A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн А/246, А/189 дугаар тушаалын хавсралт

 

 

 

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН

ТЭЭВЭРЛЭЛТИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын хэмжээнд олон улс, улсын, орон нутгийн чанартай авто зам, нийслэлийн, тусгай зориулалтын, аж ахуй нэгж, байгууллагын дотоодын авто зам, талбайд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Энэ журмыг хэрэгжүүлэхдээ Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Автотээврийн тухай, Автозамын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох стандарт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг удирдлага болгоно.

1.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон түүний үндсэн түүхий эдийг тээвэрлэх ажиллагааг улс хоорондын тээвэрлэлт, хот хоорондын тээвэрлэлт, орон нутгийн тээвэрлэлт, ажлын байран дахь тэсрэх материалын тээвэрлэлт гэж ангилна.

1.4. Улс хоорондын тээвэрлэлт, хот хоорондын тээвэрлэлт, орон нутгийн тээвэрлэлтийг энэхүү журмын 6.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлд тус тус зааснаар баталсан маршрутын дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан, дотоодын цэргийн алба хаагчтай хамт гүйцэтгэнэ.

1.5.Ажлын байран дахь тэсрэх материалын тээвэрлэлтийг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасны дагуу гүйцэтгэнэ.

1.6.Засгийн газрын тогтоолоор баталсан "Пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах журам"-д зааснаар үзвэрийн пиротехникийн хэрэгслийг энэ журмын 3.1, 4 дүгээр зүйл, 7.2, 8.8, 8.10 дахь хэсэг, 11 дүгээр зүйлд заасныг баримталж, хэрэглээний пиротехникийн хэрэгслийг галын аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангаж тус тус тээвэрлэнэ.

 

Хоёр. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хамтатгах бүлгийн ангилал болон дэд ангийн ангилал Тэсрэх материалын хамтатгах бүлгийн ангилал

Хүснэгт №1

 

Хамтатгах

бүлэг /аюулын зэрэг/

Бодис, бүтээгдэхүүн

В

Өдөөгч тэсрэх бодис агуулсан бөгөөд хоёр хүртэл үл хамаарах хамгаалалтын төхөөрөмжтэй бүтээгдэхүүн. Түүнчлэн ердийн детонатор, детонатор агуулсан хэрэгсэл ба өдөөгч тэсрэх бодис агуулаагүй детонаторууд орно.

С

Шидэх үйлчилгээтэй тэсрэх бодис ба бүтээгдэхүүн (утаагүй дарь)

D

Тэсрэх бодис. Тэсэлгээний хэрэгсэл ба шидэх үйлчилгээтэй цэнэг агуулаагүй тэсрэх бодис бүхий бүтээгдэхүүн. Өдөөгч тэсрэх бодис агуулсан бөгөөд хоёр ба түүнээс дээш тооны үл хамаарах хамгаалалтын төхөөрөмжтэй бүтээгдэхүүн.

E

Тэсэлгээний хэрэгсэлгүй тэсрэх бодис агуулсан, гэхдээ шидэх үйлчилгээтэй цэнэг бүхий бүтээгдэхүүн (хялбархан дөл авалцдаг шингэн, гель буюу өөрөө шатдаг шингэнээс бусад)

F

Хоёрдогч тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ба шидэх үйлчилгээтэй цэнэг агуулсан, эсвэл шидэх үйлчилгээтэй цэнэг агуулаагүй бүтээгдэхүүн

G

Пиротехникийн бодис, түүнийг агуулсан бүтээгдэхүүн

N

Мэдрэмтгий чадвар нь онцгой муу тэсрэх бодис агуулсан бүтээгдэхүүн

S

Гаднын гэнэтийн үйлдлээс цочрол авч тэсрэх аюул тохиолдоход түүний үйлчилгээг хязгаарлах сав, баглаа боодолтой, хэрэв сав баглаа нь галд өртөж гэмтвэл тэсрэлтийн нөлөө цацалт нь аваар устгах, гал унтраахаар сав баглааны дэргэд хүн ажиллахад саад болохгүйгээр тусгайлан бүтээгдсэн бодис, бүтээгдэхүүн

 

 

 ТЭСРЭХ МАТЕРИАЛЫН ДЭД АНГИЙН АНГИЛАЛ

Хүснэгт №2

 

Дэд анги

Дэд ангийн нэр

1.1

Бөөнөөр тэсрэх аюултай тэсрэх материалууд

1.2

 Бөөнөөр тэсрэхгүй, гэхдээ тэсрэлтээр цацалт үүсгэх болон орчны   зүйлийг гэмтээх аюултай тэсрэх материалууд

1.3

Бөөнөөр тэсрэхгүй, шатах аюултай тэсрэх материалууд

1.4

Тээвэрлэлтийн явцад гал гарах буюу өдөөсөн тохиолдолд бага зэргийн тэсрэлтийн аюултай тэсрэх материал. Тэсрэлтийн үйлчлэл нь сав баглаагаар хязгаарлагдана. Гаднын өдөөх эх үүсвэр сав баглаа дотор огцом тэсрэлт үүсгэхгүй.

1.5

Бөөнөөр тэсрэх аюултай, гэхдээ мэдрэмтгий чадвар нь маш бага, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлд өдөөлт үүсэх ёсгүй буюу шаталтаас тэсрэлтэд шилжихгүй тэсрэх материалууд

1.6

Тохиолдлын өдөөлтөд өртөх магадлал багатай, бөөнөөр тэсрэхгүй, нэн бага мэдрэх чадвартай тэсрэх бодисоор хийсэн бүтээгдэхүүн. 1.6 дэд ангийн бүтээгдэхүүний аюул нь нэг бүтээгдэхүүний тэсрэлтээр хязгаарлагдана.

 

 

Гурав. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэлтэд бэлтгэх, түүний сав, баглаа боодолд тавих шаардлага

3.1.Ачаа илгээгч нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг аюулгүй, бүрэн бүтэн, тээвэрлэхэд тохиромжтой байдлаар бэлтгэнэ. Үүнд:

3.1.1.сав, баглаа боодол, уут хайрцаг дээр үйлдвэрлэсэн, импортолсон байгууллагын нэр, хаяг, утасны дугаар, бүтээгдэхүүний нэр, энэ журмын хүснэгт 1, 2-т заасан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюултай байдлын бүлгийн ангилал, дэд ангилал тус бүрийг байрлуулсан, битүүмжлэлтэй, лацадсан байх;

3.1.2.сав, баглаа боодол доторх тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл нь нягт чигжигдсэн, сул чөлөөтэй хөдөлгөөнгүй байх.

3.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн сав, баглаа боодол, уут хайрцгийг дараах нөхцөлд аюулгүй ачааны адил тээвэрлэхийг зөвшөөрнө. Үүнд:

3.2.1.сав, баглаа боодол, уут хайрцгийг нэг бүрчлэн шалгаад "Сав, баглаа боодол бүрэн цэвэрлэгдсэн. Аюулгүй" гэсэн тэмдэглэл хийгдсэн байх;

3.2.2.хуулийн этгээдийн тэмдэг, шалгасан огноотой,  үзлэг хийсэн ажилтны гарын үсэгтэй байх.

Дөрөв. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тавих шаардлага

4.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тусгай зориулалтаар үйлдвэрлэсэн, эсхүл үйлдвэрлэгчээс тогтоосон нөхцөл шаардлагад нийцүүлэн тоноглосон, зөвшөөрөл олгогдсон, авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан, шингэн түлшээр ажилладаг тээврийн хэрэгсэл болон чиргүүлээр тээвэрлэнэ.

Тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэгчээс тогтоосон эдэлгээний нөөц, гүйлт хэтрээгүй байх бөгөөд дараах шаардлагад нийцүүлэн тоноглосон байна. Үүнд:

4.1.1.тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гарч байгаа утааны яндан оч баригчтай байхаас гадна шатахууны сав /нөөц/-наас алслагдсан байх;

4.1.2.тээврийн хэрэгслийн тэвшний хана, шал нь үрэлтээс оч үүсэхгүй галд тэсвэртэй материалаар хийгдсэн байх;

4.1.3.тээврийн хэрэгслийн шатахууны савны хойд ба урд хэсэгт нь төмөр хаалтаар тоноглож, доод талаас нь 10х10 мм нүх бүхий төмөр тороор хамгаалсан байх бөгөөд хамгаалалт болон түлшний савны хоорондох зай 20 мм-ээс багагүй зайтай байх;

4.1.4.түлшний сав нь хөдөлгүүр, цахилгааны утаснууд, утааны яндангаас хол байрлах ба хэрвээ шатахуун гоожих тохиолдолд шууд газарт асгарахаар байрласан  байх;

4.1.5.тээврийн хэрэгслийн цахилгааны тоног төхөөрөмжүүдийн хүчдэл нь 24 вольтоос ихгүй, цахилгааны хэлхээ нь гал хамгаалагчаар бүрэн хамгаалагдсан, хэлхээний бүх хүчдэлийг салгах боломжтой байдлаар тоноглосон байх ба үйлдвэрлэгчээс тухайн тээврийн хэрэгсэлд цахилгаан хэлхээний хүчдэл салгах тоноглол байршуулсан бол зориулалтыг өөрчлөхгүй;

4.1.6.тээврийн хэрэгсэлд холбоо мэдээллийн хэрэгсэл, шаардлагатай тохиолдолд сансрын холбооны хэрэгсэл, байршил тогтоогч GPS төхөөрөмж, тээвэрлэх явцад автомашины бүхээг доторх болон явж байгаа маршрутын  замын бичлэг хийх камер суурилуулсан байх ба бичлэгийг тухайн хуулийн этгээд тээвэрлэлт дууссанаас хойш зөрчил илрээгүй тохиолдолд ажлын 7 хоногийн хугацаанд хадгалж, нууцлал аюулгүй байдлыг хангах ба ажлын байранд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч буюу GPS төхөөрөмж суурилуулахыг шаардахгүй;

4.1.7.битүүмжилсэн тэвш нь галд тэсвэртэй, бат бөх материалаар хийгдсэн, хаалга нь бат бөх, цоожлох боломжтой байх ба битүүмжилсэн тэвшний хаалга онгойсон тохиолдолд дохио өгөх систем байрлуулсан байх.

4.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нь дараах иж бүрдэлтэй байна. Үүнд:

4.2.1.жолоочийн бүхээгийн дээр шар гэрэл болон тэвшний хойд талын баруун, зүүн дээд өнцөгт шар гэрэл ойлгогч байрлуулах;

4.2.2.нөөц дугуй 1-2 ширхэг, дугуйны хэмжээнд таарсан 2-оос доошгүй өнхрөхөөс сэргийлсэн ивүүртэй байх;

4.2.3.ашиглалтын хугацаа дуусаагүй галын хор (нунтаг хор болон 5 л-ээс багагүй эзлэхүүнтэй нүүрс хүчлийн хий) хоёроос доошгүй, гал унтраах цохиур, галд тэсвэртэй бүтээлэгтэй байх;

4.2.4.засвар үйлчилгээ хийх иж бүрэн багаж түлхүүр, гулгалтаас хамгаалах гинжтэй байх;

4.2.5.эмийн сан, шүгэл, улаан өнгө бүхий анивчих гэрэлтэй байх; /гар чийдэн/

4.2.6.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан "Ослын зогсолтын тэмдэг", "Орох хориотой" тэмдэг тус бүр 2 ширхэг байх.

 4.3. хуулийн этгээд нь энэхүү журмын 1.3 дахь хэсэгт заасан тээвэрлэлтэд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх үндсэн болон нөөц тус бүртээ 2-оос доошгүй, ажлын байранд тэсрэх материал тээвэрлэх 2-оос доошгүй тээврийн хэрэгсэлтэй байна.

4.4. хуулийн этгээдээс тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон түүний үндсэн түүхий эдийг улс хооронд, хот хооронд, орон нутагт тээвэрлэх тээврийн хэрэгслийг техникийн үзлэг оношилгоонд оруулж тэнцсэн тохиолдолд жилд 2 удаа, ажлын байранд тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийг жилд 1 удаа авто тээврийн хяналтын улсын байцаагчийн аюултай ачаа тээвэрлэх стандарт шаардлага хангасан талаарх дүгнэлтийг гаргуулж цагдаагийн байгууллагын бүртгэл хяналтын ажил хариуцсан нэгжид хүргүүлнэ.

4.5. хуулийн этгээд нь авто тээврийн хэрэгслийг хадгалах зориулалтын зогсоол, талбайтай байх бөгөөд засвар үйлчилгээний ажлыг хариуцсан инженер, механик, засварчинтай байна. Дээрх засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.

4.6. Цагдаагийн байгууллагын бүртгэл хяналтын ажил хариуцсан нэгж нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн талаарх мэдээллийг нутаг дэвсгэр хариуцсан байгууллагад тухай бүр нь мэдэгдэнэ.

Тав. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх жолоочид тавигдах шаардлага

5.1.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил тасралтгүй жолоодсон, тухайн ангилалд тохирох, аюултай ачаа ачих чиглэлээр мэргэшсэн жолоочийн хүчинтэй үнэмлэхтэй, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны дүрмийн 16-д заасны дагуу тэсрэх материалтай харьцаж ажиллах эрх олгох сургалтад хамрагдаж, үнэмлэх авсан хүн байна.

5.2.Жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан бичиг баримтыг авч явахаас гадна дараах тээвэрлэлтийн бичиг баримттай байна. Үүнд:

5.2.1.ачаа илгээгчээс хүлээн авагчид хүлээлгэн өгөх тээврийн хэрэгслийн явах зам, хурд, хоноглох, түр зогсолт хийх, шатахуун цэнэглэх газар, ачааны нэр төрөл, тоо хэмжээ зэргийг тогтоосон тээвэрлэлт  зохион байгуулалтыг төлөвлөсөн бүдүүвч зураг буюу "Тээвэрлэлтийн маршрут";

5.2.2.тухайн тээврийн хэрэгслээр тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн зөвшөөрөл;

5.2.3.тээвэрлэж яваа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн ослын карт.

5.3.Жолооч автомашины техникийн бүрэн бүтэн байдал, ачааны татлага, лац ломбо болон тэвшний хаалга хаалтуудад бүрэн хяналт тавина.

5.4.Найман цагаас дээш завсарлагагүй хугацаагаар тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх ба энэхүү журмын 1.3 дахь хэсэгт заасан тээвэрлэлтэд ээлжийн жолоочтой байна.

5.5.Зайлшгүй зогсолт хийх тохиолдолд ачаа илгээгч болон хүлээн авагч байгууллагад шуурхай мэдэгдэж, суурин газраас 200 метрээс багагүй зайд, замын баруун гар талыг шахаж, хойно ба урдаа 100 метрийн зайд "Ослын зогсолтын тэмдэг" тавина.

5.6.Зам тээврийн осол гарсан тохиолдолд тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан, дотоодын цэргийн алба хаагч, жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм болон ослын картад заасны дагуу шуурхай ажиллах ба шаардлагатай гэж үзвэл дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд: 

5.6.1.онцгой байдал болон эмнэлгийн түргэн тусламж дуудах, зам тээврийн осол, хэргийн газар руу гаднын хүмүүсийг ойртуулахгүй байх бүхий л арга хэмжээ авах;

5.6.2.ослын аюултай бүсийг тэмдэглэн зааглаж бусад хүмүүс осолд нэрвэгдэхээс сэргийлэх;

5.6.3.цагдаа, эмнэлэг болон бусад албаны ажилтнуудыг ирэх үед тээврийн баримт бичгээ шалгуулах, тээвэрлэж яваа ачааны хор хөнөөл, шинж байдал, ачаатай хэрхэн харьцах нөхцөлийн талаар бүрэн танилцуулах.

Зургаа. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн маршрут ба тээвэрлэх хуудас

6.1.Хуулийн этгээд нь энэхүү журмын 5.2.1-д заасан тээвэрлэлтийн маршрутыг нөөц маршрутын хамт боловсруулан 24 цагийн өмнө цагдаагийн  байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгжид хүргүүлж батлуулна. Тээвэрлэлтийн маршрутыг боловсруулахдаа дараах нөхцөлийг тооцож үйлдэнэ. Үүнд:

6.1.1.хот суурин газар, үйлдвэрийн объект, эмнэлэг, сургууль, олон нийтийн газар, байгалийн хамгаалалттай бүс, түүх соёлын дурсгалт газруудыг аль болох дайран өнгөрөхгүй байх;

6.1.2.батлагдсан хатуу хучилттай, сайжруулсан, ердийн хөрсөн замыг сонгож хөдөлгөөн үйлдэх бөгөөд ямар замаар явах, хаана зогсож хоноглох, хооллох, шатахуун цэнэглэх, замын аль хэсэгт аюултай, анхааралтай явах хэсэг байгаа эсэхийг;

6.1.3.төв суурин газруудыг аль болох тойрч гарах чиглэлийг сонгох бөгөөд зайлшгүй тохиолдолд суурин газар дайрч өнгөрөх бол цувааг суурин газар орохоос өмнө тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст хамгаалалт авах цаг хугацаа, зогсох цэг зэргийг.

6.2. Цагдаагийн байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгж цагдаа, дотоодын цэргийн байгууллагатай хамгаалалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдээс боловсруулж, илгээсэн тээвэрлэлтийн маршрутыг хянаж батлах бөгөөд мэдээлэл зөрүүтэй, дутуу оруулсан, даац, жин зөрүүтэй, бичиг баримт зөрчилтэй, тухайн хуулийн этгээдэд бүртгэлгүй тээврийн хэрэгслийн мэдээлэл оруулсан бол зөрчлийг арилгуулахаар татгалзаж буцаана.

6.2.1.тэсрэх бодисын үндсэн түүхий эдийг зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр, маршрут батлуулан, дотоодын цэргийн хамгаалалт авахгүй тээвэрлэхийг зөвшөөрнө.

6.2.2.Эрдэм шинжилгээний сорилт, туршилт хийх зориулалтаар дээж авч явах тохиолдолд энэхүү журамд заасан шаардлагыг хангаж тээвэрлэнэ.

6.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэх тоо хэмжээг тогтоосон "Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх хуудас"-ыг Геологи, уул уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Салбарын хяналтын газраас цаасан болон цахим хэлбэрээр тухай бүр олгоно. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх хуудас авахаар хүсэлт гаргасан хуулийн этгээд нь дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд:

6.3.1. Геологи, уул уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Салбарын хяналтын газраас олгосон "Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах хяналтын хуудас";

6.3.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэх тоо хэмжээг заасан албан хүсэлт;

6.3.3.цагдаагийн байгууллагаар батлуулсан "Тээвэрлэлтийн маршрут".

6.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэх хуудас нь бичигдсэн болон цахим системд баталгаажсан өдрөөс эхлэн ажлын таван өдрийн дотор хүчинтэй байх бөгөөд хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд тээвэрлэх хуудсыг дахин авна. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэх хуудсыг цахим системээр олгох тохиолдолд "QR" кодоор баталгаажуулна.

6.5.Тээвэрлэлтийн үед давагдашгүй хүчин зүйл тохиолдох, цаг агаар, замын нөхцөл байдлаас шалтгаалж тухайн маршрутад заасан замаар тээвэрлэлтийг цааш үргэлжлүүлэх боломжгүй тохиолдолд нөөц маршрутаар явна.

6.6 Хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хууль тогтоомж, дүрэм, журам, технологийн горимын биелэлтэд дотоод хяналт тавих нэгж, албан тушаалтантай байх бөгөөд үйл ажиллагаандаа хяналт тавьж ажиллах үүрэг хүлээнэ.

Долоо. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн хэрэгсэлд

ачих ба буулгах

 

7.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн хэрэгсэлд ачих, буулгахдаа зориулалтын талбайд "Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм"-ийг баримтлан гүйцэтгэнэ.

7.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн хэрэгсэлд хайрцаг савыг сул зай гаргахгүй,  хоорондоо мөргөлдөхгүй, тэвшний хана, шаланд цохигдохгүй, үрэгдэхгүй, унахгүй байхаар байрлуулж ачна.

7.3.Ачаа илгээгч нь Геологи, уул уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Салбарын хяналтын газраас олгосон "Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх хуудас", цагдаагийн байгууллагын баталсан "Тээвэрлэлтийн маршрут"-ыг үндэслэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг олгоно.

7.4.Ачаа илгээгч нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн нэр төрөл, тоо хэмжээ, лац ломбо, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг нэг бүрчлэн шалгаж тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан ажилтанд хүлээлгэж өгнө.

7.5.Ачиж буулгах үйл ажиллагаа нь тухайн хуулийн этгээдийн мөрддөг аюулгүй ажиллагааны зааврын дагуу явагдана. Ачаа ачуулсан машин үйлдвэр-агуулахын талбайгаас гарч тусгай зориулалтын хамгаалалттай талбайд байрлана. Ачаа ачуулах дараагийн машин ачилт, буулгалтын талбайгаас 100 метрээс хол зайд байрлаж хүлээнэ.

7.6.Ачаа ачиж буулгах үед жолооч нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтрааж, зогсоолын торомз татаж, хоёр талын дугуйнд ивүүр хийн, бүхээгээс бууж, аюулгүй байдлыг хангана.

7.7.Ачааг хоёр болон түүнээс дээш хүлээн авагчид нэг удаагийн тээвэрлэлтээр хүргэх бол тэдгээрийг зааглан бэхэлж, тус тусад нь ачиж буулгана.

Найм. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед тавих шаардлага

8.1.Тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан, дотоодын цэргийн алба хаагч, жолооч нар ачааныхаа шинж байдал онцлог нөхцөл байдлыг мэдсэн байх шаардлагатайгаас гадна болзошгүй ослын үед хувийн хамгаалах хэрэгслүүдийг ашиглах, анхны тусламж үзүүлэх чадвартай байна.

8.2.Тээвэрлэлтийн хамгаалалт авах хүсэлтийг тээвэрлэлт хийхээс 48 цагийн өмнө албан бичгээр дотоодын цэргийн байгууллагад ирүүлнэ. Дотоодын цэргийн байгууллага нь тээврийн хэрэгслийн тоо, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хэмжээ, аюулгүй байдлыг харгалзан тээврийн хамгаалалтад ажиллах алба хаагчийг томилно.

8.3. Дотоодын цэргийн алба хаагч нь тээврийн хэрэгсэлд ачиж, лацадсан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хуулийн этгээдээс лацаар нь хүлээн авч, лацаар нь хүлээлгэн өгнө. Хэрэв лац хөндөгдсөн тохиолдолд өөрийн дээд шатны удирдах дарга болон хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж тэмдэглэл үйлдэж, бусад нотлох баримтыг бүрдүүлэн зөрчлийг арилгуулна.

 

8.4.Нэг тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваа нөхцөлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан болон дотоодын цэргийн алба хаагч нар хамт явж болох бөгөөд хоёр, түүнээс дээш тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа үед тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан цувааны эхний машинд, дотоодын цэргийн алба хаагч сүүлийн автомашинд явж, хоорондоо холбогдох холбооны хэрэгсэлтэй  байна.

8.5.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл нь шатахуунаар хүрэлцэхүйц цэнэглэгдсэн байна. Зайлшгүй шаардлагаар зам зуур шатахуунаар цэнэглэх нөхцөлд хот, суурин газрын захад байрласан маршрутад тусгагдсан шатахуун түгээх станцаас цэнэглэж болно.

8.6.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн хурдыг хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хурдны хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.

8.7.Тав болон түүнээс илүү тооны автомашинууд цуваагаар тээвэрлэх тохиолдолд цувааны урд заавал хамгаалалтын хөтөч автомашин, цувааны сүүлд нөөц /засварын/ тээврийн хэрэгсэл заавал явна. Хамгаалалтын хөтөч автомашин болон цуваанд яваа тээврийн хэрэгслүүд нь ойрын гэрлээ асааж явна.

8.8.Аянга цахилгаантай бороотой үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсооно. Ингэхдээ тээврийн хэрэгслийг ой мод, уулын хавцал, жалга болон хот суурин газраас 200 метр, машин хооронд 50 метрээс багагүй зайд байрлуулж, жолооч болон тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан, дотоодын цэргийн алба хаагч нь тээврийн хэрэгслийг 200 метрээс багагүй зайнаас хянана.

8.9.Тээврийн хэрэгслийн хойно ба урд талд тэсрэх материалын ангилал, дэд ангилал, НҮБ-ын аюултай ачааны код бүхий "Аюултай ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" таних тэмдгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад заагдсаны дагуу байрлуулна.

8.10.Тээвэрлэлтийн үед дамжин өнгөрч байгаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын хяналтын цэгт бүртгүүлж, цагдаагийн алба хаагч хяналт тавих бөгөөд тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцсан ажилтан болон дотоодын цэргийн алба хаагч энэ талаар бүртгэл хөтөлнө.

8.11.Тэсрэх материалын тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан нь тэсрэх материалтай харьцах эрхийн үнэмлэхтэй байх ба түүний овог, нэр, албан тушаалыг замын хуудас дээр тэмдэглэсэн байна. Тэсрэх материалын тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан тэсрэх материалын тээвэрлэлтийг ачихаас буулгах хүртэлх үйл ажиллагааны аюулгүй байдлыг хариуцна.

8.12.Эрх бүхий байгууллагын хяналт шалгалтын ажилтны шаардлагаар тээвэрлэлт саатсан тохиолдолд энэ талаар хяналт шалгалт хийсэн албан тушаалтнаар тэмдэглэл хийлгэж баталгаажуулна.

Ес. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн

тээвэрлэлтийн ослын карт

 

9.1.Тээвэрлэлтийн үед тээвэрлэж буй ачааны онцлог шинж чанар, хор хөнөөлт байдал, тээвэрлэлтийн явцад тохиолдож болох эрсдэл, аюул ослын үед авах хариу арга хэмжээ, шаардлагатай үед тусламж дуудах утасны дугааруудыг тусгасан мэдээлэх хуудас /маягт №2/ бүхий тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн ослын карт /цаашид "Ослын карт" гэх/-тай байна. 

9.2.Ослын картыг ачаа илгээгч байгууллага бөглөж  ачааны зарлагын баримттай хамт тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан болон тээврийн хэрэгслийн жолоочид хүлээлгэн өгнө.

9.3.Ослын карт дээрх яаралтай арга хэмжээ авах тоон кодууд нь НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, аргачилсан зааварт заасны дагуу тавина.

9.4.Тээвэрлэлтийн үед осол гарсан тохиолдолд ослын картад заасан ослын нөхцөлд зайлшгүй авах арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлнэ.

Арав. Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох

10.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох, сунгах харилцааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7.1 дэх заалтыг үндэслэн цагдаагийн байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгж олгоно. Хуулийн этгээдээс зөвшөөрөл хүсэхдээ шаардлага хангасан дараах бичиг баримтыг ирүүлнэ. Үүнд:

10.1.1.зөвшөөрөл хүссэн албан бичиг;

10.1.2.улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

10.1.3.үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хуулбар;

10.1.4.тухайн ангилалд тохирох жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэх;

10.1.5. аюултай ачаа ачих болон тухайн ангилалд тохирох  мэргэшсэн жолоочийн хүчин төгөлдөр үнэмлэх;

10.1.6. тэсрэх материалтай харьцаж ажиллах эрхийн үнэмлэх ;

10.1.7. эрүүл мэндийн үзлэгийн хуудас;

10.1.8. автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;

10.1.9. тээврийн хэрэгслийг стандартын дагуу тусгайлан тоноглосон тухай хуулийн этгээдийн тодорхойлолт, уг тээврийн хэрэгслийг 4 талаас нь авсан фото зураг;

10.1.10.автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж тэнцсэн дүгнэлт;

10.1.11.автотээврийн хяналтын улсын байцаагчийн аюултай ачаа ачих стандарт шаардлага хангасан тухай дүгнэлт;

10.1.12.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй харьцах талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн талаар нотломж;

10.1.13. автотээврийн хэрэгслийн албан татвар төлсөн тухай нотломж;

10.1.14. жолоочийн хариуцлагын даатгал, авто тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан нотломж;

10.1.15.энэ журмын 4.1, 4.2-т заасан тээврийн хэрэгсэлд тавих шаардлага, тээврийн хэрэгслийн иж бүрдлийг шалгасан тухай нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

10.1.16.хуулийн этгээд нь болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө батлуулсан байна;

10.1.17 хуулийн этгээд энэ журмын 4.3, 4.4, 4.5, 6.6 дахь нөхцөл шаардлагыг хангасан талаар нотломж, баримт бичиг.

10.2 Цагдаагийн байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгж нь хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч магадлаад энэхүү журмын 10.1-д заасан бичиг баримтын бүрдлийг хангасан тохиолдолд зөвшөөрөл /маягт №1/-ийг олгоно.

10.3.Энэ журмын 10.2-т заасан зөвшөөрөл /маягт №1/ Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалтад заасан мэдээллийг тусгасан байна.

10.4.Тээврийн хэрэгслийн зөвшөөрөл нь 3 жилийн хугацаатай байх ба тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хүчинтэй байна. 

10.5.Энэ журмын 10.1-д заасан бичиг баримт, нотломжийг дутуу ирүүлсэн, мэдээллийн санд мэдээллээ дутуу илгээсэн тохиолдолд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хариуг албан бичгээр өгнө.

10.6. Цагдаагийн байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгж нь зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээс тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаа зөрчсөн, батлагдсан маршрутаас гадуур, зөвшөөрөлгүй тээвэрлэлт хийсэн, тайлан мэдээ, баримт бичиг, нотломжийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй бол холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн зөвшөөрлийн хүчингүй болгож мэдэгдэнэ.

10.7. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл бий болсон тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсгүүдийг тус тус баримтлан шийдвэрлэнэ.

Арван нэг. Хориглох зүйл

11.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах зүйлийг хориглоно. Үүнд:

11.1.1.тэсэрч дэлбэрэх бодисыг тэсэлгээний хэрэгслийн хамт тээвэрлэх;

11.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг өөрөө буулгагч тээврийн хэрэгслээр тээвэрлэх;

11.1.3.тусгайлан тоноглогдоогүй, зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх;

11.1.4.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх үед тээврийн хэрэгслийн орчимд тамхи татах, тээврийн хэрэгслээс 100 метрээс ойр зайд ил гал гаргах;

11.1.5.тусгай зориулалтын хатуу холбоогоор холбогдоогүй чиргүүлээр тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх;

11.1.6.жолооч нь энэхүү журмын 6.5-д заагдсан нөхцөлөөс бусад тохиолдолд батлагдсан маршрутыг зөрчих, өөр газарт зогсолт хийх, хурд хэтрүүлэх;

11.1.7.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэлд өөр төрлийн ачаа ачих, уг ачаатай хамааралгүй хүн авч явах;

11.1.8.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийг цахилгаан дамжуулах шугамын доор, төмөр замын гарам, гүүрний дээр болон доор, туннел дотор, суурин газар зогсох болон зориулалтын бус гараж түүнтэй адилтгах барилга байгууламж дотор болон зогсоолд тавих;

11.1.9.амархан шатах материалаар хийгдсэн татлага буюу хучлагыг хэрэглэх;

11.1.10.тээвэрлэлт үйлдэх огноо, маршрут, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийг бусдад дамжуулах.

11.2. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээд нь холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөж хориглосон үйл ажиллагаа эрхлэхгүй байх.

Арван хоёр. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэлтэд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага.

12.1.Цагдаагийн байгууллагаас тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн зөвшөөрөл олгох болон зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд захиргааны хяналтыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ.

12.1.1. хууль тогтоомж түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас дагаж мөрдүүлэхээр гаргасан  стандарт, дүрэм, журмыг сахиулах;

12.1.2. тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг осол аюулгүй тээвэрлэх нөхцөл шаардлага, автотээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болох зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

12.1.3. хуулийн этгээдээс гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны зааварчилгааг батлуулан хэрэгжүүлж байгаа эсэх.

12.2. хуулийн этгээд нь үйл ажиллагааны тайлан, мэдээ, энэ журмын 4.4 дэх хэсэгт заасан дүгнэлтийг хагас бүтэн жилээр гаргаж  жил бүрийн 06 сарын 01, 12 сарын 01-ний өдрөөс өмнө Цагдаагийн байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгжид хүргүүлж дүгнүүлэх бөгөөд хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.

12.3. Цагдаагийн байгууллага нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэх, тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, алба хаагч, тээврийн хэрэгслийн бүртгэл судалгаа, тээвэрлэлтийн маршрут, ачааны нэр төрөл, тоо хэмжээ, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэрийн талаар мэдээлэл агуулсан зөвшөөрлийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд сангийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг Мэдээлэл технологи, холбооны  нэгж хариуцна.

12.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн  үед мөрдөх аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн, эсхүл хуурамч бичиг баримт бүрдүүлэн зөвшөөрөл авсан тохиолдолд хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. Учирсан хохирол нийгмийн хор аюул цаашид үүсэх үр дагаврыг тухайн байгууллага албан тушаалтан бүрэн хариуцна.

 

 

 

---о0о---

 

 

 

Маягт №1

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ТЭЭВЭРЛЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ОЛГОХ ЗӨВШӨӨРӨЛ





 

 

---о0о---    

 

 

Маягт №2

 

 ОСЛЫН КАРТ

 

НҮБ-ИЙН

 дугаар

Ачааны төрөл, нэршил

Аюулын зэрэглэл

Шуурхай арга хэмжээний код

 

 

 

 

ҮНДСЭН ШИНЖ ЧАНАР БА АЮУЛЫН ЗЭРЭГЛЭЛ

Үндсэн шинж чанар

Тухайн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн шинж чанарыг тодорхой бичих

Галын болон тэсрэлтийн аюул

Тэсрэлт болон галын аюулаас байгаль орчинд үзүүлэх,

хүнд учрах хор хөнөөлийн талаар тодорхой бичих

Хүний эрүүл мэндэд аюултай байдал

 

Яаралтай үед холбоо барих утас

 

ХУВИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ

Хамгаалах хэрэгслүүд зайлшгүй байх талаар бичих

ОСЛЫН НӨХЦӨЛД ЗАЙЛШГҮЙ АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Тээвэрлэлтийн үед

 

 

Гал түймрийн үед

 

 

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН АРГА ХЭМЖЭЭНҮҮД

 

 

Тайлбар: Ослын картыг бөглөхдөө тухайн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн техникийн тодорхойлолт, ашиглалтын заавруудаас авч бичнэ.

 

 

---о0о---