A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН АРВАН ЗУРГАДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ (§16.3, §16.5)-ИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ АЛБАН ЁСНЫ ТАЙЛБАР
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 16

Улаанбаатар хот

                                       ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН АРВАН ЗУРГАДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ                                                           (§16.3, §16.5)-ИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ АЛБАН ЁСНЫ ТАЙЛБАР

Хэвлэх

      Нэг.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах" гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4. шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх" гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн "Нотлох баримт" гэсэн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсгийг зөв хэрэглэх талаар шат дараалалтай, эцэст нь цогц бүрдэл байхаар албан ёсны тайлбарыг хийхээр тогтов.

      Хоёр.Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага

      2.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар шүүхийн шийдвэр, практик болон шүүх, олон улсын судалгааны байгууллагуудын судалгааны үр дүнд тулгуурлан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 1.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (цаашид хуулийн гэх) Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсгийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай болох нь дараах байдлаар тодорхойлогдож байна гэж үзэв.

      2.2.Хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, мөн хуулийн 16.3, 16.4, 16.5, 16.6, 16.7 дугаар зүйлүүдэд заасан нотлох баримтын төрлүүдээр хязгаарлагдах нотлох ажиллагааны цар хүрээ, хэмжээ хязгаар, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх, 16.15 дугаар зүйлд заасан шалгах ба үнэлэх ажиллагааны агуулга, шалгуурыг шүүх, прокурор, мөрдөн шалгах байгууллагууд зөрүүтэй ойлгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлж буй нь яллах дүгнэлт, шүүхийн шийдвэр хүчингүй болж, хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд эсхүл шүүхэд буцах явдлын гол шалтгаан болж буй нь судалгаагаар тогтоогдсон.

      Улмаар нотлогдсон байдал, нотлох ажиллагааны жишиг харьцуулалт бий болоогүй нөхцөл байдал нь уг ажиллагааны үр дүнгээс шууд хамаарах шүүн таслах ажиллагааны чанарын үзүүлэлтэд ч сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Эдгээр нөхцөл байдлууд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд болон "Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээний тайлан"[1], "Авлигын гэмт хэргийн нотолбол зохих байдалд хийсэн харьцуулсан судалгаа"[2]-нд тус тус тодорхой тусгагдаж нөхцөл, шалтгаан нь тодорхойлогдсон байна.

      2.3.Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээний тайланд тэмдэглэснээр 2017-2019 онд нийт 168 хэрэгт прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснээс 60 хувь буюу 98 хэргийг анхан шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэхгүйгээр прокурорт буцаасан байх бөгөөд голлох үндэслэлийг тодорхойлбол, хэргийг бүх талаас нь бүрэн бодитой тогтооход саад учруулах байдлаар тусгаарласан, хэрэгт ажиллагаа дутуу, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэснээс эхний хоёр үндэслэл нь нотлох ажиллагаатай шууд холбогдож буй бол хууль хэрэглээний алдаанд хамаарах процессын хуулийн хэрэглээний зөрчил нь мөн л нотлох ажиллагаанаас улбаатай байна.

      Тайланд тэмдэглэснээр, хувилан үзэхэд шүүхээс прокурорт буцсан нийт хэргийн 80 буюу түүнээс дээш хувьд нотлох ажиллагаанд алдаа гарсан талаар шүүхийн шийдвэрт дурдсан атлаа буцаасан үндэслэл бүрхэг, хэт ерөнхий, ойлгомжгүй томьёололтой, шүүхүүдээс тавьж буй шаардлага нь өөр хоорондоо адилгүй, эсрэгцсэн байгаагийн улмаас хэргийн нотлогдвол зохих байдал болон нотлох ажиллагааны стандарт тодорхойгүй болж шүүх, прокурор, мөрдөн шалгах байгууллагуудын дунд энэ талаарх ойлголтын зөрүү үүссэн байна. Улмаар мөрдөн байцаалтад буцсан хэрэгт хийх ажиллагаа тодорхойгүй, энэ талаар шийдвэр гаргах боломжгүй болж шийдвэрлэлт удаашрах, мухардах зэргээр эцэстээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт хангагдах баталгаа сулрахад хүргэх эрсдэл тулгарч буйг судалгааны тайлангуудад дүгнэсэн байна.

      2.4.Тайланд дурдсанаар 2017-2019 онд авлигын хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаасан зөвхөн шүүгчийн захирамжийг судалж үзэхэд нийт 58 захирамжаас 42 буюу 71 хувь нь мөрдөн шалгах ажиллагаа гүйцэт биш явагдсан үндэслэл зааснаас нотлох баримтын эх сурвалжийг үнэлэх, шалгахад алдаа гарсан талаар 22 захирамжид тусгагдсан нь хамгийн олон давтамжтай тохиолдол байна. Судалгааны үр дүнд үндэслэн олон улсын зөвлөх Тони Квок, сайн засаглалын мэргэжилтэн Марк Кэйниг нараар ахлуулсан авлигын хэргийн олон улсын экспертүүдийн баг уг хуулийн 16.2 дугаар зүйлийн албан ёсны тайлбарыг Улсын дээд шүүхээс гаргаж нотлох ажиллагаа, нотлогдвол зохих байдлын талаар стандарт шалгуур тогтоох нь тухайн улсад авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж болох талаар дүгнэсэн нь тайлангийн "цогц үнэлгээний үр дүн" буюу "дүгнэлт/зөвлөмжүүд" хэсэгт тэмдэглэгдсэн байна.[3]

      2.5.Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн "Авлигын гэмт хэргийн нотолбол зохих байдалд хийсэн харьцуулсан судалгаа"-нд дурдсанаар хяналтын шатны шүүхээс 2019-2022 онд авлигын 12 хэргийг доод шатны шүүх болон прокурорт буцааснаас 5 хэрэгт нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй гэж дүгнэхдээ зарим баримт сэлтийг нотлох баримтаар тооцох, агуулгыг дахин үнэлэх, гэрчийн мэдүүлгийн зөрүүг гаргах зэрэг ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэхээр заасан нь нотлох баримтын эх сурвалжуудыг шалгах, үнэлэхдээ тухайн эх сурвалжийн төрөл онцлогт нотлох ажиллагаа тулгуурлаагүй, харгалзан үзээгүйтэй холбоотой байна. Тухайлбал, гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий хүнийг гэрчээр байцааж, улмаар мэдүүлгийг яллах баримтаар үнэлэх, хоорондоо зөрүүтэй гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах арга хэмжээ авахгүйгээр шүүхэд шилжүүлэх, тендер шалгаруулалт, техникийн аюулгүй ажиллагаа, замын хөдөлгөөн, нягтлан бодох бүртгэлийн зэрэг эрх зүйн бус, мэргэжлийн дүрмээр зохицуулагдах харилцааг зөрчсөн асуудлаар шинжилгээ хийлгэхийн оронд мөрдөн шалгах ажиллагаагаар нотлохыг оролдох зэргээр тухайн тохиолдолд авч үзэж буй нотлох баримтын эх сурвалж хамаарч буй төрлийн онцлогт нийцүүлж шалгах, үнэлэх, дүгнэх ажиллагааг хийгээгүйгээс нотолгоо тал бүрээс бүрэн гүйцэт биш болж, дахин шалгах хэмжээнд хүргэж байна.

      2.6.Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар дээрх судалгаануудын үр дүн, зөвлөмжүүд, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг хэлэлцээд хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтооход бэрхшээл учруулж буй гол хүчин зүйл нь шүүх, прокурор, мөрдөн шалгах байгууллагад нотлох ажиллагааны нэгдмэл стандарт тогтоогүйгээс мөн хуулийн 16.3, 16.4, 16.5, 16.6, 16.7 дугаар зүйлүүдэд заасан нотлох баримтын эх сурвалжийн төрлүүдийг эс харгалзсанаас шалгах, үнэлэх ажиллагаанд алдаа гарч буйтай холбоотой байна гэж санал нэгтэй дүгнэсэн.

      Улмаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хүрээнд нотлох баримтыг үнэлэхэд анхаарах зарим асуудал" томьёоллын хүрээнд хуулийн 16.3, 16.4, 16.5, 16.6, 16.7 дугаар зүйлүүдэд заасан нотлох баримтуудын төрөл тус бүрээр нотолгооны ач холбогдол, онцлог, шалгах үнэлэхэд заавал баримтлах шаардлагыг тодорхойлж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд нэг мөр ойлгож, мөрдүүлэх талаар албан ёсны тайлбар гаргах саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд гаргахаар тогтож, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэн тайлбарлах зөвшөөрөл авсан.

      2.7.Хуулийн 16.3, 16.4, 16.5, 16.6, 16.7 дугаар зүйлүүдэд заасан нотлох баримтын эх сурвалжийн төрлийг нотлох ажиллагаанд ялгаж, мөн чанарт нь нийцүүлэн оновчтой хэрэглэх талаар анхан болон давж заалдах шатны зарим шүүхүүд зөрүүтэй практик тогтоож хууль хэрэглээний зөрчилтэй байдал үүсгэсэн нь холбогдох шүүхийн шийдвэрүүд, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, прокурорын эсэргүүцэл, дүгнэлт, 2021 онд хэрэгжүүлсэн "Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээний тайлан", Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийж гүйцэтгэсэн "Авлигын гэмт хэргийн нотолбол зохих байдалд хийсэн харьцуулсан судалгаа" зэргээр тогтоогдож байна гэж дүгнэв.

      Гурав. Тайлбарын цар хүрээ

      3.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлогдсон нотлох баримтын эх сурвалжийн төрөл бүрээр тайлбарыг хэсэгчлэн, шат дараалалтай гаргасны эцэст цогц тайлбар бүрдэх бөгөөд энэ удаад мөн хуулийн 16.3 дугаар зүйл, 16.5 дугаар зүйлд заасан эх сурвалжийн төрлийг хамарч тэдгээрийн шинж чанар, онцлогийг харгалзан нотлох ажиллагаанд оновчтой хэрэглэх талаар тайлбарлав.

      3.2.Энэхүү тайлбарын цар хүрээ нь хуулийн 16.3 дугаар зүйлд заасан "мэдүүлэг", 16.5 дугаар зүйлд заасан "шинжээчийн дүгнэлт" болон "шинжээчийн мэдүүлэг" гэсэн ойлголтуудаар хязгаарлагдана.

      Дөрөв. Тайлбарын арга зүй

      4.1.Тайлбарын холбогдох хэсэг тус бүрд тохирох хууль тайлбарлах аргаар, тухайлбал нэр томьёог үгийн шууд утга болон хэл зүйн дүрмээр, хуульд нэр томьёоны тодорхойлолт хийсэн бол тэрхүү утгаар нь, хууль зүйн ойлголт, ухагдахууныг эрх зүйн онол, нийтлэг зарчимд нийцүүлэн тайлбарлах, хэд хэдэн ойлголтын нийцлийг хангах, зөрчлийг шийдвэрлэх үүднээс логик болон системчлэл, хуулийн зорилго, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах аргыг тайлбарын шаардлагатай үе шат бүрд хэрэглэнэ.

      Үүнээс гадна тайлбарын үндсэн бичвэрийг үйлдэхэд хууль тайлбарлах уламжлалт бус арга болох "Дилтейгийн герменевтик"-ийг хэрэглэсэн болно. Дилтейгийн герменевтик арга нь норматив актад агуулагдах эрх зүйн санааг тодруулахын тулд хуулийг тайлбарладаг гэдгийг хүлээн зөвшөөрөх боловч энэхүү санаа нь хууль тогтоогчийн үзэл бодол de lege lata[4]-с гадна хууль тайлбарлагчийн санаа de lege ferenda[5]-р мөн тодорхойлогдоно гэж үздэгээрээ хууль зүйн позитивизмд тулгуурласан бусад аргуудаас ялгаатай. Үндсэн зарчим нь de lege lata бол хуулийн заалт бөгөөд ерөнхий хэм хэмжээ, түүнийг хэрэг маргаанд хэрэглэвэл тусгай хэм хэмжээ болох de lege ferenda үүснэ гээд эдгээрийн хамаарлыг герменевтикийн ерөнхий-тусгай болон тусгай-ерөнхийн эргэх холбоогоор герменевтик тойрог үүсгэн тайлбарлаж, эцэстээ хуулийн жинхэнэ зорилго, агуулгад хуулийн бичвэрээр бус тайлбараар дамжин хүрнэ гэсэн итгэл үнэмшилд суурилна. [6]Энэ өнцгөөс Eius est i-ri legem, cuius est condere[7] зарчим нь хууль тогтоогчийн хүсэл зоригоор бүтсэн хууль нь түүнийг тайлбарлагчийн таньж, мэдсэн санаагаар хэрэг маргаанд тусна гэж өмнөх агуулгаас ялимгүй өөрөөр тайлбарлагдана.

      Хуулийг тайлбарлах нь процессын хувьд зөвхөн танин мэдэхүйн замаар хэрэгжиж хууль, түүний ерөнхий заалтаас тухайн тохиолдолд хамгийн илүү нийцэх тусгай зохицуулалтыг бий болгоход чиглэх тул хуулийн ойлгомжгүй, эргэлзээ бүхий заалтаас гадна ерөнхийлөг заалтууд мөн тайлбарлагдана. Тайлбарын үр дүнд илүү тодорхой зохицуулалт, зан үйлийг захирах илүү дэлгэрэнгүй журмыг бий болгож, үр дагаврыг бүрэн урьдчилан харах боломжийг бүрдүүлэхийг энэ аргаар хуулийг тайлбарлаж буй этгээд эрмэлзэнэ.

      Тав. Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл

      Хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлүүдэд заасан нотолгооны эх сурвалжийг тайлбарлахад баримтлах нийтлэг тодорхойлолт, ерөнхий зарчмуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга), Шүүхийн тухай хууль, Прокурорын тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тус тус тодорхойлсноор, мөн эрүүгийн процессын хүлээн зөвшөөрсөн онол, зарчим, наад захын жишиг дүрмүүдийг тогтоосон олон улсын гэрээнүүдэд (47) нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолуудад зааснаар тодорхойлж, энэхүү тайлбарт хэрэглэв.

      Хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлүүд нь утга, агуулгын хувьд эргэлзээгүй боловч ерөнхий томьёололтой, мэдүүлэг авах ажиллагааны зорилго, хүрээ хязгаар, нотолгооны ач холбогдол, онцлог, мэдүүлгийг шалгах, үнэлэхэд баримтлах зарчмуудыг үзэл баримтлалын түвшинд тусгасан нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүн таслах ажиллагааны шатанд зөрүүтэй хэрэгжих шалтгаан болж буй нь тогтоогдсон.

      Иймээс дээрх зүйл, хэсэгт тусгагдсан зохицуулалтыг ерөнхийлөг хэм хэмжээ гэж үзэж, тусгай тохиолдлуудад хэрэглэх утгуудыг тодорхойлох, хэрэг маргааны тодорхой нөхцөл байдалд эргэлзээгүй хэрэгжих үйл ажиллагааны дарааллыг илүү дэлгэрэнгүй тодорхойлсон дүрэм буюу журмыг хууль тогтоогчийн хүсэл зориг болон хуулийн системчлэлийн агуулгаас гарган авахыг зорьсон болно.

      5.1.Хуулийн 16.3 дугаар зүйлд заасан "мэдүүлэг" гэсэн ойлголтод Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан дараах үндсэн эрх, зарчмууд хэрэгжинэ.

      а/ "Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ;"[8]

      б/ "Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно;"[9]

      в/ "Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно. Тухайлбал, өөрийнх нь чөлөөтэй өгсөн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилтад оруулж болохгүй;"[10]

      г/ "Эрүүгийн хэрэгт буруутгагдаж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй;"[11]

      д/ "...өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах, эсрэг гэрчтэй адил нөхцөлөөр өөрийн өмнөөс гэрч оролцуулах болон шалгуулах;"[12]

      е/ "...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй;"[13]

      5.1.1.Мэдүүлгийн нотлох баримт нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан хэлэлцэх үед тэдгээрийн зүгээс хэрэг, иргэний нэхэмжлэлийн талаар өгсөн мэдээллийг хуульд заасан арга, журмаар бэхжүүлсэн байдал мөн.

      5.1.2.Мэдүүлэг нь гэмт хэргийн үйл баримтын талаар мэдээлэл агуулж байвал хэрэгт хамааралтайд тооцогдож эх сурвалж бодитой бөгөөд хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээд авсан бол хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

      5.1.3.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэдүүлэг өгөх нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой боловч нөгөө талаас өөрийгөө өмгөөлөх, хамгаалах Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон боломж тул үүрэг, хариуцлага бус эрхийн хэрэгжилт болохыг удирдлага болгон хуулийн 5.2, 5.3, 7.3, 7.4, 7.5, 7.6, 16.3, 25.1, 25.2, 25.3, 31.8, 31.11, 35.9 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагад нийцүүлэн мэдүүлэг авна.

      5.1.4.Яллагдагч, шүүгдэгч нь гэмт хэрэгт биечлэн оролцсоны улмаас хэргийн үйл баримтын тодорхой дараалал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, санаа сэдэлт, хөнгөрүүлэх, цагаатгах нөхцөл байдлыг мэдүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар өөрийн дүгнэлт, няцаалтыг хэлэх, мөн бусад яллагдагч, шүүгдэгч нарын хэргийн оролцоог илчлэх боломжтой тул гэм буруугаа хүлээн үнэн зөв мэдүүлж буй тохиолдолд гэрчийн мэдүүлгээс илүү өргөн хүрээнд мэдээлэл өгөх боломжтой.

      5.1.5.Мэдүүлгийн эх сурвалж гэж мэдүүлэг өгөгч хэргийн талаар мэдэх болсон бодит үндэслэл, шалтгааныг ойлгоно.

      5.1.6.Хохирогчийн хувьд мэдүүлэг өгөх нь эрх болон үүргийн нэгдмэл хэрэгжилт учир заавал хангах ба гэрчээс ялгаатай нь хэрэгт авагдсан нотлох баримтын талаар санал хэлэх эрхтэйгээс гадна хувийн сонирхолтой этгээд тул гэмт хэргийн хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдлын талаар хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошгүйг анхаарвал зохино.

      5.2.Хуулийн 16.5 дугаар зүйлд заасан "шинжээчийн дүгнэлт" гэдэг нь "Шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу шинжлэх ухаан, техник, урлаг, үйлдвэрлэлийн салбарт эзэмшсэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд эрх бүхий байгууллага, этгээдээс томилсон мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, мэргэшсэн ажилтны бичгээр гаргаж буй үнэлэмж"-ийг ойлгоно. Тусгай мэдлэгийг иргэдийн ерөнхий боловсрол, ахуйн хүрээнээс хальж зөвхөн тусгай бэлтгэл, мэргэжлийн дадалд тулгуурлан олж авч чадах мэдээ, мэдээлэл гэж үзнэ. Шүүх, прокурор, мөрдөгч хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаас бусад бүх асуудлаар шинжилгээ хийлгэж болно.

      5.2.1.Мөрдөгч хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан зүйлсийг мөрдөн шалгах ажиллагаагаар, эсхүл эзэмшсэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд тогтоож, гаргасан үр дүнг илэрхийлсэн баримтыг мөрдөгчийн магадлагаа гэж ойлгоно.

      5.2.2.Мөрдөгчийн өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан магадлагааг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.

      5.2.3.Шинжилгээг анхдагч, нэмэлт, дахин гэсэн хэлбэртэйгээр нэг шинжээчээр болон өөр өөр мэргэжлийн шинжээчдийн баг, ижил мэргэжлийн шинжээчдийн багаар алинаар ч хийлгэж болно.

      5.2.4.Шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй эсэх, хүлээн зөвшөөрөгдсөн эсэх талаас нь үнэлнэ.

      Холбогдох хуулиар тогтоосон шинжилгээ хийлгэх журмыг зөрчөөгүй бөгөөд тухайн асуудлаар мэргэшсэн хувийн сонирхолгүй этгээд шинжилгээ хийсэн байх нь дүгнэлтийн хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлыг илэрхийлдэг тул үүнд онцгой анхаарвал зохино.

      Шинжлэх өгөгдлүүдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан эсэх, шинжилгээнд хэрэглэсэн арга зүй, гарсан үр дүн нь тухайн салбарын орчин үеийн чиг хандлага, хөгжлийн түвшинд тохирсон болон учир зүй, логикийн хуулиудад нийцсэн эсэхийг анхаарч дүгнэлтийг үнэлнэ.

      5.2.5.Тусгай мэдлэгийн хүрээнд бус мөрдөн шалгах ажиллагаагаар мөрдөгчийн тогтоосон эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хохирлын тооцоо, нас тогтоосон байдал, нууц ажиллагааны магадлагааг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхгүй.

      Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан нэр томьёо, агуулга, заалтуудыг шинжээч мэдүүлгээрээ тайлбарлан өгөх нь тодорхойгүй асуудлыг нарийвчлах боломж бий болгохоос гадна дүгнэлт, үнэлгээ тодорхой, бүрэн эргэлзээгүй болсныг илэрхийлэхийн зэрэгцээ шүүх, прокурор, мөрдөгчийн зүгээс нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

      5.2.6.Шинжээчийн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтийг тайлбарлах, тодруулах зорилгоор авагддаг тул дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд шинжээчийн дүгнэлттэй харилцан хамааралтайгаар нотлох баримтын эх сурвалжийн нэг төрөл болно.

      5.3.Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны жишиг тогтоолуудын хууль хэрэглээний тайлбар.

      5.3.1.Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 322 дугаар Б.А-д холбогдох хэргийн тогтоол, "Гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг албадан авч болохгүй";[14]

      5.3.2.Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 142 дугаар Б.М-д холбогдох хэргийн тогтоол, "Нөхрийнхөө талаар худал мэдүүлэг өгсөн гэж ял шийтгэсэн нь хүний эрхийг зөрчсөн гэж үзэв".[15]

      Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлүүдийг зөв хэрэглэх талаар

ТАЙЛБАРЛАХ нь:

      1.Мэдүүлэг /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйл/

      1.1.Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна.

      1.2.Яллагдагч, шүүгдэгчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй явдалтай нь холбогдуулж байцаадгаас мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой тул мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгасан байвал зохино. Яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь энэ хуулийн Арван долдугаар бүлэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх болон Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох тул прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын болон албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг заавал тодруулна.

      1.3.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авах нь юуны өмнө түүнд өөрийгөө өмгөөлөх, хамгаалах боломж олгож буй тул эхэлж ямар хэрэгт сэрдэгдэж эсвэл яллагдаж буйг заавал мэдэгдэх ба учир битүүлэг байдлаар байцаах, мэдүүлэг өгөхийг шаардах явдал гаргаж болохгүй. Тэрээр хэргийн талаар мэдүүлэх, түүнчлэн гэм буруугүй болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болохыг мөн өөрийг нь холбогдуулан сэжиглэж яллаж буй хэргийг мэдэх эрхтэй болохыг мэдүүлэг авах явцад байнга анхаарна.

      1.4.Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулна.

      1.5.Мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2 дугаар зүйлд заасан дуу-дүрсний бичлэгээр заавал баталгаажуулах ажиллагаанд хамаарахгүй боловч бичлэг нь тэмдэглэлээс илүү обьектив шинжтэй тул үнэн зөв мэдүүлэг өгөх, мэдүүлгээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрөх үүргийг хуулиар хүлээдэггүй нөхцөл байдлыг харгалзан яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа дууны эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх нь эрхийн зөрчлөөс сэргийлэх ач холбогдолтой. Энэ тохиолдолд мөрдөгч ажиллагааг эхлэхийн өмнө дуу-дүрсний бичлэг хийх талаар тухайн ажиллагаанд оролцох хүнд мэдэгдэж, бичлэгийг ямар зорилгоор ашиглах талаар заавал танилцуулна.

      1.6.Шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэдүүлэг өгөх боломжгүй гэрч, хохирогч, шинжээчийг мөрдөгчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаанаас өмнө дуу-дүрсний бичлэг ашиглан мэдүүлэг авч болно.

      1.7.Мэдүүлэг өгч байгаа хүн хүсвэл түүнд мэдүүлгээ өөрөө бичих бололцоо олгохыг хуулиар зөвшөөрсөнтэй холбоотойгоор мэдүүлэг бичихийг гагцхүү ам мэдүүлэг өгсний дараа зөвшөөрөх нь тухайн ажиллагааг мөрдөгч, прокурор, шүүхийн зүгээс үр дүнтэй удирдан явуулах үндэс болохыг анхаарна.

      1.8.Хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх явцад хоёр ба түүнээс дээш яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгүүдэд зөрүү гарвал эдгээр мэдүүлгүүдийн аль нэгийг нь авч бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, магадлалд заавал тусгана.

      1.9.Хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж эсхүл өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнх нь эсрэг албадан авсан, түүнчлэн бусад хэлбэрээр мэдүүлэг гаргуулахаар шаардаж, шахалт үзүүлж, хүч хэрэглэн гэм бурууг хүлээхийг тулган шаардаж, хууран мэхэлж, хууль бус хөнгөлөлт амлаж, авсан мэдүүлгийг шүүгдэгчийн гэм бурууг нотлох баримтаас хасах ба энэ нь эрүүдэн шүүх гэмт хэргийг нотлох баримтад тооцоход саад учруулахгүй.

      1.10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа эх сурвалжийг заавал тодруулна.

      1.11.Гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохино. Түүнчлэн гэрчийн ой тогтоолт, нүдний хараа, сонсгол, хэл яриа, нас, согтуурал, мансуурал зэрэг дотоод шалтгаан, мөн цаг агаар, хугацаа, бусдын дарамт шахалт, айдас гэх мэт гадны нөлөөний улмаас хэргийн байдлыг үнэн зөв тусгах, тогтоох, илэрхийлэхэд саад учруулах нөхцөл байдал байгаа болон хэрэг гарах үед байсан эсэхийг шалган үзнэ.

      1.12.Бага насны гэрч, хохирогч хэргийн талаар тусган авсан нөхцөл байдлыг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх талаар сэтгэцийн шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн урьдчилан гаргуулсан байвал зохино.

      Бага насны хүүхэд нь санаатайгаар худал ярих чадваргүй боловч үнэн бодит ба зохиомол хоёрын ялгааг ухамсарлахгүйгээс тодорхой мэдрэмж нь бодит байдлаас эсхүл зүүд, төсөөллөөс бий болсныг ялган үзэхгүйгээр хийсвэрлэж ярих магадлалтай тул түүний хууль ёсны төлөөлөгч болон сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн сэтгэл зүйчийг мэдүүлэг авахад заавал оролцуулах, мэдүүлгийг хүүхдийн тусгай өрөөнд авч дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулах шаардлагатай ба энэ нь мэдүүлгийн нотолгооны ач холбогдлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ.

      Шаардлагатай тохиолдолд бага насны хохирогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийн дуу, дүрсний бичлэгийг шинжлэн судална. Энэ заалтад тусгасан ажиллагаа, журмыг хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бүх төрлийн хэрэг дээр заавал хэрэгжүүлнэ.

      1.13.Гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдийнхээ талаар мэдүүлэг өгөхийг хүссэн хүнээс мэдүүлэг авах ба эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлахын зэрэгцээ үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг сануулж, худал мэдүүлбэл хүлээх хариуцлагын талаар анхааруулсны дараа энэ ажиллагааг гүйцэтгэнэ.

      1.14.Мэдүүлэг авч буй этгээд 16 насанд хүрээгүй гэрчид хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн ач холбогдлыг тайлбарлан өгөх ба харин худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай сануулж болохгүй.

      1.15.Мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад нотлох баримтууд, тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана. Мэдүүлгийн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор туршилт, үзлэг, шинжилгээ хийх, нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулна.

      1.16.Хохирогчийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг жигшсэн байдал, хохирлын хэмжээг өсгөн төлүүлэх сонирхол, эсхүл шүүгдэгч ийнхүү төлсөн байдал нь мэдүүлгийн агуулгад нөлөөлж болзошгүй байдгийг анхаарч бусад нотлох баримтуудтай ямагт харьцуулан үнэлж байвал зохино.

      2.Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйл/

      2.1.Техник, аюулгүй ажиллагааны дүрмүүд нь эрх зүйн хэм хэмжээг агуулдаггүйн зэрэгцээ тусгай мэдлэгийн хүрээнд боловсруулагдсан байдаг тул барилгын үйлдвэрлэл, нягтлан бодох бүртгэл, замын хөдөлгөөний дүрэм зэрэг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, чанарын стандартын шаардлагууд зөрчигдсөн эсэх талаар шинжилгээ хийлгэнэ. Эдгээр асуудалд шинжилгээ хийх эрх бүхий этгээд хууль хэрэглэх асуудал гэж үзэж шинжилгээ хийхээс татгалзах эрхгүй. Энэ чиглэлээр мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн бол магадалгаа гаргаж болно.

      2.2.Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч магадлагаа гаргах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжээч томилох шийдвэрийг танилцуулах, мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан мөрдөгч шинжээчийг татгалзан гаргах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.

      2.3.Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас өөр эрх бүхий байгууллага, этгээдээр хийлгэж буй тохиолдолд эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. Шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлийг тусгаж, тусгай мэдлэг эзэмшээгүй хүнд ойлгомжтойгоор салаа утга, эргэлзээ үүсгэхгүйгээр энгийн тодорхой өгүүлэмжээр илэрхийлж бичнэ.

      2.4.Шинжээчийн анхны дүгнэлт тодорхой бус буюу бүрэн биш болсон, эсхүл өмнөх дүгнэлтийн хүрээнд шинээр тодруулах нөхцөл байдал бий болсон бол түүнийг нөхөн гүйцэлдүүлэх, дүнг бүрэн гаргах зорилгоор нэмэлт шинжилгээ хийнэ. Өмнөх шинжээчийн дүгнэлтийн үндэслэл эргэлзээтэй, ноцтой зөрүүтэй бол тухайн асуудлаар дахин шинжилгээ хийлгэж болно. Энэ тохиолдолд дахин шинжилгээ хийх шинжээч, бүрэлдэхүүнийг илүү мэргэшсэн, туршлагатай шинжээчийг оролцуулан шинээр томилно.

      2.5.Шинжилгээ нарийн төвөгтэй, цар хүрээ өргөн, хэрэгт шийдвэрлэх ач холбогдолтой байвал бүрэлдэхүүнтэй шинжээчийн багаар хийлгэнэ. Шинжлэх ухаан, техникийн хэд, хэдэн салбарт хамаарах тусгай мэдлэгийг ашиглан иж бүрэн шинжилгээ явуулах шаардлагатай гэж үзвэл өөр өөр мэргэжлийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй багаар хийлгэнэ. Шинжилгээг шинжээчдийн баг хийж буй бол шинжээч бүр бие дааж шинжилгээ хийх бөгөөд ижил мэргэжлийн шинжээчид үр дүнгээ нэгтгэхдээ зөрүүтэй санал гарвал ерөнхий дүгнэлтэд хавсаргаж, харин өөр өөр мэргэжлийн шинжээчид тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан дүгнэлтийг бүрэн тусгана.

      2.6.Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөөгүй үндэслэлээ өөрсдийн гаргасан шийдвэрт заавал заана. Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэхдээ нотлох баримтаар тооцсон болон тооцоогүй үндэслэлээ дүгнэлт, магадлагаа бүрээр шүүх шийдвэртээ заавал тусгана.

      3.Энэ тайлбарт дурдсан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдүүлэг, гаргасан шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан "Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан", мөн зүйлийн 14 дэх хэсэгт заасан "эргэлзэх үндэслэл"-д хамааруулж, нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

      4.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ХОСБАЯР

[1] Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны ТА-9662 төсөл, "Монгол Улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь: Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээний тайлан", 2021, 45 дугаар тал

[2] Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, "Авлигын гэмт хэргийн нотолбол зохих байдалд хийсэн харьцуулсан судалгаа", 2022, 6 дугаар тал

[3] Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны ТА-9662 төсөл, "Монгол Улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь: Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээний тайлан", 2021, Хавсралт 14-ийн 6 дугаар тал.

[4] Байгаа зохицуулалт буюу хууль

[5] Байх ёстой зохицуулалт буюу эрх зүй

[6] Овчинников А.И.,Овчинникова С.П. СОВРЕМЕННАЯ ТЕОРИЯ ТОЛКОВАНИЯ ПРАВА: КЛАССИЧЕСКИЙ И НЕКЛАССИЧЕСКИЙ ПОДХОДЫ стр. 3

[7] Эрх зүйг бүтээгч нь тайлбарлана. Лат.

[8] Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13

[9] Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14

[10] Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт 7 дугаар зүйл

[11] Мөн Пактын 14 дүгээр зүйлийн 2

[12] Мөн Пактын 14 дүгээр зүйлийн 3(e)

[13] Мөн Пактын 14 дүгээр зүйлийн 3(g)

[14] https://shuukh.mn/single_case/3055?daterange=2021-12-15%20-%202021-12-15&id=3&court_cat=2&bb=1

[15] https://www.supremecourt.mn/home?page=pages&id=58&pg=2719&pr=115&tp=list&h=0