A

A

A

Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07дугаар сарын 31ий өдрийн А/267 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

                                                    

ШИНЖЭЭЧИЙН ХУВИЙН ДУГААР БҮХИЙ

ТЭМДЭГ, МАЯГТ АШИГЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалтад заасан шинжээч хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хувийн дугаар бүхий тэмдэг, маягт (цаашид "тэмдэг" гэх) ашиглахад энэ журмыг баримтална.

Хоёр.Тэмдгийн төрөл

 2.1.Шүүх шинжилгээ хийх үйл ажиллагаанд дараах төрлийн тэмдгийг хэрэглэнэ:

   2.1.1.Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн тэмдэг;

   2.1.2.Шинжилгээ хийх эрх авсан шинжээчийн тэмдэг.

 

Гурав.Тэмдэг олгох

3.1.Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр энэ журмын 2.1-д заасан шинжээчид тэмдэг хэрэглэх эрх олгоно.

3.2.Энэ журмын 3.1-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор тэмдэг захиалах, шинжээчид хүлээлгэн өгөх ажлыг шүүх шинжилгээний төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж зохион байгуулна.

3.3.Тэмдгийг шинжээчид үнэ төлбөргүй олгох ба тэмдэг нь байгууллагын өмч байна.

3.4.Энэ журмын 2.1.1-д заасан шинжээчийг шүүх шинжилгээний төв байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан шүүх шинжилгээний байгууллага хооронд сэлгэн ажиллуулахад тэмдгийн дугаарыг өөрчлөхгүй.

3.5.Тэмдгийг хаясан, үрэгдүүлсэн болон хэрэглэх боломжгүйгээр гэмтээсэн бол шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр тухайн тэмдгийн дугаарыг өөрчлөхгүйгээр тэмдгийг сольж, дахин олгоно.

3.6.Энэ журмын 2.1.2-т заасан тэмдгийг хаясан, үрэгдүүлсэн бол тэмдгийг дахин хийлгэх зардлыг тэмдэг хэрэглэгч өөрөө хариуцна. 

3.7.Энэ журмын 3.5-д заасан үндэслэлээр 2.1.1-д заасан тэмдгийг дахин авахад шинжээч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  3.7.1.тэмдэг олгохыг хүссэн өргөдөл;

  3.7.2.шүүх шинжилгээний байгууллагын нэгжийн даргын албан бичиг.

 

3.8.Энэ журмын 3.5-д заасан үндэслэлээр 2.1.2-т заасан тэмдгийг дахин авахад шинжээч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  3.8.1.тэмдэг олгохыг хүссэн өргөдөл;

  3.8.2.тэмдгийн хураамж төслөн баримт;

  3.8.3.өдөр тутмын сонины хяналтын дугаарт хаясан, гээгдүүлсэн тухай зарлуулсан баримт;

  3.8.4.шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ.

3.9.Дүгнэлтийн маягтыг батлагдсан загвараар хэвлүүлэх ажлыг шүүх шинжилгээний төв байгууллагын шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудал хариуцсан нэгж хариуцна.

3.10.Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээчид дүгнэлтийн маягтыг шүүх шинжилгээний төв байгууллагын шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудал хариуцсан нэгж олгоно. 

3.11.Шүүх шинжилгээний төв байгууллагын шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудал хариуцсан нэгж нь дүгнэлтийн маягтны эхний хуудасны баруун доод өнцөгт /доод хэвтээ ирмэгээс дээш 10 мм/ тус бүрийн дугаарыг тусгай дугаарлагчаар дугаарлана.

Дөрөв.Тэмдэг, маягт хэрэглэх, хадгалах

 4.1.Энэ журмын 2.1-д заасан тэмдэг хэрэглэх шинжээч нь шинжилгээ хийж дүгнэлтээ батлагдсан маягт дээр хэвлэж, дүгнэлтийн хуудас тус бүрд гарын үсэг зурж, хувийн тэмдгээр баталгаажуулна.

