A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ГАМШГИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ГАМШГИЙН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ, НИЙСЛЭЛИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 294

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ГАМШГИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ГАМШГИЙН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ, НИЙСЛЭЛИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4, 5, 13 дугаар зүйлийн 7, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6.5, Газрын тухай хуулийн 19.1.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26.1.5, 26.1.6, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийслэл Улаанбаатар хотын газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн менежментийг сайжруулах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, бусад албан тушаалтанд үүрэг болгосугай:

1.1.нийслэл Улаанбаатар хотын газар зохион байгуулалт, хотын барилгажилтыг нийтийн эрх ашиг, хүний аюулгүй байдал, ногоон орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр Газрын багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг тус тус боловсруулж, Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт;

1.2.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах, Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгуулах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт;

1.3.энэ тогтоолын 1.1, 1.2-т заасан хууль тогтоомжийн төсөл батлагдах хүртэл хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, дүүргийн Засаг дарга нарт;

(Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 136 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

1.4.тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэрийн газар, зам, шугам сүлжээний газар, ойн болон усны сан бүхий газар, тэдгээрийн хамгаалалтын бүс газарт хууль тогтоомж зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа, барилга байгууламж барьсан асуудал бүрийг судлан үзэж, газар чөлөөлөх арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт;

1.5.барилга байгууламжийн гаднах талбайн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автозам, зогсоол, дугуйн зам, явган хүний зам, гарц, зэрэг нийтийн эзэмшлийн зам, талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, зохих зөвшөөрөл, төлөвлөлтгүйгээр эзэмшүүлж, ашиглуулсан, барилга байгууламж барьсан асуудлыг судалж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, хууль зөрчиж зөвшөөрөл өгсөн байгууллага, албан тушаалтнаас учруулсан хохирлыг нэхэмжлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт;

1.6.энэ тогтоолын 1.5-д заасан нийтийн эзэмшлийн зам, талбайд баригдсан барилга байгууламжид ногдуулах үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, төлбөр, хураамжийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх асуудлыг судалж, холбогдох тооцоо, судалгааг хийсний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулж, танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт;

2.Байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, бусад албан тушаалтанд даалгасугай:

2.1.үерийн эрсдэлтэй газарт буусан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж, цаашид усны сан бүхий газар, гол горхи, тэдгээрийн хамгаалалтын бүс газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт;

2.2.хууль тогтоомж зөрчиж, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй, төлөвлөлтгүйгээр газар олгосон тохиолдолд буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан, үерийн далан, сувгийг хог, барилгын хаягдлаар дүүргэсэн, далан, сувгийг хааж барилга байгууламж барьсан зэрэг зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжээр учруулсан хохирлыг арилгуулах, цаашид энэ төрлийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах зорилгоор холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ, судалгаа хийсний үндсэн дээр Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт;

2.3.Улаанбаатар хотын гамшгийн эрсдэлийн үнэлгээг олон улсын мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх, гарсан дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгон хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт;

2.4.гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж, зарлан мэдээлэх системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, онцгой байдлын байгууллагын төсөв хөрөнгө, машин техник, багаж хэрэгсэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдыг хувцас хэрэгслээр хангах, улсын нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Жавхлан, төсвийн холбогдох ерөнхийлөн захирагч нарт;

2.5.байгалийн аюулт үзэгдлийг зарлан мэдээлэх, дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэх үйл ажиллагааг боловсронгуй болгож, гамшиг, гамшгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар зарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй хүргэж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт.

3.Аймаг, сум, чөлөөт бүсийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, тусгагдсанаас өөр зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг аймаг, сумын Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нарт үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороонд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН