A

A

A

Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр

Дугаар А/470/А-327/А-306

Улаанбаатар хот

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог тогтоох тухай

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог нийслэлд 1000 хүн ам тутамд 6 хүртэл, аймаг, суманд 1000 хүн ам тутамд 4 хүртэл байхаар тус тус тогтоосугай.

2. Тухайн нэгжид үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, амралтын газрын дэргэдэх худалдаа, үйлчилгээний газар, аялал жуулчлалын гол чиглэл дагуух үйлчилгээний цогцолбор бүхий түр буудаллах цэгээс бусад газарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгт зөвшөөрөл олгоход энэ тушаалын 1 дэх заалтыг дагаж мөрдсүгэй.

3. Тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэгийн нягтрал, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, эрүүл мэнд, соёл, спортын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон дотуур байрны байршлыг харгалзан тусгай зөвшөөрлийг олгон үр дүнгийн талаарх тайланг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.

4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга, Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын дарга нарт тус тус даалгасугай.

5. Энэ тушаал гарснаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны "Норматив батлах тухай" А/272 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН
ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН




 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ

             ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН 
                 САЙД Х.НЯМБААТАР