A

A

A

Бүлэг: 1979

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны
06 дугаар сарын 14-ний өдрийн А-116 дугаар
тушаалын Хоёрдугаар хавсралт

БАНКНЫ НЭГЖ БАЙГУУЛАХ
ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ
ТОГТООХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ журмын зорилго Банкны тухай хуулийн 18 дугаар зүйл, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банканд Монгол Улсад болон гадаад улсад банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.Банкны нэгж нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн үйл ажиллагааг эрхэлнэ.

 

1.3.Монголбанк банкны нэгжийн бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэл, хэмжээ, бүтэц, хүний нөөц, ажлын байр зэргийг харгалзан тусгайлан шаардлага тавьж, эрхлэх үйл ажиллагааг хязгаарлаж болно.

 

1.4.Монголбанк дотоодод банкны нэгж байгуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар олгоно.

 

1.5.Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн хүрээнд банкны нэгж шинээр байгуулах, банкны нэгжийн хаяг, байршлыг өөрчлөх тухай бүр банк тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор Монголбанканд мэдэгдэнэ.

 

1.6.Банк гадаад улсад банкны нэгж байгуулах тухай бүр Монголбанкнаас зөвшөөрөл авна.

ХОЁР.БАНКНЫ НЭГЖ БАЙГУУЛАХ
ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

2.1.Монголбанк дараах шаардлагыг хангасан банканд Монгол Улсад банкны нэгж байгуулах зөвшөөрөл олгоно:

 

2.1.1.Банкны тухай хуулийн 16, 17 дугаар зүйл болон Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 6 сарын турш тогтмол хангаж ажилласан;

 

2.1.2.Монголбанкнаас хамгийн сүүлд хийгдсэн газар дээрх иж бүрэн шалгалтын үнэлгээ нь "Хэвийн" ба түүнээс дээш байх;

 

2.1.3.банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх тухай Монголбанкнаас баталсан журмын дагуу хамгийн сүүлд авсан зохистой засаглалын үнэлгээ нь "Дунд" ба түүнээс дээш байх.

 

2.2.Монголбанк дараах шаардлагыг хангасан дотоодын банканд гадаад улсад банкны нэгж байгуулах зөвшөөрөл олгоно:

 

2.2.1.банкны үйл ажиллагааг сүүлийн 2-оос доошгүй  жилийн хугацаанд тогтвортой эрхэлсэн;

 

2.2.2.Банкны тухай хуулийн 16, 17 дугаар зүйл болон Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 12 сарын турш тогтмол хангаж ажилласан;

 

2.2.3.Монголбанкнаас хамгийн сүүлд хийгдсэн газар дээрх иж бүрэн шалгалтын үнэлгээ нь "Хэвийн" ба түүнээс дээш байх;

 

2.2.4.банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх тухай Монголбанкнаас баталсан журмын дагуу хамгийн сүүлд авсан зохистой засаглалын үнэлгээ нь "Дунд" ба түүнээс дээш байх;

 

2.2.5.тухайн банкны нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэх этгээд нь үүсгэн байгуулагдах улсын шалгуур, шаардлагыг хангасан байх;

 

2.2.6.тухайн банкны нэгжид хяналт шалгалт хийх, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой байх;

 

2.2.7.банк, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүй байх.

 

ГУРАВ.БАНКНЫ НЭГЖ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ
ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

3.1.Банк Монгол Улсад банкны нэгж байгуулах хүсэлтээ албан бичгээр Монголбанканд ирүүлнэ.

 

3.2.Банк гадаад улсад банкны нэгж байгуулахад дараах баримт бичгийг Монголбанканд ирүүлж, зөвшөөрөл хүснэ:

 

3.2.1.банкны нэгжийн гадаад улсад эрхлэх үйл ажиллагааг тодорхой заасан, банкны нэгж байгуулах албан хүсэлт;

 

3.2.2.гадаад улсад банкны нэгж байгуулах тухай банкны дүрэмд заасан эрх бүхий этгээдийн тогтоол, шийдвэр;

 

3.2.3.үүсгэн байгуулагдах улсын шалгуур, шаардлагыг хангасан банкны нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг томилсон тухай банкны дүрэмд заасан эрх бүхий этгээдийн тогтоол, шийдвэр;

 

3.2.4.банкны нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийн энэ журмын нэгдүгээр хавсралтын дагуу гаргасан тодорхойлолт;

 

3.2.5.банкны нэгж байгуулах эдийн засгийн үндэслэл, бизнес төлөвлөгөө.

 

3.3.Монголбанк энэ журмын хэрэгжилтийг хангахад шаардлагатай бусад баримт бичиг, мэдээ, мэдээлэл шаардаж болно.

ДӨРӨВ.ТАЙЛАГНАЛ, ХЯНАЛТ ХАРИУЦЛАГА

4.1.Банк банкны нэгжийн өөрчлөлт, шилжилт хөдөлгөөний тайланг энэ журмын хоёрдугаар хавсралтын дагуу улирал бүр гаргаж, дараа улирлын эхний сарын 05-ны өдрийн дотор хэвлэмэл болон цахим хувилбараар Монголбанканд ирүүлнэ

 

4.2.Монголбанк шаардлагатай тохиолдолд банкны нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж болно.

 

4.3.Монголбанк энэ журмын биелэлтэд хяналт тавьж, Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

---оОо---