- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай дүрэм, журам, норм, аргачлалыг боловсруулж, батлах, хууль тогтоомжийг сурталчлах, бүтэц орон тоо батлуулах, удирдлага зохион байгуулалтын болон техник хэрэгсэл, санхүү, эдийн засгийн холбогдох арга хэмжээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор зохион байгуулна.
/Энэ зүйлд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ -ийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгосон суурь бүтэц барих, ашиглах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх болон суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлахтусгай зөвшөөрөл нь уг зөвшөөрөлд заасан хугацаанд хүчин төгөлдөр байна.
3 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгосон төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд олгосон гэрчилгээнь уг гэрчилгээнд заасан хугацаанд хүчин төгөлдөр байна.
4 дүгээр зүйл.Төмөр замын зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ, суурь бүтцийн болон хөдлөх бүрэлдэхүүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр зохицуулсан Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн болон хамт баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу холбогдох зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэх асуудлыг шийдвэрлэсний дараа дагаж мөрдөнө.
5 дугаар зүйл.Төмөр замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны урсгал зардлыг 2025 оны улсын төсөвт тусгаж шийдвэрлэнэ.
/Энэ зүйлд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6 дугаар зүйл.Энэ хуулийг Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