 4.2.Тэмдэг хэрэглэх эрх бүхий шинжээч дараах үүрэг хүлээнэ:

  4.2.1.тэмдгийг гамтай ашиглаж, найдвартай хадгалах;

  4.2.2.тэмдгийг шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтэд тэгш, тод дарах;

  4.2.3.гэмтэлтэй буюу тэмдэг хүлээлгэн өгсөн маягтад дарсан дардаснаас зөрүүтэй дардас бүхий тэмдэг хэрэглэхгүй байх;

  4.2.4.энэ журмын 2.1.1-д заасан тэмдгийг хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор харьяалах нэгжийн даргад мэдэгдэх;

  4.2.5.энэ журмын 2.1.2-т заасан тэмдгийг хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор  Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан зөвлөлийн Ажлын албанд мэдэгдэх;

  4.2.6.тэмдгийг бусдад шилжүүлэхгүй, ашиглуулахгүй, хадгалуулахгүй, барьцаалахгүй, санаатай гэмтээхгүй, хууль бусаар болон эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр дахин хийлгэхгүй, хэлбэр загварыг өөрчлөхгүй, ажлын байрнаас гаргахгүй байх;

  4.2.7.энэ журмын 5.2-т заасан баталгааны хуудсанд зурсан гарын үсгийн загварыг өөрчлөхгүй байх.

 4.3.Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон шинжээчийн энэ журмын 2.1.1-д заасан тэмдгийг түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид шилжүүлэн хэрэглүүлэхээс бусад тохиолдолд тухайн тэмдгийг хэрэглэхийг хориглоно. 

Тав.Тэмдэг, маягтын бүртгэл, тэмдэг хураан авах

 5.1.Шүүх шинжилгээний төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж энэ журмын 2.1-д заасан тэмдгийн бүртгэлийг  хөтөлнө.

 5.2.Шүүх шинжилгээний төв байгууллагын шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудал хариуцсан нэгж нь дүгнэлтийн маягтыг бүртгэнэ.

 5.3.Энэ журмын 5.1-д заасан нэгж тэмдэг шинээр болон дахин олгосон тухай бүр батлагдсан зааврын дагуу тэмдэг, гарын үсгийн баталгааг тэмдэг хэрэглэх шинжээчээс гаргуулан авна.

 5.4.Тэмдэг, гарын үсгийн баталгааны хуудсанд тэмдэг хэрэглэх шинжээч олгосон тэмдгийг тод дарсан байна.

 5.5.Энэ журмын 5.3-т заасан тэмдэг, гарын үсгийн баталгааг шүүх шинжилгээний төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид ажлын 5 өдрийн дотор хүргүүлж, тухайн шинжээчийн хувийн хэрэгт хадгална.

 5.6.Тэмдгийг дараах тохиолдолд хураан авна:

   5.6.1.энэ журмын 2.1.1-д заасан тэмдэг хэрэглэх шинжээч өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах, эсхүл сэлгэн ажиллах болсон, чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан;

   5.6.2.энэ журмын 2.1.2-т заасан тэмдэг хэрэглэх шинжээчийн эрхийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.7, 11.8 хэсэгт тус тус заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн, хүчингүй болсон, дуусгавар болсон;

   5.6.3.эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр дахин хийлгэсэн;

   5.6.4.албан хэрэгцээнд хэрэглэх боломжгүйгээр гэмтсэн;

   5.6.5.хаясан, үрэгдүүлсэн тэмдэг олдсон.

 

 5.7.Энэ журмын 2.1-д заасан тэмдгийг хураан авах шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдөрт багтаан шүүх шинжилгээний төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

  5.8.Энэ журмын 5.6.1-д заасан тохиолдолд шинжээчийн ажил хүлээлцсэн тухай баримт бичигт харьяалах нэгжийн дарга тэмдэг хүлээлгэн өгсөн тухай баталгаажуулж, шүүх шинжилгээний төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

 5.9.Албан хэрэгцээнд хэрэглэх боломжгүйгээр гэмтсэн тэмдгийг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр байгуулагдсан комисс устгана.

 5.10.Шинээр болон дахин олгосон, шилжүүлсэн, хураан авсан тэмдгийн тайланг тухайн жилийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гаргаж, "Тэмдэг хүлээлгэн өгсөн бүртгэл", бусад холбогдох баримтыг дараа оны нэгдүгээр улиралд багтаан шүүх шинжилгээний төв байгууллагын архивд  хүлээлгэн өгнө.

Зургаа.Хариуцлага

  6.1.Энэ журмын 5.5-д заасны дагуу энэ журмын 2.1.1-д заасан тэмдгийг хураалгаагүй тохиолдолд шүүх шинжилгээний төв байгууллагын дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан нэгж албаны шалгалт хийнэ.

 6.2.Энэ журмын 5.5-д заасны дагуу энэ журмын 2.1.2-д заасан тэмдгийг хураалгаагүй үйлдлийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулна.

 6.3.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---оОо---