- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 220
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Валютын зохицуулалтын тухай хуулийн 15 дугаар зүйл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 495 дугаар тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам"-д доор дурдсан агуулга бүхий хэсэг, заалт нэмсүгэй:
1/ Журмын 1.3 дахь хэсэг:
"1.3.Дээд зэрэглэлийн 5 ба 4 одтой зочид буудал нь өөрийн үйлчлүүлэгч болох Монгол Улсад жуулчлал хийж байгаа нэг гадаадын иргэнд өдөрт 3 сая төгрөгөөс ихгүй дүнгээр гадаад валют худалдан авах, худалдахад энэхүү журмын зохицуулалт хамаарахгүй болно."
2/ Журмын 2.1.6 дахь заалт:
"2.1.6.Стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан шаардлагыг хангасан хаягтай байх"
3/ Журмын 2.3.12 дахь заалт:
"2.3.12.Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй хаягаас өөр байршилд гадаад валют худалдах, худалдан авах, харилцагчаас захиалга авах зорилго бүхий зөвшөөрөлгүй этгээдтэй шууд болон шууд бусаар хамтран ажиллахгүй байх."
4/ Журмын 2.3.13 дахь заалт:
"2.3.13.Гадаад валютын арилжаа дагнан эрхлэх хуулийн этгээдийн үндсэн болон салбар нэгжийн хаяг байршил нь нэг гудамж, талбайд давхцахгүй байх."
5/ Журмын 2.3.14 дэх заалт:
"2.3.14.Гадаад валютын арилжаа дагнан эрхлэх хуулийн этгээд гадаад валютын үлдэгдлийг зориудаар идэвхгүй төлөвт байлгаж, зохиомлоор валютын хомсдол үүсгэх зорилгоор худал мэдээлэл тараах, валют худалдах, худалдан авах гүйлгээ хийхгүй байх."
2.Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 495 дугаар тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам"-ын 2.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2.2.Цахим систем ашиглаж гадаад валютын арилжаа эрхлэх тохиолдолд ISO/IEC 27001 стандартыг хангах бөгөөд энэ журмын 2.1-т заасан шаардлага хамаарахгүй болно."
3.Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 495 дугаар тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам"-ын 2.1.5, 2.3.2, 2.3.5 дахь заалтуудыг тус тус хассугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
