- Нүүр
- Сайдын тушаал
- ГАДААДЫН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2023 оны 08дугаар сарын 14-ний өдрийн А/295 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл
ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмчилгээ оношилгооны технологи, инноваци шинээр нэвтрүүлэхтэй холбогдуулан гадаадын эмнэлгийн мэргэжилтэнг Монгол Улсад урьж ажиллуулахад үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (цаашид "зөвшөөрөл" гэх) олгох үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, энэхүү журам болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
1.3 Энэхүү журмаар зөвшөөрөлтэй холбоотой дараах харилцааг зохицуулна:
1.3.1 эрүүл мэндийн байгууллага, гадаадын эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг
1.3.2 зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, шалгуур;
1.3.3. зөвшөөрөл анх удаа болон дахин олгох.
1.5 "Зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, багц цаг тооцох, зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох журам"-ын 1.4-1.8, 2, 3, 6 дугаар бүлэг, 5.2, 5.8 дахь заалт энэхүү журамд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
1.6 Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр зөвшөөрөл олгосон гадаадын эмнэлгийн мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас шийдвэрлэж олгоно.
Хоёр. Эрүүл мэндийн байгууллага, гадаадын эмнэлгийн мэргэжилтний
эрх, үүрэг
2.1 Эрүүл мэндийн байгууллага нь дараах эрхтэй:
2.1.1 гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн асуудлаар хүсэлт гаргаж, Зөвшөөрлийн тухай хууль, энэхүү журамд заасан хугацаанд шийдвэрлүүлэх;
2.1.2 гадаадын эмнэлгийн мэргэжилтний цалин хөлсийг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох, олгох;
2.1.3 гадаадын эмнэлгийн мэргэжилтэн гэрээний заалт биелүүлээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлах.
2.2 Эрүүл мэндийн байгууллага нь дараах үүрэгтэй:
2.2.1 өөрийн үйл ажиллагааны чиглэлд нийцэх төрөлжсөн мэргэшил эзэмшсэн гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг урьж ажиллуулах, баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах;
2.2.2 гадаад улс дахь эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд энэхүү журмын 1.1, 3.1-т заасныг баримтлан гадаадын эмнэлгийн мэргэжилтэн урьж ажиллуулах;
2.2.3 гадаадын эмнэлгийн мэргэжилтэнтэй байгуулах гэрээнд албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл, хугацаа, үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, тоо хэмжээ, тусламж, үйлчилгээ үзүүлэх байр, орчин, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, татварын зохицуулалт, тухайн гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нутаг буцсан тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлсэн өвчтөнг хариуцаж ажиллах эмнэлгийн мэргэжилтний үүрэг оролцоо, эмнэлгийн мэргэжилтний болон био-анагаахын ёс зүйн хэм хэмжээ зөрчигдсөн, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан болон бусад зөрчил, сөрөг үр дагавар гарсан тохиолдолд хүлээх хариуцлагын талаар тусгаж, мөрдөж ажиллах;
2.2.4 энэхүү журмын 4.1, 5.1-т заасан хугацаанд багтаан гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулах хүсэлт, холбогдох баримт бичгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлэх, журамд заасан хугацаанд хүсэлт ирүүлээгүй, нэмэлтээр шаардсан хууль ёсны мэдээллийг гаргаж ирүүлээгүйн улмаас зөвшөөрөл олгогдоогүй тохиолдолд тухайн гадаадын эмнэлгийн мэргэжилтэнг ажиллуулахгүй байх;
2.2.5 Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10 дахь хэсэгт заасны дагуу гадаадын эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг монгол хэлээр үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх, тухайн гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гадаад хэлийг ахисан дунд, дээд түвшинд эзэмшсэн, эрүүл мэндийн чиглэлээрх орчуулгын туршлагатай орчуулагч ажиллуулах;
2.2.6 гадаадын эмнэлгийн мэргэжилтэн үргэлжлүүлэн ажиллах, дахин ирж ажиллах тохиолдолд тухайн мэргэжилтний ажлын тайланг биечлэн гаргуулж, гарын үсэг зурж баталгаажуулах, тайланг монгол хэл рүү хөрвүүлж, бичиг баримтад хавсаргах;
2.2.7 гадаадын эмнэлгийн мэргэжилтэнтэй байгуулсан гэрээг цуцалсан эсхүл үргэлжлүүлэн ажиллахгүй тохиолдолд Эрүүл мэндийн хөгжлийн төв, гадаадын иргэний болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажлын 5 хоногт багтаан мэдэгдэх;
2.2.8 гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан болон бусад зөрчил, сөрөг үр дагавар гарсан тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээж, үйлчлүүлэгчид учирсан хохирлыг барагдуулах.
2.3 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн дараах эрхтэй:
2.3.1 энэхүү журмын 2.2.3-т заасан гэрээ байгуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг монгол хэлээр үзүүлэх нөхцлөөр хангуулах, журмын 2.2.5-д заасан шалгуур хангасан орчуулагчтай ажиллах;
2.3.2 "Гүйцэтгэх ажил үйлчилгээний төлөвлөгөө"-г эрүүл мэндийн байгууллагатай хамтран боловсруулж, баталгаажуулах;
2.3.3 эрүүл мэндийн байгууллага гэрээний заалт биелүүлээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлах.
2.4 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэгтэй:
2.4.1 өөрийн холбогдох мэдээлэл, баримт бичгийг албан ёсны англи орчуулгын хамт бүрдүүлж, үнэн зөв мэдүүлэх, эрх бүхий байгууллагаас нэмэлтээр шаардсан хууль ёсны мэдээллийг шуурхай гаргаж өгөх;
2.4.2 Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг бүрэн сахиж, эмнэлгийн мэргэжилтний, био-анагаахын ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах;
2.4.3 эзэмшсэн төрөлжсөн мэргэшлийн чиглэлийн дагуу олгосон зөвшөөрлийн төрөл, хугацааны хүрээнд зөвхөн гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагад ажиллах;
2.4.4 Монгол Улсын эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй заавар, стандартад нийцүүлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн түвшинд чанартай үзүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ холбогдох дүрэм, журамд заасны дагуу үйлчлүүлэгчийн зөвшөөрлийг бичгээр авах;
2.4.5 зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж, нутаг буцахдаа энэхүү журмын 2.2.3-т заасны дагуу тусламж, үйлчилгээ үзүүлсэн өвчтөнг монгол талын эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэнд хариуцуулж, хүлээлгэн өгөх;
2.4.7 Гэрээ байгуулан ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын болон эрүүл мэндийн салбарын монгол эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, мэдлэг, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх (оношилгоо, эмчилгээг хамтран хийх, сургалт, семинар, конференц хамтран зохион байгуулах эсхүл оролцох);
2.4.8 үргэлжлүүлэн ажиллах, дахин ирж ажиллах хүсэлт гаргах тохиолдолд ажлын тайлангаа биечлэн гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулах;
2.4.9 мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан болон бусад зөрчил, сөрөг үр дагавар гарсан тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээж, үйлчлүүлэгчид учирсан хохирлыг барагдуулах.
Гурав. Зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, шалгуур
3.1 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгоход "Зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, багц цаг тооцох, зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох журам"-ын 1.4-т зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
3.1.2 Монгол Улсад тухайн төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэгдээгүй эсхүл дутагдалтай тохиолдолд гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулах;
3.1.4 гадаад улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх иргэдийн урсгалыг бууруулах.
3.2 Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт заасан шалгуурыг хангасан гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох ба гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь олгосон зөвшөөрлийн төрлөөр төрөлжсөн мэргэшлийн үйл ажиллагаа эрхэлнэ.
3.3 Монгол Улсад эмнэлзүйн заавар, стандарт нь батлагдсан төрөлжсөн мэргэшлийн чиглэл болон өндөр хөгжилтэй орны анагаах ухааны салбарт нэвтэрч, үр дүн нь нотлогдсон эмчилгээ, оношилгоо, сувилахуй, сэргээн засахын чиглэлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулна.
3.4 Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын эмнэлгийн мэргэжилтний насны хязгаарыг тодорхойлохдоо Төрийн албаны тухай хуулийн Арван нэгдүгээр бүлгийн 41 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн 4 дүгээр зүйлд заасныг баримтална.
3.5.1 ашгийн бус зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх олон улсад нэр хүндтэй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын багийн гишүүнээр ажилладаг.
3.6 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд дараах тохиолдолд зөвшөөрөл олгох шаардлагагүй бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасан насны хязгаар хамаарахгүй:
3.6.1 эмнэл зүйн конференц зохион байгуулах, оролцох;
3.6.2 эмнэл зүйн сургалт (үйлчлүүлэгч, өвчтөнтэй шууд харилцахгүй симуляцид суурилсан сургалт, танхимын сургалт, семинар) зохион байгуулах, оролцох.
Дөрөв. Зөвшөөрөл анх удаа олгох
4.1 Монгол талын эрүүл мэндийн байгууллага нь гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсад ирэхээс ажлын 40-өөс доошгүй хоногийн өмнө энэхүү тушаалын гуравдугаар хавсралтад заасан баримт бичгийг цахим хэлбэрээр бүрдүүлж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлнэ.
4.2 Эрүүл мэндийн хөгжлийн төв нь энэхүү журмын 4.1-д заасан баримт бичгийг хүлээн авч, магадлан шалгах бөгөөд тухайн гадаадын мэргэжилтний ажиллах чиглэл нь энэхүү журмын 3.1.1-3.1.4-т заасан зарчим, 3.3-т заасантай нийцэх эсэх санал, дүгнэлт ирүүлэх хүсэлтийг тухайн чиглэлийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлд хүргүүлнэ.
4.3 Мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл нь гадаадын эмнэлгийн мэргэжилтний талаарх санал, дүгнэлт, зөвлөмжийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлнэ.
4.4 Эрүүл мэндийн хөгжлийн төв нь шалгуур хангасан гадаадын эмнэлгийн мэргэжилтний баримт бичгийн эх хувь, танилцуулга, энэхүү журмын 4.3-т заасан санал, дүгнэлт, зөвлөмжийг нэгтгэж, Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн хурлаар тухайн гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсад ирэхээс 7-оос доошгүй ажлын хоногийн өмнө хэлэлцүүлнэ.
4.5 Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөл нь энэхүү журмын 3 дугаар бүлэгт заасныг баримтлан гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох эсэх талаар шийдвэр гаргана.
4.6 Энэхүү журмын 4.5-д заасан шийдвэрийг үндэслэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг Эрүүл мэндийн хөгжлийн төв боловсруулж эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.7 Энэхүү журмын 4.5, 4.6-д заасан шийдвэр, шийдвэрийн төслийг үндэслэн Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9.1-т заасны дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр 6 сар хүртэлх хугацаатай зөвшөөрөл олгоно.
4.8 Энэхүү журмын 4.7-д заасан шийдвэр батлагдсанаас хойш ажлын 2 хоногт багтаан энэхүү тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан загварын дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын гарын үсэг, тамга бүхий зөвшөөрлийн гэрчилгээг баталгаажуулж олгоно.
4.9 Гадаадын эмнэлгийн мэргэжилтний баримт бичиг шалгуур хангаагүй тохиолдолд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс шалтгааныг дурдсан мэдэгдлийг эрүүл мэндийн байгууллагад хүргүүлнэ.
Тав. Зөвшөөрөл дахин олгох
5.1 Энэхүү журмын 4.7-д заасан шийдвэрээр 6 сар хүртэлх хугацаагаар анх удаа зөвшөөрөл олгосон гадаадын эмнэлгийн мэргэжилтэнг Монгол Улсад үргэлжлүүлэн ажиллуулах тохиолдолд монгол талын эрүүл мэндийн байгууллага нь зөвшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 30-аас доошгүй хоногийн өмнө энэхүү тушаалын гуравдугаар хавсралтад заасан баримт бичгийг цахим хэлбэрээр бүрдүүлж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлнэ.
5.2 Эрүүл мэндийн хөгжлийн төв энэхүү журмын 5.1-т заасан баримт бичгийг магадлан шалгаж, тухайн эрүүл мэндийн байгууллагад хариу мэдэгдэнэ:
5.2.1 баримт бичиг шалгуур хангасан тохиолдолд тухайн гадаадын эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалтад орох тухай;
5.2.2 баримт бичиг шалгуур хангаагүй тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл үргэлжлүүлэн олгох боломжгүй тухай мэдэгдэл хүргүүлнэ.
5.3 Эрүүл мэндийн хөгжлийн төв зөвшөөрлийн шалгалтын бэлтгэлийг хангаж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын баталсан зааврын дагуу "Зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, багц цаг тооцох, зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох журам"-ын 3 дугаар бүлэгт заасны дагуу сорилын шалгалт эсхүл тайлан хамгаалалт хэлбэрээр зохион байгуулна.
5.4 Энэхүү журмын 5.3-т заасан зааварт сорилын нууцлал, сорил сонгох явц, гадаадын эмнэлгийн мэргэжилтэн бие даан эсхүл орчуулагчийн тусламжтайгаар зөвшөөрлийн шалгалт өгөх хугацааны хязгаар, сорил, тайлан хамгаалалтын агуулгыг тусгана.
5.5 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь зөвшөөрлийн шалгалтыг монгол, англи хэлний аль нэгийг сонгож өгнө. Шаардлагатай тохиолдолд Эрүүл мэндийн хөгжлийн төвд тайлбар гаргасны үндсэн дээр энэхүү журмын 2.2.3-т заасан шалгуур хангасан албан ёсны орчуулагчийн тусламж авч болно.
5.6 Монгол Улсад хоёроос доошгүй жил мэргэжлээрээ тасралтгүй ажилласан бөгөөд зөвшөөрөл үргэлжлүүлэн авах хүсэлт гаргасан гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь зөвшөөрлийн шалгалтыг монгол хэлээр өгнө.
5.7 Зөвшөөрлийн шалгалтад тэнцсэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.8 Энэхүү журмын 5.7-д заасан шийдвэрийн төслийг үндэслэн Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9.2-т заасны дагуу 2 жил хүртэл хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгоно. Энэ тохиолдолд уг асуудлыг Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагагүй.
5.9 Энэхүү журмын 5.8-д заасан шийдвэр батлагдсанаас хойш ажлын 2 хоногт багтаан энэхүү тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан загварын дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын гарын үсэг, тамга бүхий зөвшөөрлийн гэрчилгээг баталгаажуулж олгоно.
5.10 Дараах тохиолдолд гадаадын эмнэлгийн мэргэжилтнээс зөвшөөрлийн шалгалт авахгүй, Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй бөгөөд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ирүүлсэн шийдвэрийн төслийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгж хянаж, Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн дарга зөвшөөрсөнөөр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг батлуулна:
5.10.1 Монгол Улсад тохиолдсон байгалийн гамшиг, осол, нийтийг хамарсан аюул бүхий халдварт өвчний дэгдэлт болон бусад онцгой тохиолдлын үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр 30 хоног хүртэлх хугацаагаар анх удаа болон дахин ирж ажиллах гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд ажлын 1 хоногт багтаан;
5.10.2 Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн дагуу төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх зорилгоор 30 хоног хүртэлх хугацаагаар анх удаа болон дахин ирж ажиллах гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд ажлын 5 хоногт багтаан;
5.10.3 өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, тусгай эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, сэргээн засахын төв, амаржих газар болон тухайн гадаадын эмнэлгийн мэргэжилтний харьяалах үндсэн эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулсан 3-аас доошгүй жилийн хугацаатай "Хамтын ажиллагааны гэрээ"-ний дагуу өмнөх 1-3 жилийн хугацаанд ирж ажиллахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн Зургадугаар бүлгийн 6.2 дугаар зүйлийн 1.2-1.9 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.21.1-25.21.3 дахь заалтад заасан зөрчил гаргаагүй гадаадын эмнэлгийн мэргэжилтэн дахин ирж ажиллах тохиолдолд 30 хоног хүртэлх хугацаатай зөвшөөрлийг ажлын 10 хоногт багтаан.
5.11 Энэхүү журмын 4.7, 5.7, 5.9-д заасан шийдвэрийн төслийн үнэн зөв байдлыг Эрүүл мэндийн хөгжлийн төв бүрэн хариуцна.
5.12 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгосон зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түтгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно.
5.13 Энэхүү журмыг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A