- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэр, агаарын зайд иргэний агаарын хөлгөөр нислэг үйлдэх, нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Иргэний нисэхийн хууль тогтоомж
2.1.Иргэний нисэхийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар дараах харилцааг зохицуулна:
3.1.1.Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаа;
3.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа болон агаарын зайд нислэг үйлдэж байгаа иргэний агаарын хөлгийн үйл ажиллагаа;
3.1.3.гадаад улсын хуульд өөрөөр заагаагүй бол тухайн улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа Монгол Улсын бүртгэлтэй болон Монгол Улсын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгийн үйл ажиллагаа;
3.1.4.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа байлдааны үүргийн нислэгээс бусад улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөнийг удирдахтай холбогдсон харилцаа.
4 дүгээр зүйл.Иргэний нисэхийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1.Иргэний нисэхийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1.аюулгүй;
4.1.2.үр ашигтай;
4.1.3.хүртээмжтэй.
5 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1."агаарын навигацийн байгууламж" гэж агаарын навигацийн үйлчилгээнд ашиглаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийг;
5.1.2."агаарын навигацийн үйлчилгээ" гэж агаарын зайд үйлдэж байгаа нислэгийн бүх үе шатанд үзүүлэх нислэгийн хөдөлгөөний менежмент, холбоо, навигаци, ажиглалт, нисэхийн мэдээлэл, нисэхийн цаг уурын үйлчилгээ болон эрэн хайх, авран туслах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дамжуулах цогц үйл ажиллагааг;
5.1.3."агаарын тээвэрлэгч" гэж Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийг;
5.1.4."агаарын хөлөг" гэж агаарын өгсөх урсгалын нөлөөллөөр бус, өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож, хөдөлгөөн хийж чадах төхөөрөмжийг;
5.1.5."аюулгүй байдлын зөвлөмж" гэж шинжлэн шалгах ажиллагааны үр дүнд, эсхүл аюулгүй байдлын талаар гаргасан судалгаа болон бусад эх үүсвэрийг үндэслэн агаарын хөлгийг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичгийг;
5.1.6."аюулгүйн үзлэг" гэж хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй зэвсэг, тэсрэх бодис, бусад аюултай хэрэгсэл, эд зүйлс, бодисыг илрүүлэхэд чиглэсэн техникийн болон бусад арга хэрэгслээр хийх үзлэгийг;
5.1.7."аэродром" гэж агаарын хөлгийг байрлуулах, хөөргөх, буулгах, явгалахад зориулан тоноглосон газар, талбай, усан гадаргууг;
5.1.8."зөрчил" гэж агаарын хөлгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болох ослоос бусад эрсдэл бүхий тохиолдлыг;
5.1.9."Иргэний нисэхийн дүрэм" гэж Олон улсын иргэний нисэхийн тухай конвенц /цаашид "Конвенц" гэх/-ын хавсралтад заасан стандартын суурь түвшнийг хангах зорилгоор энэ хуульд нийцүүлэн гаргасан нисэхийн аюулгүй байдлыг зохицуулах баримт бичгийг;
5.1.10."иргэний нисэхийн үйл ажиллагаа" гэж иргэний агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхтэй холбоотой цогц ажиллагааг;
5.1.11."Монгол Улсын агаарын зай" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрээс дээших агаар мандлын орон зайг;
5.1.12."нислэг" гэж агаарын хөлөг зогсоолоос хөдлөхөөс эхлэн хөөрөх, нисэх, газарт бууж, хөдөлгөөнөө бүрэн зогсоох хүртэлх үйл явцыг;
5.1.13."нислэгийн аюулгүй байдал" гэж нислэгийн үйл ажиллагаа, түүнд шууд дэмжлэг үзүүлэх бусад үйл ажиллагааг хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахгүйгээр гүйцэтгэхийг;
5.1.14."нислэгт тэнцэх чадвар" гэж агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэг нислэгийн аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа байдлыг;
5.1.15."нисэх буудал" гэж аэродром, агаарын тээврийн үйлчилгээний барилга байгууламжийн цогцолборыг;
5.1.16."нисэхийн аюулгүй байдал" гэж нислэгийн үйл ажиллагаа, түүнд хамаарах нисэхийн бусад үйл ажиллагааны эрсдэлийг хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хадгалах тогтолцоог;
5.1.17."нисэхийн аюулгүйн хамгаалалт" гэж иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах цогц үйл ажиллагааг;
5.1.18."нисэхийн гэрчилгээжсэн ажилтан" гэж Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгосон үнэмлэх, гэрчилгээ эзэмшигчийг;
5.1.19."осол" гэж Конвенцын 13 дугаар хавсралтад заасныг;
5.1.20."шинжлэн шалгах" гэж агаарын хөлгийг осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, осол, зөрчилд нөлөөлсөн хүчин зүйл бүрийг тогтоож, дүгнэлт, аюулгүй байдлын зөвлөмж гаргах үйл ажиллагааг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1.Улсын Их Хурал иргэний нисэхийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
6.1.2.иргэний нисэхийн талаарх олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;
6.1.3.хуульд заасан бусад.
7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
7.1.Засгийн газар иргэний нисэхийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, иргэний нисэхийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
7.1.2.хууль тогтоомжид заасны дагуу агаарын харилцааны тухай олон улсын гэрээ байгуулах;
7.1.3.олон улсын гэрээ, хууль тогтоомжид нийцүүлэн иргэний нисэхийн аюулгүй байдлын, нисэхийн аюулгүйн хамгаалалтын болон агаарын тээврийг хялбаршуулах журмыг батлах;
7.1.4.олон улсын нисэх буудал байгуулах, татан буулгах асуудлыг шийдвэрлэх;
7.1.5.иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыг томилох, чөлөөлөх;
7.1.6.хуульд заасан бусад.
8 дугаар зүйл.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
8.1.2.иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлого боловсруулах;
8.1.3.иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангуулах;
8.1.4.Иргэний нисэхийн дүрмийг батлах;
8.1.5.иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, хяналт тавих;
8.1.6.олон улсын хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг томилох;
8.1.7.Монгол Улсын агаарын хилээр агаарын хөлөг нэвтрэн орох, гарах цэгийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тогтоох;
8.1.8.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны дүрмийг батлах;
8.1.9.иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын бүтцийг батлах;
8.1.10.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын дарга бөгөөд Ерөнхий шинжлэн шалгагчийг томилох, чөлөөлөх;
8.1.11.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг гадаад улсын эрх бүхий байгууллагатай хамтран гүйцэтгэх, эсхүл тухайн байгууллагад хэсэгчлэн, эсхүл бүрэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;
8.1.12.агаарын навигацийн болон Иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээ олгох үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох;
8.1.13.иргэний нисэхийн хяналтын улсын ерөнхий байцаагч, хяналтын байцаагчийн эрх олгох;
8.1.14.хуульд заасан бусад.
9 дүгээр зүйл.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний чиг үүрэг
9.1.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг байна.
9.2.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.2.1.Конвенцын хавсралтад нийцүүлэн Иргэний нисэхийн дүрэм боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
9.2.2.Конвенцын хэлэлцэн тохиролцогч улсын иргэний нисэхийн байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл харилцан солилцох;
9.2.3.Иргэний нисэхийн дүрэм болон Конвенцын хавсралтад заасан стандартын зөрүүтэй байдлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдээлэх;
9.2.4.иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалттай холбоотой мэдээллийн санг хөтлөх, холбогдох байгууллагатай мэдээлэл солилцох;
9.2.5.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн гэрчилгээ, нисэхийн гэрчилгээжсэн ажилтны үнэмлэх, гэрчилгээ, зэрэглэл олгох.
9.3.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг тасралтгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, санхүүгийн чадавхтай байна.
10 дугаар зүйл.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, түүний бүрэн эрх
10.1.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга бөгөөд иргэний нисэхийн хяналтын улсын ерөнхий байцаагч /цаашид "Дарга" гэх/ иргэний нисэхийн мэргэжлийн дээд боловсролтой, иргэний нисэхийн хяналтын байцаагчид тавигдах шаардлагыг хангасан байна.
10.2.Дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.2.1.иргэний нисэхийн аюулгүй байдлыг хариуцах;
10.2.2.иргэний нисэхийн хяналтын байцаагчийг томилох, чөлөөлөх;
10.2.3.иргэний нисэхийн дүрмийн тайлбар, хүсэлт гаргах маягт, бүртгэлийн дэвтэр, техник, технологийн баримт бичгийг батлах, тэдгээрт өөрчлөлт оруулах;
10.2.4.аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэн агаарын хөлгийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;
10.2.5.нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй Иргэний нисэхийн дүрмээр зохицуулагдаагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тодорхой хугацаатай шийдвэр гаргаж, холбогдох этгээдэд мэдээлэх;
10.2.6.нислэгт тэнцэх чадвараа алдсан агаарын хөлгийн нислэгийг зогсоох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
10.2.7.хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй тохиолдолд нислэгийг зогсоох арга хэмжээг авах;
10.2.8.хууль болон албадан хэрэгжүүлэх дүрмийн дагуу хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авах;
10.2.9.аюулгүйн үзлэг, хамгаалалт шаардлагатай нисэх буудал болон агаарын навигацийн байгууламжийн жагсаалтыг батлах;
10.2.10.Иргэний нисэхийн дүрэмд заасны дагуу тус дүрмийн шаардлагаас чөлөөлөх;
10.2.11.хуульд заасан бусад.
11 дүгээр зүйл.Эрх шилжүүлэх
11.1.Дарга иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын хяналт шалгалт хийх эрхээ иргэний нисэхийн хяналтын байцаагч болон нисэхийн гэрчилгээжсэн ажилтанд гэрээгээр бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шилжүүлж болно.
11.2.Дарга энэ хуулийн 11.1-д заасан эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
11.3.Энэ хуулийн 11.1-д заасан эрхийг шилжүүлэх журмыг Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗОХИЦУУЛАЛТ
12 дугаар зүйл.Иргэний нисэхийн дүрмийн зохицуулалт
12.1.Дараах үйл ажиллагааг Конвенцын хавсралтад нийцүүлэн Иргэний нисэхийн дүрмээр зохицуулна:
12.1.1.Иргэний нисэхийн дүрмийн нэр томьёоны тайлбарыг батлах;
12.1.2.Монгол Улсад иргэний агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, агаарын хөлөг, бүтээгдэхүүн, эд ангийг гэрчилгээжүүлэх, нислэгт тэнцэх чадварын удирдамж гаргах, техникийн үйлчилгээний ерөнхий шаардлагыг тогтоох;
12.1.3.хувь хүнд мэргэжлийн үнэмлэх, зэрэглэл, эрүүл мэндийн гэрчилгээ олгох;
12.1.4.ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа эрхлэх;
12.1.5.Иргэний нисэхийн дүрмийг албадан хэрэгжүүлэх, дүрмийн шаардлагаас чөлөөлөх;
12.1.6.осол, зөрчлийг мэдээлэх;
12.1.7.агаарын зайг тогтоох, ангилах болон агаарын зайн зохицуулалт хийх;
12.1.8.нислэгийн үйл ажиллагааны ерөнхий шаардлагыг тогтоох;
12.1.9.аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх;
12.1.10.хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийг гэрчилгээжүүлэх;
12.1.11.агаарын тээвэрлэгчийн аюулгүйн хамгаалалт;
12.1.12.агаарын хөлгөөр аюултай барааг тээвэрлэх болон зохицуулалттай агаарын ачааны байгууллагыг гэрчилгээжүүлэх;
12.1.13.том, дунд, жижиг оврын агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа болон дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх;
12.1.14.нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх, агаараас ажил гүйцэтгэх болон чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийг гэрчилгээжүүлэх;
12.1.15.аэродром байгуулах, аэродромыг гэрчилгээжүүлэх;
12.1.16.нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх;
12.1.17.нисэхийн сургалтын байгууллагыг гэрчилгээжүүлэх;
12.1.18.агаарын хөлөг зохион бүтээх, үйлдвэрлэх, техникийн үйлчилгээ хийх байгууллагыг гэрчилгээжүүлэх;
12.1.19.шүхэр, хэт хөнгөн агаарын хөлгөөр сонирхогчийн үйл ажиллагаа эрхлэгчийг гэрчилгээжүүлэх;
12.1.20.агаарын навигацийн техникийн үйлчилгээ, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, хэрэглэлийн нислэгийн журам боловсруулах, нисэхийн цаг уурын болон нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх;
12.1.21.олон улсын гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлах бусад дүрэм.
13 дугаар зүйл.Иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалт
13.1.Иргэний нисэхийн дараах үйл ажиллагааг эдийн засгийн зохицуулалтын дүрмээр зохицуулна:
13.1.1.олон улсын хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг томилох;
13.1.2.иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээг тогтоох;
13.1.3.зорчигч, тээш, ачаа тээвэрлэлтийн ерөнхий нөхцөл;
13.1.4.агаарын тээвэрлэгчийн даатгал;
13.1.5.иргэний нисэхийн статистикийн мэдээлэл цуглуулах, түгээх;
13.1.6.иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын зардал, үр ашгийн тооцоо хийх;
13.1.7.агаарын навигаци, нисэх буудал болон агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хөрөнгө оруулалт, аюулгүй байдлыг хангах санхүүгийн чадавхад үнэлгээ хийх;
13.1.8.хуульд заасан бусад.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АГААРЫН ХӨЛӨГ, ТҮҮНД ХАМААРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
14 дүгээр зүйл.Агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн бүртгэл
14.1.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Монгол Улсад бүртгэх агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн бүртгэлийг хөтөлнө.
14.2.Хүн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа, бусад улсад бүртгэлгүй агаарын хөлгийг Иргэний нисэхийн дүрмийн дагуу Монгол Улсын агаарын хөлгийн бүртгэлд бүртгүүлнэ.
14.3.Бүртгэлгүй агаарын хөлгөөр Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэхийг хориглоно.
14.4.Энэ хууль болон Иргэний нисэхийн дүрмийг зөрчсөн тохиолдолд агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгоно.
14.5.Агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ тухайн агаарын хөлгийн үндэсний харьяаллыг гэрчлэх бөгөөд агаарын хөлгийн өмчлөлийг нотлохгүй.
15 дугаар зүйл.Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар
15.1.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн маягийн гэрчилгээтэй агаарын хөлгийг нислэгийн үйл ажиллагаанд ашиглана.
15.2.Маягийн гэрчилгээний шаардлага болон үзлэг, шалгалтаар нислэгийн аюулгүй байдлыг хангасан агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгоно.
15.3.Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээнд түүний хүчинтэй хугацаа, агаарын хөлгийн зориулалт, нислэгийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай ангилал, хязгаарлалт болон бусад мэдээллийг тусгана.
15.4.Энэ хуулийн 15.2-т хэт хөнгөн агаарын хөлөг, агаарын бөмбөлөг болон агаарын хөлгийн загварын нислэг хамаарахгүй.
15.5.Энэ хуулийн 15.1-д заасан "маягийн гэрчилгээ" гэж тухайн агаарын хөлгийн хийц нислэгт тэнцэх чадварын холбогдох шаардлагад нийцэж байгааг хэлэлцэн тохиролцогч улсын эрх бүхий байгууллагаас тодорхойлж олгосон баримт бичгийг ойлгоно.
16 дугаар зүйл.Нислэгийн үйл ажиллагааны төрөл
16.1.Нислэгийн үйл ажиллагаа нь арилжааны агаарын тээвэр, агаараас гүйцэтгэх ажил, ерөнхий зориулалтын нислэг гэсэн төрөлтэй байна.
16.2.Арилжааны агаарын тээврийн төрөлд зорчигч, ачаа, шууданг төлбөртэй тээвэрлэх, эсхүл эдийн засгийн үр ашиг хүртэх зорилгоор гүйцэтгэх нислэг хамаарна.
16.3.Агаараас гүйцэтгэх ажилд агаарын хөлгөөр хөдөө аж ахуйн ажил гүйцэтгэх, зураг авах, судалгаа, ажиглалт, эргүүл хийх, эрэн хайх, авран туслах, зар сурталчилгаа хийх болон нислэгээр гүйцэтгэх бусад ажил, үйлчилгээ хамаарна.
16.4.Ерөнхий зориулалтын нислэгт арилжааны агаарын тээвэр болон агаараас гүйцэтгэх ажлаас бусад төрлийн нислэг хамаарна.
17 дугаар зүйл.Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа
17.1.Ерөнхий зориулалтын нислэгт хувийн болон чөлөөт, хөнгөн, хэт хөнгөн, хүнгүй агаарын хөлгөөр гүйцэтгэх, хэт хөнгөн агаарын хөлгөөр гүйцэтгэх сонирхогчийн нислэг болон тэдгээрт хамаарах бусад нислэг багтана.
17.2.Ерөнхий зориулалтын нислэгийн аюулгүй байдлыг агаарын хөлгийн өмчлөгч, эзэмшигч хариуцна.
17.3.Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааг Иргэний нисэхийн дүрмээр зохицуулна.
17.4.Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаанд Иргэний нисэхийн дүрэмд зааснаас бусад хязгаарлалт тогтоохыг хориглоно.
18 дугаар зүйл.Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ
18.1.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хууль болон иргэний нисэхийн холбогдох дүрэмд заасан шаардлага хангасан Монгол Улсын хуулийн этгээдэд агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгоно.
18.2.Гадаад улсын эрх бүхий байгууллагаас томилогдсон агаарын тээвэрлэгч энэ хууль болон Иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг хангасан бол түүнд гадаадын агаарын тээвэрлэгчийн Монгол Улсын гэрчилгээ олгож болно.
18.3.Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг хориглоно.
19 дүгээр зүйл.Агаарын тээвэрлэгчийн үүрэг
19.1.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа агаарын тээвэрлэгч дараах үүрэгтэй:
19.1.1.нислэгийн үйл ажиллагааг агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ болон түүнд заасан эрх, хязгаарлалтын хүрээнд гүйцэтгэх;
19.1.2.нислэгийн үйл ажиллагааны болон нислэгт тэнцэх чадварын шаардлагыг хангасан заавар, журам боловсруулж, мөрдөх;
19.1.3.нийтийн ашиг сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлэх.
20 дугаар зүйл.Иргэний агаарын хөлгийн баг
20.1.Иргэний агаарын хөлгийн баг нь нисгэгч болон багийн бусад гишүүнээс бүрдэнэ.
20.2.Нислэгийн үед нислэгтэй холбогдох үйл ажиллагаа явуулах нисгэгчээс бусад ажилтан агаарын хөлгийн багийн бусад гишүүнд хамаарна.
20.3.Монгол Улсын иргэний агаарын хөлгийн багийн бүрэлдэхүүнд гадаад улсын иргэн байж болно.
21 дүгээр зүйл.Агаарын хөлгийн дарга, түүний бүрэн эрх
21.1.Агаарын тээвэрлэгч нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн төрлийн нислэгийн үйл ажиллагааг гүйцэтгэх шаардлага хангасан нисгэгчийг агаарын хөлгийн даргаар томилно.
21.2.Агаарын хөлгийн дарга нислэгийн аюулгүй байдлыг хангах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор агаарын хөлгийн багийн гишүүд болон зорчигчид шаардлага тавьж, биелэлтийг хангуулах бөгөөд нислэгтэй холбоотой эцсийн шийдвэрийг гаргана.
21.3.Агаарын хөлгийн дарга дараах онцгой нөхцөлд Иргэний нисэхийн дүрэмд зааснаас өөр шийдвэр гаргах эрхтэй:
21.3.1.хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул тулгарсан;
21.3.2.нислэгийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлийг зохицуулах шаардлагатай болсон.
21.4.Агаарын хөлгийн дарга нислэгийн аюулгүй байдалд илт аюул тулгарсан тохиолдолд агаарын хөлөг болон түүний бүхээгт байгаа хүмүүсийн амь насыг аврах зорилгоор нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн хөдөлгөөний удирдагчийн өгснөөс өөр шийдвэр гаргаж болно.
21.5.Гадаад улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн дарга албадан саатуулагдах нөхцөл байдалд орсон тохиолдолд тухайн улсын эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй.
22 дугаар зүйл.Нислэгийн үеийн дэг журам
22.1.Зорчигч нь агаарын хөлгийн багийн гишүүдээс өгсөн зааварчилгааг нислэгийн туршид дагаж мөрдөх үүрэгтэй.
22.2.Агаарын хөлгийн багийн гишүүн нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдэл гаргасан, гаргахыг завдсан зорчигчид шаардлага тавьж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна.
22.3.Нислэгийн үед дэг журам зөрчсөн зорчигчид авах арга хэмжээний журмыг иргэний нисэхийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
22.4.Агаарын тээвэрлэгч нислэгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй, дэг журам зөрчсөн, зөрчиж байсан зорчигчийг тээвэрлэхээс татгалзаж болно.
23 дугаар зүйл.Нислэгийн үйл ажиллагаанд хориглох зүйл
23.1.Нислэгийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
23.1.1.нислэгт тэнцэх чадварын шаардлага хангаагүй агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийг ашиглах;
23.1.2.нислэгт тэнцэх чадварын гэрчилгээгүй, эсхүл гэрчилгээний эрх, хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа эрхлэх;
23.1.3.агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгүй, эсхүл энэ хууль болон Иргэний нисэхийн дүрмийг зөрчиж нислэгийн үйл ажиллагаа эрхлэх;
23.1.4.агаарын хөлөгт гарал үүсэл тодорхойгүй, үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолтод нийцээгүй эд анги ашиглах;
23.1.5.гэрчилгээнд заасан эрх, хязгаарлалтыг зөрчиж агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэгт техникийн үйлчилгээ хийх;
23.1.6.агаарын хөлөгтэй холбоотой ажил, үйлчилгээнд нисэхийн гэрчилгээжсэн ажилтны үнэмлэх, гэрчилгээгүй этгээдийг ажиллуулах, гэрчилгээнд заасан эрхээс хэтэрсэн ажил үүрэг гүйцэтгүүлэх;
23.1.7.агаарын хөлгийн багийн гишүүдээс бусад этгээд нисгэгчийн бүхээгт нэвтрэх;
23.1.8.бүрэн бус бүрэлдэхүүнтэй агаарын хөлгийн баг нислэг үйлдэх.
24 дүгээр зүйл.Зөрчил гаргасан агаарын хөлөг
24.1.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх болон улсын хилийн орох, гарах цэгээр нэвтрэх журмыг зөрчсөн, эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр улсын хил нэвтэрсэн агаарын хөлгийг зөрчил гаргасан гэж үзнэ.
24.2.Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага энэ хуулийн 24.1-д заасан агаарын хөлгийн талаар Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангах эрх бүхий байгууллагад мэдэгдэж, агаарын хөлгийн багт зөрчлөө нэн даруй зогсоох, заасан газарт хөлгийг буулгах шаардлага тавина.
25 дугаар зүйл.Аюул тулгарсан агаарын хөлөг
25.1.Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэр, агаарын зайд аюул тулгарсан агаарын хөлгийн талаар холбогдох байгууллагад зохих журмын дагуу нэн даруй мэдэгдэнэ.
25.2.Улсын онцгой комисс аюул тулгарсан агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг тухайн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч, эсхүл бүртгэгч улсын эрх бүхий байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
25.3.Хүн, хуулийн этгээд нь аюул тулгарсан агаарын хөлгийн талаар холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэх, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, эмнэлгийн болон бусад зайлшгүй шаардлагатай тусламж үзүүлэх үүрэгтэй.
Тайлбар: Энэ хуулийн 25.1-д заасан "аюул тулгарсан агаарын хөлөг" гэж Улсын нисэхийн тухай хуулийн 4.1.1-д заасныг ойлгоно.
26 дугаар зүйл.Агаарын тээврийн даатгал
26.1.Агаарын тээвэрлэгч нь зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаа, тээш, шуудан, эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулах хариуцлагын даатгалд даатгуулсан байна.
26.2.Агаарын тээвэрлэгч албан үүргээ гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн багийн гишүүдийн амь нас, эрүүл мэндийг заавал даатгуулна.
26.3.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлөг гуравдагч этгээдэд учрах хохирлыг хариуцах баталгаа бүхий даатгалд даатгуулсан байна.
26.4.Энэ хуулийн 26.1, 26.2, 26.3-т заасан даатгалын эрсдэл, нөхцөл, үнэлгээ, хураамжийн хэмжээг тогтоох, даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журмыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
27 дугаар зүйл.Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага
27.1.Монгол Улсын агаарын зайд агаарын навигацийн үйлчилгээг Иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд /цаашид "агаарын навигацийн үйлчилгээний байгууллага" гэх/ үзүүлнэ.
27.2.Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага нь нислэгийн хөдөлгөөнийг аюулгүй, үр ашигтай удирдан зохион байгуулахад чиглэсэн нислэгийн хөдөлгөөний удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
27.3.Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага энэ хуулийн 27.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадамж бүхий хүний нөөцтэй байна.
28 дугаар зүйл.Нислэгийн хөдөлгөөний зохицуулалт
28.1.Агаарын хөлөг нь Монгол Улсын агаарын хилийн орох, гарах цэгээр нэвтэрч, нислэг үйлдэнэ.
28.2.Агаарын зайн ангилал, бүтэц, зохион байгуулалт, агаарын хөлгийн хоорондын аюулгүйн зайчлал нь Конвенцын хавсралтын стандартын шаардлагад нийцсэн байна.
28.3.Конвенцын хавсралтын стандартын шаардлагад нийцсэн агаарын навигацийн байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглан хяналттай агаарын зайд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлнэ.
29 дүгээр зүйл.Агаарын навигацийн үйл ажиллагааны санхүүжилт
29.1.Агаарын навигацийн үйл ажиллагааг агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлогоор санхүүжүүлнэ.
29.2.Агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлого нь агаарын навигацийн үйлчилгээг аюулгүй, тасралтгүй үзүүлэх, Конвенцын хавсралтын стандартын суурь түвшнийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хэмжээгээр улсын төсвөөс санхүүжүүлнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
АЭРОДРОМ, НИСЭХ БУУДАЛ
30 дугаар зүйл.Аэродром
30.1.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд Иргэний нисэхийн дүрмийн дагуу аэродром байгуулж болно.
30.2.Агаарын тээврийн үйл ажиллагаанд тогтмол ашиглах аэродромд Иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээ олгоно.
30.3.Нийтэд үйлчлэх аэродромын үйл ажиллагаа эрхлэгч нислэгийн аюулгүй байдлыг зайлшгүй хангах шаардлагатайгаас бусад тохиолдолд агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг хориглоно.
