нь хариуцсан зуучлалын байгууллагаас ирүүлсэн тайлан, мэдээг хянаж, нэгтгэлийн системд улирлын мэдээг дараа улирлын эхний сарын 30-ны өдрийн дотор, жилийн мэдээллийг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор баталгаажуулалт хийж, зайны болон газар дээрх хяналт шалгалтын нэгтгэл тайланг гаргана.
- - - o O o - - -
Текст томруулах
A
A
A