- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРӨЛЖСӨН БАНКНЫ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ҮНЭТ ЦААС, САНХҮҮГИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨРӨЛ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ, ХЭЛЦЭЛ ХИЙХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ
Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах
хорооны даргын 2023 оны 08 дугаар сарын 29-ний
өдрийн А-164/386 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРӨЛЖСӨН БАНКНЫ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ҮНЭТ ЦААС, САНХҮҮГИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨРӨЛ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ, ХЭЛЦЭЛ ХИЙХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк (цаашид "ХОТБ" гэх)-ны үнэт цаасны зах зээл, мөнгөний зах зээл дээрээс худалдан авч, худалдаж болох үнэт цаас, санхүүгийн хэрэгслийн төрөл, хэмжээ, түүнд тавих активын шалгуурыг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Энэ журмаар ХОТБ-аас гадаад улсын үнэт цаасны зах зээлд нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд үнэт цаас гаргахтай холбоотой харилцааг зохицуулахгүй бөгөөд тухайн улсын холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
1.3.ХОТБ-аас дотоодын үнэт цаасны зах зээлд хаалттай хүрээнд гаргах үнэт цаасыг бүртгэхтэй холбоотой харилцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбооны биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэлийн журмаар зохицуулна.
Хоёр. ХОТБ-ны худалдах, худалдан авах үнэт цаас, санхүүгийн хэрэгслийн төрөл, хэмжээ
2.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн 10.4-т заасны дагуу ХОТБ нь үнэт цаасны зах зээл, мөнгөний зах зээл дээр арилжаалагдах дараах төрлийн үнэт цаас, санхүүгийн хэрэгслийг худалдаж, худалдан авч болно:
2.1.1.хувьцаат компанийн хувьцаа;
2.1.2.үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл;
2.1.3.биржийн бус зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл;
2.1.4. хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас;
2.1.5.үнэт цаасны зах зээлд арилжаалагддаг опцион гэрээ, фьючерсийн гэрээ.
2.2.ХОТБ-ны энэ журмын 2.1-д заасан үнэт цаас, санхүүгийн хэрэгслийг худалдан авах хэмжээ нь Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн 14.3-т заасан хязгаараас хэтрэхгүй байна.
2.3.ХОТБ нь үнэт цаасны болон мөнгөний зах зээлээс үнэт цаас, санхүүгийн хэрэгслийг худалдан авах шийдвэр гаргахдаа үндэслэл бүхий тооцоо, судалгаанд үндэслэсэн байх бөгөөд Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон зохистой харьцааны шалгуурыг тогтмол хангаж ажиллана.
2.4.ХОТБ нь үнэт цаас, санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авахдаа арилжааны төрөл, хэмжээ, зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр байж болох хамгийн сайн нөхцөлтэйгөөр гүйцэтгэх зарчмыг баримтална.
2.5.ХОТБ нь харилцагч, түүний холбогдох этгээдийн үнэт цаас, санхүүгийн хэрэгслийг худалдан авах замаар эзэмших тохиолдолд олон нийтэд нээлттэй бус мэдээлэл алдагдах, аливаа сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх арга хэмжээ /chinese wall/-г үйл ажиллагаандаа тогтмол мөрдөнө.
2.6.Энэ журмын 2.5-д заасан харилцааг зохицуулах зорилго бүхий журмыг тухайн банкны төлөөлөн удирдах зөвлөл батална.
2.7.ХОТБ нь үнэт цаас, санхүүгийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх ажиллагааг чирэгдэлгүй, шуурхай байдлаар зохион байгуулж ажиллах бөгөөд анхдагч, хоёрдогч зах зээлд үнэт цаас, санхүүгийн хэрэгслийг худалдаж, худалдан авахад программ хангамж, дүрэм, журмын хүрээнд саадгүй хийгдэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Гурав. ХОТБ-ны үнэт цаасны багцад тавих шаардлага
3.1.ХОТБ-ны үнэт цаасны багцад дараах шаардлага тавина:
3.1.1.энэ журмын 2.1.1-д заасан арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн хувьцаанд оруулах хөрөнгийн нийт хэмжээ нь үнэт цаасны багцын 80 хувиас дээшгүй, хаалттай хувьцаат компанийн хувьцаанд оруулах хөрөнгийн нийт хэмжээ нь үнэт цаасны багцын 60 хувиас дээшгүй байх;
3.1.2.энэ журмын 2.1.2-2.1.3-т тус тус заасан компанийн өрийн хэрэгсэлд оруулах хөрөнгийн нийт хэмжээ нь үнэт цаасны багцын 85 хувиас дээшгүй байх;
3.1.3.энэ журмын 2.1.4-д заасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд оруулах хөрөнгийн нийт хэмжээ нь үнэт цаасны багцын 80 хувиас дээшгүй байх;
3.1.4.энэ журмын 2.1.5-д заасан опцион гэрээ, фьючерсийн гэрээнд оруулах хөрөнгийн нийт хэмжээ нь үнэт цаасны багцын 60 хувиас дээшгүй байх.
3.2.ХОТБ нь энэ журмын 2.1.1-д заасан компанийн хувьцааг Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн 10.5-д заасан хугацаанд эзэмших бөгөөд уг хугацаа дуусахаас өмнө эзэмшиж байгаа компанийн хувьцаагаа худалдана.
3.3.ХОТБ нь харилцагчийн үнэт цаас, санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авахад энэ журмын 3.1-д заасан шаардлагыг үйл ажиллагаандаа тогтмол мөрдөнө.
Дөрөв. Мэдээллийн ил тод байдал
4.1.ХОТБ нь Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон энэ журмаар тогтоосон мэдээлэл, тайлагналыг үнэн зөв, агуулгын хувьд хоёрдмол утгагүй, бүрэн гүйцэд, цаг хугацаанд нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон олон нийтэд хүргэнэ.
4.2.ХОТБ нь хагас жил болон жилийн үйл ажиллагааны тайланг гаргах бөгөөд жилийн тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, хагас жилийн тайланг дараа сарын 20-ны өдрийн дотор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлж, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
4.3.Энэ журмын 4.2-т заасан жилийн болон хагас жилийн үйл ажиллагааны тайланд дараах мэдээллийг тусгана:
4.3.1.ХОТБ-ны бүтэц зохион байгуулалт, засаглал;
4.3.2.ХОТБ-ны бизнес төлөвлөгөө, стратеги, үйл ажиллагаа, эрсдэл, эрсдэлийн удирдлага;
4.3.3.аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт болон хагас жилийн санхүүгийн тайлан;
4.3.4.ХОТБ-ны үйл ажиллагааны ашигт ажиллагаа, зардлын харьцаа үзүүлэлтүүд;
4.3.5.ХОТБ-ны санхүүжүүлсэн төслийн талаарх мэдээлэл, төслийн явц, үе шат;
4.3.6.энэ журамд зааснаас гадна Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээлэл.
4.4.ХОТБ нь энэ журамд заасан мэдээллийг эрх бүхий байгууллага, олон нийтэд хүргэхтэй холбоотой зохицуулалтыг холбогдох журамдаа тусгаж, үйл ажиллагаандаа тогтмол мөрдөж ажиллана.
Тав.Хяналт, хариуцлага
5.1.Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хууль болон холбогдох журамд заасан өөрийн чиг үүргийн хүрээнд энэ журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A