- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 233
Улаанбаатар хот
МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс олгох зөвшөөрлийг цахим хэлбэрээр шийдвэрлэх харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт, тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах үйл ажиллагааг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөрт багтаан цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" УТҮГ (Т.Батбилэг), "И-Монгол академи" УТҮГ (Б.Мягмарнаран)-т тус тус даалгасугай.
2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхийг шаарддаг үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламжийн төрлийг оновчтой болгон тоог цөөрүүлэх, үнэлгээ хийх бүх үе шатад төрийн оролцоог хамгийн бага түвшинд байхаар бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасугай.
3.Хөдөө аж ахуйн салбарын зах зээлийн өрсөлдөөн, бараа, үйлчилгээний нийлүүлэлтийг дэмжих чиглэлд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгасугай:
3.1.Зах зээлд худалдан борлуулах болон тээвэрлэн хүргэх зориулалтаар сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гарч байгаа мал, амьтан, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд олгох мал эмнэлгийн гэрчилгээ авах, хүсэлт гаргах, хянах, олгох зэрэг бүх шат дамжлага, үйл ажиллагааг 2023 оны 3 дугаар улиралд багтаан цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх;
3.2.Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах, дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломжийг 2023 оны 3 дугаар улиралд багтаан бүрдүүлэх;
3.3.Төв, суурин газарт нийлүүлэгдэж байгаа махнаас авч байгаа төлбөр, хураамж, хяналт шалгалтын давхардлыг арилгах, үйл ажиллагааг хөнгөвчлөх, арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
4.Худалдааг хөнгөвчилж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтанд тус тус даалгасугай:
4.1.Хөдөө аж ахуйн биржээр арилжаалсан бараа, түүхий эдийн тодорхойлолт олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулах талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд;
4.2.Худалдаа эрхлэгч олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Гаалийн ерөнхий газарт хүргүүлж, мал эмнэлгийн гэрчилгээ авдаг давхардсан зохицуулалтыг хүчингүй болгох талаар судалж, зохих арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т;
4.3.Булган-Такашикен, Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ боомтоор мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх талаар БНХАУ-тай яриа хэлэлцээр хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нарт;
4.4."Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт"-ыг шинэчлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд даалгасугай.
5.Эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан зохицуулалтыг өөрчлөх, эмийн чанар, хяналтын тогтолцоог сайжруулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгасугай.
6.Өмнөговь аймгийн Тавантолгой-Гашуунсухайт авто замын хяналтын цэгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэгдсэн тээврийн гэрээнд үндэслэн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, төлбөрийн баримтыг цахимаар олгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг "Эрдэнэс Монгол" ХХК (С.Наранцогт)-д даалгасугай.
7.Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүс дэх нүүрс ачилт, буулгалтын талбайн үйл ажиллагааны шат дамжлагууд дээрх нүүрсний тоон хэмжээний мэдээллийг олборлогч, тээвэрлэгч компаниуд цахим системээр зэрэг хянах боломжийг бүрдүүлэх, нүүрсийг экспортод гаргах гаалийн бүрдүүлэлтийг цахимжуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т тус тус даалгасугай.
8.Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад радио давтамжаар таних систем (RFID)-ийг 2023 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарт даалгасугай.
9.Монгол Улсад визгүй зорчих гадаад улсын тоог нэмэгдүүлэхтэй холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг авто машинтайгаа аялах боломжийг бий болгох талаар судалж, зохих арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт тус тус даалгасугай.
10.Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор зочид буудал, байр сууц болон худалдаа, нийтийн хоолны үйлчилгээний салбар дахь төрийн хяналт шалгалтын давхардлыг арилгах, холбогдох стандарт, журам, дүрмийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасугай.
11.Гадаадын банкны салбар Монгол Улсад байгуулагдах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах, холбогдох журмын шалгуурыг хөнгөвчлөх талаар хамтран ажиллаж, банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөж, Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.
12.Энэ тогтоолоор өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явц, тайлан, мэдээг сар тутам Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлж ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд даалгасугай.
13.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
