- Нүүр
- Сайдын тушаал
- МАЛЫН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 08 сарын 14-ны өдрийн А/405 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
МАЛЫН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсад үржүүлж байгаа малыг ялган тэмдэглэх, бүртгэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Малын бүртгэлд Малын генетик нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан бүртгэл, мэдээлэл хамаарна.
1.3.Мал, амьтныг бүртгэхдээ мал гэж Малын генетик нөөцийн тухай хуулийн 4.1.1-д, тэжээвэр амьтан гэж 4.1.2-д заасныг хамааруулж ойлгох бөгөөд /цаашид малын бүртгэл гэх/
1.4.Малыг ялган тэмдэглэж Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан /цаашид нэгдсэн сан гэх/-нд оруулснаар бүртгэлтэй мал гэж үзнэ.
Хоёр. Малыг ялган тэмдэглэх, бүртгэх
2.1.Малчин, мал бүхий этгээдийг бүртгэхдээ Үндэсний статистикийн хорооноос кодлосон өрхийн кодыг ашиглан бүртгэнэ.
2.2.Малын бүртгэлийг Малын генетик нөөцийн тухай хуулийн 11.2-д заасан үйлчилгээний нэгж нь, малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдтэй хамтран хийж гүйцэтгэнэ.
2.3.Малыг бүртгэхдээ тусгайлсан ялган тэмдэглэх хэрэгслийг ашиглана.
2.4.Малыг ялган тэмдэглэх хэрэгсэлд малын төрөл, зүйлийн онцлогоос хамаарч кодын систем бүхий ээмэг, радио болон соронзон долгионы давтамж бүхий чип, тэдгээрийг дагалдах хэрэгслийг хамааруулж ойлгоно.
2.5.Ялган тэмдэглэх хэрэгсэл нь олон улсын болон, үндэсний стандартын шаардлагыг хангасан байна.
2.6.Ялган тэмдэглэх хэрэгсэлд нэгдсэн сангаас улсын нэрийн товчилсон 3 үсэг буюу "MGL", нийт 10 оронтой цифрээс бүрдсэн дахин давтагдашгүй хувийн дугаарыг тэмдэглэсэн байна.
2.7.Мал амьтанд ялган тэмдэглэгээг ялган тэмдэглэх зааврын дагуу хийж гүйцэтгэнэ.
2.8.Бод малыг ялган тэмдэглэх, бүртгэх
2.8.1.Бод малыг ялган тэмдэглэхдээ үхэр, тэмээнд хувийн дугаар, зураасан код бүхий ээмэг, адуунд уламжлалт тамга болон код бүхий чип, хүзүүвч ашиглана.
2.8.2.Уламжлалт тамга ашиглан тэмдэглэгээ хийсэн тохиолдолд тамганы дүрсийн зураг, онцлогийн талаарх мэдээллийг нэгдсэн санд бүртгэнэ.
2.8.3.Тугалыг эхээс төрсний дараа 7 хоногийн дотор ялган тэмдэглэгээг хийж, нэгдсэн санд бүртгэнэ.
2.8.4.Унага, ботгыг эхээс төрсний дараа 5 сарын настайд нь ялган тэмдэглэгээг хийж, нэгдсэн санд бүртгэнэ.
2.9.Бог малыг ялган тэмдэглэх, бүртгэх
2.9.1.Бог малыг ялган тэмдэглэхдээ хувийн дугаар, зураасан код бүхий ээмгийг ашиглана.
2.9.2.Бог малын төлд 30 хоногийн дотор ялган тэмдэглэгээг хийж, нэгдсэн санд бүртгэнэ.
2.10.Тэжээвэр амьтныг ялган тэмдэглэх, бүртгэх
2.10.1.Тэжээвэр амьтан гэдэгт цаа буга, гахай, шувуу, тахиа, нохой, муур, туулай, зөгий зэрэг тэжээвэр амьтдыг хамааруулна.
2.10.2.Цаа бугыг ялган тэмдэглэхдээ хувийн дугаар, зураасан код бүхий ээмгийг ашиглана.
