- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"14.10 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих
1.Төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, осол, зөрчлийг шинжлэн шалгахад болон төмөр замын суурь бүтцийг сэргээн босгох үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Төмөр замын тээврийн дүрэм, журмыг зөрчсөн бол буруутай этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульд заасныг зөрчиж:
3.1.Төмөр замын тусгай бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, үйл ажиллагаа явуулсан, галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулсан, зогсоосон, хөдлөх бүрэлдэхүүний дээвэр, гишгүүр дээр зорчсон, төмөр зам дээр эд зүйл байрлуулсан, мал, ердийн хөсгийг төмөр замын гарамгүй гарцаар гаргасан;
3.2.төмөр замын тээврийн зориулалттай газарт мал бэлчээсэн, төмөр замын тээвэрт холбогдолгүй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн, зориулалтын бус барилга, байгууламж барьсан, объект байрлуулсан, Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх ачиж, буулгах, хадгалах журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Шаардлага хангаагүй төмөр замын суурь бүтэц, салбар зам, хөдлөх бүрэлдэхүүн, техник хэрэгслийг төмөр замын тээвэрт ашигласан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч, салбар зам эзэмшигч нь бусдын үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр саад учруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Тээвэрлэгч нь бусдын эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээвэрт ашигласан, ачилтад авсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Төмөр замын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааг:
7.1.тусгай зөвшөөрөлгүй;
7.2.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангаагүй;
7.3.тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлж;
7.4.бусдын тусгай зөвшөөрлөөр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Төмөр замын тээврийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
