- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 64
Төрийн ордон, Улаанбаатар хот
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэхээр тогтоосугай.
2.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
3.Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулахыг Ажлын хэсэг /Л.Мөнхбаатар/-т даалгасугай.
4.Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/-нд, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т даалгасугай.
6.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
