- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 69
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Улсын Их Хурлаас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлээр зарим зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцсонтой холбогдуулан салбарын хууль тогтоомжийг нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг бүрэн хамруулах, холбох, нэвтрүүлэлт хийх, зөвшөөрлийн нэгдсэн сангийн цахим системийг үүсгэх, хөгжүүлэх, хяналт тавих, цахим системийн мэдээллийн чанар, уялдаа холбоог сайжруулах, мэдээллийг нийтэд нээлттэй ил тод байлгах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах ажлыг эрчимжүүлэх;
3/энэ тогтоолын 2 дахь дэд заалтад заасан арга хэмжээний талаарх тайланг Монгол Улсын Их Хуралд 2023 оны 10 дугаар сард багтаан танилцуулах.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
