A

A

A

Бүлэг: 1979

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны
06 дугаар сарын 14-ний өдрийн А-116 дугаар
тушаалын Нэгдүгээр хавсралт

ГАДААДЫН  БАНКНЫ САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ ТОГТООХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ 

 

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 1.1.Энэ журмын зорилго нь Банкны тухай хуулийн 22 дугаар зүйл, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг үндэслэн гадаад улсад үүсгэн байгуулагдсан банк (цаашид "гадаадын банк" гэх)-ны салбар, төлөөлөгчийн газар Монгол Улсад үйл ажиллагаа  эрхлэх нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 1.2.Банкны салбар нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн үйл ажиллагааг эрхэлнэ.

 1.3.Гадаадын банкны салбарын бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэл, хэмжээ, бүтэц, хүний нөөц, ажлын байр зэргийг харгалзан  Монголбанк нэмэлт шаардлага тавьж, эрхлэх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болно.

 1.4.Гадаадын банк Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай бүр Монголбанкнаас зөвшөөрөл авна.

 

ХОЁР. ГАДААДЫН БАНКНЫ САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА 

2.1.Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газар нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна.

2.1.1.Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх;

  2.1.2.банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах хүсэлт гаргасан өдрөөс өмнө 3 -аас багагүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн байх;

  2.1.3.банкны харьяалагдах улсын хяналт шалгалтын эрх бүхий байгууллагаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хүсэлт гаргасан өдрөөс өмнө 1 жилийн хугацаанд тогтмол хангаж ажилласан байх;

  2.1.4.банкны харьяалагдах улсад хийгддэг банкны зохистой засаглалын үнэлгээ нь "Дунд" (эсхүл үүнтэй адилтгах) ба түүнээс дээш байх;

  2.1.5.гадаадын банк нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгэлийн хугацаа дууссан байх;

  2.1.6.Монгол Улсад банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулахыг банкны харьяалагдах улсын хяналт шалгалтын эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн байх;

  2.1.7.банкны харьяалагдах улсын хяналт шалгалтын эрх бүхий байгууллага нь банкны Монгол Улсад байгуулах салбарт банкны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх боломжтой байх;

  2.1.8.Монголбанк нь гадаадын банкны Монгол Улсад байгуулах салбарт хэрэгжүүлэх банкны хяналт шалгалтын үйл ажиллагааг банкны харьяалагдах улсын хяналт шалгалтын эрх бүхий байгууллагатай хамтран, эсхүл түүгээр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой байх;

  2.1.9.Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан банкны нэгдэлд авах бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг Монголбанк нь гадаадын банкны харьяалагдах улсын хяналт шалгалтын эрх бүхий байгууллагатай хамтран, эсхүл түүгээр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой байх;

  2.1.10.гадаадын банк нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-д заасан хуулийн этгээд бол салбар байгуулахыг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрсөн байх;

  2.1.11.гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газрын удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь Банкны тухай хуулийн 34.2-т заасан шаардлагыг хангасан байх;

  2.1.12.гадаадын банкны салбар нь ажлын байр, техник тоног төхөөрөмж, програм хангамж, найдвартай аюулгүй, ажиллагаатай холбоотой Монголбанкны шаардлагыг хангасан байх;

  2.1.13.банк, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүй байх.

 2.2.Гадаадын банкны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэхгүй байх.

 

ГУРАВ.ГАДААДЫН БАНКНЫ САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ 

3.1.Энэ журмын 2.1-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газар нь дараах баримт бичгийг Монголбанканд ирүүлнэ.

  3.1.1.энэ журмын нэгдүгээр хавсралтын дагуу гаргасан, банкны салбар байгуулах хүсэлт;

  3.1.2.банкны гэрчилгээ (цахим эсхүл цаасан хуулбар);

3.1.3.банкны дүрэм (цахим эсхүл цаасан хуулбар);

  3.1.4.банкны салбар, төлөөлөгчийн газрын дүрэм (эсхүл адилтгах баримт бичиг);

  3.1.5.гадаадын банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, эзэмшлийн хувь хэмжээний талаарх мэдээлэл;

  3.1.6.Банкны тухай хуулийн 22.1-д заасан баримт бичиг;

  3.1.7.гадаадын банкны сүүлийн 3 жилийн аудитаар нягтлан бодох бүртгэлийн олон улсад нийтээр дагаж мөрдөх стандартын дагуу баталгаажуулсан санхүүгийн тайлан;

  3.1.8.энэ журмын 2.1.3, 2.1.4-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт бичиг;

  3.1.9.банкны салбар байгуулах эдийн засгийн үндэслэл, бизнес төлөвлөгөө;

  3.1.10.гадаадын банкны харьяалагдах улсын хяналт шалгалтын эрх бүхий байгууллагаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтийн биелэлтийг сүүлийн 3 жилийн байдлаар;

  3.1.11.банк нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүй эсхүл ял шийтгэлийн хугацаа дууссаныг нотлох баримт бичиг;

  3.1.12.банкны салбар, төлөөлөгчийн газрын удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд энэ журмын хоёрдугаар хавсралтын дагуу гаргасан тодорхойлолт, гуравдугаар хавсралтын дагуу гаргасан асуулга болон тус этгээд нь Банкны тухай хуулийн 34.2-т заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт бичиг;

  3.1.13.энэ журмын дөрөвдүгээр хавсралтын дагуу гаргасан техник, тоног төхөөрөмж, ажлын байрны тодорхойлолт.

 

ДӨРӨВ. ТАЙЛАГНАХ

 4.1.Гадаадын банк, гадаадын банкны Монгол Улс дахь банкны салбарын үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан болон банкны хяналт шалгалтын хэрэгцээнд зориулсан бусад тайланг гадаадын банкны харьяалагдах улсын хяналт шалгалтын эрх бүхий байгууллагатай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ эсхүл Харилцан ойлголцлын санамж бичигт заасан хугацаанд Монголбанканд ирүүлнэ.

  4.2.Гадаадын банкны төлөөлөгчийн газар нь үйл ажиллагааны тайланд энэ журмын тавдугаар хавсралтад заасан мэдээллийг тусган, улирал бүр гаргаж, дараа улирлын эхний сарын 05-ны өдрийн дотор цаасан болон цахим хэлбэрээр Монголбанкинд ирүүлнэ.

  4.3.Монголбанк гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газарт шаардлагатай тохиолдолд газар дээрх хяналт шалгалт хийж болно.

 4.4.Гадаадын банк Монгол Улсад байгуулсан банкны салбар, төлөөлөгчийн газрыг татан буулгах тухай бүр Монголбанканд мэдэгдэнэ.

 4.5.Гадаадын банк салбар, төлөөлөгчийн газраа татан буулгахдаа дараах мэдээлэл, баримт бичгийг Монголбанканд ирүүлнэ.

  4.5.1.Банкны салбарыг татан буулгах үндэслэл, тайлбар бүхий албан бичиг;

4.5.2.Банкны салбарыг татан буулгах тухай банкны шийдвэр;

4.5.3.Бусдад өгөх өглөг, харилцагчийн мөнгөн хөрөнгийн тайлан;

4.5.4.Засгийн газрын сангийн болон бусад мөнгөн хөрөнгийн тайлан;

4.5.6.Бусад хэлцлээс үүдэлтэй бусдын өмнө хүлээсэн үүргийн тайлан;

4.5.7.Бусдаас авах авлaга буюу зээл, түүнтэй адилтгах бусад активын тайлан;

4.5.8.Шүүх, хууль хяналтын байгууллагаар хянан хэлэлцэгдэж байгаа болон шалгагдаж байгаа аливаа хэрэг маргааны талаарх тайлан, мэдээ.

 

ТАВ. ХЯНАЛТ ХАРИУЦЛАГА

 5.1.Монголбанк энэ журмын биелэлтэд хяналт тавьж, Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

___ oOo ___