A

A

A

Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07дугаар сарын 31ий өдрийн А/267 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

МЭДЭЭЛЛИЙН САН ҮҮСГЭХ, МЭДЭЭЛЛИЙН САНГ НИЙТЭД

ТАНИЛЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

 1.1.Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (цаашид "зөвшөөрөл" гэх) авах иргэн цахим хэлбэрээр хүсэлт гаргах, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгосон талаарх мэдээллийн сан (цаашид "мэдээллийн сан" гэх)-г үүсгэх, нийтэд танилцуулахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2.Зөвшөөрөл авах хүсэлт гаргах, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, мэдээллийн сан үүсгэх, нийтэд танилцуулахад Шүүх шинжилгээний тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.

 

Хоёр.Цахим хэлбэрээр хүсэлт гаргах

 

 2.1.Иргэн зөвшөөрөл авах болон зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт илгээхэд "тусгай зөвшөөрлийн цахим систем" буюу license.mof.gov.mn (цаашид "систем" гэх) цахим системийг ашиглана.

 

 2.2.Энэхүү журмын 2.1-д заасан системд хандах зөвшөөрөл авах болон хугацаа сунгуулах хүсэлт гаргасан иргэний (цаашид "иргэн" гэх) системийн "Бүртгүүлэх хэсэг"-т өөрийн регистрийн дугаараа оруулж, Татварын удирдлагын нэгдсэн системээс холбогдох мэдээллийг татах ба хэрэв бүртгэлгүй тохиолдолд дараах мэдээллийг кирилл үсгээр бичиж бүртгүүлнэ:

 2.2.1.регистрийн дугаар;

 2.2.2.эцэг/эхийн нэр;

 2.2.3.өөрийн нэр;

 2.2.4.цахим шуудан (email)-ийн хаяг;

 2.2.5.холбогдох утасны дугаар.

2.3.Иргэн системийн хүсэлт гаргах цэсийг сонгож, дараах баримт бичгийг зааврын дагуу цахим хэлбэрээр хавсарган хүсэлт илгээнэ:

  2.3.1.өргөдөл;

  2.3.2.иргэний үнэмлэх;

2.3.3.төрийн алба хаагчийн анкет;

2.3.4.ажлын байрны тодорхойлолт;

2.3.5.шүүх шинжилгээний сургалтад хамрагдсан гэрчилгээ;

2.3.6.мэргэжлийн үнэмлэх, диплом;

2.3.7.нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;

2.3.8.иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;

2.3.9.сэтгэц, зан үйлийн эмгэгийн тодорхойлолт.

2.4.Иргэний холбогдох мэдээллийг систем автоматаар шалгах бөгөөд нэмэлтээр шаардагдах баримт бичгийг системээс өгөгдөх зааврын дагуу цахим хэлбэрээр хавсаргана.

2.5.Иргэн зөвшөөрөл авахад Шүүх шинжилгээний төв байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна.

2.6.Иргэн журамд заасан баримт бичгийг цахим хэлбэрээр хавсаргаагүй тохиолдолд хүсэлт илгээх боломжгүй байна.

2.7.Зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг энэ журмын 2.1-д заасан системд бүрэн шилжих хүртэл иргэн энэ журмын 2.3-т дурдсан баримт бичгийг цаасан хэлбэрээр бүрдүүлж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан орон тооны бус зөвлөлийн (цаашид "Зөвлөл" гэх) Ажлын алба (цаашид "Ажлын алба" гэх) -нд хүргүүлнэ.

 

Гурав.Цахим хүсэлтийг хүлээн авах, хянан шийдвэрлэх

 

3.1.Иргэний системд илгээсэн хүсэлтийг Ажлын албаны мэргэжилтэн хүлээн авна.

 

3.2.Мэргэжилтэн хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 2 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангаагүй тохиолдолд шалтгааныг тодорхойлж, иргэнд хүргүүлнэ.

3.3.Иргэний баримт бичиг шаардлага хангасан тохиолдолд тухайн мэргэжилтэн хүсэлтийг баталгаажуулж, хүлээн авсан тухай мэдэгдлийг иргэний цахим шууданд, эсхүл гар утсанд системээс хүргүүлнэ.

3.4.Хүсэлтийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэнэ.

 

3.5.Иргэний баримт бичигт хууль болон энэ журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд Зөвлөл хянан магадлагаа хийж, дараах саналыг Шүүх шинжилгээний төв байгууллагын даргад хүргүүлж, шийдвэрлүүлнэ:

 

 3.5.1.зөвшөөрөл олгох, сунгах;

 3.5.2.зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзах.

 

3.6.Зөвшөөрөл эзэмшигчийн баримт бичигт Зөвлөл хянан магадлагаа хийж, дараах саналыг Шүүх шинжилгээний төв байгууллагын даргад хүргүүлж, шийдвэрлүүлнэ:

 

 3.6.1.зөвшөөрөл сэргээх;

 3.6.2.зөвшөөрөл түдгэлзүүлэх;

 3.6.3.зөвшөөрөл хүчингүй болгох.

 

Дөрөв.Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох

 

4.1.Энэ журмын 3.5-д заасан зөвшөөрөл олгох, сунгах тухай Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэр гарсны дараа Ажлын алба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар систем дээр тэмдэгтийн хураамж төлөх нэхэмжлэл үүсгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

 

4.2.Улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн тохиолдолд зөвшөөрлийн гэрчилгээг зөвшөөрөл эзэмшигчид олгоно.

 

4.3.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хууль болон энэ журамд заасан шаардлагыг хангасан тохиолдолд дахин хүсэлт гаргаж болно.

 

4.4.Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай шийдвэр гарах тухай бүрд Ажлын албаны мэргэжилтэн систем дэх мэдээллийг тогтмол шинэчилж, Шүүх шинжилгээний төв байгууллагын цахим хуудсанд байршуулж, нийтэд танилцуулна.

 

Тав.Хяналт шалгалт

 

5.1.Системээр хянан шалгахаас бусад харилцааг зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагууд хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.

 

5.2.Ажлын алба зөвшөөрөл олгогдсон иргэдийн зөвшөөрлийн жагсаалт, цаасан болон цахим хувийн хэрэгт тухай бүр хяналт тавина. 

 

Зургаа.Бусад

 

6.1.Бүрдүүлсэн баримт бичиг, мэдээллийн үнэн зөвийг иргэн бүрэн хариуцна.

 

6.2.Иргэн хуурамч баримт бичиг үйлдэх, худал мэдээлэх зэргээр холбогдох зөвшөөрөл авсан нь тогтоогдвол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

6.3.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

---о0о---