- Нүүр
- Сайдын тушаал
- ЦАХИМ ТЕХНОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/315, А/91 дугаар хамтарсан тушаалын хавсралт
ЦАХИМ ТЕХНОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх явцад цахим технологийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Цахим технологийн шинжилгээ хийх үйл ажиллагаанд Шүүх шинжилгээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, стандарт болон энэхүү журмыг баримтална.
Хоёр.Цахим технологийн шинжилгээний ангилал, төрөл
2.1.Цахим технологийн шинжилгээ нь ашиглагдах техник хэрэгсэл, программ хангамж, арга, аргачлалаас хамааран оношилгооны болон адилтгалын гэсэн хэлбэртэй байна.
2.2.Цахим технологийн шинжилгээ нь объектын онцлогоос шалтгаалан дараах төрөлтэй байна. Үүнд:
2.2.1."Компьютер техникийн шинжилгээ" нь тоон технологид суурилсан төхөөрөмж, түүний үйл ажиллагаа, хадгалагдаж буй цахим мэдээлэл зэрэгт тусгай арга аргачлал, программ хангамж, техник ашиглан шинжилж, дүгнэлт гаргах ажиллагаа;
2.2.2."Дүрс бичлэгийн шинжилгээ" нь нэгж хугацаанд дүрслэгдэх дүрсний олонлогоор үүсгэгдэх, өөрчлөгдөх үйл явцыг судлах, дүрслэлийг тодруулах, үүсгэсэн төхөөрөмжийн бүтэц, үйл ажиллагаа зэргийг тодорхойлох, оношлох, адилтган шинжилж, дүгнэлт гаргах ажиллагаа;
2.2.3."Дуу авианы шинжилгээ" нь хүний дуу авианы физик шинжийг судлах, дуу авиа үүсгэгдсэн, өөрчлөгдсөн, дахин давтагдашгүй шинж чанар зэргийг тодруулж тодорхойлох, адилтган шинжилж, дүгнэлт гаргах ажиллагаа;
2.2.4."Хүний гадна дүр төрхийн шинжилгээ" нь хүний биометрик мэдээллийн физик, антропологи, геометрийн шинж чанарыг ашиглан тогтоох, адилтган шинжилж, дүгнэлт гаргах ажиллагаа;
2.2.5."Хөдөлгөөнт төхөөрөмжид хийгдэх шинжилгээ" нь санах ойд суурилсан цахим төхөөрөмжийн ажиллагаа, хадгалагдаж буй цахим мэдээллийг тусгай арга аргачлал, программ хангамж, техник хэрэгсэл ашиглан шинжилж, дүгнэлт гаргах ажиллагаа;
2.2.6."Эх код, өгөгдлийн сангийн шинжилгээ" нь программ хангамжийн зохиомж, өгөгдлийн сангийн зохион байгуулалт, бүтэц, өгөгдөл, мэдээлэл түүний бүрдэл, үйл ажиллагааны уялдаа холбоог шинжилж, дүгнэлт гаргах ажиллагаа;
2.2.7."Кибер орчны шинжилгээ" нь цахим тодорхойлогч, түүнийг мэдээллийн сүлжээгээр илгээх, дамжин хүлээн авахад мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдал алдагдсан учир шалтгааныг тогтоох зорилгоор шинжилж, дүгнэлт гаргах ажиллагаа;
2.2.8."Цахим технологийн зарим төрлийн шинжилгээ" нь хиймэл оюун ухаан болон интеграцлагдсан (IoT) бүтэцтэй технологи, төхөөрөмжийг шинжилж, дүгнэлт гаргах ажиллагаа.
2.3.Цахим технологийн шинжилгээг шаардлагатай тохиолдолд туршилтын арга ашиглан харьцуулан шинжилж болно.
Гурав.Цахим технологийн шинжилгээний объектод
тавигдах шаардлага
3.1.Шинжилгээний объект нь механик гэмтэл үүсээгүй, эх хувь байна.
3.2.Шинжилгээ томилох эрх бүхий этгээд дараах шаардлагыг хангасан шинжилгээний объектыг шинжилгээнд ирүүлнэ. Үүнд:
3.2.1.шинжилгээний объектыг гэмтэхээс сэргийлэн тусгай зориулалтын дугтуй, хайрцаг, саванд хийж хаягжуулсан байх;
3.2.2.шинжилгээний объектын эх хувийг хэш кодоор баталгаажуулж, зөөврийн мэдээлэл хадгалах төхөөрөмжид хуулбарлан битүүмжилсэн байх;
3.2.3.шинжилгээний объектын хамт цахим шуудан болон олон нийтийн цахим харилцааны хэрэглүүрийн болон бусад шаардлагатай нэвтрэх нэр, нууц дугаарыг ирүүлэх;
3.2.4.дүрс, дуу авианы бичлэгийн агуулга 50 хувиас дээш чанарын шаардлага хангахуйц байх;
3.2.5.дуу авианы бичлэгийн үргэлжлэх хугацаа 30 секундээс дээш, 30 үгнээс багагүй байх;
3.2.6.шинжилгээнд ирүүлж буй хөдөлгөөнт төхөөрөмжийн сүлжээний тохиргоог идэвхгүй горимд шилжүүлсэн байх.
3.3.Шинжилгээний объектыг дараах тохиолдолд шинжилгээнд тэнцэхгүйд тооцно. Үүнд:
3.3.1.дэлгэц (дуу авианы төхөөрөмж)-ээс нэмэлт төхөөрөмж ашиглан бичлэг хийж, хуулбарлан ирүүлсэн дүрс, дуу авианы бичлэг;
3.3.2.цахим орчин, олон нийтийн сүлжээнээс хөрвүүлэн авсан дүрс, дуу авианы бичлэг;
3.3.3.дүрс бичлэгт дүрслэгдсэн хүн ба эд зүйлийн онцлог шинж тэмдэг тодорхойгүй;
3.3.4.Бусад.