30.4.Аэродромын үйл ажиллагаа эрхлэгч нь аэродромыг Конвенцын хавсралтын стандартын суурь түвшинд нийцсэн, үйл ажиллагаанд нь тохирсон төхөөрөмжөөр тоноглох үүрэгтэй.
31 дүгээр зүйл.Нисэх буудал
31.1.Нисэх буудал нь олон улсын болон орон нутгийн нислэгт аэродром, нисэхийн хангамж, газрын үйлчилгээ болон бусад нисэхийн ба нисэхийн бус үйлчилгээ үзүүлж болно.
31.2.Аэродромын гэрчилгээ эзэмшигч нь нисэх буудлыг хөгжүүлэх төлөвлөгөөг тухайн хот, аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн төлөвлөнө.
32 дугаар зүйл.Аэродромын аюулгүйн бүс
32.1.Аэродромын аюулгүйн бүсийг аэродромын техник, технологийн баримт бичигт заасны дагуу тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.
32.2.Аэродромын аюулгүйн бүсэд эрхлэх нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй үйлдвэрлэл, үйлчилгээ болон барилга байгууламжийн хязгаарлалтыг аэродромын техник, технологийн баримт бичигт зааснаар зохицуулна.
33 дугаар зүйл.Дохио, тэмдэг
33.1.Аэродромын үйл ажиллагаа эрхлэгч нь аэродром болон түүний орчимд агаарын хөлөг хөөрөх, буух, явгалах үед агаарын хөлгийн чиг баримжаа тогтооход зориулсан тэмдэг, тэмдэглэгээ, тэмдэгт, гэрэл дохионы системийг аэродромын техник, технологийн баримт бичигт заасны дагуу байрлуулж, ашиглана.
33.2.Аэродромын аюулгүйн бүс дэх барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай саадын дохио, тэмдэг, тэмдэглэгээ, тэмдэгтийг аэродромын техник, технологийн баримт бичигт заасны дагуу байрлуулна.
33.3.Аэродромын аюулгүйн бүсэд агаарын хөлгийн чиг баримжаа тогтооход зориулсан дохио, тэмдэг, тэмдэглэгээ, тэмдэгттэй ижил төстэй зүйл байрлуулахыг хориглоно.
ДОЛДУГААР БҮЛЭГ
НИСЭХИЙН АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТ
34 дүгээр зүйл.Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ
34.1.Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ нь аюулгүйн үзлэг, шалгалт болон нисэх буудал, агаарын навигацийн байгууламжийн харуул хамгаалалтын үйлчилгээнээс бүрдэнэ.
34.2.Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг Иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн хуулийн этгээд /цаашид "нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага" гэх/ гүйцэтгэнэ.
34.3.Олон улсын нисэх буудал дахь нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг Иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэнэ.
34.4.Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага аюулгүйн хамгаалалттай холбоотой хууль тогтоомж, Иргэний нисэхийн дүрмийг зөрчсөн этгээдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх зорилгоор түр саатуулах эрхтэй.
34.5.Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага нь үзлэг, шалгалтаар илэрсэн зөвшөөрөгдөөгүй эд зүйлсийг хураан авна.
35 дугаар зүйл.Аюулгүйн үзлэг, шалгалт
35.1.Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага дараах үзлэг, шалгалтыг хийнэ:
35.1.1.аюулгүйн хамгаалалт шаардлагатай нисэх буудал, аэродромын аюулгүйн бүсэд агаарын хөлгийн багийн гишүүн, зорчигч, нэвтрэн орох бусад этгээд, тээш, ачаа, шуудан, нислэгийн хоол хүнс болон хангамжийн эд зүйлд;
35.1.2.аюулгүйн хамгаалалттай бүсэд болон түүнд нэвтрэхээс өмнө хүн, түүний авч яваа эд зүйл, тээврийн хэрэгсэлд.
35.2.Аюулгүйн үзлэг, шалгалт хийлгэхээс татгалзсан этгээдийг нисэхийн аюулгүйн хамгаалалттай бүсэд нэвтрүүлэхийг хориглоно.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ
36 дугаар зүйл.Иргэний нисэхийн хяналт
36.1.Иргэний нисэхийн хяналт нь нислэгийн аюулгүй байдлын болон иргэний нисэхийн үйлчилгээнд тавих хяналтаас бүрдэнэ.
36.2.Нислэгийн аюулгүй байдлын хяналт дараах чиглэлтэй байна:
36.2.1.нисэхийн гэрчилгээжсэн ажилтны үнэмлэх, гэрчилгээ;
36.2.2.нислэгийн үйл ажиллагааны стандарт;
36.2.3.агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар.
36.3.Иргэний нисэхийн үйлчилгээнд тавих хяналт дараах чиглэлтэй байна:
36.3.1.агаарын навигацийн үйлчилгээ;
36.3.2.нисэх буудал, аэродромын үйлчилгээ;
36.3.3.аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ.
37 дугаар зүйл.Иргэний нисэхийн хяналтын байцаагч
37.1.Энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан хяналтыг иргэний нисэхийн хяналтын байцаагч /цаашид "хяналтын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ.
37.2.Хяналтын байцаагч нь тухайн хяналт тавих мэргэжлийн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, иргэний нисэхийн олон улсын эрх зүйн зохицуулалтын зохих мэдлэг, ур чадвартай байна.
37.3.Хяналтын байцаагч өөрийн гаргасан шаардлага, нотолгоо, шийдвэр, дүгнэлтийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
38 дугаар зүйл.Иргэний нисэхийн хяналтын байцаагчийн бүрэн эрх
38.1.Хяналтын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхтэй:
38.1.1.хяналт шалгалт хийх зорилгоор иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбогдолтой объект, барилга байгууламжид саадгүй нэвтрэх;
38.1.2.иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн хувийг шаардан гаргуулах;
38.1.3.шаардлагатай тохиолдолд агаарын хөлгийг саатуулах;
38.1.4.шаардлагатай тохиолдолд холбогдох этгээдийн иргэний нисэхийн баримт бичгийг түр хураах;
38.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
39 дүгээр зүйл.Хяналтын байцаагчийн ажиллах нөхцөл, баталгаа
39.1.Хяналтын байцаагчийн цалингийн хэмжээг иргэний нисэхийн салбарын адилтгах бусад албан тушаалын цалингаас багагүйгээр тогтооно.
39.2.Хяналтын байцаагч түүний эрхийг тодорхой заасан үнэмлэхтэй байна.
39.3.Хяналтын байцаагч дүрэмт хувцас болон хяналт шалгалт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслээр хангагдсан байна.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
АГААРЫН ХӨЛГИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ
40 дүгээр зүйл.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа
40.1.Агаарын хөлөг өмчлөгч, эзэмшигч, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч, агаарын хөлгийн багийн гишүүн, аэродром болон агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ажилтан нь агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад агаарын хөлгийн осол, зөрчлийн талаарх анхан шатны болон дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох дүрэмд заасны дагуу өгөх үүрэгтэй.
40.2.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага осол, зөрчлийн мэдээллийг хүлээн авмагц шинжлэн шалгах ажиллагааг нэн даруй эхлүүлнэ.
40.3.Агаарын хөлөг өмчлөгч, эзэмшигч болон холбогдох бусад этгээд осол, зөрчилд өртсөн агаарын хөлөгтэй холбоотой эд мөрийн баримтыг шинжлэн шалгах ажиллагааг гүйцэтгэж дуусах хүртэл хадгалж, хамгаална.
40.4.Иргэн, нутгийн захиргааны байгууллага, онцгой байдлын болон цагдаагийн байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт агаарын хөлгийн осол, зөрчил гарсан үед шинжлэн шалгах байгууллагын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай туслалцааг цаг тухайд нь үзүүлэх үүрэгтэй.
41 дүгээр зүйл.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны зарчим
41.1.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа нь осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой ба аливаа этгээдийн гэм бурууг тогтоох зорилгогүй байна.
41.2.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа нь хараат бус, бие даасан байна.
41.3.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл шинжлэн шалгах ажиллагааг агаарын хөлөг бүртгэгч улс, агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгогч улс, агаарын хөлөг үйлдвэрлэгч улс, бүс нутгийн агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад хэсэгчлэн болон бүрэн шилжүүлж болно.
42 дугаар зүйл.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага
42.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан агаарын хөлгийн осол, зөрчлийг Конвенцын 13 дугаар хавсралтын дагуу шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага гүйцэтгэнэ.
42.2.Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөг тус улсын нутаг дэвсгэрийн гадна осол, ноцтой зөрчилд өртсөн үед шинжлэн шалгах ажиллагааг олон улсын гэрээний дагуу гүйцэтгэх ба Монгол Улсын нэрийн өмнөөс агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага оролцож болно.
42.3.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага осол, зөрчилтэй холбоотой мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөл, нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар тайлан гаргана.
42.4.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгагчийг албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан аливаа этгээдийн гэм бурууг тогтоох зорилгоор захиргааны болон иргэний, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагаанд гэрчээр оролцуулахыг хориглоно.
42.5.Энэ хуульд заасан шинжлэн шалгах ажиллагаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.1-д заасан үйл ажиллагаанд хамаарахгүй.
42.6.Шинжлэн шалгах багийг осол, зөрчил гарсан газарт ажиллахад шаардлагатай хамгаалах хувцас, хэрэгсэл, тоног төхөөрөмж, холбооны болон тээврийн хэрэгслээр хангасан байна.
43 дугаар зүйл.Ерөнхий шинжлэн шалгагч, түүний бүрэн эрх
43.1.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагыг Ерөнхий шинжлэн шалгагч удирдана.
43.2.Ерөнхий шинжлэн шалгагч нь шинжлэн шалгах чиглэлээр мэргэшсэн, холбогдох хууль, Иргэний нисэхийн дүрэм, заавар, иргэний нисэхийн олон улсын эрх зүйн зохицуулалтын талаар зохих мэдлэгтэй Монгол Улсын иргэн байна.
43.3.Ерөнхий шинжлэн шалгагчийг 6 жилийн хугацаагаар томилно.
43.4.Ерөнхий шинжлэн шалгагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
43.4.1.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын ажилтан, шинжлэн шалгагчийг томилох, чөлөөлөх;
43.4.2.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах багийн ахлагч болон гишүүдийг томилох;
43.4.3.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг зохион байгуулах;
43.4.4.ослын газрыг хамгаалалтад авах асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
43.4.5.шинжлэн шалгах ажиллагааны тайланг батлах;
43.4.6.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах;
43.4.7.шинжлэн шалгах ажиллагаанд мөрдөх дотоод үйл ажиллагааны заавар, журмыг батлах.
