A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 279

Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2023-2024 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг 1 дүгээр хавсралт, Аймгийн төвийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх махны хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах талаар дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болгосугай:

2.1.хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг босоо чиглэлд зохион байгуулах, улсын тусгай хэрэгцээний отрын бүсэд орох, гарах хөдөлгөөнийг цахимжуулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, ил тод болгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд;

2.2.цаг агаарын аюултай үзэгдлийн үед гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөлт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт;

2.3.өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан бодитой тогтоох, цаг агаарын мэдээ, цаг агаарын гамшигт үзэгдлийн талаарх урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай хүргэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд;

2.4.цаг агаарын хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалж зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, автомашин, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод;

2.5.Энэ тогтоолын хавсралтаар батлагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц, аймгийн төвийн хүн амын хаврын улирлын махны нөөцийг бүрдүүлэх арга хэмжээ авах, отор нүүдлийг тогтоосон чиглэлийн дагуу явуулах, мал эмнэлгийн хорио цээрийн хяналт шалгалтыг эрчимжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

2.6.Ургац хураалтын үед болон мал, мах бэлтгэлийн үед замын хяналтын цэгийн хяналт шалгалтыг шуурхай хэрэгжүүлэх, хүндрэл чирэгдлийг багасгах, гарал үүсэл тодорхойгүй, халдварт болон гоц халдварт өвчин дэгдээж болзошгүй малын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд), Мал эмнэлгийн ерөнхий газар (А.Нарантуяа)-т.

3.Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн, нэгдсэн дүнг 2023 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН