- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НИЙСЛЭЛ ХОТЫН БОЛОН НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗАР, ТҮҮНИЙ ХЭМЖЭЭ, АШИГЛАЛТЫН ЖУРАМ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 59
дүгээр тогтоолын хавсралт
НИЙСЛЭЛ ХОТЫН БОЛОН НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗАР,
ТҮҮНИЙ ХЭМЖЭЭ, АШИГЛАЛТЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эдэлбэр газар, нийтийн эдэлбэр газар, түүний хэмжээг тогтоох, нийтийн эдэлбэрийн газрыг ашиглах, хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэ журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээд өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө.
1.3.Оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай болон нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
1.4.Энэ журамд хэрэглэсэн нэр томьёог холбогдох хуульд заасан утгаар ойлгоно.
1.5.Нийслэл хотын эдэлбэр газар болон нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох үйл ажиллагаанд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан тусгай зарчмыг баримтална.
1.6.Нийтийн эдэлбэрийн газар дахь инженерийн шугам сүлжээний үйл ажиллагаатай холбоотой асуудлыг холбогдох салбарын хууль тогтоомжоор зохицуулна.
1.7.Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, зам, авто зогсоол зэрэг барилга байгууламж бүхий газрыг арчлан хамгаалах зориулалтаар сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
1.8.Нийслэлийн авто замын зурвас газарт болон нийтийн эзэмшил гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай ашиглах асуудлыг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.11, 10.13 дахь хэсэгт заасны дагуу зохицуулна.
Хоёр. Нийслэл хотын эдэлбэр газар, түүний хэмжээг тогтоох
2.1.Нийслэл хотын эдэлбэр газарт Газрын тухай хуулийн 12.1-т заасан хот, тосгон, бусад суурины барилга байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр газар, инженерийн дэд бүтэц, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтэц бүхий байгууламжийн газар, нийтийн эдэлбэрийн газар болон цаашид тэлж хөгжих нөөц газар хамаарна.
2.2.Нийслэл хотын эдэлбэр газрын хэмжээг тогтоох судалгааны ажлыг Нийслэлийн Засаг дарга, тухайн асуудлыг хариуцсан Нийслэлийн Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлаг энэ журмын 1.5-д заасан зарчмын дагуу хэрэгжүүлнэ.
2.3.Нийслэл хотын эдэлбэр газрын ашиглалт, хамгаалалт, төлөвлөлттэй холбоотой асуудлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6.4-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "Нийслэл хотын эдэлбэр газрын бүсчлэлийн дүрэм" болон холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
Гурав. Нийслэл хотын нийтийн эдэлбэр газар, түүний хэмжээг тогтоох
3.1.Нийслэл хотын нийтийн эдэлбэр газарт Газрын тухай хуулийн 12.2-т заасан хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай болон иргэд, олон нийтийн амьдрах, ажиллах аятай таатай орчныг бүрдүүлэх, хотын стандартыг хэрэгжүүлэхэд шаардлагатай авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, соёл, амралтын цогцолбор зэрэг нийтээрээ ашиглах газар хамаарна.
3.2.Нийслэл хотын нийтийн эдэлбэр газрын хэмжээг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4-т заасны дагуу тогтоохдоо эдэлбэр газрын байршил, хэмжээг батална.
3.3.Нийслэл хотын нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох үйл ажиллагаа нь дараах 2 төрөлтэй байна:
3.3.1.нийтийн эдэлбэрийн газраар төлөвлөсөн, тухайн зориулалтаар ашиглаж байгаа нийтийн эдэлбэрийн газрыг баталгаажуулж, шийдвэр гаргаж, хамгаалах;
3.3.2.шинээр бий болгох нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ, төрлийг тогтоох.
3.4.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн нийслэл хотын нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтооно.
3.5.Нийслэл хотын нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахдаа дараах зарчмыг баримтална.
3.5.1.нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан зарчим болон Хот тосгоны төлөвлөлт БНбД 30-01-21 норм, ба дүрмийг баримтлах;
3.5.2.Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дах заалтын дагуу /төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, авто машины зогсоол байх/ нийтийн эдэлбэр газарт тооцож тогтоох;
3.5.3.Улаанбаатар хотод 1 хүнд ноогдох ногоон байгууламжийн норм, ба дүрмийг баримтлах.
Дөрөв. Нийтийн эдэлбэр газрын ашиглалт, хамгаалалт,
тохижилтын үйл ажиллагаа
4.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон нийтийн эдэлбэр газрын энэ журмын 3.1-т заасан төрөл, зориулалтыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ.
4.2.Нийтийн эдэлбэрийн газрыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон тухайн нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэл болон зориулалтад нийцүүлэн бусдад тодорхой болзол, нөхцөлтэйгөөр ашиглуулж /арчлах, хамгаалуулах, тохижуулах/ болох бөгөөд уг асуудлыг сонгон шалгаруулалтаар шийдвэрлэнэ.
4.3.Энэ журмын 4.2-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн этгээдтэй нийтийн эдэлбэрийн газрыг гэрээний дагуу 1 жил хүртэл хугацаагаар ашиглуулж болох бөгөөд гэрээнд дараах асуудлыг тусгасан байна:
4.3.1.нийтийн эдэлбэрийн газар ашиглуулах үндэслэл;
4.3.2.ашиглах нийтийн эдэлбэрийн газрын зориулалт;
4.3.3.ашиглуулах нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг;
4.3.4.газрын төлөв байдал, чанарын үзүүлэлт;
4.3.5.ашиглуулах төлбөр, арчлалт, хамгаалалтын зардал;
4.3.6.нийтийн эдэлбэрийн газар ашиглуулах хугацаа;
4.3.7.талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага;
4.3.8.нийтийн эдэлбэрийн газрыг арчлах, хамгаалах, нөхөн сэргээх талаар хийх ажил;
4.3.9.нийтийн эдэлбэрийн газар, түүн дээрх эд хөрөнгийг хүлээн авсан тухай акт;
4.3.10.гэрээ цуцлах үндэслэл, журам;
4.3.11.шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
4.4.Энэ журмын 4.3.5-д заасны дагуу нийтийн эдэлбэр газрыг бусдад ашиглуулах төлбөр, арчлалт, хамгаалалтын зардлын хэмжээг холбогдох хууль, журмын дагуу тогтооно.
4.5.Нийтийн эдэлбэр газрыг авто зогсоолоор ашиглуулах асуудлыг нийслэлийн авто замын асуудал эрхэлсэн байгууллага, бусад зориулалтаар ашиглуулах асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргийн Засаг даргын Тамгын газар энэ журмын дагуу шийдвэрлэж, ашиглалтад хяналт тавина.
4.6.Нийтийн эдэлбэр газрыг бусдад ашиглуулах гэрээний дагуу ашиглуулсан төлбөр, нийтийн эдэлбэр газарт бий болсон эд хөрөнгө нь нийслэл, дүүргийн өмчид хамаарах бөгөөд түүнийг зөвхөн нийтийн эдэлбэр газрыг арчлах, хамгаалах үйл ажиллагаанд зарцуулна.
4.7.Нийтийн эдэлбэр газрыг тохижуулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба хариуцаж, дараах байдлаар зохион байгуулна:
4.7.1.тохижилт хийх нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ, зориулалтаас хамаарч ажлын даалгавар, загвар зураг, ажлын зургийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж батлуулах;
4.7.2.нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулах стандарт, шаардлагыг хангуулж, хяналт тавих;
4.8.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын Тамгын газар нийтийн эдэлбэр газрыг тохижуулах, арчлах, засвар үйлчилгээ хийх, хамгаалах үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусгаж, зориулалтын дагуу зарцуулна.
4.9.Нийтийн эдэлбэр газрыг арчлах, хамгаалах ажлыг тухайн дүүргийн Засаг дарга хариуцан зохион байгуулах ба нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн тооллого бүртгэл явуулж, илэрсэн эвдрэл, гэмтлийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, сэргээн засварлах, түүнд шаардлагатай зардлыг дүүргийн тухайн жилийн төсөвт тусгаж, зориулалтын дагуу зарцуулна.
4.10.Нийтийн эзэмшлийн талбайд тохижилт бүтээн байгуулалтаар бий болсон эд хөрөнгийг ашиглалтад хүлээн авсан актыг үндэслэн эцсийн гүйцэтгэлийн дүнгээр нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох журамд заасны дагуу холбогдох данс бүртгэлд заавал тусгана.
4.11.Авто зам, дулаан, цахилгааны шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх, засварлах, барих, явцад эвдэрч гэмтсэн нийтийн эдэлбэрийн зам, талбайг буцаан сэргээх ажлыг барилгын захиалагч (хөрөнгө оруулагч) хариуцан хэрэгжүүлнэ.
4.12.Энэ журмын 4.11-д заасан үйл ажиллагааны хэрэгжилтэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газар хяналт тавьж, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авна.
4.13.Нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах ажлыг тухайн Хорооны Засаг дарга хариуцан зохион байгуулах ба шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг харьяа дүүргийн тухайн жилийн төсөвт тусгуулж, зориулалтын дагуу зарцуулна.
4.14.Нийтийн эдэлбэр газарт шугам, сүлжээг засварлах, шинэчлэх, өргөтгөх тохиолдолд тухайн газрыг өмнөх байдалд буцаан оруулах, нөхөн сэргээх ажилд зөвшөөрөл өгсөн болон захиалагчийн хяналт тавьж буй байгууллага хяналт тавьж, нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлнэ.
4.15.Энэ журмын 4.3-т заасны дагуу гэрээ байгуулсан этгээд нь нийтийн эдэлбэрийн газрыг зөвхөн Газрын тухай хуулийн 12.2-т заасан нийтийн эдэлбэрийн газрын зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.
Тав. Нийслэл хотын нийтийн эдэлбэр газарт иргэдийн
эдлэх эрх, хүлээх үүрэг
5.1.Нийслэл хотын нийтийн эдэлбэр газарт иргэд дараах эрх эдэлнэ:
5.1.1.нийтийн эдэлбэр газарт чөлөөтэй нэвтрэх, амарч, тухлах;
5.1.2.нийтийн эдэлбэрийн газрыг зориулалтын дагуу тодорхой болзол, нөхцөлтэйгөөр гэрээний дагуу ашиглах;
5.1.3.нийтийн эдэлбэрийн газрыг сайн дурын үндсэн дээр тохижуулах, арчлах, хамгаалах, тодорхой урамшуулал хүртэх;
5.1.4.нийтийн эдэлбэр газрыг холбогдох хууль тогтоомж, норм, стандартад нийцүүлэх талаар санал, санаачилга гаргах;
5.1.5.нийтийн эдэлбэр газрыг холбогдох хууль тогтоомж, норм, стандартад нийцүүлэхийг захиргааны байгууллагаас шаардах;
5.2. Нийслэл хотын нийтийн эдэлбэр газарт иргэд дараах үүрэг хүлээнэ:
5.2.1.нийтийн эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглах, хамгаалах;
5.2.2.нийтийн эзэмшил газарт хог хаягдал үүсгэхгүй байх;
5.2.3.нийтийн эдэлбэр газар дахь эд хөрөнгө, ногоон байгууламжийг эвдэж гэмтээхгүй байх;
5.2.4.нийтийн эдэлбэр газрыг ашиглах, хамгаалах, арчлах талаар эрх бүхий байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэх;
5.2.5.өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа газрын хил заагаас 50 метр хүртэлх зайд байрлах нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх, тохижилт, орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх.
Зургаа. Бусад
6.1.Гудамж, талбайд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах бол хүсэлтээ дүүргийн Засаг даргын Тамгын газарт, уг арга хэмжээ хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгч бүртгүүлнэ. Хүсэлтэд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, арга хэмжээ явуулах гудамж, талбай зэргийг тодорхой заана.
6.2.Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагч нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-6, 8-д, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйл, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.17, 10.2.18 дахь заалтад заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
6.3.Нийтийн эдэлбэрийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан, бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн ашиглаж, эзэмшсэн, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр зориулалтыг өөрчилсөн, устгасан, гэмтээсэн тохиолдолд энэ журмын 4.5-д заасан хяналт тавих эрх бүхий байгууллага холбогдох хууль, журам, гэрээний дагуу зохих арга хэмжээг авч, шаардлагатай тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
6.4.Нийтийн эдэлбэрийн газарт газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, нийтийн эдэлбэрийн газрын зориулалтаас өөр зориулалтаар ашиглуулахыг хориглоно.
6.5.Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн газраа нийтийн эдэлбэрт ашиглуулах тохиолдолд энэ журмыг баримтална.
6.6.Энэ журмыг зөрчсөн, хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэн, этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A