Дөрөв.Цахим технологийн шинжилгээний харьцуулах загвар
4.1.Цахим технологийн адилтгалын шинжилгээ хийхэд харьцуулах загвар авч болно.
4.2.Харьцуулах загвар нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад тоон үзүүлэлт болон чанарын шаардлага хангасан байна.
4.3.Дүрс бичлэг, гэрэл зургийн шинжилгээний харьцуулах загварыг дараах байдлаар авна. Үүнд:
4.3.1.шинжилж буй дүрс бичлэгийг үүсгэсэн хяналтын камерын төхөөрөмжийн байрлал, орчны нөлөөлөл зэрэг нь өөрчлөгдсөн эсэхийг нягтлах;
4.3.2.шинжлэгдэж буй объекттой үйл хөдлөл, байрлал, дүрслэлээр аль болох ижил байх.
4.4.Дүрслэл, хэлбэрийг тогтоох зорилгоор 3D скайнер ашиглан харьцуулах загвар авч болно.
4.5.Дуу авианы шинжилгээний харьцуулах загварыг дараах байдлаар авна. Үүнд:
4.5.1.харьцуулах бичлэгийг тусгай акустик орчин үүсгэн, тоноглогдсон өрөөнд тусгай мэдлэг бүхий шинжээч биечлэн авах;
4.5.2.насанд хүрээгүй хүнээс дуу авианы харьцуулах загвар бичлэгийг авахад эцэг, эх, хууль ёсны төлөөлөгчийг байлцуулах;
4.5.3.цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагчийн дуу авианы харьцуулах загварыг тухайн газарт тусгайлан бэлдсэн өрөөнд авах.
4.6.Бичлэгийн өрөөнд хэргийн бусад оролцогчид байхыг хориглоно.
4.7.Харьцуулах загварт ашиглах бичлэгийг хийх орчин нөхцөлийг шинжилгээ томилох эрх бүхий этгээд хангана.
Тав.Цахим технологийн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах
5.1.Цахим технологийн шинжилгээг техник хамгамж, албан ёсны лицензтэй программ хангамж болон зориулалтын сүлжээ бүхий лабораторийн орчинд явуулна.
5.2.Шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлал, инновацийг тухай бүр шинжилгээний үйл ажиллагаанд нэвтрүүлж ашиглана.
5.3.Үзлэг ба шинжилгээг аюулгүй ажиллагааны зааврыг баримтлан явуулна.
5.4.Цахим мэдээлэл устгагдах, төхөөрөмжид механик эвдрэл, гэмтэл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн орчинд шинжилгээг явуулна.
5.5.Цахим мэдээлэл устах, өөрчлөлт орох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж эх хувийг хуулбарлан авч шинжилгээ, туршилт хийнэ.
5.6.Шинжилгээг олон төрлийн программ хангамж, техник хэрэгсэл ашиглан хийж, үр дүнг харьцуулан шинжилж болно.
5.7.Шаардлагатай тохиолдолд шинжилгээний объекттой ижил төрлийн өөр объект дээр туршилт хийж, үр дүнг үнэлж болно.
5.8.Шинжээч шинжилгээнд ирүүлсэн объектын шинж байдалд өөрчлөлт орох, устахаас урьдчилан сэргийлж төхөөрөмжид хандах эрх болон нууц дугаарыг түр хугацаанд өөрчилж болно. Хэрэв өөрчлөх тохиолдолд энэ тухайгаа шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.
5.9.Шинжээч шинжилгээ хийх явцад шинжилгээний нууцлал, аюулгүй байдлыг хангах бөгөөд тусгай зориулалтын программ хангамж, техник хэрэгслийн ашиглалт болон бүрэн бүтэн байдлыг хариуцна.
5.10.Шинжилгээний объект овор хэмжээ ихтэй, зөөвөрлөх боломжгүй тохиолдолд тухайн объект байгаа газарт очиж үзлэг, шинжилгээ хийх бөгөөд шинжилгээ хийх нөхцөлийг шинжилгээ томилсон эрх бүхий этгээд хангана.
Зургаа.Шинжилгээний объектын хадгалалт, хамгаалалт
6.1.Цахим технологийн шинжилгээний объектыг шинжилгээ хийх явцад мэдээллийн сан үүсгэн түр хугацаагаар хадгалж болно.
6.2.Цахим технологийн шинжилгээнд хэрэглэх тусгай зориулалтын программ хангамжийн эх хувь болон түүний хувилбаруудыг байнгын хэрэгцээнд зориулан мэдээллийн санд байршуулна.
6.3.Байнгын өөрчлөгддөг программ хангамжийн шинэчлэлтийг тогтмол хугацаанд шинэчлэн мэдээллийн санд байршуулна.
6.4.Мэдээллийн санд хадгалагдах мэдээллийн нэрсийг огноо бүхий нэрээр, латин үсгээр галиглан үүсгэсэн хавтаст шинжилгээний дугаарлалтын дарааллын дагуу хадгална.
6.5.Шинжилгээний үр дүнгээр гарган авсан мэдээллийг шинжилгээ дууссаны дараа устгана.
6.6.Мэдээллийн санд нэвтрэх эрх болон үйлдлийн дарааллыг тогтмол бүртгэх тохиргоог сервэр дээр хийсэн байна.
Долоо.Бусад
7.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A