A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 326

Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2023 оны 73 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжих боломж, нийгмийн баталгааг хангах хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай:

1.1.Магадлан итгэмжлэгдсэн багш мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөр, багш нарыг магистрын болон гадаад, дотоодод мэргэшүүлэх сургалтад суралцуулахад шаардагдах зардлыг 2024 оны төсвийн жилээс эхлэн төсвөөс санхүүжүүлэх талаар санал боловсруулж, зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;

1.2.Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд заасны дагуу багшийн хөгжлийг дэмжих төвүүдийг байгуулж, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах;

1.3.Багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, стандарт, холбогдох дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, батлах.

2.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх асуудлыг судалж, шийдлийн төслийг шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн хамт боловсруулж төсвийн төсөлд тусгах саналаа хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт тус тус даалгасугай.

3.Багшийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах болон багш бүрийг компьютержуулах боломжийг судлан, төсөл, арга хэмжээний саналаа 2024 оноос үе шаттай хэрэгжүүлэхээр тооцож танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.

4.Төрийн өмчийн багш бэлтгэх их сургуулийн хичээлийн болон дотуур байрыг шинээр барих, өргөтгөх, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүнийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцож Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН