A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР ДҮГНЭЛТ ГАРГАХ, МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Боловсрол, шинжлэх ухааны сайдын

2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар

тушаалын хавсралт

 

 

 

ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР ДҮГНЭЛТ ГАРГАХ,

МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Инновацийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу инновацийн төслийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийг /цаашид "шинжээч" гэх/ бүртгэх, ажиллуулах болон түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулахад оршино.

 

Хоёр. Шинжээчид тавих шаардлага

2.1.Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах шинжээчид дараах шаардлагыг тавина. Үүнд:

2.1.1.тухайн салбар, чиглэлээр мэргэшсэн магистр болон түнээс дээш боловсролын зэрэгтэй байх (тухайн чиглэлээр мэргэшсэн мэдлэгээ баталгаажуулсан холбогдох эрдмийн зэрэг, гэрчилгээ эсвэл түүнтэй адилтгах үнэмлэхтэй нэр дэвшигч нь шинжээчээр сонгогдоход давуу тал болно);

2.1.2.тухайн салбар, чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

2.1.3.төрийн жинхэнэ албан хаагч биш байх.

 

Гурав. Шинжээчийг бүртгэх

 

3.1.Энэ журмын 2.1-д заасан шаардлага хангасан шинжээчийг бүртгэх үйл ажиллагааг Шинжлэх ухааны паркийн захиргаа зохион байгуулна.

3.2.Шинжлэх ухааны паркийн захиргаа нь шинжээчээр нэр дэвшигчийн мэдүүлгийг энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан асуулгын дагуу цахим хэлбэрээр хүлээн авч эрэмбэлэн энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан шинжээчийн жагсаалтыг Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3.Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах шинжээчийн жагсаалтыг Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулна.

 

Дөрөв.Шинжээчийн ажиллах зарчим, эрх, үүрэг

4.1.Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах үйл ажиллагаанд шинжээч нь дараах зарчмыг баримтална:

                     4.1.1.хууль дээдлэх;

                     4.1.2.хараат бус байх;

                     4.1.3.төрийн болон байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг хадгалах;

                     4.1.4.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

         4.2.Шинжээч дараах эрх эдэлнэ:

                     4.2.1.инновацийн бүтээгдэхүүнд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах;

                     4.2.2.үнэлгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт баримт бичгийг Шинжлэх ухааны паркийн захиргаагаар дамжуулан холбогдох байгууллагаас гаргуулах;

                     4.2.3.шинжээчээр ажилласан ажлын хөлс авах.

4.2.Шинжээч дараах үүрэг хүлээнэ:

                     4.2.1.энэхүү журмын 5.4-т заасны дагуу дүгнэлт гаргах;

                     4.2.2.гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах;

                     4.2.3.шинжээчээр ажиллах үедээ олж мэдсэн байгууллага, хувь хүн, инновацийн төслийн мэдээллийн хувийн сонирхол болон бусад байдлаар ашиглахгүй байх;

                     4.2.4.үндэслэл бүхий нотолгоонд суурилсан дүгнэлт гаргах;

                     4.2.5.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд дүгнэлт гаргахаас татгалзах.

 

  Тав. Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах

             5.1.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь инновацийн төслийг хүлээн авч Шинжлэх ухааны паркийн захиргаанд инновацийн төслийн бүтээгдэхүүнд дүгнэлт гаргуулахаар цахимаар хүргүүлнэ.

            5.2.Шинжлэх ухааны паркийн захиргаа нь  инновацийн төслийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор энэ журмын 2.4-т заасан жагсаалтаас холбогдох салбарын нэгээс доошгүй шинжээч болон эдийн засаг, санхүү, бизнес, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хоёроос доошгүй шинжээчээс бүрдсэн 5 хүртэлх гишүүнтэй багийг ажиллуулж дүгнэлт гаргуулна.

           5.3.Инновацийн төсөл нь шинжээчийн мэргэшсэн чиглэлд нийцээгүй болон энэ журмын 4.2.5-т заасан үндэслэлээр тухайн инновацийн бүтээгдэхүүнд шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан тохиолдолд дараагийн шинжээчийг сонгон ажиллуулна.

            5.4.Шинжээч дүгнэлт гаргахдаа Инновацийн тухай хууль, холбогдох дүрэм, журам болон энэхүү журмыг мөрдөнө.

            5.5.Шинжээч инновацийн төсөлтэй танилцахаас өмнө ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдлийг Шинжлэх ухааны паркийн захиргаанд гаргаж өгнө.

            5.6.Шинжээч дүгнэлт гаргахдаа энэхүү журмын хоёрдугаар хавсралтад заасан шалгуур үзүүлэлт тус бүрт 0-5 хүртэл онооны үнэлгээ өгнө. Үүнд:

 5.6.1.   5 оноо - Mаш сайн;

                      5.6.2.   4 оноо - Cайн;

                      5.6.3.   3 оноо - Хангалттай;

                      5.6.4.   2 оноо - Сайжруулах шаардлагатай;

                      5.6.5.   0-1 оноо - Шаардлага хангаагүй.

            5.7.Шинжлэх ухааны паркийн захиргаа нь ажлын 2 өдрийн дотор шинжээчийн үнэлгээ, дүгнэлтийг нэгтгэн Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ.

           5.8.Инновацийн бүтээгдэхүүнд дүгнэлт гаргасан нийт шинжээчийн үнэлгээний нийлбэрийн дундаж нь 70 хувь болон түүнээс дээш хувиар үнэлэгдсэн тохиолдолд тухайн инновацийн бүтээгдэхүүнийг шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзнэ.

           5.9.Энэхүү журмын 5.8-д заасан шаардлага хангаагүй тохиолдолд инновацийн бүтээгдэхүүнийг шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үзнэ.

 

                   Зургаа. Шинжлэх ухааны паркийн захиргааны чиг үүрэг

6.1.Шинжлэх ухааны паркийн захиргаа нь шинжээчийн дүгнэлт гаргахтай холбогдох  дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

                      6.1.1.шинжээчийн дүгнэлтийг энэхүү журмын 5.2-т заасан хугацаанд хүлээн авах;

                      6.1.2.шаардлагатай тохиолдолд инноваци, хөрөнгө оруулалт болон бусад чиглэлээр нарийн мэргэшсэн эрдэмтэн, судлаачдыг урьж зөвлөгөө авах;

                      6.1.3.шинжээчийн жагсаалт үүсгэж батлуулах, шинжээчийн багийг ажиллуулах;

                      6.1.4.шинжээчээр дүгнэлт гаргуулах үйл ажиллагааг зохион байгуулах;

                      6.1.5.шинжээчийн үнэлгээ дүгнэлтийг нэгтгэн энэхүү журмын 5.7-д заасан хугацаанд хүргүүлэх;

                      6.1.6.инновацийн төслийг хувийн сонирхол болон бусад байдлаар ашиглахгүй байх;

                     6.1.7.инновацийн төслийн бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг хариуцах.

Долоо.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

           7.1.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах эрх эдэлнэ:

                       7.1.1.шинжээчийн үнэлгээ, дүгнэлтийг энэхүү журмын 5.7-д заасан хугацаанд хүлээн авах;

                       7.1.2.дүгнэлт гаргах хугацааг шинжээч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болон энэ журмыг зөрчиж дүгнэлт гаргасан тохиолдолд тухайн шинжээчийг энэ журмын 3.3-т заасан жагсаалтаас хасах.

          7.2.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:

                       7.2.2.шинжлэх ухааны паркийн захиргаатай хамтран шинжээчээр дүгнэлт гаргуулах үйл ажиллагааг зохион байгуулах.

 

Найм. Бусад

8.1.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өмнөх улирлын аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын дундаж цалингийн нэг ажлын өдрийн цалинтай тэнцэх хэмжээний хөлсийг шинжээчийн ажлын хөлсөнд хүн өдрөөр тооцож олгоно.

          8.2.Шинжээчийн хийсэн дүгнэлтийн талаар иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.