A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 67

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоол баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

1/Монгол Улсын Засгийн газраас боловсруулан өргөн мэдүүлж байгаа тухайн жилийн төсвийн төсөл, гүйцэтгэлийн дүн, батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлтэй зөрж байгаад дүн шинжилгээ хийх, холбогдох хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хариуцлагажуулах зорилгоор хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа боловсруулан Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/Нийтийн сонсголын тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хяналтын сонсголыг төсвийн гүйцэтгэлийн хэлэлцүүлэгтэй уялдуулан зохион байгуулах шаардлагад нийцүүлэн Монгол Улсын тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, аудит хийх, өргөн мэдүүлэх, батлах хугацаанд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3/Монгол Улсын тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийн танилцуулгад төсвийн орлого, зарлагыг эдийн засгийн ангиллаар болон төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн баталсан төсвөөс зөрүүтэй зарцуулсан шалтгааныг тайлбарласан дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргаж байх;

4/Зээлийн үйлчилгээний төлбөрийн төлөвлөлт, гүйцэтгэлийн зөрүү их байгаад дүгнэлт хийж, цаашид төсвийг бодитой төлөвлөж ажиллах.

2.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР