- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 290
Улаанбаатар хот
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин баригдаж байгаа боловсрол, шинжлэх ухааны салбарын барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүн, албан тушаалтанд тус тус даалгасугай:
1.1.Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт өртөгт багтаан барьж ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн зарим барилгын үлдэгдэл ажлын тоо хэмжээ болон төсвийн зөрүүг нягтлах, магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажуулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд;
1.2.Гэрээний хугацаанд багтаан ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн зарим барилгын ажлын гэрээг дүгнэж, гэрээнд заасны дагуу алданги тооцох, шаардлагатай бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.3.Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийг хэмнэх зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын давхрын тоог нэмэгдүүлэх асуудлыг судалж, шаардлагатай бол холбогдох барилга байгууламжийн стандарт, норм, дүрэмд холбогдох өөрчлөлт оруулах талаар зохих арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт;
1.4.Орон нутаг, нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэх нөхцөл үүссэн хамран суралцах тойрогт баригдаж буй сургуулийн барилга байгууламжийг үүсээд буй нөхцөл, зайлшгүй шаардлагыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэсэгчлэн ашиглалтад оруулах боломжтой эсэхийг нягтлан үзэж, зохих арга хэмжээ авах замаар 2023-2024 оны хичээлийн жилийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.
2.Төсвийн тухай хуулийн 10.1.14-т заасан зохицуулалтын хүрээнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад батлагдсан хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц байдалтай нь уялдуулан хуулиар батлагдсан дүнд нь багтаан зохих журмын дагуу зохицуулалт хийхийг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
