A

A

A

Бүлэг: 1979

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31- ний өдрийн А/269, А/276 дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

Сэтгэцийн шинжилгээ хийх журам

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг маргаан хянан шийдвэрлэх, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцийн шинжилгээ (цаашид "шинжилгээ" гэх) хийхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Шинжилгээ хийхэд Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, холбогдох дүрэм, журам, стандарт болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

Хоёр.Шинжилгээ хийхэд тавигдах нийтлэг шаардлага

2.1.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тухайн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар ахлуулсан "сэтгэц судлал" үндсэн мэргэшил эзэмшсэн, шүүхийн сэтгэц судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн 2-оос доошгүй шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй баг шинжилгээ хийнэ. 

Шаардлагатай гэж үзвэл шинжилгээнд төрөлжсөн мэргэшлийн эмч нарыг оролцуулах хүсэлтийг шинжилгээ хийх багаас шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргана.

2.2.Шинжилгээний дүгнэлтийг шинжлүүлэгчид хийсэн үзлэг, шинжилгээ болон урьд эмчлүүлж, шинжлүүлж байсан эмнэлгийн баримт бичиг зэргийг үндэслэн гаргана.

2.3.Шинжилгээ хийлгэх шийдвэрийг хавтаст хэргийн материал, өвчний түүх болон бусад шаардлагатай баримт материалын хамт шинжилгээ хийх багт ирүүлнэ.

2.4.Орон нутагт хийгдсэн анхдагч сэтгэцийн шинжилгээг дахин хийлгэх шаардлагатай тохиолдолд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Эрүүл мэндийн яамны орон тооны бус мэргэжлийн салбар зөвлөлийн төрөлжсөн мэргэшлийн эмч нарын багийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд томилж, дүгнэлт гаргуулна.

2.5.Эрүүл мэндийн байгууллага нь шинжлүүлэгчийн өвчний түүх, бусад шаардлагатай баримт материалыг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд саадгүй гаргаж өгөх ба төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, шинжилгээг хийх үүрэг хүлээнэ.

2.6.Шинжлүүлэгчийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад байрлуулж, шинжилгээг хийж болно.

Гурав.Шинжилгээ хийх шинжээч эмчийн эрх, үүрэг

3.1.Шинжээч эмч Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

3.2.Шинжээч эмч шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрт тусгагдсан асуулт тус бүрд шинжлэх ухааны үндэслэл бүхий хариулт өгч, дүгнэлт гаргана.

Дөрөв.Шинжилгээ хийх хэлбэрүүд

4.1.Шинжилгээг дараах хэлбэрээр хийнэ:

 4.1.1.амбулаториор хийгдэх сэтгэцийн шинжилгээ;

 4.1.2.стационараар хийх сэтгэцийн шинжилгээ;

 4.1.3.нас барсны дараа хийх сэтгэцийн шинжилгээ.

 

4.2.Шинжилгээг амбулаторийн хэлбэрээр шинжээчдийн баг хийнэ.

4.3.Сэтгэц судлалын шинжээчдийн баг шинжлүүлэгчийн сэтгэцийн байдлыг амбулаториор тогтоох боломжгүй тохиолдолд стационарт хэвтүүлэн шинжилгээ хийнэ.

4.4.Стационараар шинжлүүлэгчийн сэтгэцийн байдлыг харгалзан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын клиник, сэтгэцийн эмгэг судлалын клиникүүд, орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасагт хэвтүүлж, дүгнэлт гаргана.

4.5.Хэрэв шинжлүүлэгчийн сэтгэцийн байдал нийгэмд онц аюултай, оргох, дахин гэмт хэрэг үйлдэх зэрэг эрсдэлтэй бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын клиникт шүүгчийн захирамжаар хэвтүүлэн шинжилгээг хийнэ. Энэ тохиолдолд харуул хамгаалалтыг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд хариуцна.

4.6.Нас барсны дараах шинжилгээг шинжээчдийн баг хэргийн материал болон эмнэлгийн баримтуудыг үндэслэн хийнэ.

4.7.Нас барсны дараах сэтгэцийн шинжилгээг хийхэд хэргийн материалд сэтгэцийн талаар материал хангалтгүй байвал шинжээч Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3-т заасныг үндэслэн нэмэлт материал хүсэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6-т заасныг үндэслэн шинжилгээ хийхээс татгалзаж болно.

Тав.Иргэний хэрэгт сэтгэцийн шинжилгээ хийх

5.1.Хэлцэл хийх, бэлэглэл, гэрээслэл, өв залгамжлах эрх үүсэх, гэр бүл болох, гэр бүл салах зэрэг иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нь сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол иргэний эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоож болно.

Зургаа.Бусад

6.1.Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад батлагдсан хэвлэмэл хуудас, маягт, хувийн тэмдэг хэрэглэнэ.

6.2.Шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийсэн шинжээч нарт ажлын хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журамд заасны дагуу шинжлүүлэгчээс гаргуулан олгоно.

6.3.Орон нутагт томилолтоор шинжилгээ хийсэн тохиолдолд томилолтын зардлыг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд хариуцна.

6.4.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

                 

                                                        ---оОо---