A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим санг бүрдүүлэх, ашиглах, баяжуулах журам
Бүлэг: 1979

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/280,А/166,А /432 дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

 

Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим санг бүрдүүлэх, ашиглах, баяжуулах журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим санг (цаашид "мэдээллийн сан" гэх) бүрдүүлэх, ашиглах, баяжуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.

1.2.Мэдээллийн сан нь үндсэн систем ХУР, танилт, нэвтрэлтийн ДАН системийг ашиглан мэдээлэл солилцох ба тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрөл олгох цахим бүртгэлийн систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сан, согтууруулах ундаа худалдах, түүгээр  үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох цахим сан сантай холбогдсон байна.

1.3.Мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах үйл ажиллагааг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ.

1.4.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэдээллийн сангийн системийн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор мэдээллийн технологи хариуцсан албан хаагч, мэдээллийн сангийн мэдээллийг бүрдүүлэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих албан хаагчийг тус тус ажиллуулна.

1.5.Энэхүү журмыг согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, хяналт тавих эрх бүхий байгууллага, мэдээллийн санг хөгжүүлдэг, ашигладаг, нэвтрэх болон мэдээлэл солилцох эрх бүхий хүн, хуулийн этгээд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.6.Мэдээллийн сангийн программ хангамж, техник технологи нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаарх төрийн нэгдсэн бодлого, мэдээллийн технологийн чиглэл, мэдээллийн аюулгүй байдлын стандартад нийцсэн байна.

 

ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН БҮРДЭЛ

2.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл. Үүнд:

2.1.1.үйлдвэрлэгчийн нэр, регистрийн дугаар;

2.1.2.үйлдвэрлэгчийн хаяг байршил, холбоо барих утас;

2.1.3.тусгай зөвшөөрлийн төрөл;

2.1.4.тусгай зөвшөөрлийн хугацаа;

2.1.5.бүтээгдэхүүний нэр;

2.1.6.зураасан код;

2.1.7.үйлдвэрлэсэн он, сар, өдөр;

2.1.8.үйлдвэрлэсэн тоо, хэмжээ;

2.1.9.төлсөн онцгой албан татварын дүн;

2.1.10.худалдан борлуулсан үнийн дүн;

2.2.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл. Үүнд:

2.2.1.импортлогчийн нэр, регистрийн дугаар;

2.2.2.импортлогчийн хаяг байршил, холбоо барих утас;

2.2.3.тусгай зөвшөөрлийн төрөл;

2.2.4.тусгай зөвшөөрлийн хугацаа;

2.2.5.бүтээгдэхүүний нэр;

2.2.6.барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системийн ангиллын код, зураасан код;

2.2.7.гаалийн бүрдүүлэлт хийсэн он, сар, өдөр;

2.2.8.гаалийн бүрдүүлэлтэд тусгасан гаалийн үнэлгээ;

2.2.9.импортолсон тоо, хэмжээ;

2.2.10.төлсөн онцгой албан татварын дүн;

2.2.11.импортолсон хилийн боомтын нэр;

2.2.12.гаалийн бүрдүүлэлтийн горимын код;

2.2.13.худалдан борлуулсан үнийн дүн;

2.3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл. Үүнд:

2.3.1.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, регистрийн дугаар;

2.3.2.хуулийн этгээдийн захирлын нэр, утас, тусгай зөвшөөрлийн хаяг, байршил;

2.3.3.тусгай зөвшөөрлийн төрөл;

2.3.4.тусгай зөвшөөрлийн хугацаа;

2.3.5.бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ;

2.3.6.зураасан код;

2.3.7.худалдан борлуулсан үнийн дүн;

 

ГУРАВ. МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ХӨТЛӨХ

3.1.Энэхүү журмын 2.1.1-2.1.4, 2.2.1-2.2.4 дэх мэдээллийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 2.1.5-2.1.10, 2.2.13, 2.3.5-2.3.7 дахь мэдээллийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага,  2.2.5-2.2.12 дахь мэдээллийг гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 2.3.1-2.3.4 дахь мэдээллийг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба тус тус мэдээллийн санд бүрдүүлэлтийг хийнэ.

 3.2.Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг эрх бүхий албан тушаалтан албан хэрэгцээнд ашиглана.

3.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэдээллийн санг бүрдүүлэхдээ шаардлагатай тохиолдолд холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллана.

3.4.Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл шинээр олгосон, хугацааг сунгасан, дууссан, түдгэлзүүлэх, хүчингүй болгосон мэдээллийг ажлын 2 өдөрт багтаан тус журмын 2.1.1-2.1.4, 2.2.1-2.2.4 дэх заалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 2.3.1-2.3.4 дэх заалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны эрх бүхий ажилтан нь үндсэн ХУР системээр дамжуулан мэдээллийн санд бүртгэнэ.

3.5.Согтууруулах ундаа импортолсон тохиолдолд тус журмын 2.2.5-2.2.12 дахь заалтын мэдээллийг гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сангаас үндсэн ХУР системээр дамжуулан ажлын 3 өдөрт багтаан мэдээллийн санд бүртгэнэ. 

3.6.Согтууруулах ундаа импортолсон тохиолдолд тус журмын 2.1.5-2.1.10, 2.2.13, 2.3.5-2.3.7 дахь заалтын мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас үндсэн ХУР системээр дамжуулан ажлын 3 өдөрт багтаан мэдээллийн санд бүртгэнэ.

3.7.Мэдээллийн сангийн сервер компьютер, тэдгээрийг дагалдах техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглах, засварлах, хадгалалт, хамгаалалт, нууцлалын байдлыг хангахтай холбогдох үйл ажиллагааны хэрэгжилтийг мэдээллийн технологи хариуцсан албан хаагчийг хяналтан дор гүйцэтгэнэ.

3.8.Байгалийн гамшиг, гал усны болон гэнэтийн бусад аюул, халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс хамгаалах зорилгоор мэдээллийн санд байгаа өгөгдөл, мэдээллийг жил бүр хувилж, аюулгүй байдлын болон техникийн шаардлага хангасан газарт хадгална.

3.9.Мэдээллийн сангийн шинэчлэлт, баяжилт, тасралтгүй хэвийн ажиллагааг хангахтай холбогдох зардлыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлнэ.

3.10.Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг мэдээллийн сангаас тухайн асуудал хариуцсан албан хаагч нэгтгэн хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлага болон олон нийтэд мэдээлнэ.

 

ДӨРӨВ. ХАРИУЦЛАГА

4.1.Мэдээллийн сангийн үйл ажиллагааг санаатай болон санамсаргүйгээр алдагдуулах, хуулийн этгээдийн нууцтай холбоотой мэдээллийг задруулах, мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглах, бусдад дамжуулах, худалдаалахыг хориглоно.

4.2.Энэ журмыг зөрчсөн төрийн албан хаагчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

4.3.Мэдээллийн санг ашиглах явцад мэдээлэл алдагдах, устах зэрэг нөхцөл байдал үүсэхэд буруутай тал нь хариуцлага хүлээнэ.

4.4.Энэхүү журмын 1.2-д заасан мэдээллийн сангаас бусад эх үүсвэрээс олж авсан, боловсруулсан аливаа мэдээ мэдээлэлд хариуцлага хүлээхгүй.

 

 

---о0о---