2.10.3.Гахай, шувуу, тахиа, нохой, муур, туулайны дэлгэрэнгүй бүртгэлийг тухайн өмчлөгч хариуцан хийх ба шаардлагатай мэдээллийг нэгдсэн санд оруулна.
2.10.4 Нэгдсэн санд гахайг хувийн дугаар, зураасан код бүхий ээмэг, ухам им, зөгийг бүлээр нь, малчин, мал бүхий этгээдийг байршлаар нь бүртгэх ба тэжээвэр амьтны тооны бүртгэлийг оруулна.
2.10.5.Тахиа, бөднө, гургуул, галуу, нугас, цацагт хяруул, мөн нохой, муур, туулай зэрэг амьтдад хувийн дугаарыг бөгжлөх, хүзүүвч хийх эсхүл чип суулгах замаар ялган тэмдэглэгээг хийнэ.
2.11.Малыг ялган тэмдэглэх хэрэгслийг захиалах, хувийн дугаар олгох
2.11.1.Малыг ялган тэмдэглэх хэрэгслийн захиалгыг малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь харьяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгаар дамжуулан нэгдсэн сангийн цахим системээс захиална.
2.11.2.Малын ялган тэмдэглэх хэрэгсэлд бичигдэх дугаарыг Малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын малын үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн цахим системээс үйлдвэрлэгч /нийлүүлэгч/ -д олгоно.
2.11.3.Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь тухайн жилд ялган тэмдэглэх малын тооны захиалгыг Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжид өгч, нэгж нь Хөдөө аж ахуйн тасгаар дамжуулан захиалга хийж болно.
2.11.4.Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн ялган тэмдэглэх хэрэгслийн төлбөр төлөгдсөн тохиолдолд үйлдвэрлэгчид захиалсан захиалгын мэдээлэл хүргэгдэнэ.
2.11.5.Үйлдвэрлэгч захиалгын дагуу үйлдвэрлэсэн ялган тэмдэглэх хэрэгслийг сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт хүргүүлнэ.
2.11.6.Хөдөө аж ахуйн тасаг нь ирүүлсэн ялган тэмдэглэх хэрэгслийг захиалагчид мэдэгдэн ялган тэмдэглэх, бүртгэх ажлыг зохион байгуулна.
2.12.Малын ялган тэмдэглэх хэрэгсэл дэх хувийн дугаар, кодыг дор дурдсан баримт, бичгүүдэд ашиглана.
2.12.1.Малын удам гарваль, байршил, өмчлөгчийг тодорхойлохтой холбоотой гэрчилгээ, тодорхойлолт;
2.12.2.Малын үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэх тухай тодорхойлолт;
2.12.3.Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын шинжилгээний тодорхойлолт;
2.12.4.Малын даатгалын болон хөрөнгийн үнэлгээний баримт бичиг;
2.12.5.Малыг худалдаалахтай холбогдолтой баримт бичиг;
2.12.6.Малын шилжилт хөдөлгөөний тухай тодорхойлолт;
2.12.7.бусад.
2.13.Үржүүлгийн бүтээгдэхүүнд удам гарваль, гарал үүслийн тодорхойлолтыг Малын генетик нөөцийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагаас олгоно.
2.14.Гадаад улсаас оруулж ирсэн малыг анх ирсэн дугаар, нэрээр нь малын үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд авах ба дахин ялган тэмдэглэгээ хийж нэгдсэн санд бүртгэнэ.
2.15.Мал импортлогч нь хилийн хорио цээрийн хяналт дууссан хугацаанаас хойш 30 хоногт багтаан малаа байршуулсан нутгийн харьяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт мэдэгдэж нэгдсэн сангийн бүртгэлд хамруулна.
2.16.Малд ялган тэмдэглэгээ хийж анхан шатны бүртгэлийг хийсэн тухай мэдээллийг тухай бүрд нэгдсэн санд оруулна.
2.17.Малын ялган тэмдэглэх хэрэгсэл гээгдсэн, гэмтсэн тохиолдолд малчин, мал бүхий этгээд нь 30 хоногийн дотор тухайн малд дахин ялган тэмдэглэгээ хийлгэнэ.
2.18.Дахин ялган тэмдэглэсэн малын мэдээллийг сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн нэгдсэн сангийн системд мэдээллийг шинэчлэн оруулна.
Гурав. Малын удам гарвал, ашиг шимийн мэдээллийг бүртгэх
3.1.Малын удам гарвал, ашиг шимийн бүртгэлийг малын удам зүйн үнэлгээний бүртгэлийн журмаар зохицуулна.
3.2.Малын удам гарвал, ашиг шим, үүлдэрлэг байдлын бүртгэлийг жил бүрийн үзлэг, ангилалтын болон генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээний нэгдсэн сангийн үзүүлэлтүүдийн бүртгэлд үндэслэн тогтооно.
3.3.Малын үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд үүлдэр, омгийн малыг бүртгэхдээ малын төрлийг 2, үүлдэр, омгийг 4 оронтой тоогоор энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасны дагуу кодолж бүртгэнэ.
3.4.Малын үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэлийг малын үндэсний генийн санд үржүүлгийн бүтээгдэхүүн байршуулах, зарцуулах, хяналт тавих журмаар зохицуулна.
3.5.Мал, амьтны эрүүл мэндийн тухай мэдээллийг "Мал, амьтны эрүүл, мэндийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах журам"-ын 3.4-д заасны дагуу хүлээн авч, тухай бүрд нэгдсэн санд шаардлагатай үзүүлэлтүүдийг бүртгэнэ.
Дөрөв. Малын бүртгэлийн ажлын зохион байгуулалт
4.1.Малыг бүртгэхтэй холбогдсон журам, заавар, малын бүртгэлийн гэрчилгээ, маягтын загварыг батлах, малыг ялган тэмдэглэх хэрэгсэлд тавигдах шаардлага, бичигдэх цуврал дугаарыг тогтоох, бүртгэлийн нэгдсэн үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
4.2.Малын бүртгэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээлэл хүлээн авах, дамжуулах үүргийг аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын болон сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэнэ.
4.3.Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж нь нийлүүлэгдсэн болон захиалгын дагуу худалдан авсан ялган тэмдэглэх ажлыг гэрээт малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдтэй хамтран гүйцэтгэж, ялган тэмдэглэгээ хийсэн тухай мэдээллийг тухай бүр мэдээллийн санд оруулна.
4.4.Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын болон сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нь малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх асуудлаар сургалт, сурталчилгааг зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг хэрэгжүүлнэ.
Тав. Малын бүртгэлээр дамжуулан хяналт хийх
5.1.Нэгдсэн санд бүртгэгдээгүй малчин, мал бүхий этгээдийн малын "гарал үүсэл тодорхойгүй" гэж үзнэ.
5.2.Энэхүү журмын хүрээнд аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын болон сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нь малын анхан шатны мэдээллийг нэгдсэн сангаас харьяаллын нутаг дэвсгэрийн малын гарал үүслийн бүртгэлийн үнэн зөвийг баталгаажуулна.
5.3.Малчин, мал бүхий этгээд нь отор нүүдлээр явах тохиолдолд харьяалах сумын Хөдөө аж ахуйн тасагт мэдэгдэж отроор хүлээн авах сумруу мэдээллийг дамжуулна.
5.4.Мэдээлэл хүлээн авсан Хөдөө аж ахуйн тасаг отроор явж буй малчин, мал бүхий этгээдийн мэдээллийг хүлээн авч бүртгэн хяналтад авна.
5.5.Малчин, мал бүхий этгээд нь харьяаллаа өөрчилсөн тохиолдолд харьяалалтай сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт мэдэгдэн нэгдсэн сангийн хаягийн өөрчлөлтийг хийлгэнэ.
5.6.Малын бүртгэлийн ажилд Мал үржлийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хяналт тавина.
5.7.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A