A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

                                                                                                                  
                                                                                                                 
                                                                                                                  Захиргааны хэрэг шүүхэд хянан
                                                                                                                       шийдвэрлэх тухай хуулийн
                                                                                                                  зарим заалтыг тайлбарлах тухай

Хэвлэх

      Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах", Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4. шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх" гэж тус тус заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.3.1, 18.3.2, 52 дугаар зүйлийн 52.5.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 83 дугаар зүйлийн 83.1, 106 дугаар зүйлийн 106.3.5, 106.5 дахь заалтуудын зарим хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.

      Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид "хууль" гэх/ 18 дугаар зүйлийн 18.3, 18.3.1, 18.3.2, 52 дугаар зүйлийн 52.5.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 83 дугаар зүйлийн 83.1, 106 дугаар зүйлийн 106.3.5, 106.5 дахь хэсгийг нэг мөр, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай нь дараах шүүхийн шийдвэр, практикаар тогтоогдов.

      2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэг мөр тайлбарлан хэрэглэж байгаа байдлыг судлах зорилгоор Захиргааны хэргийн танхимын тэргүүний 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/2313 дугаар албан бичгээр захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт хандан, уг хуулийн зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэж буй шүүхийн шийдвэр практикийн талаар тодорхой тохиолдол, шалтгааны хамт тодорхойлж, саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу захиргааны хэргийн анхан шатны 22 шүүхээс 83 санал, давж заалдах шатны шүүхээс 15 саналыг тус тус ирүүлсэн байна. Захиргааны хэргийн танхимын 2022 оны 10 дугаар сарын 11, 18-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаар шүүхүүдээс ирүүлсэн саналыг тус тус хэлэлцээд, шүүхийн шийдвэр, практикийг судлах шаардлагатай гэж үзэж, судалгаа хийлгэхээр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд захиалга өгсний дагуу тус хүрээлэнгээс шүүхийн шийдвэр, практикт судалгаа хийж, тайланг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн танхимд ирүүлжээ.[1]

      Мөн Захиргааны хэргийн танхимаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын хуулийг шүүхүүд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж буй үндэслэл, тайлбарыг сонсож ярилцах уулзалтуудыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдтэй биечилсэн байдлаар зохион байгуулав. Хэлэлцүүлэг, шүүхүүдээс ирүүлсэн санал, судалгааны тайлангаас үзэхэд хуулийн дараах заалтуудыг нэг мөр хэрэглэх зорилгоор албан ёсны тайлбар гаргах шаардлагатай байгаа нь тогтоогдов.

      2.2.Хуулийн 3.1.9-д ""захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд" гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг;" гэж, 18 дугаар зүйлийн 18.3-т "Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна:" гээд 18.3.1-д "нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;" 18.3.2-т "дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх" гэж заажээ.

      Нээлттэй нийгэм форумаас "Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн практик" сэдэвт судалгаа хийгдсэн бөгөөд уг судалгаанаас үзэхэд:

      - Нийтийн ашиг сонирхолд хамааралтай гэж үзсэн 15 шүүхийн шийдвэрийг судлахад 10 шийдвэрт нэхэмжлэгч нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй талаар дүгнэлт өгсөн, үлдэх 5 шийдвэрт огт дүгнэлт өгөөгүй[2];

      - Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий этгээд мөн эсэхийг нотлох ажиллагаа хийлгүйгээр захиргааны хэрэг үүсгэн улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан[3];

      - Үйл ажиллагааны тайлангаа улсын бүртгэлийн байгууллагад заавал хүргүүлсэн байх, санхүүгийн тайланг нэхэмжлэлд хавсаргасан байх, татвар төлсөн зэрэг бусад ТББ-д нийтлэг байдлаар тавьдаг шаардлагыг зарим тохиолдолд шүүх шаардаагүй[4];

      - Шүүхийн шийдвэрт ТББ-ын дүрмийн зорилго нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн байгуулагдсан огноог дүрмийн зорилгын хамт дурдаад өнгөрсөн;

      - 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсныг нотлох зорилго бүхий баримтыг хэлбэрийн төдий үнэлэх, эсвэл хамааралгүй үйл баримтад үндэслэн дүгнэлт хийсэн тохиолдлууд ажиглагдсан[5] байна.

      Дээрх судалгааны дүгнэлтэд "... нэхэмжлэл гаргах эрхийг ийм тодорхойгүй шалгуураар тогтоох нь ТББ-уудын дунд төөрөгдөл үүсгэх, буруу жишиг тогтоох эрсдэлтэй, ингэснээр дараа дараагийн ТББ-ууд энэхүү буруу жишигт үндэслэн нэхэмжлэл гаргах, түүнийг нь шүүх хүлээн авахгүй байх, цаашлаад нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэн хамгаалах эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрэх эрсдэлтэй[6]" гэж, " ... нийтийн ашиг сонирхлын маргаанд субъектив эрх зөрчигдсөн байхыг шаардаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32.1.1 болон ЗХШХШтХ-ийн 18.3 дахь хэсгийн аль алинд заагаагүй шаардлага тавьсан, эсхүл шүүх нэхэмжлэгчийн эрх гэдгийг энэ маргааны тухайд хэрхэн ойлгож байгаагаа тайлбарлах шаардлагатай[7]" гэж дүгнэсэн байна.

      Уг заалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн тайлбарлан хэрэглэж байгаа талаарх шүүхийн шийдвэр, практикийн талаар судлахад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс "... сүүлийн үед өмгөөлөгчид нь Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар "тусгайлан эрх олгогдсон" тул процессын хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарлан, цөөнгүй нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаад байна. Иймд Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар "өмгөөлөгч" нарыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээд" мөн гэж үзэж, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн дурын асуудлаар нэхэмжлэл гаргах боломжтой эсэх талаарх тайлбар нэн шаардлагатай ..." гэх, анхан шатны шүүхүүдээс "... анхан болон давж заалдах шатны шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь заалтыг зөрүүтэй хэрэглэдэг. Ямар нотлох баримтаар хэрхэн нотлох талаар тайлбар гаргуулах шаардлагатай ..." гэх саналуудыг ирүүлэв.

      2.3.Хуульд тусгайлан эрх олгосон этгээд гэдэгт ямар субъектийг хамааруулж үзсэн шүүхийн шийдвэр, практикаас үзэхэд дор дурдсан этгээдийн хүрээнд хууль хэрэглээний зөрүү үүсжээ. Тухайлбал:

      Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Өмгөөлөгч үйлчлүүлэгчийг итгэмжлэл, хүсэлт, гэрээ, эсхүл нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд томилолтын үндсэн дээр төлөөлнө" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-д "Өмгөөлөгч нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлнэ", 29.3-т "Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй" хэмээн өмгөөлөгчийн нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг заасан байна.

      Гэхдээ энэхүү зохицуулалтын хүрээнд өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх үед томилолт шаардлагатай эсэх болон хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар шүүхүүд өөр өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тул өмгөөлөгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо "Хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааны журам"-ын хүрээнд нэхэмжлэл гаргах эсэх, мөн ингэхдээ томилолт шаардах эсэх буюу "хуульд тусгайлан эрх олгогдсон байх" нөхцөлийг аль тохиолдолд хангасан гэж үзэх талаар тайлбарлах шаардлага үүсэв.

      Түүнчлэн, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд хийсэн судалгаанаас үзэхэд, уг заалтыг шүүхүүд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаа нь дараах байдлаар тогтоогдсон байна. Тухайлбал:

      a/ ЗХДЗШШ-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 221/ШТ2022/0111 дүгээр тогтоолд:

      "... Өмгөөллийн тухай хуулийн зохицуулалтуудаас үзвэл өмгөөлөгч нь нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хүрээнд нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс томилолтын үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргахаар байх бөгөөд ийнхүү нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах хэлбэр, журмыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батлахаар, тэрхүү батлагдсан журмын хүрээнд өмгөөлөгч нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах боломжтой байхаар хуульчлагдсан байна.

      Нэхэмжлэгч Ж.Э "... Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс батлагдсан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах журам батлагдаагүй" гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан байх бөгөөд түүнийг Өмгөөллийн тухай хуульд заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооноос батлагдсан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хэлбэр, журмын хүрээнд нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд нэхэмжлэл гаргасан гэж үзэх буюу тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу "томилолтын үндсэн дээр" нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргахаар хуулиар олгосон эрхийн хүрээнд тус нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна" гэж;

      б/ ЗХДЗШШ-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 221/ШТ2022/0513 дугаар тогтоолд:

      "... Хуулийн ... 3.1.3 ..., 3.1.9 ..., 18.3 ..., 18.3.1 ..., 18.3.2 ... дахь ... зохицуулалтаас үзэхэд захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах тохиолдолд уг асуудлаар төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх нь олгогдсон байх төдийгүй хуульд заасан шаардлагуудыг хангасан байх нөхцөлийг шаардахаар байна. Иймд нэхэмжлэгчийн "анхан шатны шүүх өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа нь нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй хамааралгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан хуулиар тусгайлан эрх олгогдсон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан" гэх гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ" гэж;

      в/ ЗХДЗШШ-ийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 221/ШТ2022/0648 дугаар тогтоолд:

      "... Хуулийн ... 3.1.3 ..., 3.1.9 ... , 18.3 ..., 18.3.1 ..., 18.3.2 ... дахь зохицуулалтаас үзэхэд захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах тохиолдолд уг асуудлаар төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх нь олгогдсон байх төдийгүй хуульд тухайлан заасан шаардлагуудыг хангасан байх нөхцөлийг шаардахаар байна. Иймд нэхэмжлэгчийн "... Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар өмгөөлөгчид нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгогдсон ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5, 11.6-д заасан ... "хууль хэрэглэх" зарчмаа зөрчиж байна" гэх гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ" гэж тус тус тайлбарлан хэрэглэсэн байна.

      Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хуулиар тусгайлан эрх олгосон этгээд" гэдэгт Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан өмгөөлөгч хамаарах эсэх, хамаарах тохиолдолд "өөрийн нэрийн өмнөөс" гэснийг хэрхэн ойлгох, мөн Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан "томилолтын үндсэн дээр" гэсэнтэй хэрхэн уялдуулж хэрэглэхийг тайлбарлах шаардлагатай гэж үзэв.

      Түүнчлэн, зарим хуульд захиргааны байгууллагаас захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхийг баталгаажуулсан байдаг нь тухайн тохиолдолд захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа эсэх талаар зарим шүүхэд эргэлзээ үүсжээ. Тухайлбал:

      Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 26.1-д "Комиссын гишүүн гомдол, мэдээлэл шийдвэрлэх чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 26.1.2-т "иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулах;" гэж;

      Хүүхдийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т "... хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, сум, баг, хорооны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад гомдол, хүсэлт, шүүхэд нэхэмжлэл, холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдэд хүсэлт, шаардлага гаргаж болно" гэж;

      Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 9/-д "энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан үүргээ нутгийн иргэдийн байгалийн нөөцийг зохистой ашиглах ухамсрыг төлөвшүүлэх, байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх;" гэж;

      Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "Сав газрын захиргаа нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг тухайн сав газартаа хэрэгжүүлнэ:" гээд 17.1.9-д "ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах;" гэж;

      Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:" гээд 16.1.7-д "хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон тухай үндэслэл бүхий албан ёсны шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд зохих арга хэмжээ ногдуулах тухай саналыг холбогдох хяналтын байгууллагад тавих буюу шүүхэд нэхэмжлэл гаргах" гэж;

      Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 15.1.7-д "өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх;" гэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:" гээд 16.1.7-д "хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон тухай үндэслэл бүхий албан ёсны шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд зохих арга хэмжээ ногдуулах тухай саналыг холбогдох хяналтын байгууллагад тавих буюу шүүхэд нэхэмжлэл гаргах" гэж тус тус заасан байна.

      Мөн Прокурорын байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", 20.4-т "Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно" гэж тус тус заасныг үндэслэн "В" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, тус газрын хяналтын улсын ахлах байцаагч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэрэгт прокурор төрийн нэрийн өмнөөс төрийн нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж, гуравдагч этгээдээр оролцжээ.

      Эдгээр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хуулиар тусгайлан эрх олгосон этгээд" болох эсэх талаар хууль хэрэглээний нэгдмэл хэрэглээг тогтоох шаардлагатай гэж үзэв.

      Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.2-т заасан "... сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх" үндэслэлийг өөрөөр тайлбарласан дараах онцгой тохиолдол байна.

      ЗХДЗШШ-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/ШТ2022/0370 дугаар тогтоолд:

      "... анхан шатны шүүхээс хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ "... тайлангаа улсын бүртгэлийн байгууллагад гаргаж байх үүрэгтэй байсан тул цар тахалтай холбоотойгоор 2020, 2021 оны тайлангаа гаргаж өгч чадаагүй нь хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.2-т заасан дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэсэн шаардлагыг хангаагүй" гэсэн нь буруу, ... нэхэмжлэгч нь үйл ажиллагааны тайланг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж байсан талаарх лавлагаа, тодорхойлолтыг нэхэмжлэлдээ хавсаргаж хүргүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргагч ТББ-ыг дүрмийн зорилгын хүрээнд сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэлгүй, тус ТББ-ыг тэргэнцэртэй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах хуульд заасан эрхийг энэ үндэслэлээр үгүйсгэх үндэслэлгүй юм" гэж дүгнэжээ.

      Хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.2-т заасан "дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх" гэсэн хуулийн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлаар зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, цаашид хууль хэрэглээний зөрүүтэй байдал дахин үүсэх боломжтой байх тул "сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх" гэх хуулийн шаардлагыг нэг мөр зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах шаардлагатай байна.

      2.3.Хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг" нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлохоор, мөн хуулийн 106.3.5-д "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" шийдвэрийг шүүх гаргаж болохоор тус тус заажээ.

      Хуулийн 52.5.3 дахь заалтын нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийг ямар тохиолдолд гаргах, нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх эсэх нь чухал ач холбогдолтой, уг заалтын "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл", "нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг" гэсэн хэсгийг тус тус тайлбарлах шаардлагатай байгаа нь дараах байдлаар тогтоогдов.

      Хуулийг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэг мөр тайлбарлан хэрэглэж байгаа байдлыг судлах зорилгоор Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд захиалга өгч хийлгэсэн "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтад холбогдуулан албан ёсны тайлбар гаргах эсэхийг шийдвэрлэхэд шаардлагатай шүүхийн практикийн судалгаа"-нд /цаашид судалгаа гэх/ хуулийн 52 дүгээр зүйлийн 52.5.3 дахь заалтын "нэхэмжлэгчид үүсэх эрх, хууль ёсны ашиг сонирхол гэдэгт юуг хамааруулах тухай нэгдсэн тайлбар шаардлагатай" гэсэн дүгнэлт хийжээ.

      Судалгааны тайланд дурдсанаар, хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь заалтын дагуу гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 11 шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 5 магадлал, хяналтын шатны шүүхийн 3 тогтоолыг судалсан, анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн 11 маргааны агуулгыг ангилан авч үзвэл:

      - малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болохыг тогтоолгох;

      - орон сууц эзэмших эрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүссэн болохыг тогтоолгох;

      - ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг тусгай хамгаалалтад авах замаар тусгай хэрэгцээнд авсан тул тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох;

      - ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөх олговор олгох эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа болохыг тогтоолгох;

      - ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох;

      - хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох;

      - арилжааны банканд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох;

      - ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байгалийн цогцолборт газар, ойн сан бүхий газартай давхцалтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох;

      - ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг тусгай хэрэгцээнд авсан боловч тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоолгох; гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлүүд байсан байна.

      Шүүхүүд дээрх нэхэмжлэлийн шаардлагаар маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь нийтийн эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг шүүхээр тогтоолгосноор нэхэмжлэгчийн хувьд ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх буюу хамгаалагдах талаар дүгнээгүй, энэ талаар шийдвэртээ хангалттай тайлбарлахгүй байгааг судалгааны тайланд онцлон тэмдэглэжээ.

      "Эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн агуулга, урьдач нөхцөлийг шүүхүүд нэг мөр ойлгож хэрэгжүүлээгүй, өөр өөрөөр тайлбарлан хэрэглэсэн, цаашид ч зөрүүтэй байдлаар дүгнэсэн шийдвэрүүд гарах боломжтой байх тул хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасан "нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг" гэснийг тайлбарлах нь хэрэгцээтэй байна.

      Түүнчлэн, хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь заалттай уялдуулан мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэсэн заалтыг хэрэглэх үндэслэлийн талаар тайлбарлах шаардлагатай гэж үзэв.

      Хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь хэсгийн дагуу "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" гол үндэслэл юу болох, нэхэмжлэгчийн хувьд тухайн эрх зүйн харилцааг тогтоолгох онцгой ашиг сонирхол байхыг шаардах эсэх, хэзээ үүссэн ямар ашиг сонирхол хамгаалагдах зэргийг тодорхой тайлбарлах шаардлагатай нь дээрх маргаануудыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд, шүүхийн дүгнэлтүүдээс тодорхой харагдлаа.

      Тодруулбал, судалгаанд дурдсан шүүхийн шийдвэрийн агуулгаас үзэхэд шүүх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-ыг хэрэглэж буй үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, уг зохицуулалтыг хэрхэн хэрэглэх нэгдсэн ойлголтгүй байгаа нь илэрхий байна. Иймд уг зүйл, заалтыг хэрэглэх үндэслэлийг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь хэсэгтэй холбож тайлбарлах шаардлагатай гэж үзэв.

      2.4.Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан, уг заалтын "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" гэсэн хэсгийг тайлбарлах шаардлагатай нь дараах байдлаар тогтоогдов.

      ЗХДЗШШ-ээс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүгчийн захирамжийг хянасан 523 тогтоол гаргасан байх бөгөөд үүнээс шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн 209, өөрчилсөн 63, хүчингүй болгосон 251 байна. Мөн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан 63 тогтоолууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг тус зүйлийн 54.1.1 дэх заалт болгон өөрчилсөн, уг заалтуудыг давхардуулан хэрэглэснийг залруулсан зэрэг байна. Тухайлбал:

      а/ ЗХДЗШШ-ийн 2021 оны 797 дугаар тогтоолоор "... захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа нэхэмжлэгчид илэрхий чиглээгүй, түүнд ямар нэгэн хамааралгүй болох нь илэрхий тодорхой, мөн тухайн асуудлаар маргах эрхийг тусгайлан зааж хуульчлаагүй тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ. Хэдийгээр маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар тогтоол нь захиргааны акт мөн боловч захиргааны байгууллагын зүгээс хүчингүй болгуулахаар маргах эрхгүй" гэж дүгнэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1" гэснийг хассан;

      б/ ЗХДЗШШ-ийн 2021 оны 219 дүгээр тогтоолоор "анхан шатны шүүх уг захирамжийг захиргааны акт биш байтал "...энэхүү тушаалын үйлчлэл нь нэхэмжлэгчид шууд чиглэгдээгүй буюу хуульд заасан эрх хэмжээг хориглосон, хязгаарласан агуулгагүй..." хэмээн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй" гэж дүгнэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн "54.1.5" дахь хэсэг гэснийг "54.1.1" болгон өөрчилсөн;

      в/ ЗХДЗШШ-ийн 2020 оны 661 дүгээр тогтоолоор " ... анхан шатны шүүх захиргааны актыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн нь зөв боловч дотогш чиглэсэн, дотоод зохион байгуулалтын шинжтэй эрх зүйн акт гэж дүгнэсэн нь буруу" гэж дүгнэн шүүгчийн захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн "54.1.1" дэх заалтыг баримталсныг "54.1.5" болгон өөрчилжээ.

      Эдгээрээс үзэхэд, хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" гэх уг ойлголтыг мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэсэн ойлголтоос хэрхэн ялгах, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын зохицуулалттай хэрхэн холбож тайлбарлан хэрэглэх нь тодорхойгүй байгаагаас шүүхүүд өөр өөрөөр хэрэглэж, зөрүү үүссэн байна.

      Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн судалгаанд хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтын "нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тогтоохдоо шүүхээс явуулах ажиллагааг тайлбарлах буюу тус зохицуулалтыг яаж хэрэглэх талаар нэг мөр тайлбар гаргах шаардлагатай" гэсэн дүгнэлт хийжээ.

      Дээрх судалгаа, шүүхийн практикаас үзэхэд "нэхэмжлэл гаргах эрхтэй эсхүл эрхгүй" гэдгийг тогтоохдоо захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэл гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй байх шаардлагыг хангаж буй эсэхийг ямар шалгуураар, хэрхэн уялдуулж хэрэглэх нэгдсэн ойлголтгүй байгаагаас шүүхүүд "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус", "... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" тохиолдлуудад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахтай холбоотой энэ хуулийн зохицуулалтуудыг зөрүүтэй хэрэглэсэн байх тул уг заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах шаардлага үүссэн гэж үзэв.

      2.5.Хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д "хуульд заасан торгох шийтгэл оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч шийтгэвэр, шүүх тогтоол гарган зөрчил гаргасан этгээдийг торгоно" гэж заасан, уг заалтыг албан ёсоор тайлбарлах шаардлага үүссэн нь дараах байдлаар тогтоогдов.

      Анхан шатны шүүхүүд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд уг хуулийн заалтыг хэрэглэж 90 шийтгэвэр гаргасан нь Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэлтэй байна. Үүнээс давж заалдах шатны шүүх хүлээн авч хянасан 7 шийтгэвэр байх бөгөөд хэвээр үлдээсэн 3, хүчингүй болгосон 4 байна.

      а/ ЗХДЗШШ-ийн 2020 оны 406 дугаар тогтоолоор:

      "... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7-д "Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн ... 15.4 ... дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна", 9-д "Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх ... бусад зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ" гэж заасан бөгөөд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлт хийсэн хэргийг эрүүгийн хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 8-д "Иргэний болон захиргааны хэргийн шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн 15.3, 15.4, 15.5, 15.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн шүүх шийтгэл оногдуулна" гэж заасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед хэргийн оролцогчид Зөрчлийн тухай хуулийн 15.4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн тохиолдолд тухайн хэргийг шийдвэрлэж буй шүүх өөрөө шийтгэл оногдуулна гэж ойлгох бөгөөд энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан журмыг баримтлах үүрэгтэй" гэж дүгнэн шийтгэврийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгосон;

      б/ ЗХДЗШШ-ийн 2020 оны 348 дугаар тогтоолоор:

      "... уг шийтгэврийг оногдуулахдаа Б.Б-г дуудан ирүүлж, байлцуулаагүй, мөн түүнийг дуудан ирүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг нь тодруулалгүйгээр торгох шийтгэл оногдуулсан нь дээрх хуулиар тогтоосон журамд нийцээгүй байна" гэх үндэслэлээр шийтгэврийг хүчингүй болгосон;

      в/ ЗХДЗШШ-ийн 2019 оны 485 дугаар тогтоолоор:

      "... Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д "Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно" гэж заасан бөгөөд уг хуулийн 15.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зөрчлийн бүрэлдэхүүний гол шинж нь "санаатай үйлдэл" байхыг шаарджээ. Харин шүүх хуралдаанд эрх зүйн туслалцаа авч хуульчтай оролцох үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан энэ тохиолдолд "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан", "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, эсхүл шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн" гэж шууд буруутгах боломжгүй байна" гэх үндэслэлээр шийтгэврийг хүчингүй болгосон байна.

      Шүүхүүд, хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсгийн шийтгэл оногдуулах зохицуулалтыг хэрэглэхдээ Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан" гэж шийтгэл оногдуулсан, ингэхдээ "удаа дараа шаардсан боловч нотлох баримтыг ирүүлээгүй", "шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй", "шүүхийн дуудсанаар болон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй" зэрэг үндэслэлүүдийг дурдсан байх ажээ.

      Дээрх үндэслэлээр гаргасан шүүгчийн шийтгэврийг хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээр хянагдах эсэх, шийтгэвэрт гомдол гаргах эрхтэй эсэх, эсхүл мөн зүйлийн 122.2-т зааснаар шийтгэвэрт гомдол гаргах эрхгүй эсэх асуудлаар шүүхийн шийдвэр, практикт зөрүүтэй байдал үүсжээ.

      Иймд, хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсгийн "хуульд заасан торгох шийтгэл оногдуулж болох зөрчил"-ийг хэрхэн тодорхойлох, шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Шүүх хуралдааны дэг, журмыг зөрчсөн ... бол торгох" зохицуулалтыг хэрхэн тогтоох, шаардлага, үндэслэлийг тодорхойлох, шийтгэвэрт давж заалдах гомдол гаргах эсэх талаар тайлбар гаргах шаардлагатай гэж үзлээ.

      2.6.Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заажээ.

      Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн судалгаанаас үзэхэд хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг дараах агуулгын хүрээнд тайлбарлах шаардлагатай болох нь харагдав. Тодруулбал:

      а/ "О" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох маргаанд эрх олгогдоогүй этгээд акт гаргасан, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа талаар 3 шатны шүүх ижил дүгнэсэн ч, давж заалдах шатны шүүх "хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэж, магадлалыг хүчингүй болгосон;

      б/ Ц.Н, П.А нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаанд нэхэмжлэгч "бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, гэрчилгээг хүчингүй болгуулах"-аар 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх илт хууль бус бүртгэлийг үндэслэн олгосон гэрчилгээ мөн илт хууль бус гэж үзэн "хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг "илт хууль бус болохыг тогтоох" болгож өөрчилсөн[8];

      в/ Б.Ц-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн сайдад холбогдох маргаанд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх эрх олгогдоогүй этгээд өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн үндэслэлээр холбогдох актыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн;

      г/ "О" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох маргаанд анхан шатны шүүх захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхдөө холбогдох захиргааны актыг утга агуулгын илэрхий алдаатай гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнээгүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

      Түүнчлэн, захиргааны хэргийн шүүхийн практикт сүүлийн 3 жилд буюу 2021 оны 03 дугаар сарын 15-аас 2023 оны 04 дүгээр сарын 11-ний хооронд шүүх санаачилгаараа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэсэн 4 маргаан байна. Энэхүү 4 маргааны хувьд бүгд "захиргааны актыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг "захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох" болгож шийдвэрлэсэн, дээрх 4 маргааны 1 маргааныг Улсын дээд шүүх хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн байх бөгөөд тийнхүү шийдвэрлэхдээ "... Давж заалдах шатны шүүх хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн" гэж үзсэн байна.

      Дээрх судалгааны үр дүнд хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан "нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн" гэх ойлголтыг шүүхүүд хэрхэн хэрэглэж байгаа талаар дүгнэхдээ "... Нэхэмжлэгчийн хүсээгүй үр дүнг шийдвэрлэх буюу нэхэмжлэгчийн хамгаалуулахыг хүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлоос давсан байвал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэнд хамааруулах бөгөөд харин тодорхой тохиолдолд, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хөөн хэлэлцэх хугацаа, маргаан бүхий актын шинж зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэснийг "нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн" гэдэгт шууд хамааруулах нь эргэлзээтэй байна" гэжээ.

      Дээрхээс дүгнэвэл, хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан "нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн", "хэргийн оролцогчдын маргаагүй асуудал" шүүхийн шийдвэр зөвхөн нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдах эсэх, эсхүл дээрх үндэслэлүүдэд нэхэмжлэлийн үндэслэл мөн хамаарах эсэх, уг ойлголтуудыг хэрхэн тодорхойлох, хэрэглэх талаар тайлбарлах шаардлагатай нь шүүхийн практикаар тогтоогдож байна.

      Гурав. Тайлбарын цар хүрээ

      Тайлбарын цар хүрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.3.1, 18.3.2, 52 дугаар зүйлийн 52.5.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 83 дугаар зүйлийн 83.1, 106 дугаар зүйлийн 106.3.5, 106.5 дахь хэсгийн дараах хууль зүйн ойлголт, нэр томьёогоор хязгаарлагдана.

3.1.Хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хуулиар тусгайлан эрх олгогдсон";

3.2.Хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1-д заасан "тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх";

3.3.Хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.2-т заасан "дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх";

3.4.Хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д заасан "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох", "нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх";

3.6.Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус";

3.7.Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд";

3.8.Хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан "хуульд заасан торгох шийтгэл оногдуулж болох зөрчил";

3.9.Хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх";

3.10.Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан "нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн", "хэргийн оролцогчдын маргаагүй асуудал".

      Дөрөв. Тайлбарын арга зүй

      Тайлбарын холбогдох хэсэг тус бүрд тохирох хууль тайлбарлах аргаар, тухайлбал нэр томьёог үгийн шууд утга болон хэл зүйн дүрмээр; хуульд нэр томьёоны тодорхойлолт хийсэн бол тэр утгаар нь тайлбарлах (authentic); хууль зүйн ойлголт, ухагдахууныг эрх зүйн онол, нийтлэг зарчимд нийцүүлэн тайлбарлах; хэд хэдэн ойлголтын нийцлийг хангах, зөрчлийг шийдвэрлэх үүднээс логик болон системчлэлийн (хэм хэмжээний бүтцийн нэгдмэл, уялдаатай байдлыг хангах-structural), ойлголтуудыг цэгцлэн тайлбарлах (hermeneutic) болон хуулийн зорилго, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах (teleological) аргаар тус тус тайлбарлана.

      Хэрэглэсэн аргыг тайлбарын үндэслэлд нэг бүрчлэн дэлгэрэнгүй томьёолов.

      Тав. Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл

      5.1.Монгол Улсын Их Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т "... нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, байгаль хамгаалал, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч, дэд бүтэцтэй холбоотой асуудлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах стратегийн өмгөөлөл, бодлогын нөлөөллийг бүх талаар дэмжих; ..."[9] гэж тусгасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг 2015 онд боловсруулж батлахдаа нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг тодорхойлж, "нийтийн ашиг сонирхол"-д хамаарч болох нэхэмжлэлийн шаардлагын хүрээг заажээ.

      Тодруулбал, хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд" гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг /ойлгохоор/", 18 дугаар зүйлийн 18.3-т "хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна: 18.3.1. нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх; 18.3.2. дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх" гэж тус тус тодорхойлсон байна.

      Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т "Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно", 46 дугаар зүйлийн 46.3-т "Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжилж байгаа этгээдийг шүүхийн зардлаас чөлөөлнө", 52 дугаар зүйлийн 52.5-д "Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:" гээд 52.5.5-д "нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй;", 118 дугаар зүйлийн 118.3-т "Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй" зэргээр энэ төрлийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зарим онцлог байдлаар зохицуулсан тул хуулийн энэхүү зохицуулалтыг тайлбарлахдаа хууль санаачлагч болон хууль тогтоогчийн үзэл баримтлал, хуулийн зорилго болон бусад зохицуулалтын уялдааг харгалзан системчилсэн байдлаар авч үзэх нь зүйтэй.

      5.1.1.Хуулийн 18.3-т зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхийг "хуулиар тусгайлан эрх олгогдсон" этгээд болон уг хуульд тусгайлан заасан шаардлага нөхцөлийг хангасан "нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд" гэсэн хоёр субъектэд олгохоор хуульчилсан, түүнчлэн "хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь ... /энэ хуульд заасан/ шаардлагыг хангасан байна" гэж заажээ.

      Хууль тогтоогч "хуулиар тусгайлан эрх олгогдсон" хэмээн эш татсан гипотезийг хэрэглэхдээ "тусгайлан" гэх угтвар нөхцөлийг онцгойлон хуульчилсан учир нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тухайн этгээдэд өөр бусад хуулиар тусгайлан олгосон байхыг шаардана, харин уг этгээд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-т заасан шалгуурыг хангасан байхыг шаардахгүй гэж ойлгохоор байна.

      5.1.2.Хуульчийн эрх зүйн байдлын тухай (2012) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа" гэж хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих зорилготой аливаа үйл ажиллагааг" /ойлгохоор/ тодорхойлж, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журмыг Хуульчдын холбоо батална" гэж заасны дагуу Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 19 дүгээр тогтоолын хавсралтаар "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журам"-ыг баталсан, уг журмын 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчийн нийтэд тусгай мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг тодорхойлохдоо захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд[10] үзүүлнэ гэж заажээ.

      Өмгөөллийн тухай хууль 2019 онд батлагдаж, уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгчтэй холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ", 3.2-т "хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, зөвлөмж, дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, төрийн болон бусад байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөхөөс бусад хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хуульчид энэ хууль хамаарахгүй" гэж заасан, түүнчлэн уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт /цаашид "өмгөөлөгчийн шалгалт" гэх/-д тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эрх авсан хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх"-ээр заасан тул Өмгөөллийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан харилцаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэглэхгүй.

      Өмгөөллийн тухай (2019) хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Өмгөөлөгч үйлчлүүлэгчийг итгэмжлэл, хүсэлт, гэрээ, эсхүл нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд томилолтын үндсэн дээр төлөөлнө", 29 дүгээр зүйлийн 29.1-д "Өмгөөлөгч нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлнэ", 29.2-т "Нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хэлбэр, журмыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална", 29.3-т "Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй" гэж тус тус заасан байна.

      Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйл нь "хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хангах" гэсэн нэртэй бөгөөд заалт, хэсгийг авч үзвэл иргэн, хуулийн этгээдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг ямар арга, хэлбэрээр хамгаалж болохыг тодорхойлсон шинжтэй бүлэг зохицуулалт байна. Харин тус хуулийн 29 дүгээр зүйл нь "Өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа" гэсэн нэртэй бөгөөд өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг баталгаажуулж, мөн энэ хүрээнд бусад ийм төрлийн үйл ажиллагааг дэмжих, нийт өмгөөлөгчийн оролцоог хангах үүргийг зааж, нийтэд тустай үйл ажиллагаа явуулах хэлбэр, журмыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл тогтоохоор журамлажээ.

      Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйл нь өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг илүү нарийвчлан зохицуулсан байхын зэрэгцээ 21 дүгээр зүйлд "төлөөлөх" эрх нь томилолтын үндсэн дээр хэрэгждэг байхаар, харин 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар "өөрийн нэрийн өмнөөс" нэхэмжлэл гаргаж буй бол томилолт шаардахгүй, эрхээ шууд хэрэгжүүлэхээр хууль тогтоогч салаа утгагүй заасан, өөрөөр хэлбэл, дээрх хоёр зүйл нь бие биеэ үгүйсгээгүй, тус тусдаа бие даасан агуулга бүхий зохицуулалт байх тул уг "өмгөөлөгчийн өөрийн нэрийн өмнөөс шүүхэд хандах эрхийг гагцхүү томилолтын үндсэн дээр хэрэгжинэ" гэж тайлбарлан хэрэглэх боломжгүй.

      Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хуулиар тусгайлан эрх олгогдсон" гэдэгт өмгөөлөгчийн хувьд өөрийн нэрийн өмнөөс нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд томилолт шаардахгүй бөгөөд харин бусад этгээд болон Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн баталсан "Нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хэлбэр, журам"-д тусгаснаар шүүхэд хандаж буй тохиолдолд "томилолт"-ын үндсэн дээр төлөөлж нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж тайлбарлах нь зүйтэй байна.

      5.1.3.Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Прокурор үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална: 3.1.2. хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах" гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д "Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна", 20 дугаар зүйлийн 20.1-д "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", 20.4-т "Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно", 41 дүгээр зүйлийн 41.1-д "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасан байна.

      Прокурорын тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь прокурорын үйл ажиллагааны нэг хэсэг байх тул энэ хүрээнд нэгд, төрийн байгууллагын хүсэлтээр, хоёрт, өөрийн санаачилгаар захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үндсэн нэхэмжлэгч, эсхүл, гуравдагч этгээдээр оролцох боломжтой, ингэхдээ итгэмжлэлгүйгээр оролцох эрхийг хууль тогтоогч тодорхой хуульчилжээ.

      Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хуулиар тусгайлан эрх олгогдсон" гэснийг прокурорын хувьд, өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлгүйгээр, харин төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж ойлгож хэрэглэх нь зүйтэй.

      Харин Прокурорын тухай хуулийн 18 дугаар зүйлд прокурор зөрчил шалган шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох журмыг хуульчилсан, уг зүйлийн 18.1-д "хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцоно", 18.2-т "прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж тус тус заасан байх тул прокуророос хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчоор оролцож буй агуулга нь "нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах" агуулгад хамаарахгүй.

      Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор нь зөрчлийн хэрэг бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ бүрэн эрхийн хүрээнд өөрөө дүгнэлт бичсэн бол захиргааны хэргийн шүүхэд уг зөрчлийг хэлэлцэхэд оролцогч болдог тул энэ журмаар гаргасан дүгнэлт (гомдол)-ийг "нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн" нэхэмжлэл гаргасан гэж үзэхээргүй байна.

      5.1.4.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д "Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ: ... 2/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах, байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах" гэж зааснаас үзэхэд "хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх", "хариуцлага хүлээлгэхийг шаардах", "шүүхэд нэхэмжлэл гаргах" гэсэн гурван тусдаа (нийлмэл бус буюу хамтдаа нэгэн зэрэг хэрэгжихийг шаардахгүй) эрх олгосон диспозици байх тул байгаль орчинд хохирол учруулсан гэж үзвэл иргэн тухайн буруутай этгээдээс учруулсан хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэхээр байна.

      Гэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус үйл ажиллагаатай холбоотой нийтийн эрх зүйн маргааныг шийдвэрлэх тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу иргэн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд "байгаль орчинд хохирол учруулсан этгээд" буюу хариуцагч нь захиргааны байгууллага байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа, түүний улмаас байгаль орчинд хохирол учруулсан байх" агуулгыг шаардана.

      Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т "хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ" гэж заасан тул байгаль орчинд учирсан хохирлын хэмжээний талаар талууд маргаж буй тохиолдолд уг маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй[11] юм.

      5.1.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар "... хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх" боломжийг олгосон, ингэхдээ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/"-оор, 52 дугаар зүйлийн 52.5.4-т "захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн /талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхойлох/"-оор тус тус заажээ.

      Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэл гаргаж буй захиргааны байгууллагын хувьд өөр захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас хууль тогтоомжид заасан нийтийн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн бол захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, энэ тохиолдолд захиргааны байгууллага шууд утгаараа нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор бус, харин бусад захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байдлыг таслан зогсоох зорилгоор гаргаж буй нэхэмжлэлийн төрөл тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.9-д "захиргааны байгууллагын гаргасан нэхэмжлэлийн хувьд хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол /маргаан бүхий актыг/ хүчингүй болгох;" гэж заасан хүрээнд шийдвэр гаргах учиртай. Энэ тохиолдолд хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хуулиар эрх олгогдсон" гэх агуулгад хамаарахгүй, захиргааны байгууллагыг хуулийн 18.3-т заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй.

      5.1.6.Хуулийн 18 дугаар зүйлээр хууль тогтоогч нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь "хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах" зорилго, агуулгаар нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар "агуулга"-ын хүрээг тогтоосон, энэ хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхдээ хууль санаачлагч болон хууль тогтоогчийн хүсэл зоригийг анхаарах нь зүйтэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан хэрэгцээ шаардлага, төслийн үзэл баримтлал, түүнийг Улсын Их Хурлаас хэлэлцэж баталсан холбогдох тэмдэглэл зэргээс үзэхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах хүрээг "хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах" гэж тогтооход буюу тодорхой хязгаартай нээхэд чиглэжээ.

      Энэ нь өмнө дурдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс тодорхой харагдахын зэрэгцээ анх хуулийн төслийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үед ажлын хэсгээс өгсөн тайлбараар тогтоогдоно.[12]

      Нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах "хуулиар тусгайлан эрх олгогдсон" этгээд нь хуульд заасан дээрх хүрээнээс өөр асуудлаар нэхэмжлэл гаргах боломжтой эсэх асуудлаар шүүхийн практикт маргаан үүссэн тул уг хязгаарлалт нь "хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээд"-д хамаарах эсэх талаар тайлбарлах шаардлага үүссэн байна. Тухайлбал:

        Дээр дурдсанаар өмгөөлөгч, прокурорын нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг баталгаажуулсан боловч нэхэмжлэл гаргах хүрээг тодорхой заагаагүй тул тухайн хуулийн зохицуулалтуудыг харилцан уялдаанд нь хууль зүйн системчлэлийн аргаар авч үзэж, тэдгээрийн нэхэмжлэл гаргах хүрээг тодорхойлж болох юм.

       Өмгөөллийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д "Өмгөөллийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Арбитрын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ", 13 дугаар зүйлийн 13.2-т "Эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, арбитрын маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрхийг энэ хууль болон холбогдох хуулиар тогтооно", 14 дүгээр зүйлийн 14.1-д "Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ: 14.1.5. хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх" гэж, Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "прокурор хуульд заасан тохиолдолд дараахь шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно: 17.1.3. захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх" гэж тус тус заасан, өмгөөлөгч, прокурорын захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан тогтоогдсон гэж үзнэ.

      Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх талаар "хуулиар тусгайлан эрх олгогдсон" этгээдэд ямар хүрээнд, ямар асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тухайн хуульд тусгайлан зааж баталгаажуулсан байхыг хуулийн 18.3 дахь заалтын "тусгайлан" гэх агуулгад хамааруулан ойлгоно. Тодруулбал, Байгаль орныг хамгаалах тухай хуульд иргэн нь байгаль орчинд хохирол учруулсан гэж үзвэл тухайн буруутай этгээдээс учруулсан хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар зохицуулсан учир нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гаргах нэхэмжлэлийн агуулга нь энэ хүрээгээр буюу "байгаль орчинд учруулсан хохирлыг арилгуулах" агуулгаар хязгаарлагдана.

      Харин тухайн хуульд захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нэхэмжлэл гаргах эрхийн хүрээ хязгаарыг тогтоогоогүй бол хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах" асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хуульд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах хүрээ хязгаарыг тогтоогоогүй нь тухайн этгээдийг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн "дурын" асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй.

      5.2.Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж ... энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг /ойлгоно/" гэж хууль тогтоогч нэр томьёоны тодорхойлолтод заасан тул нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх төрийн бус байгууллага нь хуулийн 18.3.1-д заасан "нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх", 18.3.2-т заасан "дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх" шаардлагыг нэгэн зэрэг хангасан байхыг шаардана.

      Хууль тогтоогчоос дээрх байдлаар тодорхой шаардлага хангасан төрийн бус байгууллага нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар журамласан нь тухайн асуудлаараа тууштай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, мэргэшсэн этгээдэд уг эрхийг олгох, ингэснээр нийтийн ашиг сонирхол илүү хамгаалагдах агуулгаар тодорхойлжээ.[13]

      Хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1-д "нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх" гэж заасан нь төрийн бус байгууллагаас нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд мөн зүйлд заасан дөрвөн хүрээнд нэхэмжлэл гаргаж буй эсэхийг тухайн байгууллагын дүрмийн зорилготой уялдуулан авч үзэх агуулгатай байна.

      Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1/-д "төрийн бус байгууллага" гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг /ойлгох/"-оор, 10 дугаар зүйлд "Төрийн бус байгууллагын дүрэмд дор дурдсан зүйлийг тусгана: 3/ төрийн бус байгууллагын зорилго" гэж тус тус зааснаас үзвэл төрийн бус байгууллагын зорилгыг тухайн байгууллагын дүрэмд заасан байхыг хууль тогтоогч шаардсан тул тухайн төрийн бус байгууллагын дүрэмд заасан үйл ажиллагааны зорилгыг анхааран үзэх нь чухал ач холбогдолтой.

      Түүнчлэн мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2/-т "нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг /ойлгох/"-оор, 3/-т "гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдгээс бусад төрийн бус байгууллагыг /ойлгох/"-оор тус тус зааснаас үзэхэд, төрийн бус байгууллагыг "нийгэмд үйлчилдэг", "гишүүддээ үйлчилдэг" гэх хоёр үндсэн хэлбэрийг ялган зааглаж, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь тодорхой чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг бол гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага нь өөрийн гишүүдэд үйлчилж, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой байхаар онцолжээ.

      Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын үндсэн зорилго нь өөрийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэх тул энэ зорилгын хүрээнд явуулж буй үйл ажиллагаа буюу өөрийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах агуулгыг "нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх" ойлголтод хамааруулах үндэслэлгүй.

      Тодруулбал, тухайн төрийн бус байгууллагын гишүүдийн тодорхой субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдол нь нийтийн эрх ашиг буюу объектив эрхийн маргаанд хамааралгүй, өөрийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах нь шууд утгаараа объектив эрхийг төлөөлж буй агуулгагүй тул энэ тохиолдолд тухайн төрийн бус байгууллагыг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх этгээдэд хамааруулан авч үзэхгүй, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу итгэмжлэлийн үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзнэ.

      Иймд, "нийгэмд үйлчилдэг" төрийн бус байгууллагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдэд хамааруулж ойлгох нь зүйтэй.

      5.3.Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд "Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ" гэж заасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.2-т /төрийн бус байгууллага нь/ "дүрмийн зорилгын дагуу сүүлийн 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх"-ыг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргахад тусгайлан шаарджээ.

      Хуулийн энэ зохицуулалтын дагуу төрийн бус байгууллага нь улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар хуулийн этгээдийн эрхтэй болох тул гэрчилгээ авсан өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж үзнэ, түүнчлэн дүрэмдээ нийтийн ашиг сонирхлын нэхэмжлэл гаргаж болох хуульд заасан агуулгад хамаарах зорилгыг тодорхойлсон бөгөөд уг дүрмийн зорилгын дагуу үйл ажиллагааг гурваас дээш жил явуулсан нь тогтоогдсон тохиолдолд төлөөлөх эрх үүснэ гэж үзнэ.

      Тухайн төрийн бус байгууллага байгуулагдаад 3-аас дээш жил үйл ажиллагаа явуулж байгаа боловч нийтийн ашиг сонирхлыг төлөөлж буй асуудлаар үйл ажиллагаа явуулахаар дүрмийн зорилгод заагаагүй, эсхүл ийм үйл ажиллагаа явуулахаар дүрэмдээ нэмж зааснаас хойш 3 жил өнгөрөөгүй буюу энэ зорилгын хүрээнд 3-аас дээш жил үйл ажиллагаа явуулаагүй бол хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

      Хуулийн зохицуулалтыг ийнхүү тайлбарлаж хэрэглэх нь өмнө дурдсан "илүү мэдээлэлтэй, илүү туршлагатай, асуудлыг ул суурьтайгаар харж чадах тэр хэсэг нь маргаанд оролцох боломжийг бий болгох" зорилго бүхий хууль санаачлагчийн хүсэл зорилгод нийцэхээр байна.

      Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д "төрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор татварын албанд өгнө", 2-т "төрийн бус байгууллага үйл ажиллагааныхаа тайланг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх бөгөөд түүнд дараах асуудлыг тусгана: 2/ үйл ажиллагааны тухай товч мэдээлэл; 3/ жилийн орлого, зарлагыг дор дурдсан ангиллаар: б/ дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагааны;" гэж тус тус заасан тул дүрэмд заасан зорилгын хүрээнд үйл ажиллагаа "тогтвортой" явуулсан эсэхийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татварын албанд гарган өгсөн тайлангаар тогтоох нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д "нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй;" гэдгийг энэ төрлийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааруулахаар тогтоожээ.

      Энэхүү зохицуулалтад буй "хангалттай сонирхол" нь хүн, хуулийн этгээдээс субъектив эрхийн хүрээнд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд тавигдах "эрх, хууль ёсны сонирхол"-оос хэрхэн ялгагдах талаар шүүхүүд зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн нь хууль тайлбарлах хэрэгцээ үүссэн ба энэхүү ойлголтыг тайлбарлахын тулд юуны өмнө хууль тогтоогчийн хүсэл зоригт анхаарал хандуулах шаардлагатай.[14]

      Захиргааны процессын эрх зүйн онолд мөн нэхэмжлэлийн төрлийг нийтлэг, бүлгийн, эрх нь зөрчигдсөн этгээдийн хэмээн зааглан авч үздэг[15] бөгөөд "эрх, хууль ёсны сонирхол" гэх хууль зүйн ойлголт нь зөвхөн тухайн "эрх, хууль ёсны сонирхол" нь зөрчигдсөн (субъектив эрхийн хүрээнд) этгээдээс уг зөрчсөн байдлыг таслан зогсоох, зөрчигдсөн эрхээ сэргээх болон зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор гаргадаг нэхэмжлэлийн төрөлд хамаардаг бол хууль тогтоогч энэхүү нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс зориуд зааглаж, "хангалттай сонирхол" гэх нэр томьёог ашиглажээ.

      Иймд, хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д заасан "хангалттай сонирхол" гэдгийг нэхэмжлэл гаргаж буй асуудал нь хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх төрийн бус байгууллагын хувьд дүрмийн зорилгод нийцсэн, тухайн зорилгын хүрээнд 3-аас дээш жил үйл ажиллагаа тасралтгүй явуулсан гэдгээ илэрхийлсэн байх хүрээнд ойлгох нь зүйтэй.

      5.4.Хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг /нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд тодорхойлох/"-оор заажээ.

      5.4.1.Энэ нэхэмжлэлийн зүйл нь "нийтийн эрх зүйн харилцаа" бөгөөд нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн эрх зүйн ямар ч харилцаа байх боломжтой, харин хувийн эрх зүйн харилцаа энэ нэхэмжлэлийн шаардлагын зүйл болохгүй.

      Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл нь "ерөнхий тогтоох нэхэмжлэл"-ийн агуулгад хамаарах бөгөөд түүнийг дотор нь "эерэг тогтоох нэхэмжлэл" (эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох гэж буй бол), "сөрөг тогтоох нэхэмжлэл" (эрх зүйн харилцаа байхгүйг тогтоолгох гэж байгаа тохиолдолд) гэж ангилах[16] ба уг нэхэмжлэлийн зорилго нь нэхэмжлэгч болон бусад этгээд (хариуцагч, гуравдагч этгээд гэх мэт)-ийн хооронд, эсхүл тодорхой эд юмсын хувьд эрх зүйн үр дагавар үүссэн эсэхийг, тухайлбал тодорхой эрх, үүрэг үүссэн, өөрчлөгдсөн, дуусгавар болсон болохыг шүүхээр тогтоолгоход чиглэгдэнэ.

      5.4.2.Нийтийн эрх зүй нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор төр болон нийтийн засаглалыг хэрэгжүүлэгч бусад этгээдээс хувь этгээдтэй харьцах харилцааг зохицуулдаг буюу ерөнхий утгаараа, нэг талаас нийтийн эрх зүйн этгээд, нөгөө талаас хүн, хуулийн этгээдийн хооронд, зарим тохиолдолд тодорхой эд юмсын хувьд нийтийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр үүсэх харилцааг "нийтийн эрх зүйн харилцаа"-нд хамааруулж ойлгох тул уг ойлголтод захиргааны актын үндсэн дээр үүсэж болох харилцаа өргөн агуулгаар хамрагдана.

      Иймд, "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох" нэхэмжлэлээр нэхэмжлэлийн бусад төрлийг үгүйсгэхгүйн үүднээс захиргааны процессын эрх зүйд энэ төрлийн нэхэмжлэл гаргах боломжийг "субсидиар зарчим"[17] (хоёрдогч байх)-аар тодорхойлно.

      Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл гаргахад баримтлах "субсидиар зарчим" нь нэг талаар нэхэмжлэгч хүчингүй болгох болон даалгах нэхэмжлэлийн тусгай урьдчилсан нөхцөлийг тойрч гарах арга замыг үгүйсгэх, нөгөө талаар нэхэмжлэгчийн хувьд илүү үр дүнтэй процессын эрх зүйн хамгаалалт үзүүлэхэд чиглэгддэг. Хүчингүй болгох, даалгах зэрэг үндсэн нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр нь тогтоох нэхэмжлэлийг бодвол шууд биелэх боломжтой тул нэхэмжлэгчийн эрхийг илүү хамгаалдаг.[18]

      Өөрөөр хэлбэл, "нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад төрлөөр эрхээ хангуулах боломжгүй тохиолдолд л тогтоох нэхэмжлэлийг гаргах боломжтой" буюу тухайн этгээдийн хувьд нэхэмжлэлийн өөр бусад үндсэн төрлүүдээс (хүчингүй болгох, даалгах гэх мэт) аль нэгийг нь сонгож нэхэмжлэл гаргах боломжгүй, хүчингүй болгох, даалгах нэхэмжлэлийн шаардлагаар эрхээ хангуулах оролдлого хийсэн боловч амжилтад хүрээгүй, эсхүл ийм нэхэмжлэл гаргасан ч үр дүнд хүрэхээргүй буюу эрх ашиг нь хамгаалагдахааргүй байгаа, ерөөс эдгээр шаардлагыг гаргах боломжгүй буюу бусад нэхэмжлэлийн зүйл, урьдчилсан нөхцөлд хамаарахгүй байх тохиолдлыг ойлгоно.[19]

      Жишээ нь, эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан бол тухайн этгээдээс "нөхөх олговор олгохыг даалгах" нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой тул субсидиар зарчмын дагуу "нөхөх олговор авах эрхтэй болохыг тогтоолгох" буюу тогтоох нэхэмжлэл гаргах боломж үгүйсгэгдэнэ.

      Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн маргааны үйл баримтын талаар шүүхэд маргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан зэрэг өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалж шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд, эсхүл хүчингүй болгох, даалгах зэрэг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн (нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон)-ий дараа нэхэмжлэгч нь тухайн маргааны үйл баримтаар дахин шүүхэд маргах зорилгоор "эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох" нэхэмжлэл гаргах боломж үгүйсгэгдэнэ.

      5.4.3.Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага, хамгаалагдахуйц ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа тохиолдолд "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох" нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзнэ.

      Шүүх "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох" нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардаж буй эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоосноор түүний хувьд ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх буюу хамгаалагдах боломжтой вэ гэдгийг анхаарах ёстой.

      Учир нь ерөнхий тогтоох нэхэмжлэл нь хийсвэр хэм хэмжээний хяналтад чиглэгдэхгүй, тухайлбал тодорхой эрх зүйн хэм хэмжээ хүчин төгөлдөр эсэхийг, эсхүл холбогдох хэм хэмжээг зөрчсөн эсэхийг, мөн эрх зүйн үр дагавар нь нэгэнт тодорхой, ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болж өнгөрсөн үйл явдлыг тогтоох нь шүүхийн зорилго биш юм.

      Гэтэл шүүхээр шийдвэрлэгдсэн зарим маргааны хувьд хууль зүйн үр дагавар нь нэгэнт тодорхой асуудлыг, жишээлбэл тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь ойн сан бүхий газартай давхцалтай нь маргаангүй илэрхий тохиолдолд "ашигт малтмал олборлох боломжгүй болохыг тогтоолгох"-оор, мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг хуульд заасан журмын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан гэдэг нь хэнд ч илэрхий байхад "хайгуулын талбайг тусгай хэрэгцээнд авсан болохыг тогтоолгох"-оор, түүнчлэн уг нэхэмжлэлийн зорилгод огт хамаарахгүй "хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох" зэрэг шаардлага гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүхийн үйл ажиллагааны үндсэн зорилгод нийцээгүй байна.

      Иймд хууль тогтоогч хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасан тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор "нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх"-ийг нэхэмжлэлийн үндэслэлд тодорхойлох шаардлагатайг тусгайлан заажээ. Үүнийг тухайн нэхэмжлэлийн хувьд тавигдах урьдчилсан тусгай нөхцөл гэж ойлгоно.

      Тодруулбал, нэхэмжлэгч гаргаж буй нэхэмжлэлдээ шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг зайлшгүй тогтоолгох ямар онцгой ашиг сонирхол байгаагаа тодорхой дурдсан байх бөгөөд шүүхээс тухайн харилцаа байгаа эсэхийг тогтоосон тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхүйц, хамгаалагдахуйц байна. Мөн тухайн ашиг сонирхол нь цаг хугацааны хувьд даруй байна,[20] өөрөөр хэлбэл ирээдүйд үүсэх эрх зүйн харилцааг урьдчилан тогтоох боломжгүй.

      Иймд, "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох" нэхэмжлэл гаргахад а/ хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх; б/ нэхэмжлэгчийн хувьд шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг шүүхээр зайлшгүй тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байх хоёр нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авна, харин эдгээр нөхцөлийн аль нэг нь хангагдаагүй бол хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж ойлгоно.

      5.5.Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1"захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" асуудлаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хүлээн авахаас татгалзахаар заасан, уг зохицуулалтыг мөн хуулийн 54.1.5-д заасан "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" гэх үндэслэлийн агуулгатай уялдах, эсрэгцэх агуулгыг тодорхойлох зорилгоор тайлбарлах нь зүйтэй байна.

      5.5.1.Тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргаан нь "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэдэг нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхыг ойлгоно.

      Өөрөөр хэлбэл, тухайн маргаан нь "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" эсэхийг шүүх тодорхойлохдоо нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон асуудал нь "нийтийн эрх зүйн маргаан" мөн эсэх агуулгаар дүгнэлт хийнэ, харин тухайн асуудлаар маргаж буй нэхэмжлэл гаргагч талын эрх зүйн байдал, шаардах эрхтэй холбогдуулан дүгнэж, энэ дүгнэлтэд үндэслэж, "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" эсэхийг тодорхойлж болохгүй.

      Шүүх хуулийн 54.1.5-д заасан "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" эсэх нөхцөлийг шалгахын өмнө 54.1.1-д заасан нөхцөл байгаа эсэхийг шалгана, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын асуудал буюу хэргийн харьяалал зөрчигдөөгүй тохиолдолд тухайн нэхэмжлэл гаргасан этгээдийн хувьд хуулийн 54.1.5-д заасан үндэслэл үүссэн эсэхийг шалгахаар хууль тогтоогч эрэмбэлснийг анхаарах нь зүйтэй.

      5.6.Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" эсэхийг дараах байдлаар тодорхойлох нь зүйтэй байна.

      5.6.1.Хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргааны хүрээгээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан нөхцөл үүсээгүй тохиолдолд шүүх тухайн этгээдийг "нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд" мөн эсэхийг шалгана.

      Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар 1)-д захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх зорилгоор шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн, эсхүл 2)-д оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн-ээс (үүссэн захиргааны эрх зүйн харилцааны талаар маргаж буй) эсэхээс шалтгаалан хоёр ангилж үзэхээр байна.

      Захиргааны эрх зүйн харилцаа үүсэх болсон үндэслэлээс үүдэн ямар төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлүүлэх нь тодорхойлогдох боломжтой. Тухайлбал, захиргааны санаачилгаар эрх зүйн харилцаа үүсэж, улмаар сөрөг үйлчлэл бүхий шийдвэр гарсан, эсхүл ийм шийдвэр гарах нь харьцангуй тодорхой болсон үед хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2, 52.5.6-д заасан төрлийн нэхэмжлэл гаргах боломжтой тул энэ тохиолдолд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь уг шийдвэрийн үйлчлэлд өртсөн буюу үйлчлэл нь чиглэсэн этгээд байна.

      Энэ этгээдийг тодорхойлоход Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйл болон захиргааны эрх зүйн тусгай ангийн хэм хэмжээнд нэмэлт зохицуулалттай бол уг хэм хэмжээг баримтална. "Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" гэдгийг тодорхойлоход тухайн нэхэмжлэл гаргасан этгээдийн маргаж буй захиргааны шийдвэрийн эрх зүйн үйлчлэл хэнд, ямар цар хүрээтэй чиглэж, нөлөөлөхүйц байгааг тогтоох нь ач холбогдолтой.

      Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгчид чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий, тодорхой бол тухайн этгээдийг тухайн асуудлаар маргах эрхгүй буюу "нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд" биш гэж үзнэ.

      Захиргааны шийдвэрийн үйлчлэл гэдэгт нэхэмжлэл гаргаж буй этгээдэд чиглэсэн буюу түүний эрх зүйн байдлыг хөндсөн (locus standi) үр дагаварт хүргэхүйц хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан нөхцөлүүд багтана.

      Эрх зүйн үйлчлэл чиглэсэн гэдэгт уг этгээдэд эрх олгосон, үүрэг бий болгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон, үгүй бол түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зэргийг ойлгоно. Нэхэмжлэл гаргагч этгээдийн эрх зүйн байдалд шууд болон шууд бусаар өөрчлөлт оруулахааргүй байвал түүнд чиглэсэн "үйлчлэлгүй" гэж үзнэ.

      Захиргааны шийдвэрийн үйлчлэл нь шууд бус буюу тухайн этгээдэд шууд нэрлэн зааж хандаагүй боловч үр дагавар нь тухайн этгээдэд нөлөөлөх нь тодорхой байвал нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, захиргааны актын эрх зүйн үр дагаврыг зөвхөн хаяглагдсан этгээдээр хязгаарлах биш, уг актын "үр дагавар" нэхэмжлэл гаргаж буй этгээдэд тодорхой үйлчлэлтэй байж болох эсэхийг шүүх харгалзан үзсэний үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэл байгаа эсэхийг тогтоох ёстой.

      Тухайлбал, төрийн аудитын газраас боловсролын зээлийн санд хаяглан акт үйлдэхдээ нэхэмжлэгч иргэнд зээл олгосон нь хууль зөрчсөн тул түүгээр эргүүлэн төлүүлэх шийдвэр гаргасныг уг актын үйлчлэл нэхэмжлэл гаргагч иргэнд зайлбаргүй үйлчлэлтэй гэж үзнэ.

      Түүнчлэн, захиргааны шийдвэрийн үйлчлэл нь нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой, мөн хожим бий болох үйл явдлаас хамаарч болох, эсхүл болохгүйг тогтоох, урьдчилан тодорхой зүйл хийх, түдгэлзэх, эсхүл тодорхой зүйл хийхийг үүрэг болгох, хожим бий болох, өөрчлөгдөх, эсхүл нөхөн гүйцээх үүргийн үндэслэлийг тодруулсан зэрэг шинжээр илэрч болно.

      Нөгөөтээгүүр, хүн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн, эсхүл эс үйлдэхүй гаргасан гэж үзэж буй тохиолдолд хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 52.5.3, 52.5.4, 52.5.5-д заасан төрлийн нэхэмжлэл гаргах боломжтой.

      Хүн, хуулийн этгээдийн санаачилгаар захиргааны эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд уг харилцаанаас үүдэлтэй захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг шийдвэрлүүлэх, захиргааны эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүйг тогтоолгох, захиргааны байгууллага нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн зэрэг нэхэмжлэл гаргагчийн хувьд "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" гэдгийг тодорхойлоход дараах нөхцөлийг харгалзах шаардлагатай.

      Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан болон бусад объектив эрх зүйн маргааны хувьд тухайн нэхэмжлэл гаргасан этгээдийн маргаж буй захиргааны шийдвэрийн эрх зүйн үйлчлэл тэр этгээдийн өөрийнх нь субъектив эрхэд чиглэл, нөлөөлөлтэй эсэхийг шалгах, улмаар өөрийнх нь эрхэд үйлчлэлгүй гэдэг үндэслэлээр хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 -ийн "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" гэсэн нөхцөлийг хэрэглэхгүй.

      Түүнчлэн нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нь тодорхой нэг эрх зүйн хэм хэмжээний хүрээнд захиргаатай харилцаж эрх эдлэх, эсхүл үүрэг хүлээх нөхцөл үүссэн эсэхийг тогтоолгох зорилготой тул нэхэмжлэл гаргагч заавал захиргааны шийдвэрийн үйлчлэлд өртсөн байхыг шаардахгүй.

      5.6.2.Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа маргаж буй захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоож нотолсон байхыг шаардахгүй, маргаан бүхий захиргааны шийдвэр, үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байж болзошгүй нь, түүнчлэн зарим төрлийн нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээр тодорхойлогдож байгаа тохиолдолд "нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд" гэж үзнэ.

      Өөрөөр хэлбэл, субъектив эрхийн маргааны хувьд маргаж буй захиргааны шийдвэрийн үйлчлэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байж болзошгүй шалтгаант холбоотой байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэх буюу тухайн этгээдийг "нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд" гэж үзэх хангалттай үндэслэл болно.

      5.6.3.Нэхэмжлэл гаргасан этгээд нь хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан "захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр заагдсан эрхээ өөрөө хэрэгжүүлж, үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх болон төлөөлөгчөөрөө гүйцэтгүүлэх /чадвартай/, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд" биш, эсхүл хуулиар тусгайлан шаардсан тухайн асуудлаар "төлөөлөх эрх" нь хуульд заасан журмын дагуу олгогдоогүй, захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нэхэмжлэл гаргах эрх нь олгогдоогүй этгээд, түүнчлэн мөн хуулийн 18 дугаар зүйлд заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд биш, хуульд заасан журмын дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий захиргааны байгууллага биш байх, хуулийн этгээд биш байх зэрэг тохиолдлуудад тухайн этгээдийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.

      Тухайлбал, хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх бөгөөд зайлшгүй тохиолдолд хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийн захирамжаар оролцож болно.

      5.7.Хуулийн 83.1-д "хуульд заасан торгох шийтгэл оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч шийтгэвэр, шүүх тогтоол гарган зөрчил гаргасан этгээдийг торгоно" гэж заасны "хуульд заасан торгох шийтгэл оногдуулж болох зөрчил", "шүүх хуралдаан дээр гаргасан" гэх агуулгуудыг хууль тайлбарлах системчлэлийн аргаар тодорхойлов.

      Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар явагдах бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн дарааллаар явагдаж, шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх заалт нь шүүх ямар зөрчлийг, хэзээ гаргаснаас хамааран шууд хариуцлага хүлээлгэж болох талаарх зохицуулалт юм.

      Харин системчлэлийн үүднээс авч үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д "хуульд заасан" гэсэн нь шүүхийн хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчилд тооцох үйлдэл, эс үйлдэхүй, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрлийг зохицуулсан хуулийн холбогдох заалтаар тодорхойлогдохоор байна. Зөрчлийн тухай хуулиар уг харилцааг зохицуулж байгаа бөгөөд төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчилд тооцох үйлдэл, эс үйлдэхүй, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрлийг (торгох, баривчлах, эрх хасах) Зөрчлийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэгт зохицуулсан байна.

      Зөрчлийн тухай хуулийн 15.3 дугаар зүйлд "шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохоос зайлсхийх", "шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах", 15.4 дүгээр зүйлд "Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох", 15.5 дугаар зүйлд "шүүх хуралдааны дэг, журам зөрчих", 15.6 дугаар зүйлд "прокурорыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах", 15.7 дугаар зүйлд "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зэргээр шүүхийн хэвийн үйл ажиллагааны эсрэг" зөрчлүүдийг тодорхойлсон бөгөөд эдгээрээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан "... шүүх хуралдаан дээр гаргасан" гэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйл буюу "шүүх хуралдааны дэг, журам зөрчих" зөрчил байна.

      Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны дэг, журмын эсрэг зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан тохиолдолд шүүгч, шүүх бүрэлдэхүүн зөрчил гаргасан этгээдэд шууд хариуцлага хүлээлгэж болох зохицуулалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг юм.

      Харин Зөрчлийн тухай хуулийн 15.3, 15.4, 15.6, 15.7 дугаар зүйлүүдэд заасан зөрчлийг "шүүх хуралдааны бус үед" буюу шүүх хуралдаанаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тохиолдлууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т заасан "... 83.1-д зааснаас бусад тохиолдолд торгох шийтгэл оногдуулах асуудал ..." гэдэгт хамаарна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд шүүх хуралдааны нийтлэг журмын талаар, 84-87 дугаар зүйлд шүүх хуралдааны үед тодорхой асуудлаар шийдвэр гаргах журмыг, 89-106 дугаар зүйлд шүүх хуралдааны дэгийг зэрэг шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэл харилцааг зохицуулсан байх тул 83.1-д заасан зөрчилд ямар зөрчил хамаарах эсэхийг тодорхойлох нь ач холбогдолтой.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх хуралдааны нийтлэг журам, шүүх хуралдааны дэгийг нарийвчлан тодорхой заасан, тухайлбал, шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах, шүүх хуралдаанд оролцогч тайлбар, мэдүүлэг өгөх, дүгнэлт гаргахдаа болон шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох үед танхимд байгаа бүх хүн суудлаасаа босох зэрэг байна.

      Шүүх хуралдааны нийтлэг журам зөрчсөн зөрчил үйлдсэн эсэхийг тогтоохдоо шүүх хуралдаан хэвийн үргэлжлэхэд саад болсон, хүндрэл учруулсан, хуралдааныг тасалдуулсан зэрэг тодорхой үр дагавар үүсгэсэн дараах нөхцөл үүссэн байхыг ойлгоно.

      Шүүх хуралдааны үед хэлэлцэж буй хэргийн маргааны үйл баримттай холбогдуулан мэтгэлцэхэд хамааралгүй, хэргийн болон хуралдааны бусад оролцогч, шүүх бүрэлдэхүүний яриаг таслах, тэдгээрт чиглэсэн зохисгүй хандлага, үг хэллэг ашиглан, шүүгч, шүүх хуралдааны оролцогч нарыг дайрах, хуульд заасан хүрээнд хуралдааны танхимд тогтоосон мэтгэлцэх дараалал, журмыг сахихгүй байх, эдгээр журмыг сахиулах зорилго бүхий хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдахгүй байх, үл хүндэтгэх, өөр бусад байдлаар шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад, хүндрэл, тасалдал учруулсан зэрэг болно.

      Шүүх хуралдааны үед зөрчил гаргахгүй байхыг, зөрчил гаргасан тохиолдолд торгох шийтгэл шууд оногдуулах хуулийн зохицуулалтын талаар хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдааны танхимаас гаргах болон торгох шийдвэрийг хамтад гаргах боломжтой.

      Торгох шийтгэлийг хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар хуралдааны дэг журам сахиулагчийн хувьд хуралдаан даргалагч, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д заасан шийтгэвэр гаргах замаар ногдуулна. Уг шийтгэвэрт гомдол гаргах эрхийг хуулиар олгоогүй тул торгох шийтгэл ногдуулсан шийтгэвэрт гомдол гаргахгүй гэж ойлгоно.

      5.8.Хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" шийдвэрийг шүүх гаргаж болох зохицуулалт нь мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасан тогтоох нэхэмжлэлийн дагуу гарах шүүхийн шийдвэрийн төрөл тул хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл, эрх зүйн харилцааг тогтоох нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд шүүх уг шийдвэрийг гаргана гэж ойлгохоор байна.

      Өөрөөр хэлбэл, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн тогтоолгохыг шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгаа нь, эсхүл байхгүй нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болох зэргээр эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой тохиолдолд тухайн (нэхэмжлэлээр шаардаж буй) эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг тогтоосон буюу хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана.

      Харин нэхэмжлэгчийн тогтоолгохыг шаардаж буй эрх зүйн харилцаа нь байгаа, эсхүл байхгүй гэдэг нь тогтоогдоогүй, тогтоогдсон ч нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхээргүй буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдахааргүй бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

      Уг заалтын "... тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэсэн нь эрх зүйн өөр өөр үр дагаврыг үүсгэхгүй, ижил агуулгатай гэж ойлгоно.

      5.9.Хуулийн 106.5-д "шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заажээ.

      5.9.1.Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох"-оор, түүнчлэн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд юу хамаарахыг заасан байна.

      Захиргааны эрх зүйн онол, эрх зүйн нэг бүл, түүнчлэн захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн хөгжил, өөрчлөлтөд харьцуулсан судалгааны голлох эх сурвалж болдог (эрх зүйн рецепц) ХБНГУ-ын захиргааны эрх зүйд нэхэмжлэгчийн хүсэл, зорилго, нэхэмжлэлийн агуулга чухал гэсэн зохицуулалт үйлчилдэг.[21] Энэхүү зохицуулалтын онолын агуулга нь "нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хэлбэрээр хязгаарлахгүй, харин агуулгыг бүрэн тодорхойлж түүнд үндэслэнэ" гэсэн зарчимд суурилдаг бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод (1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3) нийцдэг.

      Ерөнхий агуулгаараа "захиргааны хууль бус үйл ажиллагаа" болон түүний улмаас өөрийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн маргааны хүрээ, шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлно.

      Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 1) нэхэмжлэл чиглэж буй захиргааны үйл ажиллагаа, 2) түүний үйлчлэлд өртсөн (эсхүл эерэг үйлчлэл хүртэх ёстой) гэх өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, 3) зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй хэмээн маргаж буй эрх, нийтийн ашиг сонирхол, 4) хуульд заасан тохиолдолд нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шаардлага зэргийн үндэслэл, цар хүрээг өөрөө тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар хөндөгдөж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хамгаалагдах, сэргэж тогтоогдох нөхцөл байдлуудыг тодорхойлно.

      Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь түүний сонгосон нэхэмжлэлийн шаардлагатай илтэд тохирохгүй, эсхүл энэ нь бичгээр гаргасан нэхэмжлэлээс шууд тодорхойлогдох боломжгүй бол хуулийн 53.3-т зааснаар бүрдүүлбэр хангуулах замаар тодруулж, ийнхүү нэхэмжлэгчийн хүсэл зоригийг бүрэн тодорхойлсны үндсэн дээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэгтэй. Хугацааны хувьд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах хүсэлт нь тухайн шатны шүүх хуралдаан хүртэл хийгдэж болно. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь захиргааны хэргийн шүүхийн "нотлох зарчим"-ын агуулгад хамаарна, энэ үүрэг зөвхөн анхан шатны шүүхээр хязгаарлагдахгүй.

      Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.3-т заасан захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт байна. Түүнчлэн, захиргааны үйл ажиллагааны эдгээр хэлбэрээс сонгож хэрэглэх боломжгүй тохиолдолд захиргааны байгууллагын тогтоосон өөр бусад хэлбэрийн үйл ажиллагаа байж болно.

      5.9.2.Хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-52.5.6-д заасан маргааны буюу нэхэмжлэлийн төрлүүдийг захиргааны эрх зүйн онолын шалгуураар авч үзвэл, субъектив эрхийн маргаан (52.5.1-52.5.3, 52.5.6), нийтийн ашиг сонирхлын маргаан болон захиргааны нэхэмжлэл (объектив маргаан) гэж ангилж болно.

      Маргааны дээрх 2 төрлөөс хамаарч "нэхэмжлэлийн шаардлагын хүрээ" болон "хэргийн оролцогчийн маргаагүй асуудал"-ыг ялгамжтайгаар тодорхойлох боломжтой.

      Жишээ нь, захиргааны хэм хэмжээний актын талаарх маргааны хувьд хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын төрөл байх нь илэрхий байна. Үүнээс гадна, хуулиар эрх олгогдсон захиргаа хэм хэмжээний акт гаргах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээдийн нэхэмжлэлээр эс үйлдэхүй тогтоох, үүргээ хэрэгжүүлэхийг даалгах төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой боловч хэм хэмжээний актыг тодорхой агуулгаар гаргуулахыг даалгах төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй.

      Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрэхгүй, хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй байх гэсэн хуулийн зохицуулалтууд нь ne ultra petita гэх эрх зүйн зарчим, ухагдахуунаас улбаатай. Энэ нь шүүхэд хандсан этгээдийн гаргасан хүсэлт (шүүхээр хамгаалуулахыг хүссэн зүйл)-ээс хэтэрсэн шийдвэр гаргахыг шүүхэд хориглосон агуулгатай бөгөөд субъектив эрхийн маргааны хувьд хөдөлбөргүй мөрдөгдөнө.[22]

      Гэхдээ шүүх зөвхөн нэхэмжлэлд сонгож гаргасан шаардлагын төрөлд (үгчлэн) баригдах биш, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлах нь зүйтэй. [23]

      Тухайлбал, шүүхийн практикт "захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох" шаардлага гаргасныг шүүх шийдвэрлэхдээ уг захиргааны актыг "хүчингүй болгож" шийдвэрлэх боломжтой эсэх талаар маргаан гардаг.

      Нэхэмжлэлийн шаардлагаа "захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох", эсхүл "хүчингүй болгуулах" гэж тодорхойлсон аль ч тохиолдолд нэхэмжлэгчийн эцсийн зорилго нь маргаан бүхий захиргааны актыг өөрт нь үйлчлэлгүй болгосноор хөндөгдөж зөрчигдсөн эрхээ сэргээх агуулгатай бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлснээр ямар тохиолдолд нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой болох нөхцөлийг тодруулах нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд "шүүх нотлох зарчим"-ын агуулгад хамаарна.

      Иймд, субъектив эрхийн маргаанд нэхэмжлэгч "захиргааны актыг хүчингүй болгох" нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүнд уг акт "илт хууль бус байх" үндэслэл тогтоогдсон ч шүүх уг актыг "хүчингүй болгох" нэхэмжлэлийг хангах боломжтой, харин захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг харгалзах шаардлагатай тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд "захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох" шаардлагаар, уг актыг шүүх "хүчингүй болгож" шийдвэрлэж болохгүй.

      Тодруулбал, нэхэмжлэгч нь захиргааны актыг "хүчингүй болгох" нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор "захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн "зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх" үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг "хүчингүй болгох" боломжтой, энэ нь "шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан" агуулгад хамаарахгүй.

      Мөн захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдож буй үед шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь "нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн"-д хамаарахгүй.

      Түүнчлэн, нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдлийг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу зохих шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэнд тооцогдохгүй.

      Субьектив эрхийн маргаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мэтгэлцэх болон шүүх нотлох зарчмын харилцан үйлчлэл нь диспозитив зарчмын хүрээнд шүүх нотлох зарчим хэрэгжих байдлаар илэрнэ. Энэхүү зарчмуудын харилцан үйлчлэлийг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаанд хэрхэн хэрэглэгдэхийг авч үзвэл, нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй (уг акт, түүнийг үйлдсэн захиргаа хариуцагчийг тодорхойлсон байдал нь диспозитив зарчмын илрэл) болгуулснаар өөрийнхөө тодорхой эрх сэргэнэ гэж маргаж буй тохиолдолд тэр акт, түүнийг гаргасан хариуцагчийг тодорхойлсон хүрээнд ямар тохиолдолд нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой болох нөхцөлийг тодруулах нь шүүх нотлох зарчмын хэрэгжилтийн хязгаар болох юм.[24]

      Харин нэхэмжлэгч зөвхөн актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байхад шүүх тодорхой өөр захиргааны акт гаргахыг даалгах боломжгүй, энэ нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэнд хамаарна. Түүнчлэн, захиргааны актыг (нэг удаагийн үйлчлэл бүхий) хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх хэм хэмжээний актад холбогдох нэхэмжлэлтэй адилтган үзэх зэргээр эрс өөр төрлийн эрх зүйн хамгаалалт болгож өөрчлөн шийдвэрлэх боломжгүй болно.

      Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ гэдэгт нэхэмжлэлийн шаардлагын төрөл, нэхэмжлэлийн шаардлагын тоо, хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд шаардаж буй хохирлын нэр төрөл, хэмжээ зэрэг багтана.

      5.9.3.Хуулийн "хэргийн оролцогчдын маргаагүй асуудал" гэдэгт субъектив эрхийн маргааны хувьд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон тэдгээрт холбогдох талуудын татгалзал, тайлбараар талуудын маргаж буй үйл баримтад хамаарахгүй асуудлууд, үйл баримтыг тогтоох, түүнчлэн, маргаан бүхий захиргааны шийдвэр хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг тогтоохтой хамааралгүй бусад нөхцөл байдлыг ойлгоно.

      Тухайлбал, "газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан захиргааны акт гарсан бөгөөд уг актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн хүрээнд "газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн эсэх" талаар талууд маргасан байхад шүүхээс "газар эзэмшигч нь тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй" талаар дүгнэлт хийх, эсхүл "анх газар олгохдоо хууль зөрчсөн" гэх зэргээр өөр бусад үндэслэл, үйл баримт тогтоож дүгнэлт хийснийг "хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар" дүгнэлт хийсэн гэж үзнэ.

      Нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан захиргааны үйл ажиллагаа, шийдвэр гаргахдаа харгалзсан нөхцөл, үндэслэлийн талаар болон хэргийн бусад оролцогчоос гаргасан тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хийсэн шүүхийн дүгнэлт нь "хэргийн оролцогчийн маргаагүй асуудал"-д хамаарахгүй.

      Нийтийн ашиг сонирхлын болон хуульд заасан захиргааны нэхэмжлэлээр үүссэн хэргийн хувьд шүүх нотлох зарчмын хэрэгжилт нь нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй байгааг тогтоох, ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрснийг шүүх тогтоосноор илэрнэ, ингэхдээ мөн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон тэдгээрт холбогдох талуудын татгалзал, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргана.

      Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг зөв хэрэглэх талаар

ТАЙЛБАРЛАХ нь:

      1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хуулиар тусгайлан эрх олгогдсон" гэснийг:

      а/ Өмгөөлөгчийн хувьд өөрийн нэрийн өмнөөс нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд томилолт шаардахгүй бөгөөд харин бусад этгээд болон Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн баталсан "Нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хэлбэр, журам"-д тусгаснаар шүүхэд хандаж буй тохиолдолд "томилолт"-ын үндсэн дээр төлөөлж нэхэмжлэл гаргах эрх үүснэ.

      б/ Прокурор өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлгүйгээр, харин төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор нь зөрчлийн хэрэг бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ бүрэн эрхийн хүрээнд өөрөө дүгнэлт бичсэн бол захиргааны хэргийн шүүхэд уг зөрчлийг хэлэлцэхэд оролцогч болдог тул энэ журмаар гаргасан гаргасан дүгнэлт (гомдол)-ийг "нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн" нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй.

      в/ Захиргааны байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гаргасан нэхэмжлэл буюу захиргааны байгууллагыг "хуулиар эрх олгогдсон этгээд" гэж үзэхгүй.

      г/ Хуульд заасан "тусгайлан" гэх нөхцөлд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн ямар этгээд, ямар хүрээнд нэхэмжлэл эрхтэй болохыг тусгайлан зааж баталгаажуулсан байхыг ойлгоно. Харин хуульд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүрээнээс өөрөөр заагаагүй бол хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хүрээлэн байгаа орчин", "хүүхдийн эрх", "нийтийн эрүүл мэнд", "нийтийн өмчийг хамгаалах" дөрвөн үндсэн хүрээнд хамаарах асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

      2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1-д заасан "нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх", 18 дугаар зүйлийн 18.3.2-т заасан "дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх" гэснийг дараах байдлаар ойлгож хэрэглэнэ:

      Дүрмийн зорилгоор "нийтэд үйлчлэх" төрийн бус байгууллагыг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нийгэмд үйлчлэх зорилготой төрийн бус байгууллага гэж үзнэ.

      Тухайн төрийн бус байгууллагын дүрэмд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хүрээлэн байгаа орчин", "хүүхдийн эрх", "нийтийн эрүүл мэнд", "нийтийн өмчийг хамгаалах" дөрвөн үндсэн хүрээнд хамаарах зорилгыг тодорхойлсон бөгөөд уг дүрмийн зорилгын дагуу тогтвортой үйл ажиллагааг гурваас дээш жил явуулсан нь тогтоогдсон тохиолдолд нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж үзнэ. Тухайн төрийн бус байгууллага нь гурваас дээш жил үйл ажиллагаа явуулж байгаа боловч нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж буй асуудлаар буюу тухайн чиглэлээр 3 жил тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй, эсхүл тухайн асуудлаар үйл ажиллагаа явуулахаар дүрмийн зорилго нь өөрчлөгдсөнөөс хойш 3 жил өнгөрөөгүй бол хуульд заасан шаардлага хангасан гэж үзэхгүй.

      Дүрэмд заасан зорилгын хүрээнд үйл ажиллагаа тогтвортой явуулсан гэдгийг шүүх тогтоохдоо хуульд заасан журмын дагуу татварын алба, улсын бүртгэлийн байгууллагад гарган өгсөн, хүргүүлсэн тайланг үндэслэнэ.

      3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь заалтын "нийтийн эрх зүй харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл" гэдэгт нэхэмжлэгч болон бусад оролцогч (хариуцагч, гуравдагч этгээд гэх мэт)-ийн хооронд, эсхүл тодорхой эд юмсын хувьд нийтийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр тодорхой эрх зүйн үр дагавар үүссэн эсэхийг буюу эрх, үүрэг байгаа, эсхүл байхгүйг тогтооход чиглэгдсэн нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгоно. Мөн заалтын "нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг" гэдэг нь нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг шүүхээс тогтоосноор нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхүйц, хамгаалагдахуйц байхыг ойлгоно.

      Нийтийн эрх зүйн харилцааг тогтоолгох нэхэмжлэлийг нэгдүгээрт, хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх тохиолдолд хоёрдугаарт, нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг зайлшгүй шүүхээр тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авна.

      4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргаан нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхыг ойлгоно.

      Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг шүүх тодорхойлохдоо тухайн маргаан нь "нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх"-д дүгнэлт хийнэ.

      5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" гэснийг дараах байдлаар ойлгож хэрэглэнэ.

      а/ Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагаа нь тухайн этгээдэд чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий, тодорхой бол уг этгээдийг тухайн асуудлаар маргах эрхгүй буюу "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" гэж үзнэ.

      Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй захиргааны үйл ажиллагаа, шийдвэр нь нэхэмжлэл гаргагч этгээдийн эрх зүйн байдалд шууд болон шууд бусаар нөлөөлөхөөргүй байвал түүнд чиглэсэн "үйлчлэлгүй" гэж үзнэ.

      Захиргааны шийдвэрийн үйлчлэл нь шууд бус буюу тухайн этгээдэд шууд нэрлэн зааж хандаагүй боловч үр дагавар нь тухайн этгээдэд нөлөөлөх нь тодорхой байвал нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, захиргааны актын эрх зүйн үр дагаврыг зөвхөн хаяглагдсан этгээдээр хязгаарлах биш, уг актын "үр дагавар" нэхэмжлэл гаргаж буй этгээдэд тодорхой үйлчлэлтэй байж болох эсэхийг шүүх харгалзан үзнэ.

      б/ Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан тохиолдолд болон бусад объектив эрх зүйн маргааны хувьд нэхэмжлэгч этгээд нь хуульд заасан тусгай шалгуур нөхцөлийг хангаж буй тохиолдолд тухайн маргаж буй захиргааны шийдвэрийн эрх зүйн үйлчлэл нь нэхэмжлэл гаргасан этгээдийн субъектив эрхэд нөлөөлсөн эсэх нь хамааралгүй, "өөрт нь чиглэсэн үйлчлэлгүй" гэх үндэслэлээр тухайн этгээдийг "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" гэж үзэхгүй.

      в/ Нэхэмжлэл гаргасан этгээд нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд, эсхүл хуулиар тусгайлан шаардсан тухайн асуудлаар "төлөөлөх эрх" нь хуульд заасан журмын дагуу олгогдоогүй, хуулийн 18 дугаар зүйлд заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд биш, хуульд заасан журмын дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий захиргааны байгууллага биш, хуулийн этгээд биш байх зэрэг тохиолдлууд нь тухайн этгээдийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэл болно.

      6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан "хуульд заасан торгох шийтгэл оногдуулж болох зөрчил", "шүүх хуралдаан дээр гаргасан" гэдэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан тогтоосон шүүх хуралдааны нийтлэг журам, шүүх хуралдааны дэгийг зөрчсөн зөрчлүүдийг ойлгоно.

      Эдгээр зөрчлүүдийг шүүх хуралдааны танхимд гаргасан бөгөөд уг зөрчил нь шүүх хуралдаан хэвийн үргэлжлэхэд саад болсон, хүндрэл учруулсан, хуралдааныг тасалдуулсан зэрэг тодорхой үр дагавар үүсгэсэн буюу шүүх хуралдааны үед хэлэлцэж буй хэргийн маргааны үйл баримттай холбогдуулан мэтгэлцэхэд хамааралгүй, хэргийн болон хуралдааны бусад оролцогч, шүүх бүрэлдэхүүний яриаг таслах, тэдгээрт чиглэсэн зохисгүй хандлага, үг хэллэг ашиглан, шүүгч, шүүх хуралдааны оролцогч нарыг дайрах, хуульд заасан хүрээнд хуралдааны танхимд тогтоосон мэтгэлцэх дараалал, хугацааны журмыг сахихгүй байх, эдгээр журмыг сахиулах зорилго бүхий хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдахгүй байх, үл хүндэтгэх, өөр бусад байдлаар шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад, хүндрэл, тасалдал учруулсан зэргийг ойлгоно. Эдгээр зөрчлийг гаргасан этгээдэд шүүгч шууд хариуцлага хүлээлгэж торгох шийтгэл оногдуулж болно.

      Шүүх хуралдааны үед зөрчил гаргахгүй байхыг, зөрчил гаргасан тохиолдолд торгох шийтгэл шууд оногдуулах хуулийн зохицуулалтын талаар хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдааны танхимаас гаргах болон торгох шийдвэрийг хамтад нь гаргах боломжтой.

      Торгох шийтгэлийг хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар хуралдааны дэг журам сахиулагчийн хувьд хуралдаан даргалагч, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д заасан шийтгэвэр гаргах замаар ногдуулна. Уг шийтгэвэрт гомдол гаргах эрх, журмыг хуулиар тусгайлан тогтоогоогүй тул торгох шийтгэл ногдуулсан шийтгэвэрт гомдол гаргахгүй гэж ойлгоно.

      7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэдгийг нэхэмжлэгчийн тогтоолгохыг шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгаа нь, эсхүл байхгүй нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болох зэргээр эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой эсхүл боломжгүй бол шүүхээс тухайн эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг тогтоосон шийдвэр гаргах бөгөөд уг заалтын "... тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэсэн нь эрх зүйн өөр өөр үр дагаврыг үүсгэхгүй, ижил агуулгатай гэж ойлгоно.

      8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан "нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн" гэдгийг нэхэмжлэгчээс шүүхэд өөрөө тодорхойлж гаргасан 1) нэхэмжлэл чиглэж буй захиргааны үйл ажиллагаа, 2) түүний үйлчлэлд өртсөн (эсхүл эерэг үйлчлэл хүртэх ёстой) гэх өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, 3) зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй хэмээн маргаж буй эрх, нийтийн ашиг сонирхол, 4) хуульд заасан тохиолдолд захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шаардлага, тэдгээрийн үндэслэлд хамаарахгүй асуудлыг ойлгоно.

      Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь түүний сонгосон нэхэмжлэлийн шаардлагатай илтэд тохирохгүй, эсхүл энэ нь бичгээр гаргасан нэхэмжлэлээс шууд тодорхойлогдож ойлгогдохгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шууд тодруулах, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар тодруулна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж болно.

      Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс нэхэмжлэлийн шаардлагын хүрээг тодорхойлно, ингэхдээ шүүх нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлан тогтооно.

      Нэхэмжлэгч нь захиргааны актыг "хүчингүй болгох" нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор "захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн "зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх" үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг "хүчингүй болгох" боломжтой, энэ нь "шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан" агуулгад хамаарахгүй.

      Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь "нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн"-д хамаарахгүй.

      9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан "хэргийн оролцогчдын маргаагүй асуудал" гэдэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон тэдгээрт холбогдох талуудын татгалзал, тайлбараар талуудын маргаж буй үйл баримтад хамаарахгүй асуудлууд, үйл баримтыг тогтоох, түүнчлэн, маргаан бүхий захиргааны шийдвэр хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг тогтоохтой хамааралгүй бусад нөхцөл байдлыг ойлгоно.

      Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн, эсхүл хуульд заасан тохиолдолд захиргааны байгууллагаас нэхэмжлэл гаргасан тохиолдолд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй байгааг, түүнчлэн ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрснийг шүүх тогтоохдоо нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон тэдгээрт холбогдох талуудын татгалзал, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргана.

      Нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан захиргааны үйл ажиллагаа, шийдвэр гаргахдаа харгалзсан нөхцөл, үндэслэлийн талаар болон хэргийн бусад оролцогчоос гаргасан тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хийсэн шүүхийн дүгнэлт нь "хэргийн оролцогчийн маргаагүй асуудал"-д хамаарахгүй.

      10.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА



[1] Судалгааны тайланг хуралдаанд танилцуулсан.

[2] Шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ 15-р хуудас.

[3] Шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ 16-р хуудас.

[4] Шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ 17-р хуудас.

[5] Шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ 17-р хуудас.

[6] Шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ 18-р хуудас.

[7] Шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ 19-р хуудас.

[8] Тус магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан байх боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан. УДШ-ийн 2021.04.06-ны өдрийн Захиргааны хэргийн танхимын хуралдааны тогтоол. https://www.supremecourt.mn/home?page=judgments&id=17&pr=0&tp=list&h=0

[9] МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (legalinfo.mn)) legalinfo.mn/mn/detail?lawId=8722

[10] 17.Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журам.pdf (mglbar.cc)

[11] Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар. УБ., 2017, 403 дахь тал.

[12] Хууль зүйн байнгын хорооны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл.

[13] Хууль зүйн байнгын хорооны хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл.

[14] Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 1 дүгээр сарын 20, 2016 оны 1 дүгээр сарын 27--ны өдрийн хуралдааны тэмдэглэлүүд https://www.parliament.mn/nn/7594/.

[15] Г.Банзрагч. Захиргааны процессын эрх зүй, УБ., 82-85 дахь тал.

[16] Hufen, Verwaltungsprozessrecht, 7. Хэв., х.311.

[17] англ. "Subsidiarity", гер. "Subsidiaritätsprinzip."

[18] Kramer, Allgemeinesverwaltungsrecht und Verwaltungsprozessrecht, 3. Хэв., х.51.

[19] Энэ талаар Hufen, Verwaltungsprozessrecht, 7. Хэв., х.31.

[20] Hufen, Verwaltungsprozessrecht, 7. Хэв., х.317.

[21] Герман хэл дээр §88, §91, §92, §106,VwGO https://www.gesetze-im-internet.de/vwgo/index.html#BJNR000170960BJNE002401308, Англи хэл дээрх орчуулга https://www.gesetze-im-internet.de/englisch_vwgo/index.html#gl_p0480 -с үзнэ үү.

[22] F. A. M. Stroink, Judicial Lawmaking and Administrative Law (Intersentia nv, 2005), 158, 165–66.

[23] Posser/Wollff (Editor), BeckOK VwGO, last update: 01.10.2022. https://beck-online.beck.de

[24] Г.Банзрагч. Захиргааны процессын эрх зүй, УБ., 63-71 дахь талаас дэлгэрүүлж үзнэ үү.