44 дүгээр зүйл.Шинжлэн шалгагч, түүний бүрэн эрх
44.1.Шинжлэн шалгагч нь агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхтэй нисгэгч, агаарын навигацийн болон агаарын хөлгийн инженер, эсхүл шинжлэн шалгах чиглэлээр мэргэшсэн нисэхийн бусад мэргэжилтэй байна.
44.2.Шинжлэн шалгагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
44.2.1.албан үүргээ гүйцэтгэхдээ агаарын хөлгийн осол, зөрчилтэй холбоотой барилга байгууламжид саадгүй нэвтрэх, холбогдох нотлох баримтыг гаргуулах;
44.2.2.шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагатай мэдээ, судалгаа, тодорхойлолт болон бусад нотлох баримтыг холбогдох хүн, хуулийн этгээдээс шаардан авах;
44.2.3.Ерөнхий шинжлэн шалгагчаас олгосон бусад эрх.
45 дугаар зүйл.Шинжлэн шалгах багийн ахлагч, түүний бүрэн эрх
45.1.Шинжлэн шалгах багийн ахлагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
45.1.1.агаарын хөлгийн осол, зөрчил болсон газарт саадгүй нэвтрэх, шинжлэн шалгах ажиллагаанд хамааралтай ослын үлдэгдэл, бүх төрлийн эд зүйлст хяналтаа тогтоох;
45.1.2.нислэгийн бичлэгийн төхөөрөмж, тухайн нислэгийн үйл ажиллагаатай холбоотой агаарын навигацийн үйлчилгээний бичлэг, бусад нотлох баримтыг өөрийн хяналтад авах;
45.1.3.шинжлэн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтыг хамгаалах, агаарын хөлөг, түүний үлдэгдэл байгаа бүсэд зөвшөөрөлгүй этгээд нэвтрэх, эд зүйлс үрэгдэж гэмтэх, алдагдахаас хамгаалах боломжит бүх арга хэмжээг авах;
45.1.4.ослын газрыг хамгаалалтад авах асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх;
45.1.5.шинжлэн шалгах ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай ажиглагч, оролцогчийг томилох;
45.1.6.шинжлэн шалгах ажиллагааны явцыг Ерөнхий шинжлэн шалгагчид танилцуулах, ослын боломжит шалтгаан, нөлөөлсөн байж болох хүчин зүйлд тулгуурлан аюулгүй байдлын зөвлөмж гаргах ажиллагааг зохион байгуулах;
45.1.7.ослын газрын хамгаалалтыг буулгах, цаашид шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагагүй болсон агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэг, эд зүйлсийг хадгалалтаас чөлөөлөх;
45.1.8.шинжлэн шалгах ажиллагааны тайлан гаргах;
45.1.9.хуульд заасан бусад.
46 дугаар зүйл.Шинжлэн шалгах ажиллагааны тайлан
46.1.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага тайланг гаргахаас өмнө шинжлэн шалгах ажиллагаанд хамааралтай байгууллага, хамтран оролцсон улс болон эрх бүхий байгууллагад тайлангийн төслийг хүргүүлж, саналыг нь авсан байна.
46.2.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага тайланг боломжит богино хугацаанд гаргаж, Ерөнхий шинжлэн шалгагчид хүргүүлж батлуулах бөгөөд баталсан тайланг нийтэд нээлттэй мэдээлнэ.
46.3.Агаарын хөлгийн осол, зөрчлийн шинжлэн шалгах ажиллагааны тайлан болон аюулгүй байдлын зөвлөмжийг аливаа этгээдийн гэм бурууг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагаанд нотлох баримтаар ашиглахгүй.
47 дугаар зүйл.Аюулгүй байдлын зөвлөмж
47.1.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага шинжлэн шалгах ажиллагааны аль ч үе шатанд аюулгүй байдлын зөвлөмж гаргаж болно.
47.2.Аюулгүй байдлын зөвлөмжийг агаарын хөлөг үйлдвэрлэгч, иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, агаарын тээвэрлэгч болон бусад холбогдох байгууллагад, шаардлагатай бол Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хүргүүлнэ.
47.3.Аюулгүй байдлын зөвлөмжийг хүлээн авсан этгээд зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн 90 хоногийн дотор эргэж мэдэгдэх бөгөөд хэрэгжүүлэх боломжгүй бол үндэслэл бүхий тайлбарыг гаргаж хүргүүлнэ.
47.4.Энэ хуулийн 47.3-т заасан этгээд аюулгүй байдлын зөвлөмжийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бодит үндэслэл байгаа бол тайлбарыг агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад нэн даруй хүргүүлнэ.
48 дугаар зүйл.Шинжлэн шалгах ажиллагааг сэргээх
48.1.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны эцсийн тайлан гарсны дараа тайлангийн дүгнэлтийг өөрчилж болох баримт, нөхцөл байдал шинээр илэрсэн бол агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага шинжлэн шалгах ажиллагааг сэргээнэ.
АРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
49 дүгээр зүйл.Үйл ажиллагааны санхүүжилт
49.1.Иргэний нисэхийн хяналт, зохицуулалт, агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа нь олон улсын гэрээний хэрэгжилтийг хангахуйц санхүүгийн чадавхтай байна.
50 дугаар зүйл.Иргэний нисэхэд ашиглах хэл
50.1.Иргэний нисэхэд ашиглах техник, технологийн баримт бичгийг монгол, англи хэлээр хэрэглэж болно.
50.2.Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг англи хэлээр үзүүлж болно.
51 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
51.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль болон холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
51.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд үйлдлийн шинж чанараас хамааран Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
52 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
52.1.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
