- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны 2023
оны 06 дугаар сарын 30-ны өдрийн
383 дугаар тогтоолын хавсралт
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор баталсан "Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм"-ийн нэгдүгээр хавсралт
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЭРХЛЭХ ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Санхүүгийн зохицуулах хороо (цаашид "Хороо" гэх)-оос Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.1-24.1.11, 24.1.14-д заасан үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд (цаашид "зохицуулалттай этгээд" гэх)-д тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоохтой холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
ХОЁР.ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭТГЭЭДЭД ТАВИГДАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
2.1.Зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 25, 28 дугаар зүйлд зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.1.1.энэ журмын нэгдүгээр хавсралтаар баталсан хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан байх;
2.1.2.гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу ажил, үйлчилгээний төрөлд нийцсэн эрх авсан байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол хавсран ажил эрхэлдэггүй байх;
2.1.3.хувьцаа эзэмшигч (хувьцаат компанийн хувьд нийт хувьцааны таваас дээш хувийг эзэмшигч), ТУЗ-ийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, дотоод хяналтын ажилтан болон мэргэжилтэн нь дараах шалгуурыг хангасан байна:
2.1.3.1.Эрүүгийн хуульд заасан авлигын, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, эсхүл хүлээж байгаагүй байх;
2.1.3.2.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
2.1.3.3.сүүлийн таван жилд зөрчлийн улмаас зөвшөөрөл нь хүчингүй болсон санхүүгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагад төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлагаар ажиллаагүй байх;
2.1.3.4.гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь өөр зохицуулалттай этгээдийн тав ба түүнээс дээш хувийг эзэмшдэггүй байх;
2.1.3.5.Хорооноос баталсан "Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам"-д заасан бусад шаардлагыг хангасан байх.
2.1.4.үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэл, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх, үнэлэх, удирдах дотоод хяналтын журамтай, түүнийг хэрэгжүүлэх хараат бус дотоод хяналтын ажилтантай байна;
2.1.5.зуун хувийн гадаадын хөрөнгө оруулалттай зохицуулалттай этгээдийн мэргэжилтнүүдийн 70-аас доошгүй хувь нь Монгол Улсын иргэдээс бүрдсэн байх;
2.1.6.гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь хариуцлагын даатгалд даатгуулсан байх.
2.2.Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд, үнэт цаасны тооцооны үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд, үнэт цаасны төлбөрийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд, үнэт цаасны арилжаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд нь энэ журмын 2.1-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.2.1.үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай программ хангамж, техник, тоног төхөөрөмжтэй байх;
2.2.2.үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай бүтэц, зохион байгуулалттай байх;
2.2.3.үндсэн үйл ажиллагааг эрхлэх чиглэлийн болон мэдээлэл, технологийн бие даасан нэгжтэй, эсхүл хариуцсан ажилтантай байх;
2.2.4.үйл ажиллагаанд ашиглах программ хангамж мэдээллийн нууцлал, мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангасан байх;
2.2.5.бусад дэд бүтцийн байгууллагын цахим сүлжээнд холбогдсон байх;
2.2.6.үнэт цаасны өмчлөх эрхийн болон хадгаламжийн байгууллагын хувьд дотоод мэдээлэл эзэмшигчдийн, харилцагчдаас ирсэн санал гомдлыг шийдвэрлэх нэгжтэй, эсхүл хариуцсан ажилтантай байх.
2.3.Брокерийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд нь энэ журмын 2.1-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.3.1.үнэт цаасны арилжаа эрхлэх, тооцооны байгууллагын гишүүнчлэлийн журамд заасан нөхцөл, программ хангамжийн шаардлагыг тус тус хангасан байх;
2.3.2.брокерийн үйл ажиллагаа эрхлэх хоёроос доошгүй мэргэжилтэнтэй байх;
2.3.3.харилцагчдыг хүлээн авч үйлчлэх ажлын байрны хэсгийг брокероос бусад ажилтны албан өрөөнөөс тусгаарлаж, үйлчилгээний танхимын зориулалтаар тохижуулсан байх;
2.3.4."Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм"-ийн дөрөвдүгээр хавсралтаар баталсан "Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл ирүүлэх, түүнд хяналт тавих журам", нягтлан бодох бүртгэлийн зааварт заасан шаардлагад нийцсэн, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь гаргах бүрэн боломжтой, мөн харилцагчтай байгуулсан гэрээ, харилцагчийн бүртгэл, тэдний хөрөнгийн хөдөлгөөнтэй холбогдох гүйлгээний мэдээллийг хадгалах, мэдээлэл өгөх бэк оффис (back office)-ын программ хангамжтай байх.
2.4.Дилерийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд нь энэ журмын 2.1-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.4.1.үнэт цаасны арилжаа эрхлэх, тооцооны байгууллагын гишүүнчлэлийн журамд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх;
2.4.2.үнэт цаасны брокерийн үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд эрхэлсэн байх;
2.4.3.дилерийн үйл ажиллагаа эрхлэх мэргэжилтэнтэй байх.
2.5.Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд нь энэ журмын 2.1-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.5.1.үнэт цаасны үнэлгээ, үнийн тооцооллыг хийх, төсөл, судалгаа, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагчтай харилцах чиглэлээр дагнан ажиллах гурваас доошгүй мэргэжилтэнтэй байх;
2.5.2.үнэт цааснаас үүсэж болох эрсдэлийг тооцох, хэмжих, үнэлэх, удирдах дүрэм, журамтай, энэ чиглэлээр ажиллах мэргэжилтэнтэй байх;
2.5.3.үнэт цаас гаргагч этгээдтэй байгуулах үйлчилгээ үзүүлэх гэрээний стандарт нөхцөл нь дараах зүйлийг тусгасан байх:
2.5.3.1.гэрээ хүчин төгөлдөр байх хугацаа;
2.5.3.2.талуудын хүлээх үүрэг, хариуцлага;
2.5.3.3.нийтэд санал болгож буй үнэт цаасны захиалгын хугацаа;
2.5.3.4.үнэт цаасны захиалгыг авах, хуваарилах арга аргачлал;
2.5.3.5.үнэт цаасны үнийг тогтворжуулах хугацаа, арга хэлбэр;
2.5.3.6.үйлчилгээний хураамжийн хэмжээ.
2.5.4.үнэт цаасны зах зээлд брокерийн, эсхүл дилерийн үйл ажиллагааг хоёр жилийн хугацаанд эрхэлж, арилжаа эрхлэх, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагаас гишүүнчлэлийн үүрэг хангалттай биелүүлсэн талаарх дүгнэлт ирүүлж, Хорооны баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангасан байх.
2.6.Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд нь энэ журмын 2.1-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.6.1.хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх мэргэжилтэнтэй байх;
2.6.2.хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний гэрээ, хэлцлийг боловсруулж, хянах хуулийн мэргэжилтэнтэй, эсхүл үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээс энэ чиглэлээр тогтмол үйлчилгээ авахаар гэрээ байгуулсан байх;
2.6.3.үнэт цааснаас үүсэж болох эрсдэлийг тооцох, хэмжих, үнэлэх, удирдах дүрэм, журамтай, энэ чиглэлээр ажиллах мэргэжилтэнтэй байх.
2.7.Үнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд нь энэ журмын 2.1-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.7.1.ТУЗ-ийн гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байх;
2.7.2.үнэт цааснаас үүсэж болох эрсдэлийг тооцох, хэмжих, үнэлэх, удирдах дүрэм, журамтай, энэ чиглэлээр ажиллах мэргэжилтэнтэй байх;
2.7.3.эрх бүхий албан тушаалтан нь үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд болон банк, даатгал, бусад санхүүгийн компанийн гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаал хавсран эрхэлдэггүй байх;
2.7.4.гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь гадаадын, эсхүл өөрийн орны санхүүгийн зах зээлд гурваас доошгүй жил хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах түвшний албан тушаал эрхэлж байсан туршлагатай байх.
2.8.Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд нь энэ журмын 2.1-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.8.1.хувьцаа эзэмшигч нь дараах этгээд байна:
2.8.1.1.Компанийн тухай хуулийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн байгууллага болон олон улсын санхүүгийн байгууллага;
2.8.1.2.Монголбанкны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй банк;
2.8.1.3.сүүлийн таван жилд жилийн аудитлагдсан тайлангаар үйл ажиллагааны борлуулалтын орлого нь нэг тэрбум төгрөгөөс доошгүй, Монгол улсад бүртгэлтэй компани;
2.8.1.4.зэрэглэл тогтоох үйл ажиллагааг гурваас доошгүй жил эрхэлж буй гадаад улсын зэрэглэл тогтоох байгууллага;
2.8.1.5.Компанийн нийт гаргасан хувьцааны 20 ба түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэггүй иргэн.
2.8.2.тав буюу түүнээс дээш гишүүнтэй ТУЗ-тэй байх ба тэдгээрийн олонх нь хараат бус гишүүн байх;
2.8.3.ТУЗ-өөс дараах дүрэм, журам, аргачлал, тэмдэглэгээ, тайлангийн загварыг баталсан байна:
2.8.3.1.зэрэглэл тогтоох аргачлал, тэмдэглэгээ, зэрэглэл тогтоох үйл ажиллагааны тайлангийн загвар;
2.8.3.2.Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (IOSCO – International Organization of Securities Commissions)-аас гаргасан зөвлөмж (Code of Conduct Fundamentals for Credit Rating Agency)-д нийцүүлэн боловсруулсан "Зэрэглэл тогтоох үйл ажиллагааны журам болон ёс зүйн дүрэм";
2.8.3.3.үйлчлүүлэгчийн дотоод мэдээлэл, баримт материалыг ашиглах, хадгалах, хамгаалах журам;
2.8.3.4.тогтоосон зэрэглэлийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх журам;
2.8.3.5.шинжээчтэй байгуулах гэрээний үндсэн загвар;
2.8.3.6.арга, аргачлал, үзүүлэлт, тэмдэглэгээ, тодорхойлолтын тухай танилцуулга.
2.8.4.Олон нийтэд мэдээлэл хүргэх цахим хуудастай байх;
2.8.5.Таваас доошгүй гишүүдээс бүрдсэн Зэрэглэлийн хороотой байх бөгөөд гишүүд нь энэ журамд заасан мэргэжилтэнд тавигдах шаардлагыг хангасан байх;
2.8.6.Зэрэглэл тогтоох чиглэлээр ажилласан ажлын туршлагатай хоёроос доошгүй шинжээч мэргэжилтэнтэй байх, эсхүл эдийн засаг, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлагын чиглэлээр таваас доошгүй жил ажилласан дөрвөөс доошгүй шинжээч мэргэжилтэнтэй байх.
2.9.1.тусгай зөвшөөрөл хүсэгч нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага бол Компанийн тухай хуульд заасан шаардлага хангасан төлөөлөн удирдах зөвлөлтэй байх;
2.9.2.мэргэжилтнүүд нь банк, санхүү, хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байсан туршлагатай, үнэт цаасны зах зээл дээр ажиллах эрх авсан, гурваас дээш жил ажилласан зургаа болон түүнээс дээш мэргэжилтэнтэй байх;
2.9.3.Монголбанк, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага, бусад мэргэжлийн оролцогч болон харилцагчтай мэдээлэл солилцох, төлбөр тооцоо гүйцэтгэх тоног төхөөрөмж, техник, программ хангамжийг бүрдүүлсэн байх;
2.9.4.кастодианы үйл ажиллагаа явуулах сүлжээ, программ хангамжид гэмтэл, саатал гарсан, давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тэдгээрт байгаа харилцагчдын мэдээллийн бааз, бусад өгөгдлийг давхар хадгалах, сэргээх системтэй байх;
2.9.5.нийтэд холбогдох мэдээлэл хүргэх өөрийн тогтмол ажилладаг цахим хуудастай байх;
2.9.6.тусгай зөвшөөрөл хүсэгч нь банк бол энэ хэсэгт заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
2.9.6.1.кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгаар, бие даасан нэгжтэй байх;
2.9.6.2.кастодианы үйл ажиллагаа эрхлэх нэгж нь харилцагчид үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангасан дэд бүтэцтэй байх;
2.9.6.3.кастодианы үйл ажиллагаа эрхлэх нэгжийн бүртгэл, тайлан, тооцоо болон албан бичиг хэрэг хөтлөлт нь банкны үндсэн болон бусад үйл ажиллагааны бүртгэл, тайлан, тооцоо, албан бичиг хэргээс тусдаа хөтлөгдөх нөхцөл боломжоор хангасан, эдгээр мэдээлэлд зөвхөн кастодианы үйл ажиллагаа эрхлэх нэгжид ажиллаж буй ажилтнууд нэвтрэх боломжтой байх;
2.9.6.4.банкны үйл ажиллагааг гурван жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн байх;
2.9.6.5.гурваас доошгүй гишүүнээс бүрдсэн төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд тэдгээрийн нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байх.
2.10.Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагааг хавсран эрхлэхийг хүссэн зохицуулалттай этгээд нь энэ журамд зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.10.1.Хорооноос тогтоосон төлбөрийн чадварын харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн дөрвөн улирал дараалан хангаж ажилласан байх;
2.10.2.Хорооноос хийсэн газар дээрх шалгалтаар сайн болон хангалттай үнэлгээ авсан, шалгалтын дүнгээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангагдсан байх.
2.11.Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн зохицуулалттай этгээд нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.11.1.400.0 сая төгрөгөөс доошгүй хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байх;
2.11.2.үнэт цаасны төлбөр тооцоо, бүртгэлийн бэк оффис (back office)-ын программтай байх ба тус программ нь гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагын болон кастодиан банкны системд нийцсэн, тухайн улсын хадгаламжийн болон кастодиан, брокерийн компанийн дүрэм, журамд нийцүүлэн харилцагчийн хөрөнгийн бүртгэлийг хөтөлдөг байх;
2.11.3.энэ журмын 2.11.2-т заасан программ нь харилцагч өөрийн данс дахь хөрөнгийн талаарх мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр авах боломжоор хангасан байх;
2.11.4.харилцагчийн данс хариуцсан мэргэжилтэнтэй байх ба уг мэргэжилтэн нь үнэт цаасны төлбөр тооцоо, бүртгэлийн чиглэлээр үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхтэй байх;
2.11.5.ТУЗ-өөс баталсан гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах брокерийн үйл ажиллагааны журамтай байх;
2.11.6.гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааг эрхлэхэд баримтлах бодлого, бизнесийн төлөвлөгөө, эрсдэлийн удирдлага, санхүүгийн тооцоололтой байх.
2.12.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.5-д заасны дагуу зохицуулалттай этгээдийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэх тохиолдолд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.12.1.хувьцааг худалдан авч буй мөнгөн хөрөнгийн гарал үүсэл нь зээлийн эх үүсвэрээс бүрдээгүй, хууль ёсны байх;
2.12.2.шинэ хувьцаа эзэмшигч нь энэ журмын 2.1.3-т заасан шаардлагыг хангасан байх;
2.12.3.хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулсан байх;
2.12.4.хувьцааг тэргүүн ээлжид худалдан авахтай холбоотой Компанийн тухай хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлсэн байх.
2.13.Салбар, төлөөлөгчийн газар байгуулахыг хүссэн зохицуулалттай этгээд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.13.1.сүүлийн хоёр улиралд Хорооноос баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласан;
2.13.2.салбар, төлөөлөгчийн газар нь байнгын үйл ажиллагаа явуулах хаяг, байршил нь тодорхой ажлын байртай, тухайн салбар, төлөөлөгчийн газарт тогтмол ажиллах эрхлэгч мэргэжилтэнтэй байх;
2.13.3.салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж, программ хангамжтай байх;
2.13.4.ТУЗ-өөс баталсан салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журамтай байх.
ГУРАВ.ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
3.1.Брокерийн үйл ажиллагаа эрхлэх зохицуулалттай этгээд нь үнэт цаас худалдах, худалдан авах талаар шийдвэр гаргахад шаардлагатай дараах мэдээллээр харилцагчийг хангана. Үүнд:
3.1.1.үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гаргасан үнэт цаасны сүүлийн зургаан сарын арилжааны идэвх, үнэ ханш, арилжаатай холбоотой мэдээ;
3.1.2.үнэт цаас гаргагчийн хаяг, ерөнхий болон санхүүгийн байдлын талаарх мэдээлэл (Үүнд тухайн үнэт цаас гаргагчаас нийтэд мэдээлэхээр заасан санхүүгийн мэдээллүүд хамаарна);
3.1.3.нийтэд мэдээлэхийг хуулиар хориглоогүй бусад мэдээлэл.
3.2.Брокерийн үйл ажиллагаа эрхлэх зохицуулалттай этгээд нь харилцагчийг зөвхөн мэдээллээр хангах үүрэг хүлээх бөгөөд үнэт цаас худалдан авах, худалдахтай холбоотой аливаа зөвлөгөө өгсөн тохиолдолд түүнийг зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэж холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх ба энэ нь брокерийн компанийг тухайн хөрөнгө оруулагчид учруулсан хохирлыг барагдуулах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
3.3.Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах этгээд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36.8-д заасны дагуу харилцагчийн хөрөнгийг өөрийн хөрөнгөөс тусгаарлан харилцагч тус бүрээр тусгайлан, нэр төрлөөр нь балансын гадуур дэлгэрэнгүй бүртгэнэ. (Харилцагчийн гадаад улсын үнэт цаасны зах зээлээс үнэт цаас худалдан авах мөнгөн хөрөнгө, худалдан авсан үнэт цаас, түүнтэй холбоотой орлогыг тайлангийн тодруулгын "балансын гадуурх бүртгэлийн тодруулга" хэсэгт тусгана.)
3.4.Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах этгээд нь харилцагчийн мөнгөн хөрөнгийн бүртгэл, арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн ерөнхий мэдээллийг улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ.
3.5.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохицуулалттай этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд Хороонд урьдчилан мэдэгдэж, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, нэмж гаргасан хувьцааг худалдан авах этгээд нь холбогдох хууль, энэ журам болон Хорооноос баталсан "Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам"-д заасан шаардлагыг хангаж буй эсэхээ тогтоолгосны дараа өмчлөх эрх шилжих, гүйлгээ хийх ажиллагааг хэрэгжүүлнэ.
3.6.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохицуулалттай этгээдийн эрх бүхий албан тушаалтныг томилох тохиолдолд Хороонд урьдчилан мэдэгдэж, шинээр томилогдож буй этгээд нь холбогдох хууль, энэ журам болон Хорооноос баталсан "Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам"-д заасан шаардлагыг хангаж буй эсэхээ тогтоолгосны дараа томилох ажиллагааг хэрэгжүүлнэ.
3.7.Гүйцэтгэх удирдлагаар томилохоор санал болгож байгаа этгээд нь энэ журмын 3.6-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн зохицуулалттай этгээд гүйцэтгэх захирлаар томилох өөр этгээдийг нэг сарын дотор санал болгоно.
3.8.Зохицуулалттай этгээд нь салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хязгаарлах, байршлыг нь өөрчлөх тухай бүрд зохицуулалттай этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэрийг гаргуулж, уг шийдвэрийг гаргасан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Хороонд мэдэгдэнэ.
3.9.Зохицуулалттай этгээдийн салбар, төлөөлөгчийн газар нь тухайн байршилд тогтмол, байнгын үйл ажиллагаа явуулж, салбарын үйл ажиллагааны тайланг улирал тутам Хороонд ирүүлнэ.
3.10.Зохицуулалттай этгээд нь өөрийн оршин байгаа газрын хууль ёсны хаяг өөрчлөх тохиолдолд холбогдох шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор энэ журмын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргасан өргөдлийг Хороонд ирүүлнэ.
3.11.Хороо зохицуулалттай этгээдийн хүсэлтийн дагуу хаяг байршлын өөрчлөлт, холбогдох ажлын байр нь хууль болон энэ журмын шаардлага хангаж байгаа эсэхийг нягталж, ажлын таван өдөрт багтаан хариуг албан бичгээр мэдэгдэнэ.
3.12.Зохицуулалттай этгээд нь оноосон нэрээ өөрчлөх тохиолдолд Хороонд урьдчилан мэдэгдэж, Иргэний хуулийн 27.3-т "хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй" гэж заасан болон харилцагч, олон нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй байх шаардлагыг хангаж буй эсэхээ тогтоолгосны үндсэн дээр оноосон нэрийн өөрчлөлтийг бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.
3.13.Энэ журмын 3.12-т заасан шаардлагыг хангаж бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн тохиолдолд зөвшөөрлийн гэрчилгээг хураан авч, шинээр олгож, зохих журмын дагуу нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.
3.14.Хорооноос гүйцэтгэх удирдлагаар томилох, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөх болон салбар, төлөөлөгчийн газар байгуулагдах, оноосон нэр өөрчлөх тухай шийдвэр гаргаснаар зохицуулалттай этгээдийн зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад зохих тэмдэглэгээг хийж, хүсэлт гаргагч нь бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад холбогдох өөрчлөлтийг хийлгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн шинэчилсэн хуулбарыг ажлын 15 өдөрт багтаан Хороонд ирүүлнэ.
3.15.Зохицуулалттай этгээд нь үнэт цаасны болон мөнгөн хөрөнгийн номинал дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлэхэд үнэт цаасны тооцооны үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн ерөнхий, эсхүл шууд гишүүнээр элссэн байхаас гадна Хороонд урьдчилан албан бичгээр мэдэгдэж, энэ журамд заасан шаардлагыг хангаж буй эсэхээ тогтоолгосон байна.
3.16.Зохицуулалттай этгээд нь мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номинал данс эзэмшиж харилцагчид үйлчилгээ үзүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байна:
3.16.1.нэг тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй, Хорооноос баталсан "Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавих журам"-ын шаардлагыг сүүлийн дөрвөн улирал дараалан хангасан байх;
3.16.2.мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээг гүйцэтгэх, харилцагч бүрийн дансны бүртгэлийг хөтлөх, мэдээлэл авах, хэвлэх, дансаа удирдах боломжоор хангагдсан төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн байгууллага болон арилжааны банктай холбогдож, мэдээлэл солилцох, цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан программ хангамжтай байх; (Үнэт цаасны тооцооны үйл ажиллагаа эрхлэгч болон программ хангамж нийлүүлэгчээс тодорхойлолт гаргуулсан байх)
3.16.3.үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх авсан номинал данс хариуцсан мэргэжилтэнтэй байх бөгөөд тухайн мэргэжилтэн нь бусад албан тушаал хавсран эрхэлдэггүй байх;
3.16.4.харилцагчийн мөнгөн хөрөнгийн орлого, зарлага, үлдэгдлийн мэдээллийг цахимаар сар бүрийн 10-ны өдрийн дотор тооцооны үйл ажиллагаа эрхлэгч этгээд болон Хороонд ирүүлэх бөгөөд нууцлалтай холбоотой асуудлыг хоорондын гэрээнд тусгасан байх;
3.16.5.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36.8-д заасны дагуу харилцагчийн хөрөнгийг өөрийн хөрөнгөөс тусгаарлан харилцагч тус бүрээр хөтөлж, мөнгөн орлого, зарлагын гүйлгээг санхүүгийн тайлан тэнцэлд дэлгэрэнгүй бүртгэж, Хорооноос баталсан "Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавих журам"-д заасан өөрийн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийн зохистой харьцаанд хамруулан тооцохгүй байх;
3.16.6.дотоод хяналтын ажилтан нь энэ журмын 3.27-д заасан мэдээллийг нэгтгэн боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргэх, номинал данс хариуцсан ажилтны үйл ажиллагаа болон харилцагчаа таньж мэдсэн байдал, харилцагчийн дансны шилжүүлэг, гүйлгээнд тогтмол хяналт тавьж ажиллах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг дагаж мөрдөх;
3.16.7.мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номинал дансны үйл ажиллагааг зохицуулсан нарийвчилсан журмыг хувьцаа эзэмшигч, эсхүл ТУЗ-ийн хурлаар батлуулж, журмын хавсралтаар харилцагчаа таньж мэдэх маягтын загварыг баталсан байх;
3.16.8.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36.8-36.10 дахь хэсгийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж, номинал данс дахь харилцагчийн зарлагын гүйлгээг арилжааны төлбөр тооцоотой холбоотой гүйлгээ хийхээс бусад тохиолдолд зөвхөн харилцагчийн нэр дээрх арилжааны банкны дансанд шилжүүлэх;
3.16.9.мөнгөн хөрөнгийн номинал данс нь арилжааны банкинд тусгайлан нээсэн, ҮЦК-ийн нэр дээрх харилцагчдын мөнгөн хөрөнгийн нэгдсэн данс байх бөгөөд тус данс дахь харилцагчдын мөнгөн хөрөнгөөр ҮЦК нь ямарваа нэг үүргийн гүйцэтгэл хангуулах, харилцагчийн зөвшөөрөлгүйгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлэхгүй байх;
3.16.10. жилийн санхүүгийн тайланд Хороонд бүртгэлтэй аудитын компаниар аудит хийлгэх хүрээнд номинал дансны мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын үйл ажиллагаанд аудит хийлгэж, гаргасан дүгнэлтийг тооцооны үйл ажиллагаа эрхлэгч этгээд болон Хороонд дараа оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх;
3.16.11.үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх төлөвлөгөө (BCP, DRP), үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага болон мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоотой байх, шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааны аудит хийлгэсэн байх.
3.17.Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд нь үнэт цаасны номинал дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байна:
3.17.1.нэг тэрбум 500 сая төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй байх, Хорооноос баталсан "Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавих журам"-ын шаардлагыг сүүлийн дөрвөн улирал дараалан хангасан байх;
3.17.2.мөнгөн хөрөнгийн номинал дансны үйлчилгээг нэгээс дээш жилийн хугацаанд тасралтгүй эрхэлж, энэ журмын 3.16.10-д заасан аудитын дүгнэлт гаргуулсан байх;
3.17.3.үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагын гишүүнчлэлийн шаардлагыг хангаж, гишүүнээр элссэн байх;
3.17.4.номинал данс хөтлөх тусгаар, бие даасан нэгжтэй байх ба тухайн нэгж нь брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаанаас тусдаа зохион байгуулалтын бүтэцтэй байх бөгөөд зөвхөн харилцагчийн зөвшөөрлөөр түүний үнэт цаасны орлого, зарлагын гүйлгээг гүйцэтгэж, өмчлөх эрхийг бүртгэх үүрэгтэй;
3.17.5.энэ журмын 3.17.4-т заасан нэгж нь үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх авсан, мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан хоёроос доошгүй мэргэжилтэнтэй байх бөгөөд тухайн мэргэжилтнүүд нь бусад албан тушаал хавсран эрхэлдэггүй байх;
3.17.6.харилцагчийн үнэт цаасны шилжүүлэг, үлдэгдлийн мэдээллийг сар бүрийн 10-ны өдрийн дотор үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд болон Хороонд ирүүлж байх;
3.17.7.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36.8-д заасны дагуу харилцагчийн үнэт цаасыг өөрийн үнэт цааснаас тусгаарлан харилцагч тус бүрээр тусгаарлаж, орлого, зарлагын гүйлгээ бүрийг тайлан тэнцлийн гадуур дэлгэрэнгүй бүртгэж байх;
3.17.8.үнэт цаасны номинал дансны үйл ажиллагааг зохицуулсан нарийвчилсан журмыг хувьцаа эзэмшигч, эсхүл ТУЗ- ийн хурлаар батлуулж, тухайн журамд харилцагчийг таньж мэдэх, тайлан хуулга хүргэх, үнэт цаастай холбоотой мэдээлэл хүргэх тухай зохицуулалт тусгасан байх ба журмын хавсралтаар харилцагчийг таньж мэдэх маягтын загварыг баталсан байх;
3.17.9.үнэт цаасны номинал данс хөтөлж, харилцагчид үйлчилгээ үзүүлэхэд баримтлах бодлого, эрсдэлийн удирдлагын тогтолцоотой байх;
3.17.10.үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага, арилжааны банк, төлбөр тооцооны байгууллагатай мэдээлэл солилцох, төлбөр тооцоог гүйцэтгэх техник төхөөрөмж, программ хангамжийг бүрдүүлсэн талаарх тодорхойлолтыг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагаас гаргуулсан байх;
3.17.11.үнэт цаасны номинал дансны үйл ажиллагаанд ашиглах программ нь кастодианы удирдлагын программтай ижил, эсхүл төсөөтэй шинжтэй, программ нь багц, эсхүл байгууллагын оюуны өмчийн эрхтэй (proprietary) байж болох бөгөөд үнэт цаасны номинал дансны үйл ажиллагаа явуулахад шаардлагатай функцтэй байх; (тухайлбал, үнэт цаасны болон харилцагчийн мэдээллийн сан, данс удирдах программ, харилцагчаас өгөх зааварчилгааг боловсруулах, удирдах, арилжааны төлбөр тооцоо гүйцэтгэх, компанийн үйл ажиллагааны гүйлгээ хийх боломжтой талаарх тодорхойлолтыг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагаас гаргуулсан байх);
3.17.12.үнэт цаасны номинал дансны үйл ажиллагаа явуулах сүлжээ, программ хангамжид гэмтэл, саатал гарсан, эсхүл давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тэдгээрт байгаа харилцагчдын мэдээллийн бааз, бусад өгөгдлийг давхар хадгалах, сэргээх системтэй байх;
3.17.13.бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны төлөвлөгөөтэй, дотоод хяналтын болон комплаенсийн тогтолцоотой, Хороо шаардлагатай гэж үзвэл үйл ажиллагааны талаар хөндлөнгийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх.
3.18.Зохицуулалттай этгээд нь дотоод хяналтыг хэрэгжүүлэх журамтай байх ба дотоод хяналтын үйл ажиллагаатай холбоотойгоор хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлага, дотоод хяналтын ажилтны үүрэг, хариуцлагыг зааглан тодорхойлсон байна.
3.19.Зохицуулалттай этгээдийн дотоод хяналтын тогтолцоо нь түүний нягтлан бодох бүртгэл, эрсдэлийн удирдлагыг бүрэн хамаарч чадахуйц, үйл ажиллагааны үе шат бүрд хяналт тавьж болохуйцаар зохион байгуулагдсан байна.
3.20.Зохицуулалттай этгээдийн төв болон салбарын үйл ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомж болон компанийн дотоод үйл ажиллагааны журмуудад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих орон тооны дотоод хяналтын ажилтантай байна.
3.21.Дотоод хяналтын ажилтан нь хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлэх ба эрх бүхий этгээд, удирдлагаас өгсөн үүрэг, даалгавраар тухайлсан шалгалтыг гүйцэтгэж болно. Дотоод хяналтын ажилтан нь шалгалтын тайлан, дүгнэлтийг тухай бүр хувьцаа эзэмшигчид болон гүйцэтгэх удирдлагад танилцуулна.
3.22.Дотоод хяналт шалгалтын тайланд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг засч сайжруулах талаар хугацаатай үүрэг, даалгавар, гүйцэтгэлийг хангуулах, хариуцлагын харилцааг тодорхой тусгасан байна.
3.23.Дотоод хяналтын ажилтан нь үр дүнтэй, шударга хяналтыг хэрэгжүүлж чадахуйц мэдлэг, туршлагатай байх ба компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь түүнийг бие даасан, хараат бус хяналтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөлөөр хангах үүрэгтэй.
3.24.Дотоод хяналтын ажилтан нь компанийн бүх төрлийн баримт бичиг, бүртгэлийг шалгах эрхтэй, хөндлөнгийн аудитор, хянан шалгах зөвлөлд мэдээлэл өгөх үүрэгтэй байна.
3.25.Дотоод хяналтын ажилтан нь зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, Хорооноос тогтоосон санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хангалт, эрсдэлийн удирдлага, хяналтыг тогтмол мөрдүүлж ажиллана.
3.26.Дотоод хяналтын ажилтан нь зохицуулалттай этгээдийн ерөнхий болон хүний нөөц, санхүү, нэгдмэл сонирхолтой этгээдийн талаарх мэдээлэлд орсон өөрчлөлтийг тухай бүр удирдлагадаа танилцуулж, тухайн байгууллагаас Хороонд хүргүүлэх үүрэгтэй.
3.27.Дотоод хяналтын ажилтан нь Хорооноос өгсөн үүрэг даалгавар болон улсын байцаагчийн албан шаардлагын биелэлт, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийн хангалт, биелэлтэд давхар хяналт тавьж ажиллах үүрэгтэй.
3.28.Дотоод хяналтын ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүдэн харилцагчид хохирол учруулсан тохиолдолд тухайн зохицуулалттай этгээд хариуцна.
3.29.Брокерийн үйл ажиллагаа эрхлэх зохицуулалттай этгээд нь харилцагчтай байгуулах гэрээний төсөлд дараах зүйлсийг тусгахгүй ба стандарт гэрээний төслийг Хороонд ирүүлнэ. Үүнд:
3.29.1.брокерийн компанийн хууль бус үйл ажиллагааны улмаас харилцагчид хохирол учруулснаас үүсэх хариуцлагын хязгаарлалт, учирсан хохирлыг барагдуулах төлбөрийн дээд хэмжээг заах;
3.29.2.харилцагчийн хууль тогтоомж болон гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэх, гэрээг цуцлах эрхийг хязгаарлах, эсхүл аль нэг талд давуу эрх олгох;
3.29.3.Иргэний хуулийн 198.1 дэх хэсгийн дагуу үгийн шууд утгаар харилцагчид ойлгогдох боломжгүй, маргаан гарсан тохиолдолд өөрт ашигтай утгаар тайлбарлах боломжтой заалт.
3.30.Брокерийн үйл ажиллагаа эрхлэх зохицуулалттай этгээд нь Үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомж, зах зээлийг урвуулан ашиглах, дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох шинжтэй захиалгыг биелүүлэхгүй талаар харилцагчтай байгуулах гэрээнд тусгана.
3.31.Кастодианаас бусад зохицуулалттай этгээд нь хувь нийлүүлсэн хөрөнгийн гурваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр үйл ажиллагааны эрсдэлээс хамгаалах сан байгуулна.
3.32.Зохицуулалттай этгээдийн баримт бичгийг хадгалах, архивын нэгж болгох нийтлэг харилцааг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулиар, нарийвчилсан харилцааг арилжаа эрхлэх болон үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагын дотоод журмаар зохицуулна.
3.33.Зохицуулалттай этгээд нь дараах баримт бичгийг өөрийн архивд таваас доошгүй жилийн хугацаагаар хадгалах үүрэгтэй. Үүнд:
3.33.1.харилцагчтай байгуулсан данс нээх гэрээ, захиалгын гэрээ, харилцагчаа таньж мэдэх маягт, итгэмжлэл;
3.33.2.харилцагчийн ерөнхий мэдээллийн бүртгэл;
3.33.3.үнэт цаас худалдах, худалдан авах захиалгатай холбоотой баримт бичиг, дуу хоолойны болон дүрст бичлэг;
3.33.4.харилцагчийн дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээтэй холбоотой баримтууд;
3.33.5.андеррайтерийн үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой баримтууд;
3.33.6.хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой баримтууд;
3.33.7.санхүүгийн тайлан, түүний нэмэлт тодруулга;
3.33.8.компанийн холбогдох этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдийн бүртгэл;
3.33.9.өөрийн данс дахь үнэт цаас, мөнгөн хөрөнгө, тэдгээртэй холбоотой хэлцлийн бүртгэл;
3.33.10.дотоод хяналт шалгалтын тайлан, дүгнэлт, түүний үр дүнд хийгдсэн ажлын тайлан, холбогдох баримт бичиг;
3.33.11.харилцагчаас ирүүлсэн өргөдөл, гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдал, зөвшөөрлийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой баримт бичиг, гэрээ хэлцэл зэрэг бусад баримт бичиг.
3.34.Энэ журмын 3.33-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу баримт бичгийг холбогдох архивд шилжүүлнэ.
3.35.Зохицуулалттай этгээдийн зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд брокерийн компани зөвхөн харилцагчийн үнэт цаасны худалдах, худалдан авах захиалгыг биелүүлж болох бөгөөд харин өөрийн компанийн болон нэгдмэл сонирхолтой этгээдийн захиалгыг биелүүлэхгүй ба зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл шаардлагыг арилгахгүйгээр нэг сарын хугацаа өнгөрсөн нөхцөлд харилцагчийн захиалгыг биелүүлэх эрхийг түр зогсоож, харилцагчийг өөр брокерийн компаниар үйлчлүүлэх арга хэмжээг Хорооноос авч хэрэгжүүлнэ.
3.36.Зохицуулалттай этгээдийн зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд энэ журмын 3.33-д заасан баримт бичгийг арилжаа эрхлэх, төлбөр, тооцоо болон үнэт цаасны хадгаламжийн байгууллагын архивд шилжүүлнэ.
3.37.Зохицуулалттай этгээдийн зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд харилцагчдыг шилжүүлэх ажиллагааг Хорооноос холбогдох журмын дагуу хэрэгжүүлнэ.
3.38.Брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшиж байсан компанийн зөвшөөрөл хүчингүй болсон тохиолдолд дараах баримт бичгийг архивын журмын дагуу нэгж болгон цэгцэлж, хавтаслан арилжаа эрхлэх байгууллагын архивд хүлээлгэн өгнө:
3.38.1.үйл ажиллагаа явуулсан хугацаанд харилцагчдаас хүлээн авсан үнэт цаас худалдах, худалдан авах захиалгын гэрээнүүд;
3.38.2.мөн хугацааны захиалгын бүртгэлүүд;
3.38.3.мөн хугацааны дилерийн даалгаврууд;
3.38.4.мөн хугацааны харилцагчдын бүртгэлүүд;
3.38.5.харилцагчийн хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой бусад үндсэн баримтууд;
3.38.6.зөвшөөрлийг хүчингүй болгох тухай Хорооны шийдвэрт заасан бусад баримтууд.
3.39.Зөвшөөрлийг хүчингүй болгох тухай Хорооны шийдвэрт хүлээлгэн өгөх баримт бичиг, хугацааны талаар тодорхой заана.
3.40.Энэ журмын 3.39-т заасан Хорооны шийдвэрт холбогдох баримт бичгийг зохих журмын дагуу хүлээлгэн өгөөгүйн улмаас харилцагчдад учруулсан хохирлыг зөвшөөрөл эзэмшиж байсан компанийн хувьцаа эзэмшигч, хэрэв зөвшөөрөл эзэмшигч нь хувьцаат компани бол тухайн үеийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эрх бүхий этгээдүүд хариуцаж барагдуулна.
ДӨРӨВ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
4.1.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон тухай Хорооны шийдвэр гарснаас хойш уг үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхэлбэл тусгай зөвшөөрөлгүйгээр үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэж Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
4.2.Хороо энэ журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд Зөвшөөрлийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
4.3.Хорооны шийдвэрийг үл зөвшөөрсөн этгээд шийдвэр гарснаас хойш Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу Хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлд гомдол гаргаж болно.
Текст томруулах
A
A
A