- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А264, А154 дугаар тушаалын хавсралт
ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нөхцөл байдал илэрсэн тохиолдолд үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийн /цаашид хамтад нь "үнэлгээчин" гэх/ хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтэд шинжилгээ хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 35 дугаар зүйлийн 35.2-т заасан байгууллагаас шинжээчээр томилогдсон шинжээч шинжилгээ хийхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.3.Шинжилгээ хийхдээ Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.
Хоёр.Шинжилгээний объект, түүнд тавигдах шаардлага
2.1.Хөрөнгийн үнэлгээний шинжилгээний объект нь Шүүх шинжилгээний хуулийн 12.3-т заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
2.1.1.шинжилгээний объект нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг стандартын шаардлага болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, бусад заавар журмаар батлагдсан маягтын дагуу хөтөлсөн анхан шатны баримтын шаардлагыг хангасан баримт бичиг байх;
2.1.2.шинжилгээний объект тэдгээртэй холбогдсон баримт материал, хөрөнгийн байршлыг тодорхойлсон, үзэгдэх байдалтай холбоотой гэрэл зураг, хөрөнгийн эзэмшил, өмчлөлийг нотолсон баримт бичиг;
2.1.3.шинжилгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтийг үндэслэн хийх ба уг тайлан, дүгнэлтийг гаргахад хамрагдсан баримт материалуудыг бүрэн ирүүлсэн байх;
2.1.4.шинжилгээний объект нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Үнэлгээний олон улсын стандартыг баримталсан байхаас гадна шинжээчид тавьсан асуултын хүрээнд хийгдсэн байх.
Гурав.Шинжилгээ хийх үе шат, арга зүй
3.1.Шинжилгээ хийхдээ дараах аргыг ашиглана.
3.1.1.Шинжлэх ухааны ерөнхий болон шинжилгээний тусгай арга;
3.1.2.Шинжилгээний төрөл, объектын онцлог шинж чанараас хамаарч түүнд тохирсон шинжилгээ судалгааны арга;
3.1.3.Үнэлгээний олон улсын стандартыг баримтална.
3.2.Шинжилгээг дараах үе шаттай явуулна.
3.2.1.Хөрөнгийн үнэлгээний стандарт, аргачлал, дүрэм, журам, норм, норматив болон шаардлагатай бусад материалыг бэлтгэх;
3.2.2.Шинжилгээ хийх төлөвлөгөө, хуваарийг боловсруулах;
3.2.3.Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж, магадлан шинжлэх;
3.2.4.Шинжилгээ хийхдээ шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн томилсон төлөөлөл, зохигчдыг байлцуулан шинжилгээний объекттой биечлэн танилцаж, гэрэл зургаар баримтжуулна. Хөрөнгийг биечлэн очиж үзэхдээ шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс бичгээр болон цахимаар зөвшөөрөл авах;
3.2.5.Шинжилгээг энэхүү журмын 3.1-д заасан аргаар хийж гүйцэтгэн шинжээчийн дүгнэлт гаргах;
3.2.6.Шинжилгээ хийх үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлыг хууль тогтоомжид заасны дагуу шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэх, нотлох баримтын хамт шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд хүргүүлэх.
3.3.Шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагад хийсэн бол ажлын баримтыг архивын хууль тогтоомжид заасны дагуу архивын нэгж болгон Шүүх шинжилгээний байгууллага эсхүл нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад хадгална.
3.4.Шинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэсэн тохиолдолд ажлын баримтыг архивын нэгж болгон тухайн этгээд хадгална.
3.5.Шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа шинжээчийн дүгнэлтэд тооцооллыг хавсаргана.
3.6.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт гаргасан үнэлгээчин, хэргийн оролцогчидтой зөвшөөрөгдсөн газарт уулзаж тайлбар тодруулга авч болно.
3.7.Шинжилгээ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу анхдагч, нэмэлт, дахин гэсэн хэлбэртэй байх ба шинжилгээг бүрэлдэхүүнтэй багаар хийнэ.
Дөрөв.Шинжээчийн дүгнэлт
4.1.Шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан агуулгыг бүрэн тусгана.
4.2.Шинжээчийн дүгнэлтийг албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд нийцүүлэн бичнэ.
4.3.Орчуулах боломжгүй гадаад үг, нэр томьёог олон улсын нэршлээр хэрэглэнэ.
4.4.Шинжээчийн дүгнэлт нийтлэг үндэслэл, шинжилгээний талаар, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Тав.Бусад
5.1.Шинжээч Шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйл болон бусад хууль тогтоомжид заасан шинжилгээний нууцлал, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
5.2.Шинжээч Шүүх шинжилгээний тухай хуулийн 34.3, 49.1, 49.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан эрх,үүргийг хэрэгжүүлж ажиллана.
5.3.Шинжээчийн зардлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 21.4-т заасны дагуу шийдвэрлэнэ.
5.4.Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн мэргэшүүлэх болон давтан сургалтын зардал, гишүүнчлэлийн хураамжийг тухайн жилийн төсөвт тусгуулан шийдвэрлүүлнэ.
5.5.Шинжээч энэ журмыг зөрчвөл хуульд заасан хариуцлага хүлээнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A