- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 234
Улаанбаатар хот
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан албан тушаалтанд тус тус даалгасугай:
1.1.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 2023-2024 оны хичээлийн жилд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн ерөнхий боловсролын сургуулийн зориулалттай барилга байгууламжийн барилгын ажлыг эрчимжүүлж, бүрэн ашиглалтад оруулах арга хэмжээ авах, нэмэлт санхүүжилт шаардагдах тохиолдолд эх үүсвэрийг 2024 оны улсын болон орон нутгийн төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.2.гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр баригдаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн зориулалттай барилга байгууламжийг холбогдох эрх бүхий байгууллагатай нь хамтран бүрэн ашиглалтад оруулахаар тооцож харилцан ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.3.нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын хүрээнд тухайн сургуулийн нөөц боломж, сул орон зайг ашиглан анги, танхим бий болгох асуудлыг судалж, шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний өөрийн хөрөнгөөр барьсан ерөнхий боловсролын сургуулийн зориулалттай барилга байгууламж болон аймаг, нийслэлийн өмчид бүртгэлтэй, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар ашиглах боломжтой бусад барилга байгууламжийг түрээслэх, худалдан авах боломжийг судалж, шаардлагатай бол хөрөнгийн эх үүсвэрийг тооцож, судалсны үндсэн дээр эх үүсвэрийг Монгол Улсын 2024 оны улсын болон холбогдох орон нутгийн төсвийн төсөлд тусгуулан төлөвлөх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.4.ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас барилга байгууламж түрээслэх, худалдан авах тохиолдолд жишиг үнийг тооцож гаргах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т;
1.5.ерөнхий боловсролын сургуулийн барилга байгууламжийн сургалтын орчны стандартыг олон улсын жишигт нийцүүлэх арга хэмжээ авч, шинээр баригдах орон сууцны хороолол, цогцолборын барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг төсөлд холбогдох стандарт, норм, дүрмийн дагуу сургуулийн барилгыг төлөвлөх шаардлагыг тусгаж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Стандарт, хэмжил зүйн газарт;
1.6.хүн ам их төвлөрсөн, сургуулийн хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байршилд ерөнхий боловсролын сургуулийн барилгын өргөтгөл, сургуулийн зориулалттай барилга байгууламж барих хувийн хэвшлийн санаачилгыг хууль тогтоомжийн хүрээнд дэмжиж, сургуулийн бүлэг дүүргэлтийн суралцагчийн тоог 45-аас хэтрүүлэхгүй байхаар тооцож ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.7.норм, нормативын хувьд багтаамж, ачаалал, даац нь хэтэрсэн ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, хэв шинжийг өөрчлөх, их, дээд сургуулийн харьяа ахлах сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суудлын тоог зохих түвшинд нэмэгдүүлэх арга хэмжээг 2023-2024 оны хичээлийн жилээс холбогдох хууль, журмын хүрээнд авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.8.ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг танхимын болон танхимын бус, хосолсон хэлбэрээр зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, 2023-2024 оны хичээлийн жилээс эхлүүлэх, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг гадаадын болон олон улсын байгууллагын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд;
1.9.аймаг, нийслэлийн газар зүйн мэдээллийн сан, хүн амын өсөлт, нягтаршил, хотын дахин төлөвлөлт, өрхийн бүртгэл, мэдээлэл, сургуулийн багтаамж, сургуулийн насны хүүхдийн тоог харгалзан ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг шинэчлэх асуудлыг судалж, зохих арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Улсын бүртгэлийн ерөнхий газар (Д.Дэлгэрсайхан)-т.
2.Ерөнхий боловсролын сургуульд дутагдалтай байгаа мэргэжлийн багшийн нөөц бүрдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай:
2.1.мэргэжлийн багшийн сул орон тоонд багш бэлтгэх их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутныг дадлагажигч багшаар болон дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийг ажиллуулах, дээд боловсролтой иргэдийг багш мэргэжлээр хөрвүүлэн сургах, бэлтгэх ажлыг зохион байгуулах;
2.2.сургалтын байгууллагын удирдах ажилтныг мэргэжлээрээ хичээл заах эрх зүйн орчныг бүрдүүлэх, багш мэргэжилтэй төрийн албан хаагчдаар ерөнхий боловсролын сургуульд хичээл заах боломжийг судлан хэрэгжүүлэх;
2.3.ерөнхий боловсролын сургуулийн 45 болон түүнээс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар ангид туслах багш ажиллуулах;
2.4.багшийг тогтвортой ажиллуулах, захиалгаар багш бэлтгэх, багшийн нийгмийн баталгааг хангах чиглэлээр орон нутгийн онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
3.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 300
Улаанбаатар хот
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг тэнцвэржүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчийг гэрт ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан албан тушаалтнуудад даалгасугай:
1.1.аймгийн төв болон нийслэлийн дүүрэгт "Хотхоны бага сургууль", нийслэлийн гэр хороололд "Бага сургууль", хөдөөгийн алслагдсан баг, хил орчмын нутаг дэвсгэрт "Багийн бага сургууль" байгуулах арга хэмжээг батлагдсан төсөвтөө багтаан 2026-2027 оны хичээлийн жилээс эхлүүлж, цаашид жил бүрийн улсын болон нийслэл, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.2.орон сууцны хороолол, хотхоны барилга байгууламжийн талбайг сургалтын зориулалтаар ашиглах боломжийг судалж, тухайн барилга байгууламжийн зураг төсөл, төлөвлөлт стандартын шаардлагад нийцүүлэн ашиглах асуудлыг шийдвэрлэх санал боловсруулахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.3.сургуулийн өмнөх насны хүүхдийн тооны бууралтаас шалтгаалан бүрэн хүчин чадлаар ашиглагдахгүй байгаа төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн барилга байгууламжийг бага ангийн сургалтын зориулалтаар ашиглах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.4.нийслэлд сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн сул хүчин чадлыг түшиглэн төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн зарим анги, бүлэг болон суралцагчийг шилжүүлэн суралцуулах асуудлыг хүүхдийн суралцах эрх, аюулгүй байдал, сургалтын чанар, хүртээмжийг хангах зарчимд нийцүүлэн судалж, зохион байгуулалтын арга хэмжээ авах, уг арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн нэг суралцагчид ногдох суурь хувьсах зардалд тохируулга хийх замаар санхүүжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нарт;
1.5.төрийн болон хувийн хэвшлийн өмчлөлд байгаа, сургуулийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийн судалгааг гаргаж, түрээсийн гэрээгээр ашиглахад шаардагдах зардлын тооцоо, санхүүжилтийн саналыг боловсруулан хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.
2.Барилга байгууламжийн стандарт, хүчин чадлаас хэтэрсэн ачаалал бүхий ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг тэнцвэржүүлэх, ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх арга хэмжээг батлагдсан төсөвтөө багтаан 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтийг ханган, явц, үр дүнгийн талаар 2027 оны 2 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 234 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх