- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 73
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Дээд боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.1, 7.2, 7.4, 7.9 дэх заалт, 8.2 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4, 6.5 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 9.1, 9.2, 9.3, 9.4, 9.11 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 38.4-т заасан зохицуулалттай холбогдуулж 2024 оны улсын төсвийн төсөлтэй хамт Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
3/Боловсролын үндэсний зөвлөлийг байгуулах ажлыг зохион байгуулалтаар хангаж, үйл ажиллагааг жигдрүүлэх;
4/боловсролын салбарын хууль, эрх зүйн шинэчлэлт, зохицуулалтын талаар харьяалах салбар болон олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;
5/бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжиж, бага, дунд боловсролын сургалтын тогтолцоонд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний хөтөлбөр, цахим технологи, багш бэлтгэх арга зүйг нэвтрүүлж суралцагчдад суралцах тэгш боломж бүрдүүлэх цогц арга хэмжээг төлөвлөж, шаардагдах төсөв, хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган батлуулах.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо /Г.Мөнхцэцэг/-нд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
