- Нүүр
- Монгол Улсын хууль
- МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тогтолцоо, түншлэл, санхүүжилт, уг харилцаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хууль тогтоомж
2.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."чадамжид суурилсан сургалт" гэж ажил, мэргэжлийн стандартад тодорхойлсон чадамж эзэмшихэд чиглэсэн сургалтын үйл ажиллагааг;
3.1.2."чадамж" гэж мэдлэг, ур чадвар, хандлагын цогцыг;
3.1.3."чадамжийн нэгж" гэж тодорхой ажил, мэргэжлийн чадамж эзэмшихэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүнийг;
3.1.4."мэргэшил" гэж хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг;
3.1.5."мэргэшлийн түвшин" гэж ажил мэргэжлийн стандартаар тодорхойлсон мэргэшлийн шатлалыг;
3.1.6."мэргэжлийн сургалт" гэж хувь хүний хэрэгцээнд нийцсэн, эсхүл хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг богино хугацаанд эзэмших сургалтыг;
3.1.7."мэргэжлийн боловсрол" гэж мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж эзэмших боловсролын түвшнийг;
3.1.8."техникийн боловсрол" гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж эзэмших боловсролын түвшнийг;
3.1.9."мэргэшүүлэх сургалт" гэж иргэнийг мэргэжлийн чиглэлээр давтан сургах, мэргэшлийн түвшин ахиулах сургалтыг;
3.1.10."хосмог сургалт" гэж сургалтын байгууллага болон үйлдвэрлэлийн орчин, ажлын байранд сургалтыг хослуулан зохион байгуулахыг;
3.1.11."эзэмшсэн мэдлэг, ур чадвар" гэж иргэн албан бус боловсрол, эсхүл амьдралын орчинд суралцаж эзэмшсэн чадамжийг;
3.1.12."дадлагажуулагч" гэж суралцагчийг үйлдвэрлэлийн орчинд дагалдуулан сургах, ур чадвар эзэмшүүлэх үүрэг бүхий, арга зүйн сургалтад хамрагдсан ажилтныг.
4 дүгээр зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зорилго
4.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зорилго нь нийгмийн хөгжил, эдийн засгийн бүтээмжийг дэмжих, хөдөлмөрийн зах зээл, ур чадварын эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжлийн ур чадвар бүхий иргэн бэлтгэж, мэргэшлийн түвшин ахиулах, тасралтгүй хөгжих хэрэгцээг хангахад оршино.
5 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
5.1.1.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн байх;
5.1.2.түншлэлд суурилсан байх;
5.1.3.хөгжлийн бодлогод нийцсэн байх;
5.1.4.хөдөлмөр эрхлэлт, ур чадварын хөгжлийг дэмжсэн байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН АГУУЛГА, ХӨТӨЛБӨР, СТАНДАРТ
6 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын агуулга, хөтөлбөр
6.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын агуулга энэ хуулийн 4.1-д заасан зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
6.2.Мэргэжлийн боловсролын агуулгыг суралцагчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах чадамж, хувиараа хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшүүлж, мэргэжил олгох чиглэлээр тогтооно.
6.3.Техникийн боловсролын агуулгыг суралцагчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, техник, технологийн үйл ажиллагааг удирдах, гүйцэтгэх чадамж, хувиараа хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшүүлж, мэргэжил олгох чиглэлээр тогтооно.
6.4.Мэргэжлийн сургалтын агуулгыг суралцагчид мэргэшлийн түвшний ур чадвар, чадамжийг эзэмшүүлэх, мэргэшлийн түвшин ахиулах чиглэлээр тогтооно.
6.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын агуулгыг багц цагаар тооцох бөгөөд дараагийн боловсролын түвшинд дүйцүүлнэ.
6.6.Мэргэжлийн болон техникийн боловсролын багц цаг тооцох, дүйцүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.7.Энэ хуулийн 6.2, 6.4-т заасан агуулгыг чадамжид суурилсан сургалтынхөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.
6.8.Сургалтын хөтөлбөрийг түншлэлийн оролцоог хангаж ажил, мэргэжлийн стандартад нийцүүлэн энэ хуулийн 9.1-д заасан сургалтын байгууллага боловсруулна.
6.9.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр нь ерөнхий болон мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсэгтэй байна.
6.10.Сургалтын байгууллага нь суралцагчийн ялгаатай хэрэгцээ, ур чадварын түвшинг харгалзан энэ хуулийн 6.7-д заасан сургалтын хөтөлбөрт тохируулга хийж болно.
6.11.Мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.12.Сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загварыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.13.Мэргэжлийн болон техникийн боловсролд ижил түвшний олон улсын болон хамтарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
6.14.Энэ хуулийн 6.13-т заасан хөтөлбөрийн сургалттай мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулахад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл олгоно.
6.15.Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
7 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсролын стандарт
7.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын стандарт нь Боловсролын ерөнхий хуулийн 16.1-д зааснаас гадна мэргэжлийн болон техникийн боловсролын үнэлгээнд тавих нийтлэг шаардлагыг тодорхойлно.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага батална.
8 дугаар зүйл.Чанарын баталгаажуулалт
8.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, төгсөгчийн мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлж, баталгаажуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.2.Эзэмшсэн мэдлэг, ур чадварыг үнэлж, баталгаажуулах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 17.4-т заасны дагуу хэрэгжүүлнэ.
8.3.Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
8.4.Магадлан итгэмжлэлийг Боловсролын ерөнхий хуулийн 17.13-т заасан Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага мөн хуулийн 26.1.8-д заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.
8.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг таван жил тутам магадлан итгэмжилнэ.
8.6.Боловсролын ерөнхий хуулийн 25.1.3-т заасан мэргэжлийн болон техникийн боловсролын эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн хөтөлбөрийг заавал магадлан итгэмжилнэ.
8.7.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага Боловсролын ерөнхий хуулийн 35.7-д заасны дагуу дотоод чанарын баталгаажуулалтыг хэрэгжүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
9 дүгээр зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага
9.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага нь техникийн боловсролын, мэргэжлийн боловсролын, мэргэжлийн сургалтын гэсэн ангилалтай байна.
9.2.Техникийн боловсролын сургалтын байгууллага нь политехник коллеж байна.
9.3.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь мэргэжлийн боловсролын сургууль байна.
9.4.Мэргэжлийн сургалтын байгууллага нь сургалтын төв байна.
9.5.Политехник коллеж нь мэргэжлийн боловсролын, мэргэжлийн сургалтын болон бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
9.6.Мэргэжлийн боловсролын сургууль нь мэргэжлийн сургалтын болон бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
9.7.Мэргэжлийн сургалтын төв нь мэргэжлийн анхан шатны ур чадвар эзэмшүүлэх, мэргэшүүлэх сургалтыг эрхэлнэ.
9.8.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг тухайн сургалтын байгууллагын дүрмээр тогтооно.
9.9.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хүн амын төвлөрөл, бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн төрөлжүүлж болно.
9.10.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь сургалт, үйлдвэрлэлийн цогцолбор, хотхоны зохион байгуулалттай байж болно.
9.11.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын нэгж нь тэнхим, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 7.1-д заасан төв байна.
9.12.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага харьяалалдаа чадамжийн төв, салбар дундын дадлагын бааз, гарааны компани, бизнес инкубатор төв, туслах аж ахуйтай байж болно.
9.13.Энэ хуулийн 9.12-т заасан чадамжийн төв, дадлагын баазад тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.14.Энэ хуулийн 9.12-т заасан чадамжийн төв, дадлагын бааз, туслах аж ахуй нь өөрийн үйл ажиллагаанаас орлого олж болно.
9.15.Энэ хуулийн 9.1-д заасан сургалтын байгууллага нь суралцагчид сургалтад ашиглах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглуулна.
9.16.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага дотуур байртай байж болно. Дотуур байранд тавих шаардлагыг стандарт, техникийн зохицуулалтаар тогтооно.
10 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын чиг үүрэг
10.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1.мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах;
10.1.2.элсэлт, төгсөлтийг Боловсролын ерөнхий хуулийн 26.1.22-т заасан журмын дагуу зохион байгуулах;
10.1.3.энэ хуулийн 9.12-т заасан байгууллагаар дамжуулан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, судалгаа хийх, зөвлөн туслах;
10.1.4.эзэмшсэн мэдлэг, ур чадварын үнэлгээг түншлэгч талтай хамтран зохион байгуулах;
10.1.5.өөрийн үйл ажиллагаанаас гадна Төсвийн тухай хуулийн 44.1-д заасан туслах үйл ажиллагаанаас орлого олох;
10.1.6.туслах үйл ажиллагааны үр дүнд бий болох өөрийн орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зарцуулах;
10.1.7.гадаад, дотоодын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагатай эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу хамтран ажиллах;
10.1.8.иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшил болон ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
10.1.9.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байгаль орчинд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх;
10.1.10.түншлэлийг хэрэгжүүлэх;
10.1.11.хуульд заасан бусад.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ, ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТ
11 дүгээр зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт
11.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт нь онолын, сургууль дээрх дадлага, үйлдвэрлэлийн дадлага гэсэн бүрэлдэхүүнтэй, сургалтын байгууллага болон ажлын байран дахь, хосмог, зайны болон цахим сургалтын хэлбэртэй байна.
11.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаанд тавих шаардлага, сургалт зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.3.Хосмог сургалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасныг үндэслэн зохион байгуулна.
11.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын хичээлийн жилийн эхлэх, дуусах, үргэлжлэх хугацаа, зохион байгуулалтыг сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулна. Тухайн салбар, мэргэжлийн онцлогоос хамаарч уян хатан зохицуулалт хийж болно.
11.5.Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлагыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
12 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын элсэлт, төгсөлт
12.1.Техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн хүнийг элсүүлнэ.
12.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт суурь боловсрол эзэмшсэн, эсхүл насанд хүрсэн хүнийг элсүүлнэ.
12.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт суралцагч элсүүлэхэд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12.7-д заасныг баримтална.
12.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнесээ хөгжүүлэхийг дэмжиж төрөөс хөнгөлөлттэй зээл олгож болно.
12.5.Энэ хуулийн 12.4-т заасан зээл олгох журмыг Засгийн газар батална.
12.6.Дээд боловсролын тухай хуулийн 6.6-д заасан шаталсан сургалттай хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын элсэгчид энэ хуулийн 12.1, 12.2 дахь хэсэг хамаарахгүй.
13 дугаар зүйл.Боловсролын баримт бичиг
13.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчид дараах боловсролын баримт бичгийг олгоно:
13.1.1.мэргэжлийн сургалтад хамрагдаж чадамж эзэмшсэн иргэнд чадамжийн гэрчилгээ;
13.1.2.мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчид мэргэжлийн үнэмлэх;
13.1.3.техникийн боловсрол эзэмшсэн төгсөгчид диплом.
13.2.Эзэмшсэн мэдлэг, ур чадварыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 13.1-д заасан боловсролын баримт бичгийг олгоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧ
14 дүгээр зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, түүнд тавих шаардлага
14.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна сургалтын байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд оролцох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.
14.2.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэшлийн өндөр ур чадвартай, багшлах эрхийн гэрчилгээтэй байна.
14.3.Техникийн боловсролын сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт таваас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэшлийн өндөр ур чадвартай, багшлах эрхийн гэрчилгээтэй байна.
14.4.Багшийн мэдлэг, ур чадварын үнэлгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоо, ажил олгогч, сургалтын байгууллагатай хамтран дөрвөн жил тутам зохион байгуулна.
15 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн эрх, үүрэг
15.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах эрхтэй:
15.1.1.өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд бий болсон бүтээл, бүтээгдэхүүний орлогоос хувь, ногдол ашиг хүртэх;
15.1.2.түншлэгч байгууллага, иргэн, ажил олгогчид зөвлөгөө өгөх;
15.1.3.үйлдвэрлэлийн орчинд дадлага хийх;
15.1.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй орчинд ажиллах, сургалт зохион байгуулах;
15.1.5.шилдэг туршлагаа түгээн дэлгэрүүлэх;
15.1.6.ажлын гүйцэтгэл, үр дүнгээ үнэлүүлэх;
15.1.7.ажил, мэргэжлийн стандарт боловсруулахад оролцох.
15.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын ерөнхий хуулийн 13.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:
15.2.1.инновац, шинэ техник, технологи, стандарт, норматив, хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт арга барил судлах, сургалтад нэвтрүүлэх, сургалтын идэвхтэй, шинэлэг арга зүйг үр өгөөжтэй ашиглах;
15.2.2.суралцагчийн мэдлэг, ур чадварыг оношилж, чадамжийн түвшинд үндэслэн сургалтыг уян хатан зохион байгуулах;
15.2.3.сургалтын хөтөлбөрийг боловсруулах, нэгж хичээлийн төлөвлөлт хийх, дадлага сургалтын удирдамж боловсруулах, шинэчлэх, сургалтад ашиглах;
15.2.4.суралцагчийг сургалтын явц, анги дэвших болон сургууль төгсөхөд нь үнэлэх;
15.2.5.үйлдвэрлэлийн дадлагыг удирдах багш нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.5-д заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;
15.2.6.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23.2.1, 23.2.5-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх.
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар "хуулийн11 6.3.4, 6.3.5-д" гэснийг "хуулийн 23.2.1, 23.2.5-д" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
16 дугаар зүйл.Багш, ажилтны нийгмийн баталгаа
16.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш Боловсролын ерөнхий хуулийн 13.3-т зааснаас гадна дараах нийгмийн баталгаагаар хангагдана:
16.1.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.9-д заасан хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах;
16.1.2.мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багшид таван жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгох;
16.1.3.мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, арга зүйч, номын санч, эмч, хоол зүйч, тогооч, сэтгэл зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэнд эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа боловсролын сургалтын байгууллагаас олгох.
17 дугаар зүйл.Суралцагчийн эрх, үүрэг
17.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах эрхтэй:
17.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангагдсан байгаль орчинд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй орчинд суралцах;
17.1.2.сургалтын техник, тоног төхөөрөмж, багаж, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, түүхий эд материалаар хангагдах;
17.1.3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.9-д заасан хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах;
17.1.4.үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу цалин хөлсөөр хангагдах;
17.1.5.хосмог болон ажлын байран дахь сургалтад суралцагч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын цагаас хэтрүүлэн ажиллахгүй байх;
17.1.6.Боловсролын ерөнхий хуулийн 11.3-т заасан тэтгэлэг авах;
17.1.7.мэргэжлийн ур чадварын уралдаан, тэмцээнд оролцох;
17.1.8.сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдох;
17.1.9.хуульд заасан бусад.
17.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын ерөнхий хуулийн 10.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:
17.2.1.үйлдвэрлэлийн болон сургалтын байгууллагын орчинд хийх дадлагын үед дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах;
17.2.2.мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах;
17.2.3.сургалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглалтын зааврын дагуу ашиглах;
17.2.4.үйлдвэрлэлийн дадлагын үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.5-д заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх.
17.3.Суралцагч элссэн хөтөлбөрөөр суралцах хугацаандаа тухайн чиглэлийн мэргэжлийн бусад хөтөлбөрт суралцаж, хос мэргэжил эзэмшиж болно.
17.4.Суралцагч энэ хуулийн 17.3-т заасан ижил чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрт хамрагдах тохиолдолд сургалтын төлбөр төлөх бөгөөд тэтгэлгийг давхардуулан олгохгүй.
18 дугаар зүйл.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг
18.1.Эцэг, эх, асран, хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас гадна үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулахад санал өгөх эрхтэй.
18.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын ерөнхий хуулийн 40.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:
18.2.1.хүүхдийнхээ суралцах, мэргэжил эзэмших үйл ажиллагааг дэмжих;
18.2.2.ур чадварын уралдаан, тэмцээнд дэмжлэг үзүүлэх;
18.2.3.хүүхдээ гэмт хэрэг, зөрчил, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш, ажилтантай хамтран ажиллах;
18.2.4.хүүхдийнхээ авьяас, мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх;
18.2.5.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5, 6, 7, 8, 9, 10 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлэх.
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар "хуулийн 5 дугаар" гэснийг "хуулийн 22 дугаар" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
19 дүгээр зүйл.Түншлэгч аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
19.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын асуудлаар хамтран ажиллах нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, сонирхогч тал нийгмийн түншлэлийг бүрдүүлж зөвлөлийн хэлбэрээр дараах түвшинд ажиллана:
19.1.1.салбарын түвшний нийгмийн түншлэлийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоо, ажил олгогч, эцэг, эхийн төлөөлөл бүрдүүлэх;
19.1.2.орон нутгийн нийгмийн түншлэлийг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбоо бүрдүүлэх
19.1.3.сургалтын байгууллагын нийгмийн түншлэлийг аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, суралцагч бүрдүүлэх.
19.2.Түншлэгч аж ахуйн нэгж, байгууллага дараах эрхтэй:
19.2.1.сургалт, үнэлгээний стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулахад оролцох, санал болгох, сайжруулах талаар санал өгөх;
19.2.2.үйлдвэрлэлийн дадлага, төгсөлтийн үнэлгээг зохион байгуулахад хамтран ажиллах;
19.2.3.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд төлөөлөл оролцуулах;
19.2.4.иргэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилтны мэргэшлийн түвшнийг дээшлүүлэх, ур чадвар, чадамж эзэмшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах;
19.2.5.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийн талаар санал, дүгнэлт гаргах;
19.2.6.иргэний хүсэл сонирхол, чадавх, боломжид нийцүүлэн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх.
19.3.Түншлэгч аж ахуйн нэгж, байгууллага дараах чиг үүрэгтэй:
19.3.1.түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлд суурилсан, чанартай, хүртээмжтэй гүйцэтгэх;
19.3.2.түншлэлийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
19.3.3.өөрийн болон түншлэлд оролцогч байгууллагын чадавхыг бэхжүүлэх;
19.3.4.мэргэжилтэй ажилтны тоо, мэргэжлийн чиглэл, ур чадвар, чадамжийн шаардлага, мэргэшлийн түвшин ахиулах сургалт, өмнө эзэмшсэн мэдлэг ур чадварын үнэлгээний хүсэлтийг төлөөллийн байгууллагаар дамжуулан боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх;
19.3.5.үйлдвэрлэлийн дадлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1, 63.2, 63.3-т заасан гурван талт гэрээ, дадлагын удирдамжийн дагуу зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, үр дүнг хамтран дүгнэх;
19.3.6.үйлдвэрлэлийн дадлага сургалтыг байгаль орчинд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд удирдамж, хөтөлбөрт тусгасан чадамжийг эзэмшүүлэх, дадлагын явцад суралцагчийн оролцоог хангах, хуваарийн дагуу сургалтыг зохион байгуулах;
19.3.7.дадлага сургалтыг үйлдвэрлэлийн дадлагажуулагчаар удирдуулах;
19.3.8.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад шаардлагатай орчин бүрдүүлэх, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалын нөөцөөр хангахад дэмжлэг үзүүлэх;
19.3.9.үйлдвэрлэлийн дадлагын сургалтыг зохион байгуулах, мэргэшлийн ур чадвар эзэмшүүлэх дадлагажуулагч инженер, техникийн ажилтан ажиллуулах;
19.3.10.техник, технологийг шинэчлэх, судалгаа, туршилт хийх, инновацыг сургалтын байгууллагатай хамтран хөгжүүлэх;
19.3.11.багш, инженер, техникийн ажилтны мэдлэг, чадварыг хөгжүүлэх, шинэ техник, технологи дээр дадлагажуулахад дэмжлэг үзүүлэх;
19.3.12.сургалтын байгууллагыг бэхжүүлэх, сургалтын орчин бүрдүүлэх, шинэчлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
19.3.13.дагалдан суралцагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу цалин хөлс олгох.
19.4.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15.1.4, 15.1.5, 15.1.6, 15.1.9-д заасан зардал, дэмжлэг, хандивыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцуулж болно.
19.5.Аж ахуйн нэгж, байгууллага нь эдийн засгийн үйл ажиллагааны салбар, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос хамааран Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих санд энэ хуулийн 22.1-д заасан зөвлөлийн тогтоосон хувь хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
19.6.Хосмог сургалт зохион байгуулсан тохиолдолд ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 63.3-т заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлнө.
20 дугаар зүйл.Мэдээллийн сан
20.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын мэдээллийн санг Боловсролын ерөнхий хуулийн 43.7-д заасан журмын дагуу бүрдүүлж, ажиллуулна.
20.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:
20.2.1.хөдөлмөрийн зах зээл дэх ур чадварын эрэлт, нийлүүлэлт, төгсөгчийн хөдөлмөр эрхлэлт, мөшгөх судалгаа, ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгааны мэдээлэл;
20.2.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлага, үйл ажиллагааны талаарх мэдээлэл;
20.2.3.түншлэгч аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл;
20.2.4.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын чадамжийн болон үнэлгээний мэдээлэл.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
21 дүгээр зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын удирдлага
21.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын удирдлагын тогтолцоо нь Боловсролын ерөнхий хуулийн 23.1-д зааснаас гадна хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас бүрдэнэ.
22 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөл, түүний чиг үүрэг
22.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбооны хамтын ажиллагааг дэмжих, сургалтад төр, хувийн хэвшлийн оролцоог хангах асуудлаар тогтоол, дүгнэлт гаргах, зөвлөмж, чиглэл өгөх үүрэг бүхий орон тооны бус Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ байна.
22.2.Зөвлөл нь төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, ажил олгогчийн хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 15 гишүүнтэй байна.
22.3.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах байгууллагын санал болгосноор боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална:
22.3.1.төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, төрийн өмчийн болон хувийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;
22.3.2.ажил олгогч, мэргэжлийн холбоодын төлөөллийн эрх ашгийг албан ёсоор төлөөлөх байгууллага.
22.4.Зөвлөлийн даргыг Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүний олонхын саналаар томилно.
22.5.Зөвлөлийн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
22.6.Зөвлөл ажлаа Боловсролын ерөнхий хуулийн 23.4-т заасан Боловсролын үндэсний зөвлөлд тайлагнана.
22.7.Зөвлөл энэ хуулийн 30.3-т заасан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн улирлын болон жилийн тайланг хянан хэлэлцэнэ.
22.8.Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
22.8.1.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хэлэлцэх, санал, зөвлөмж гаргах;
22.8.2.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах;
22.8.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
22.8.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг дэмжих санд аж ахуйн нэгж, байгууллагаас үзүүлж болох санхүүгийн дэмжлэгийн хувь хэмжээг салбарын онцлогт нийцүүлэн тогтоох;
22.8.5.эрэлттэй болон тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад санал өгөх.
23 дугаар зүйл.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
23.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Боловсролын ерөнхий хуулийн 25.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын ангиллыг тогтоох;
23.1.2.мэргэжлийн өөрийн өртөг тооцох аргачлалыг санхүү, төсвийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах;
23.1.3.хосмог сургалт, ажлын байран дахь сургалт зохион байгуулах журмыг боловсруулах, батлах;
23.1.4.мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох;
23.1.5.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багшийг нэгдсэн бодлогоор хангах;
23.1.6.мэргэжлийнболовсрол, сургалтын тэргүүлэх болон нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг боловсруулж батлуулах;
23.1.7.мэргэжлийн болон техникийн боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулахад зөвшөөрөл олгох;
23.1.8.дээд боловсролын сургалтын байгууллагын харьяа мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулахад зөвшөөрөл олгох;
23.1.9.гадаадын хөрөнгө оруулалттай мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулахад энгийн зөвшөөрөл олгох.
24 дүгээр зүйл.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
24.1.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын талаарх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцүүлэх, сургалтын чанарыг сайжруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;
24.1.2.Мэргэжлийн зөвлөл, холбоод, салбар зөвлөлтэй хамтран ажиллах, түншлэлийг бэхжүүлэх;
24.1.3.гадаад улсын болон олон улсын ижил төрлийн сургалтын хөтөлбөрөөр төгсөгч, суралцагч Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцах тохиолдолд боловсролын баримт бичгийг дүйцүүлэх ажлыг зохион байгуулах;
24.1.4.багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг түншлэгч талтай хамтран зохион байгуулах;
24.1.5.багш, ажилтны мэргэжлийн зэрэг олгох, ахиулах, сунгах;
24.1.6.төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн захирлыг Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх.
24.1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.
24.2.Энэ хуулийн 24.1.4-т заасан чиг үүргийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
25 дугаар зүйл.Судалгаа, арга зүйн төв
25.1.Судалгаа, арга зүйн төв нь Боловсролын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд заасан Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын харьяанд үйл ажиллагаа эрхлэх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
25.1.1.тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалт, судалгаа шинжилгээ хийх, зөвлөгөө, мэдээллээр хангах;
25.1.2.сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах судалгаа хийх;
25.1.3.сургалтын агуулгын хүндрэлийн түвшнийг тогтоох;
25.1.4.хосмог, ажлын байран дахь, зайн болон цахим сургалтыг хөгжүүлэх;
25.1.5.иргэн, аж ахуйн нэгж, сургалтын байгууллагыг арга зүй удирдлагаар хангах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх;
25.1.6.энэ хуулийн 7.1-д заасан мэргэжлийн болон техникийн боловсролын стандартын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
25.1.7.эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, инновац хөгжүүлэх, онол практикийн хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах;
25.1.8.судалгаа, эрдэм шинжилгээний ажлын сан бүрдүүлэх, шинэ бүтээлийг патентжуулахад дэмжлэг үзүүлэх;
25.1.9.хууль тогтоомжид заасан бусад.
25.2.Энэ хуулийн 25.1-д заасан байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага
26.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26.2.Энэ хуулийн 26.1-д заасан нийтлэг дүрмийг үндэслэн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл өөрийн үйл ажиллагааны дүрмийг батална.
26.3.Цогцолбор, хотхон бүхий мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нэгдсэн удирдах зөвлөлтэй байж болно.
26.4.Удирдах зөвлөл есөн гишүүнээс бүрдэх бөгөөд үүсгэн байгуулагчийг төлөөлөх нэг, тухайн сургалтын байгууллагын хамт олныг төлөөлөх хоёр, түншлэгчийг төлөөлөх тав, төгсөгчийг төлөөлөх нэг гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
26.5.Удирдах зөвлөл дараах эрхтэй:
26.5.1.сургалтын, судалгаа шинжилгээний, үйлдвэрлэлийн болон үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг тогтоох;
26.5.2.сургалтын байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, сургалтын үр дүн, чанар гүйцэтгэлийг хэлэлцэх, дүгнэх.
26.6.Удирдах зөвлөл дараах үүрэгтэй:
26.6.1.сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцэж батлах, хэрэгжилтэд хяналт тавих, сургуулийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх, дүгнэх;
26.6.2.энэ хууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалттай холбоотой стандарт, заавар, дүрэм, журам, эрх зүйн актыг хэрэгжүүлэх, сургалтын байгууллагыг хөгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
26.6.3.аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбооны оролцоог дэмжих, түншлэлийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
26.6.4.хандив, өөрийн болон туслах үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх, зарцуулалтад хяналт тавих.
27 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлага
27.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг захирал хэрэгжүүлнэ.
27.2.Захирал дараах шаардлагыг хангасан байна:
27.2.1.бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
27.2.2.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад, эсхүл үйлдвэрлэлийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс тухайн салбарт сургалтын менежер, арга зүйч, тэнхимийн эрхлэгчээр дөрвөөс доошгүй жил ажилласан туршлагатай байх.
27.3.Энэ хуулийн 27.2.2-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд томилохыг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцно.
27.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирлыг таван жилийн хугацаагаар томилох бөгөөд ажлын үр дүн, гүйцэтгэлд үндэслэн, удирдах ажилтны манлайлал, хариуцлага, ёс зүйтэй байдлыг харгалзан дахин нэг удаа улируулан томилж болно.
27.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал дараах чиг үүрэгтэй:
27.5.1.сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
27.5.2.иргэний мэргэжил, ур чадвар эзэмших хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн чанартай боловсрол, сургалтын үйлчилгээ үзүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
27.5.3.нийгмийн түншлэлийн үйл ажиллагааг удирдлагаар хангах аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбооны оролцоог дэмжих;
27.5.4.гадаад, дотоод хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, хамтарсан сургалт, хөтөлбөр, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлэх асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжилтийг хангах;
27.5.5.батлагдсан төсөв, өөрийн болон туслах үйл ажиллагааны орлогыг үр ашигтай зарцуулах;
27.5.6.хууль тогтоомжид заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, статистикийн мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
27.5.7.сургалтын төлөвлөгөө батлах;
27.5.8.төсөв, санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллах;
27.5.9.сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй явуулах орчин нөхцөл, материаллаг нөөцөөр хангах ажлыг удирдан зохион байгуулах;
27.5.10.удирдах ажилтны манлайлал, ёс зүйг хангаж ажиллах;
27.5.11.холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан бусад үүрэг.
ДОЛДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ТӨСӨВ, САНХҮҮЖИЛТ
28 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын санхүүжилт
28.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зардлыг сургалтын үр дүн, чанар, гүйцэтгэлд үндэслэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
28.2.Нэг суралцагчид ногдох мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан дундаж норматив зардлыг санхүү, төсвийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
28.3.Салбар, үйлдвэрлэлийн онцлогоос хамааран аж ахуйн нэгж, байгууллага нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих санд цалингийн сангаасаа Зөвлөлөөс тогтоосон тодорхой хувь хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.
28.4.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийн хуваарийг Зөвлөл, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
29 дүгээр зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сан
29.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийн удирдлагыг энэ хуулийн 29.2-т заасан журмын дагуу боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
29.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.
29.3.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
29.3.1.мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хуваарилсан хөрөнгө;
29.3.2.3асгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нийтлэг эх үүсвэр болох улсын төсвийн хөрөнгө, хандив тусламж, тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого, зээлийн хүүгийн орлого;
29.3.3.төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын өөрийн болон туслах үйл ажиллагааны орлогын тодорхой хувь;
29.3.4.энэ хуулийн 19.4-т заасны дагуу төвлөрүүлсэн хөрөнгө.
29.4.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
29.4.1.өмчийн хэлбэр үл харгалзан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилт;
29.4.2.төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн, техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрын тогтмол зардал, суралцагчийн хоолны зардал;
29.4.3.өмчийн хэлбэр үл харгалзан мэргэжлийн, техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлэг, бусад дэмжлэг;
29.4.4.нэг суралцагчид ногдох мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан дундаж норматив зардал;
29.4.5.багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт, мэргэшүүлэх сургалтын зардал;
29.4.6.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний зардал;
29.4.7.энэ хуулийн 26.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны зардал;
29.4.8.мэргэжлийн ур чадварын олон улсын хэмжээний тэмцээнд бэлтгэх, оролцох, урамшуулах зардал болон үндэсний хэмжээний мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулах зардал.
30 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлагын төсвийг батлах, тайлан тэнцэл гаргах
30.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн жилийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал батална.
30.2.Зөвлөл Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн төсвийн төслийг жил бүрийн 07 дугаар сарын 15-ны дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэнэ.
30.3.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлагын тайлан тэнцлийг дараах хугацаанд улирал, жилээр нэгтгэн гаргаж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Зөвлөлд тайлагнаж байна:
30.3.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн улирлын нэгдсэн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор, жилийн нэгдсэн тайланг дараа оны 02 дугаар сарын 25-ны дотор нэгтгэн санал, дүгнэлтийн хамт мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх;
30.3.2.улирлын тайланг дараа улирлын сүүлийн сарын 10-ны дотор, жилийн тайланг дараа оны нэгдүгээр улиралд багтаан Зөвлөлөөр хянан хэлэлцүүлэх.
30.4.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД АСУУДАЛ
31 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих
31.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Боловсролын ерөнхий хуулийн 35.1-д заасан эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.
32 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
32.1.Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
32.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A

15.1.1.өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд бий болсон#_ _#бүтээл, бүтээгдэхүүний орлогоос хувь, ногдол ашиг хүртэх;
15.1.2.түншлэгч байгууллага, иргэн, ажил олгогчид зөвлөгөө өгөх;
15.1.3.үйлдвэрлэлийн орчинд дадлага хийх;
15.1.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй орчинд ажиллах, сургалт зохион байгуулах;
15.1.5.шилдэг туршлагаа түгээн дэлгэрүүлэх;
15.1.6.ажлын гүйцэтгэл, үр дүнгээ үнэлүүлэх;
15.1.7.ажил, мэргэжлийн стандарт боловсруулахад оролцох.
15.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын ерөнхий хуулийн 13.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:
15.2.1.инновац, шинэ техник, технологи, стандарт, норматив, хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт арга барил судлах, сургалтад нэвтрүүлэх, сургалтын идэвхтэй, шинэлэг арга зүйг үр өгөөжтэй ашиглах;
15.2.2.суралцагчийн мэдлэг, ур чадварыг оношилж, чадамжийн түвшинд үндэслэн сургалтыг уян хатан зохион байгуулах;
15.2.3.сургалтын хөтөлбөрийг боловсруулах, нэгж хичээлийн төлөвлөлт хийх, дадлага сургалтын удирдамж боловсруулах, шинэчлэх, сургалтад ашиглах;
15.2.4.суралцагчийг сургалтын явц, анги дэвших болон сургууль төгсөхөд нь үнэлэх;
15.2.5.үйлдвэрлэлийн дадлагыг удирдах багш нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.5-д заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;
15.2.6.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6.3.4, 6.3.5-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх.
16 дугаар зүйл.Багш, ажилтны нийгмийн баталгаа
16.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш Боловсролын ерөнхий хуулийн 13.3-т зааснаас гадна дараах нийгмийн баталгаагаар хангагдана:
16.1.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.9-д заасан хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах;
16.1.2.мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багшид таван жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгох;
16.1.3.мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, арга зүйч, номын санч, эмч, хоол зүйч, тогооч, сэтгэл зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэнд эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа боловсролын сургалтын байгууллагаас олгох.
17 дугаар зүйл.Суралцагчийн эрх, үүрэг
17.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах эрхтэй:
17.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангагдсан байгаль орчинд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй орчинд суралцах;
17.1.2.сургалтын техник, тоног төхөөрөмж, багаж, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, түүхий эд материалаар хангагдах;
17.1.3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.9-д заасан хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах;
17.1.4.үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу цалин хөлсөөр хангагдах;
17.1.5.хосмог болон ажлын байран дахь сургалтад суралцагч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын цагаас хэтрүүлэн ажиллахгүй байх;
17.1.6.Боловсролын ерөнхий хуулийн 11.3-т заасан тэтгэлэг авах;
17.1.7.мэргэжлийн ур чадварын уралдаан, тэмцээнд оролцох;
17.1.8.сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдох;
17.1.9.хуульд заасан бусад.
17.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын ерөнхий хуулийн 10.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:
17.2.1.үйлдвэрлэлийн болон сургалтын байгууллагын орчинд хийх дадлагын үед дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах;
17.2.2.мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах;
17.2.3.сургалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглалтын зааврын дагуу ашиглах;
17.2.4.үйлдвэрлэлийн дадлагын үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.5-д заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх.
17.3.Суралцагч элссэн хөтөлбөрөөр суралцах хугацаандаа тухайн чиглэлийн мэргэжлийн бусад хөтөлбөрт суралцаж, хос мэргэжил эзэмшиж болно.
17.4.Суралцагч энэ хуулийн 17.3-т заасан ижил чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрт хамрагдах тохиолдолд сургалтын төлбөр төлөх бөгөөд тэтгэлгийг давхардуулан олгохгүй.
18 дугаар зүйл.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг
18.1.Эцэг, эх, асран, хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас гадна үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулахад санал өгөх эрхтэй.
18.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын ерөнхий хуулийн 40.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:
18.2.1.хүүхдийнхээ суралцах, мэргэжил эзэмших үйл ажиллагааг дэмжих;
18.2.2.ур чадварын уралдаан, тэмцээнд дэмжлэг үзүүлэх;
18.2.3.хүүхдээ гэмт хэрэг, зөрчил, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш, ажилтантай хамтран ажиллах;
18.2.4.хүүхдийнхээ авьяас, мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх;
18.2.5.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5, 6, 7, 8, 9, 10 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлэх.