A

A

A

Бүлэг: 1979

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/133

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Тус газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар баталсан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 1.2.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

а/ "1.2.1.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэгж талбар бүрээр, байршил нь тодорхой туссан байх" гэж.

2.Журамд дор дурдсан агуулгатай хэсэг, заалтыг тус тус нэмсүгэй:

а/4.2.1 дэх заалтын "...бүртгэх" гэсний дараа "эрэмбэлэх" гэж;

б/ "5.1.4.Монгол Улсын иргэн үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлт гаргахдаа засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа гаргах бөгөөд тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдана.

5.1.5.Иргэний үнэ төлбөргүйгээр газар эзэмшихээр гаргасан хүсэлт цахим системээр бүртгэгдсэн огноогоор дараах дарааллын дагуу эрэмбэлэгдэнэ.

5.1.5.1.өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлт жагсаалтын эхэнд эрэмбэлж бүртгэгдэнэ.

5.1.5.2.энэхүү журмын 5.1.5.1-д зааснаас бусад иргэний хүсэлт цахим системд хүсэлт гаргасан огноогоор эрэмбэлж бүртгэгдэнэ.

5.1.6.Иргэний үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн мэдээлийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэнэ.

5.1.7.Өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан нэгж талбараас сонгож эзэмшүүлнэ. Тухайн иргэн нэгж талбараас сонгохгүй татгалзаж болох бөгөөд дараагийн иргэнд газар сонгох эрх шилжинэ.

5.1.8.Дарааллын дагуу иргэн тухайн нэгж талбараас сонгохоос татгалзсан бол жагсаалтын эхэнд хэвээр үлдэж дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан нэгж талбараас сонгож болно.

5.1.9.Иргэн энэхүү журмын 5.1.4-т заасан хүсэлтийнхээ засаг захиргааны нэгж болон зориулалтыг хэдий ч өөрчилж болно. Энэ тохиолдолд журмын 5.1.5-д заасны дагуу тухайн сум, дүүргийн жагсаалтын дараа хүсэлт өөрчилсөн огнооны дарааллаар бүртгэгдэнэ.

5.1.10.Энэхүү журмын 5.1.4-т заасан хүсэлтийг хүлээн авсан тухай нууцлал бүхий кодоор баталгаажсан тодорхойлтыг иргэнд цахимаар олгоно." гэж;

в/5.2-т заасан "Иргэн, аж ахуйн нэгж байгууллага" гэсний өмнө "Журмын 5.1-д заасан хүсэлтээ Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /egazar.gov.mn/ болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем /e-mongolia/-ээр дамжуулан цахимаар гаргана." гэж.

г/журмын Наймдугаар бүлэгт:

"8.9.Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно. Үүнд:

8.9.1. Улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан байршилтай давхацсан;

8.9.2. Холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр олон улс, улс, орон нутгийн чанартай томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалт хийх болон улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр автозам болон инженер, нийгмийн дэд бүтэц байгуулахаар төлөвлөж буй газартай давхацсан;

8.9.3. Хуулиар тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газартай давхацсан;

8.9.4. Гэрчилгээнд заагдсан талбайн хэмжээг багасгах, газрын хэлбэрийг гэрчилгээнд тусгагдсан талбайн хэмжээнд тохируулан өөрчлөх.

8.10.Энэхүү журмын 5.1.3.5-т заасан хүсэлтийг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн шийдвэрлэнэ." гэж;

д/журмын Арвантав дугаар бүлэгт:

"15.4.Улс, орон нутгийн томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр Улсын Их хурал, Засгийн газраас шийдвэр гарсан, Улсын тусгай хэрэгцээний газрын давхцалын маргаан болон хилийн цэсийн маргаантай байгаа газарт шинээр газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг хориглоно.

15.5.Энэ журмын 8.9, 8.10-т зааснаас бусад тохиолдолд эзэмшил, ашиглалтын газрын хэмжээ, байршил болон зориулалт өөрчлөхийг хориглоно.

15.6.Энэхүү журмын 5.1-д заасан хүсэлтийг иргэн, хуулийн этгээдээс цаасан материалаар авахыг хориглоно." гэж.

3.Журмын "15.4" дэх заалтын дугаарыг "15.7" гэж өөрчилсүгэй.

4.Журмын 5.4.3 дахь заалтыг хассугай.

5.Дээрх нэмэлт, өөрчлөлтийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллахыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон сумын газрын даамлуудад тус тус үүрэг болгосугай.

6.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Кадастрын хэлтэс /П.Баянтүмэн/-т даалгасугай.

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ж.БАТСАЙХАН