A

A

A

Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан  2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/314, А/178 дугаар тушаалын хавсралт

 

ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус хуулийн 34 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал илэрсэн тохиолдолд эдийн засгийн шинжилгээ /цаашид "шинжилгээ" гэх/ хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинжээчээр томилогдсон этгээд шинжилгээ хийхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.3.Шинжилгээ хийхдээ Шүүх шинжилгээний тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

Хоёр. Шинжилгээний объект, түүнд тавигдах шаардлага

 2.1.Шинжилгээний объект Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтлэг, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан тусгай болон дараах шаардлагыг хангасан байна.

 

 2.1.1.эрх бүхий байгууллагын гаргасан акт дүгнэлт нь гарын үсэг зурагдаж, хувийн эсхүл байгууллагын тэмдгээр баталгаажсан байх;

 

 2.1.2.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журамд заасан санхүүгийн тайлан, бусад тайлангууд, хөрөнгө, төлбөр, тооцоо, тооллогын баримт, тооцоо бодсон акт, нягтлан бодох бүртгэлийн журнал, данс, хураангуй ба дэлгэрэнгүй бүртгэл, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад зайлшгүй шаардлагатай бусад холбогдох цахим болон цаасан баримт, лавлагаа, тодорхойлолтууд байх;

 

2.1.3.эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гаргахад хамрагдсан шинжилгээний объектыг бүрэн ирүүлсэн байх;

 

2.1.4.гадаад хэл дээр үйлдэгдсэн бол Монгол хэл дээр баталгаат орчуулгын товчоогоор хийлгэж, эх хувийн хамт ирүүлсэн байх;

 

2.1.5.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, журам, заавар, стандарт, батлагдсан маягтын дагуу хөтөлсөн анхан шатны баримтын шаардлага хангасан байх;

 

2.1.6.шинжээчид тавьсан асуулт нь эрх бүхий байгууллагын акт, дүгнэлтийн хүрээнд байх.

 

2.2.Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол шийдвэр, хүсэлтийг хүлээн авахдаа эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гараагүй, шинжилгээний объектгүй, ирүүлсэн шинжилгээний объект нь тоо хэмжээ, нэрийн хувьд тохирохгүй бол хүлээн авахгүй буцаана.

Гурав. Шинжээчийн эрх, үүрэг

 3.1.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл байвал энэ тухай шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтанд яаралтай мэдэгдэнэ.

 

 3.2.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан шинжилгээ хийлгэх шийдвэрийг шинжилгээний объектын хамт хүлээн авч, бүртгэн шинжилгээ хийх боломжтой эсэх талаар шийдвэр гаргана.             

 3.3.Шинжээч шинжилгээ хийх хугацаанд шинжилгээний объектын онцлогоос хамаарч түүний хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг биечлэн хариуцах бөгөөд зөвхөн ажлын байранд хадгална.

 

 3.4.Шинжилгээг багаар хийхдээ Шүүх шинжилгээний тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан заалтуудыг баримтална.

Дөрөв. Шинжилгээ хийх үе шат, арга

4.1.Шинжээч шинжилгээ хийхдээ шинжилгээний ерөнхий болон тусгай арга зүйг ашиглана.

 4.2.Шинжээч шинжилгээний төрөл, объектын онцлог шинж чанараас хамаарч түүнд тохирсон арга, аргачлалыг шинжилгээнд ашиглаж болно.

 4.3.Шинжилгээг дараах үе шаттай явуулна. 

 

4.3.1.Бэлтгэл үе шатанд шинжилгээ хийлгэх шийдвэр, шинжилгээний объектыг хүлээн авч танилцан, бүртгэлжүүлэх, мөн үндэслэлгүй гэдгийг нотолсон тодорхой баримтыг ирүүлсэн эсэхийг шалгана;

 

4.3.2.Шинжилгээний объектыг судлах үе шатанд эрх бүхий байгууллагын гаргасан акт, дүгнэлт шаардлага хангасан эсэх, шинжилгээ хийлгэх шийдвэрт дурдсан асуулттай уялдаатай эсэхийг тогтоох, акт, дүгнэлтэд тусгасан тооцооллыг судална;

 

4.3.3.Нэмэлт материал шаардах үе шатанд шинжилгээний онцлогт тохирсон шаардлагатай баримт, материал, эрх бүхий байгууллагын акт, дүгнэлтийн бүх тооцооллыг эх хувь болон цахим хэлбэрээр гаргуулан авна;

 

4.3.4.Шинжилгээ хийх үе шатанд эрх бүхий байгууллагын акт дүгнэлтээр тогтоогдсон зөрчил, хохирол, дутагдал нь үндэслэлтэй тооцоологдсон эсэхийг тухайн шинжилгээнд тохирсон тулган шалгах, харьцуулах зэрэг арга, аргачлалаар шинжилгээнд ирүүлсэн объект, хуульд заасан хүчин төгөлдөр анхан шатны баримтаар нотлогдож байгаа эсэхийг тогтооно.

4.3.5.Нэгтгэн дүгнэх үе шатанд шинжилгээ хийсэн тооцооллын үр дүнг нэгтгэн шаардлагатай тооцооллыг хавсралт болгон бэлтгэж тавьсан асуулт бүрээр дүгнэлт гаргана.

     

 4.4.Шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа шинжилгээ тус бүрд дүгнэлтийг нотолсон баримтуудаар ажлын баримт бүрдүүлнэ.

 4.5.Ажлын баримтыг Шүүх шинжилгээний ерөнхий газар болон орон нутгийн шүүх шинжилгээний алба хүлээн авах бөгөөд уг баримтыг архивын нэгж болгон хадгална.

4.6.Шинжээч нь хэргийн холбогдогч, хариуцагч, нэхэмжлэгч зэрэг хүмүүстэй зөвхөн шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс зөвшөөрөгдсөн газарт уулзаж холбогдох мэдээллийг авна.

Тав. Шинжээчийн дүгнэлт

 5.1.Шинжээчийн дүгнэлтийг монгол хэлээр товч тодорхой бичнэ. Орчуулах боломжгүй гадаад үг, нэр томьёог олон улсын нэршлээр хэрэглэнэ.

 

 5.2.Шинжээчийн дүгнэлт нь нийтлэг үндэслэл, шинжилгээний талаар, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

 

 5.3.Шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан агуулгыг тусгана.

 

 5.4.Шинжилгээний онцлогоос хамаарч дүгнэлтэд тооцооллын дэлгэрэнгүйг хавсаргаж болно.

 

5.5.Шинжээч нь гаргасан дүгнэлтээ Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу баталгаажуулан шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий этгээдээр дамжуулан шинжилгээ хийлгэх тухай тогтоол, шийдвэр, хүсэлт гаргасан этгээдэд хүргүүлнэ.

 

Зургаа. Бусад

 

6.1.Шинжээч нь шинжилгээ хийх явцдаа шинжилгээний нууцлал, аюулгүй байдлыг хангаж ажиллана.

6.2.Шинжилгээний хураамж, зардлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийг баримтална.

6.3.Шинжээч нь энэ журмыг зөрчвөл хуульд заасан хариуцлага хүлээнэ.

 

 

 

--оОо