A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2023 оны 07 дугаар

сарын 26ы өдрийн 283 дугаар

тогтоолын хавсралт

 

 

 

СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмаар уламжлалт технологиор үйлдвэрлэснээс бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл (цаашид "тусгай зөвшөөрөл" гэх) олгох дуудлага худалдаа зохион байгуулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

 

1.2.Тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулахтай холбогдсон энэ журмаар зохицуулагдаагүй бусад харилцааг Иргэний хуулийн    197 дугаар зүйл болон Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасны дагуу зохицуулна.

 

 1.3.Тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдааны оролцогчийг сонгон шалгаруулах зарыг нийтлэх, сонгон шалгаруулалтад оролцогчийг бүртгэх, дуудлага худалдааг явуулах, дүнг мэдээлэх, оролцогчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэрэг дуудлага худалдаа зохион байгуулахтай холбоотой бүх үйл ажиллагааг цахим хэлбэрээр, нийтэд ил тод, нээлттэй явуулна.

 

Хоёр.Дуудлага худалдааг зохион байгуулах

ерөнхий нөхцөл

 

 2.1.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газраас  тогтоосон тусгай зөвшөөрлийн тоо хэмжээний хүрээнд дуудлага худалдааг дараах үе шаттай зохион байгуулна:

 

      2.1.1.дуудлага худалдааны оролцогчийн сонгон шалгаруулалт;

 

      2.1.2.цахим дуудлага худалдаа;

 

 2.2.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5.6-д заасны дагуу Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө хуулийн этгээд нь энэ журмын 2.1.1-д заасан сонгон шалгаруулалтад оролцоно.

 

 2.3.Дуудлага худалдаанд оролцогчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай зарыг уг сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдийн хүсэлт хүлээн авч эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудаст байршуулж, нийтэд зарлах бөгөөд сонгон шалгаруулалтын зард хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа, хүсэлт ирүүлэх зааварчилгаа, цахим хаяг болон байршлыг тодорхой заана.

 

 2.4.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд нь энэ журмын 2.3-т заасан зарын дагуу доор дурдсан баримт бичгийг цахимаар ирүүлнэ. Үүнд:

 

      2.4.1.тухайн хуулийн этгээдийн оршин байгаа газрын албан ёсны хаяг, цахим шуудангийн хаяг, харилцах утасны дугаартай тамга, тэмдэг бүхий албан хүсэлт;

 

      2.4.2.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.2-т заасны дагуу хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичиг;

 

      2.4.3.санхүүгийн чадавхыг тодорхойлсон харилцагч банкны мэдэгдэл, эсхүл нотлох бусад баримт бичиг;

 

      2.4.4.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

 

      2.4.5.татварын өргүй тухай татварын байгууллагын тодорхойлолт;

 

      2.4.6.аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан болон хуулийн дагуу татвар, хураамж, төлсөн талаарх мэдээлэл.

 

 2.5.Сонгон шалгаруулалт явуулах, дуудлага худалдаа зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Ажлын хэсгийн ахлагч нь хүнсний асуудал хариуцсан бүтцийн нэгжийн дарга байна.

 

2.6.Ажлын хэсгийн дарга, гишүүн нь дараах эрх, үүрэгтэй байна:

 

      2.6.1.энэ журмын 2.4-т заасан баримт бичгийн бүрдэл дутуу бол тухайн хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оруулахаас татгалзах;

 

      2.6.2.шаардлагатай гэж үзвэл тухайн хуулийн этгээдийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, нэмэлт материал гаргуулж авах;

 

      2.6.3.энэ журмын 4.1-д заасан үндэслэлээр дуудлага худалдааг дахин явуулах шийдвэр гаргах;

 

      2.6.4.ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байвал мэдэгдэж, сонгон шалгаруулалт явуулах, дуудлага худалдааг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцохоос татгалзах;

 

      2.6.5.сонгон шалгаруулалтад оролцогчийн бизнесийн нууцыг бусдад мэдээлэхгүй, бусдад давуу байдал олгохгүй байх;

 

       2.6.6.сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаанд оролцогчийг шударга өрсөлдөх тэгш боломжоор хангах;

 

       2.6.7.дуудлага худалдаа явуулах үеийн программ хангамж, цахим системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлт, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан эсэхэд хяналт тавих;

 

       2.6.8.сонгон шалгаруулалт болон дуудлага худалдааны нэгдсэн тайлан, ялагчийн талаарх мэдээллийг ажлын 3 хоногт багтаан хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

 

2.7.Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтыг хүсэлт хүлээн авах хугацаа дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан зохион байгуулж, шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдийн жагсаалт гаргаж, тэнцсэн этгээдэд дуудлага худалдаанд оролцох эрх олгох тухай урилга, тэнцээгүй этгээдэд дуудлага худалдаанд оролцуулахаас татгалзсан тухай мэдэгдлийг тус тус цахимаар хүргүүлнэ.

 

2.8.Тухайн хуулийн этгээдийг дуудлага худалдаанд оролцуулахаас татгалзсан мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд уг мэдэгдлийг хүргүүлснээс хойш ажлын 5 хоногт багтаан хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргаж болно.

 

Гурав.Дуудлага худалдааг зохион байгуулах

 

3.1.Тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдааг энэ журмын 2.8-д заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн, эсхүл гомдол гаргасан хуулийн этгээдэд хуулийн хугацаанд хариу хүргүүлснээс хойш ажлын 15 хоногийн дотор Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдааны цахим системийг ашиглан зохион байгуулна.

 

3.2.Сонгон шалгаруулалтад тэнцэж, урилга авсан хуулийн этгээд журмын 3.1-д заасан цахим системд бүртгүүлж, дуудлага худалдааны тогтоосон анхны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг Ажлын хэсгээс мэдэгдсэн дансанд байршуулснаар оролцох эрх үүснэ.

 

3.3.Дуудлага худалдааны анхны үнэ, өсгөн хэлэх үнийн хязгаарыг доор дурдсаны дагуу зарлан, дуудлага худалдааг эхлүүлнэ:

 

 

Тусгай зөвшөөрлийн ангилал

Дуудлага худалдааны анхны үнэ (мян.төгрөг)

Өсгөн хэлэх үнийн  хязгаар (мян.төгрөг)

1.

2-25 хүртэл хувийн хатуулагтай согтууруулах ундаа үйлдвэрлэх

10.000.0

100.0-1000.0

2.

25-40 хүртэл хувийн хатуулагтай согтууруулах ундаа үйлдвэрлэх

30.000.0

100.0-1000.0

3.

40 ба түүнээс дээш хувийн хатуулагтай согтууруулах ундаа үйлдвэрлэх

35.000.0

100.0-1000.0

4.

Хүнсний зориулалтын түүхий эдээр спирт үйлдвэрлэх

50.000.0

100.0-1000.0

 

 

3.4.Үнийн санал өгснөөс хойш хоёр минутын дотор бусад оролцогч өмнөх  оролцогчийн өгсөн үнийн саналаас дээш санал өгөөгүй тохиолдолд хамгийн өндөр үнийн санал өгсөн оролцогч этгээд дуудлага худалдааны ялагч болж, тус дуудлага худалдаагаар тусгай зөвшөөрлийг арилжаалсанд тооцож, дуудлага худалдааг хаана.

 

3.5.Ажлын хэсэг нь дуудлага худалдааны явцад тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлд дуудлага худалдааны ялагч болон Ажлын хэсгийн дарга, гишүүд гарын үсэг зурснаар дуудлага худалдааг хүчин төгөлдөр явагдсанд тооцно.

 

3.6.Дуудлага худалдаанд ялсан хуулийн этгээд дуудлага худалдааны үнийг ялагч болсноос хойш 48 цагийн дотор энэ журмын 3.2-т заасан дансанд төлөх үүрэгтэй бөгөөд дэнчинг дуудлага худалдааны үнэд оруулан тооцно.

 

3.7.Дуудлага худалдаанд оролцогч нь ялагч болоогүй тохиолдолд урьдчилан төлсөн дэнчинг ажлын 2 хоногийн дотор аливаа шимтгэлгүйгээр буцаан олгоно.

 

3.8.Энэ журмын 3.2-т заасны дагуу дэнчинг байршуулсан боловч дуудлага худалдаанд оролцоогүй бол Ажлын хэсэг тухайн оролцогчийг татгалзсанд тооцож, дуудлага худалдааны тэмдэглэлд тусган, дэнчинг буцаан олгоно.

 

3.9.Дуудлага худалдааны ялагч нь тэмдэглэл болон гэрээнд гарын үсэг зурахаас зайлсхийсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.

 

Дөрөв.Дуудлага худалдааг дахин явуулах

 

4.1.Ажлын хэсэг дараах тохиолдолд дуудлага худалдааг дахин явуулна:

 

      4.1.1.дуудлага худалдаанд нэг этгээд оролцсон;

 

      4.1.2.зөвхөн нэг үнийн санал өгсөн;

 

      4.1.3.дуудлага худалдааны ялагч тогтоосон хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлөөгүй;

 

      4.1.4.дуудлага худалдааны ялагч тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд;

 

      4.1.5.дуудлага худалдааны ялагч энэ журмын 6.1-д заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд;

 

      4.1.6.хууль зөрчсөн, хууль бус дуудлага худалдаа явуулсныг шүүхээр тогтоосон;

 

      4.1.7.хуульд заасан бусад тохиолдолд.

 

4.2.Дуудлага худалдааг дахин явуулах хугацааг Ажлын хэсэг тогтоох бөгөөд энэ тухай зарыг уг журмын 2.7-д заасан урилга авсан этгээдэд дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө хүргэнэ.

 

Тав.Тусгай зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах

 

5.1.Ялагч нь дуудлага худалдааг хүчин төгөлдөр болсноос хойш                  20 хоногийн дотор Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.1-д заасан баримт бичгийг бүрдүүлж, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

5.2.Ажлын хэсгийн нэгдсэн тайлан, ялагчийн талаарх мэдээлэл, энэ журмын 5.1-д заасан баримт бичгийг үндэслэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.1-д заасан  шаардлагыг хангасан бол хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгож, гэрээ байгуулах шийдвэрийг гаргана.

 

Зургаа.Бусад

 

6.1.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичиг, сонгон шалгаруулалтын болон дуудлага худалдааны нэгдсэн тайланг архивын нэгж болгон хадгална.

 

6.2.Сонгон шалгаруулалт, дуудлага худалдаанд оролцогч, Ажлын хэсэг, түүний албан тушаалтан энэ журам болон доор дурдсан хориглосон заалтыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

 

      6.2.1.бусад оролцогчдыг төөрөгдүүлэх, худал мэдээлэл тараах;

 

      6.2.2.дуудлага худалдааны хэвийн үйл ажиллагаанд зориуд саад учруулах;

 

      6.2.3.зохион байгуулагчдын шаардлагыг үл биелүүлэх.

 

6.3.Дуудлага худалдаанд оролцогч энэ журам болон дуудлага худалдаатай холбоотой аливаа эрх зүйн баримт бичгийг судлаагүй, тэдгээрийг мэдэхгүй, эсхүл ойлгохгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. 

 

 

 

 

----о0о----