A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АХМАД НАСТАН, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА БҮРЭН АЛДСАН ХҮН, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

 

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/309, А/176, А/120 дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

 

АХМАД НАСТАН, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА БҮРЭН АЛДСАН ХҮН,

ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

 1.1.Энэхүү журмын зорилго нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэгч, үл хөдлөх эд хөрөнгө, газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогч  ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх (цаашид "үйлчлүүлэгч" гэх)-д үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

           1.2.Хууль зүйн туслалцаа үзүүлэх  үйл ажиллагаанд Хууль зүйн туслалцааны тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Ахмад настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль, Гэр бүлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм,  энэхүү журмыг удирдлага болгоно.

 

1.3.Энэ журмын 1.1-д заасан "ахмад настан" гэж Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хүнийг, "хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан" гэж Засгийн газрын 2021  оны 67 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д заасныг, "өрх толгойлсон эх (эцэг)" гэж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасан эх (эцэг)-ийг, "олон хүүхэдтэй өрх толгойлсон эх (эцэг)" гэж Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт  тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг тус тус ойлгоно.

 

Хоёр.Хууль зүйн туслалцаа үзүүлэх

 

2.1.Үйлчлүүлэгчид хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх журмын дагуу Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлнэ.

 

2.2.Үйлчлүүлэгч нь доор дурдсан хэрэг, маргаанд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авч болно.

 

          2.2.1.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасан нэхэмжлэгч бол;

 

          2.2.2.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасан захиргааны хэргийн оролцогч бол.

 

2.3.Хууль зүйн туслалцааны төв нь үйлчлүүлэгчийн өргөдөлд үндэслэн үйлчлүүлэгчийн тухай холбогдох лавлагаа, мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагаас цахимаар эсхүл албан бичиг хүргүүлж авна. Үүнд:

 

           2.3.1.хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан тухай лавлагаа, мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс;

 

           2.3.2.гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдаж буй эсэх лавлагаа, мэдээлэл болон Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан иргэн эсэх лавлагаа, мэдээллийг тус тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар эсхүл харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээс;

         

2.3.3.хэрэг, маргаанд холбогдолтой бусад баримт бичиг.

 

Гурав.Бусад

 

3.1.Мэдээлэл хариуцагч байгууллага нь холбогдох тодорхойлолтыг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.

 

3.2.Хууль зүйн туслалцааны төв нь Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх хүрээнд хамаарахгүй бол үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан шийдвэр гаргана.

 

3.3.Үйлчлүүлэгч болон мэдээлэл хариуцагч байгууллага нь холбогдох баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, тодорхойлолтыг хуурамчаар гаргасан тохиолдолд Хууль зүйн туслалцааны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

3.4.Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч нь хууль тогтоомжид заасан хүрээнд үйлчлүүлэгчийн эрх ашгийг бүрэн, тууштай хамгаалах үйл ажиллагааг үнэ төлбөргүй явуулж, үйлчлүүлэгчтэй хүнлэг, зөв боловсон харьцан, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг чанд баримтлан ажиллана

 

--оОо--