A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 60

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хянан шалгах түр хороо байгуулах тухай

Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа, эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах"-аар тогтоосугай.

2.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:

1/зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах шийдвэр, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал;

2/зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт дахь эмийн чанар, аюулгүй байдал, чанарын баталгаажуулалтын нөхцөл байдал;

3/зах зээлд худалдаалагдаж байгаа зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн бодит шалтгаан, нөхцөл;

4/зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт дахь эмийн хүртээмж, тулгамдаж байгаа асуудал;

5/Монгол Улсад эмийн хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох саналыг танилцуулах.

3.Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Олонхыг төлөөлөн:

Д.БатлутУлсын Их Хурлын гишүүн

Б.Жаргалмаа Улсын Их Хурлын гишүүн

М.Оюунчимэг Улсын Их Хурлын гишүүн

Ц.Сандаг-Очир Улсын Их Хурлын гишүүн

Ж.Чинбүрэн Улсын Их Хурлын гишүүн

Цөөнхийг төлөөлөн:

Б.Бейсен Улсын Их Хурлын гишүүн

Ц.Туваан Улсын Их Хурлын гишүүн

4.Улсын Их Хурлаас хугацааг сунгаснаас бусад тохиолдолд Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо нь энэ тогтоол баталсан өдрөөс хойш зургаан сарын дотор тусгай шалгалт явуулж тайланг санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулсугай.

5.Энэ тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР