A

A

A

Бүлэг: 1979

 

 Банк байгуулах зөвшөөрлийн нөхцөл,

шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журмын 5 дугаар хавсралт

 

БАНКНЫ ДҮРЭМ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР

 

Банкны дүрэмд Банкны тухай хуулийн 21.1, Компанийн тухай хуулийн 16.2-т заасан шаардлагаас гадна дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

  1.               Банкны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

 

  1.               Өмчлөлийн болон байгуулагдсан хэлбэр;

 

  1.               Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах нөхцөл;

 

  1.               Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулах хороо, тэдгээрийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, эрх, үүрэг, хариуцлага;

 

  1.               Банкны тухай хуулийн 33 дугаар зүйл, Монголбанкнаас баталсан Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх тухай журмын шаардлагыг хангасан Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн эрх, үүрэг, хариуцлага;

 

  1.               Эрх бүхий албан тушаалтнуудын эрх, үүрэг, хариуцлага;

 

  1.               Их хэмжээний болон ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхэд баримтлах журам, энэ талаарх удирдлагын бүрэн эрх, үүрэг;

 

  1.               Дотоод аудитын газрын бүрэн эрх, үүрэг, хариуцлага;

 

  1.               Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, үүрэг, хариуцлага;

 

  1.           Банк, харилцагчийн нууцыг хамгаалах аюулгүй байдлыг  хангахтай холбогдсон харилцааг тусгасан бодлого;

 

  1.           Хувьцааг арилжих, бусдад шилжүүлэх, харилцан хязгаарлалт хийхтэй холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалт;

 

  1.           Албадлагын арга хэмжээний хүрээнд банкийг дахин хөрөнгөжүүлэх нөхцөлд хувьцаа эзэмшигчдийн эрхийн хязгаарлалтын тухай;

 

  1.           Холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тайлан, их хэмжээний хэлцэл, ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийн мэдээллийг олон нийтэд болон эрх бүхий байгууллагад мэдээлэл хүргүүлэх журам;

 

  1.           Банк татан буулгах үндэслэл, банкны удирдлагын буруутай үйл ажиллагаанаас харилцагчдад учруулсан хохирлыг барагдуулах арга хэлбэр, хариуцлага хүлээх зарчим;

 

  1.           Шаардлагатай гэж үзсэн бусад асуудал; 

   

 

 

 Банк байгуулах зөвшөөрлийн нөхцөл,

шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журмын 6 дугаар хавсралт

 

БАНК БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ

БОЛОВСРУУЛАХ ЗААВАР

 

Банк байгуулах эдийн засгийн үндэслэлд дор дурдсан асуудлыг тусгана. Үүнд:

1.Улс орны эдийн засаг, банк санхүүгийн  системийн өнөөгийн нөхцөл байдал, зах зээлийн багтаамж, цаашдын хандлага болон онцлогийг судалж, банкны системд шинэ банк байгуулах шаардлага болон шинэ банк байгуулагдсанаар үүсэх нөлөөллийн судалгааг эдийн засгийн үндэслэлтэй тооцоололд суурилан гүйцэтгэх.

2.Байгуулах банкны үйл ажиллагааны цар хүрээ, бүтээгдэхүүн үйлчилгээ, шинээр нэвтрүүлэх арга хэрэгсэл, техник технологийг тодорхойлж, банкны системд үзүүлэх нөлөөллийг тодорхой тусгах.

3.Банкны эхлэлтийн тайлан тэнцэл болон банк байгуулагдан үйл ажиллагаа эрхэлж эхлэхээс хойш хэрэгжүүлэх 3 жилийн хугацааны санхүүгийн төсөл, бизнес төлөвлөгөөг боловсруулах.

4.Байгуулах банкны эрхлэх үйл ажиллагааны чиглэл, ажил үйлчилгээ бизнес загвар ерөнхий нөхцөлийг тусгана.

5.Байгуулах банкны эрсдэлийг илрүүлэх, тооцох, хэмжих, үнэлэх, дүгнэх, удирдах арга хэрэгсэл болон дотоод хяналтын зохистой механизмыг хэрхэн бүрдүүлэхийг тодорхойлсон баримт бичиг боловсруулах.

Банкны бизнес төлөвлөгөө боловсруулах

Бизнес төлөвлөгөө нь тухайн банкны хэтийн хөгжил, зорилтыг тодорхойлж, энэ зорилтоо амжилттай биелүүлж, үр дүнд хүрэхийн тулд банкны бүтэц, зохион байгуулалт, эрхэлж буй ажил, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа, удирдлагын ур чадвар, банкны санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаагаар төлөвлөн боловсруулсан баримт бичиг юм.

Банк үүсгэн байгуулагч нь бизнес төлөвлөгөөг байгуулах банкны үйл ажиллагааны онцлогтой уялдуулан боловсруулах бөгөөд банк байгуулагдан үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Бизнес төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ бүр нь тодорхой хугацаа, хариуцах эзэн, тайлбар, танилцуулгатай хийгдсэн байна.

Банкны бизнес төлөвлөгөөнд дараах асуудлуудыг тусгана Үүнд:

1. Банкны бизнесийн хэтийн төлөв, зорилт. Энэ хэсэгт банкны үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд дараах асуудлын талаар баримтлах бодлого, байр суурийг он тус бүрээр төлөвлөж тусгана:

А. Банкны өмчлөл, үйл ажиллагааны хэлбэр, төрөл, ирээдүйн чиглэл, зах зээлд гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь, өрсөлдөгчид, цар хүрээ (нэгжийн тоо, байршил гэх мэт), харилцагчдын бүтэц, үйлчилгээний хөнгөн шуурхай болон итгэл найдвартай байдлыг бий болгох чиглэлээр нэвтрүүлэх ажил, үйлчилгээний шинэ арга хэлбэр, хэрэгсэл.

Б. Банкны актив, пассивын бүтэц, хэмжээ, зээл, хадгаламж, хүүгийн бодлого, зээлдэгчдийн бүтэц, тэдэнд хандах хандлага, тавих хяналтын арга хэлбэр.

В. Банкны онцлогтой уялдсан бусад арга хэмжээ.

2. Банкны бүтэц, зохион байгуулалт, түүнийг боловсронгуй болгох, удирдлагын ур чадварыг дээшлүүлэх талаар авах арга хэмжээ. Энэ хэсэгт банкны үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд дараах асуудлын талаар баримтлах бодлого, байр суурийг он тус бүрээр төлөвлөж тусгана:

А. Тухайн банкны стратегийн зорилттой уялдсан бүтэц, зохион байгуулалт (банк нь актив пассивын хороо, зээлийн хороо, бүртгэл мэдээллийн, дотоод хяналтын болон чанаргүй зээлтэй ажиллах албыг заавал байгуулах шаардлагатай бөгөөд тухайн банкны цар хэмжээ, онцлог байдал, зайлшгүй шаардлагаас хамаарч удирдлагын бусад нэгжтэй байж болно), удирдлага, банкны үйл ажиллагаанд тавих хяналтын арга хэлбэр, шинэ хувь нийлүүлэгчидтэй харилцах харилцаа.

Б. Зээл олголт, түүнд тавих хяналт, эргэж төлүүлэх үйл ажиллагаа.

В. Банкны одоогийн эрхлэх үйл ажиллагаа болон ирээдүйд шинээр нэвтрүүлэх үйлчилгээний төрөл, хэрэгслийг зохицуулахад чиглэгдсэн бодлогын чанартай эрх зүйн баримт бичиг.

Г. Хот болон орон нутагт өөрийн нэгжийг байгуулах эсэх, түүний байршил, бүтэц зохион байгуулалт.

Д. Хүний нөөцийн байдал, ур чадвар.

Е. Банкны үйл ажиллагааны онцлогтой уялдсан бусад арга хэмжээ.

3. Санхүүгийн төсөл. Энэ хэсэгт банкны үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойших 3 жилийн хугацааг хамруулан дараах санхүүгийн баримт бичгийн төслийг он тус бүрээр улирлын хуваарьтай тооцож төлөвлөхөөс гадна банкны жилийн төсвийг хийж тусгана:

А. Банкны эхлэлтийн тайлан.

Б. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улирал бүрийн тайлан тэнцэл, орлого зарлагын тайлан, мөнгөн хөрөнгийн урсгалын тайлангийн төсөөлөл.

В. Ашиг, ашигт ажиллагааны түвшний үзүүлэлтүүдийн улирал бүрээр тооцсон төсөөлөл.

4. Санхүү, төлбөрийн чадварын талаарх 3 жилийн хугацааны төсөл. Энэ хэсэгт Банкны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монголбанкнаас тогтоосон дараах шалгуур үзүүлэлтүүдийг банкны үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойших 3 жилийн хугацаанд хэрхэн хангаж ажиллах талаарх төлөвлөгөөг он тус бүрээр улирлын хуваарьтай тооцож тусгана:

А. Заавал байлгах нөөцийн хангалт.

Б. Зээл, татан төвлөрүүлсэн хөрөнгийн харьцаа.

В. Зээлийн багцын чанарын үзүүлэлт.

Г. Эдийн засгийн нэг салбарт олгох зээл, нийт зээлийн өрийн үлдэгдлийн харьцаа.

Д. Нэг зээлдэгч, холбогдох этгээдүүдэд олгох зээлийн дээд хэмжээ.

Е. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ.

Ё. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар.

Ж. Актив, пассивын эргэн төлөгдөх хугацааны зөрүү.

З. Гадаад валютын позици (нээлттэй буюу хаалттай).

И. Эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд.

5. Банк өөрийн үйл ажиллагааны онцлог эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үүсч болох эрсдэлийг даван туулах арга зам, банкийг дахин хөрөнгөжүүлэх боломжийг тусгасан банкны тогтворжуулах төлөвлөгөө.

Монголбанк нь банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх бүр энэхүү бизнес төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж ажиллана.

 

_______o0o________