- Нүүр
- Монгол Улсын хууль
- ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Өрийн удирдлагын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалт:
"6.2.5.энэ хуулийн 12.1.5-д заасан зориулалтаар хийх Засгийн газар, орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгаа нь эдийн засгийн бодит үр өгөөж өгөх боломжтой байх."
2/6 дугаар зүйлийн 6.4.6-6.4.8 дахь заалт:
"6.4.6.төсөл, арга хэмжээг тогтоосон хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэх;
6.4.7.санхүү, төсвийн зохистой, үр ашигтай удирдлагыг хэрэгжүүлэх;
6.4.8.энэ хуулийн 24.2-т зааснаас бусад зардал, үр өгөөжийн тооцооллыг хийж, үр ашигтай төслийг санхүүжүүлж, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх."
3/6 дугаар зүйлийн 6.5.3, 6.5.4 дэх заалт:
"6.5.3.хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Засгийн газраас гадаад улс, олон улсын байгууллага болон банк, санхүүгийн байгууллагаас зээл авах аливаа гэрээ, хэлэлцээр хийх, үзэглэх, батлах, соёрхон батлах үйл явцыг тухай бүр нийтэд ил тод мэдээлэх;
6.5.4.энэ хуульдзаасны дагуу улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгаанд хамаарах зээл авах, зээлийн гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах бүрд зээлийн нийт хэмжээ, эргэн төлөх хуваарь, хүү, зээлийн зориулалт зэргийг тухай бүр нийтэд мэдээлэх."
4/6 дугаар зүйлийн 6.6.6 дахь заалт:
"6.6.6.үйл ажиллагааны шуурхай, хариуцлагатай, тогтвортой байдлыг хангах."
5/13 дугаар зүйлийн 13.2.5 дахь заалт:
"13.2.5.энэ хуулийн 12.1.5-д заасан зориулалтаар үүсгэх өрийн зориулалт, хэмжээ, өрийн багцын бүтэц, эргэн төлөх чадвар, эрсдэлийг зээлийн гэрээ, хэлэлцээрийн нийт хугацаагаар тодорхойлж, удирдан зохицуулах."
6/13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг:
"13.3.Энэ хуулийн 13.1-д заасан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс тодорхойлсон байна."
7/18 дугаар зүйлийн 18.5.8 дахь заалт:
"18.5.8.эдийн засгийн бодит үр өгөөж өгөх төсөл, арга хэмжээ байх нь холбогдох тооцоо, судалгаагаар нотлогдсон байх."
8/18 дугаар зүйлийн 18.11 дэх хэсэг:
"18.11.Энэ хуулийн 18.5.8-д заасан эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо, судалгаа хийх аргачлалыг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
2 дугаар зүйл.Өрийн удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалтын "дунд" гэсний дараа ", урт" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Өрийн удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.1 дэх заалтын "талаар тогтоосон хугацаанд" гэснийг "талаарх дэлгэрэнгүй мэдээллийг улирал тутам" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
