A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 383

Улаанбаатар хот

"ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор баталсан "Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм"-ийн нэгдүгээр хавсралт "Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Тогтоол батлагдсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд холбогдох өөрчлөлт оруулж, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК (Х.Алтай), "Улаанбаатар үнэт цаасны бирж" ХК (Б.Гантулга), "Чингис хаан хөрөнгийн бирж" ХХК (Р.Содхүү), "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК, "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК (О.Эрдэнэгэрэл), энэ журмын хэрэгжилтийг хангаж, мөрдөн ажиллахыг нийт зохицуулалттай этгээдэд тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын 1-т заасан журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор баталсан "Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм"-ийн нэгдүгээр хавсралт "Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам", 2010 оны 97 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА   Д.БАЯРСАЙХАН