A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/172 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Цэргийн алба хаагч эхэд тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно."

2/18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно."

3/19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг:

"8.Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 2-т заасан тэтгэмжийн хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу тогтоосон хэмжээтэй тэнцүү байна. Уг тэтгэмжийг улсын төсвөөс олгоно."

2 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"3.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэврийн доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байхаар, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй байхаар Засгийн газар тогтооно."

3 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд" гэснийг "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд" гэж, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар" гэснийг "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар" гэж, 14 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т" гэснийг "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д" гэж, 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "тахир дутуугийн" гэснийг "хөдөлмөрийн чадвар алдсаны" гэж, 24 дүгээр зүйлийн "нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн" гэснийг "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР