A

A

A

Бүлэг: 1979

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/475 дугаар тушаалын хавсралт

 

 

МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ТАНДАХ, ҮР ДҮНГ МЭДЭЭЛЭХ ЖУРАМ

 

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний дэгдэлтийг эрт тандан илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах, шийдвэр гаргахад шаардлагатай нотолгоонд суурилсан мэдээ, мэдээллийг бүрдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

 

1.2.Тандалтын үр дүнд үндэслэн мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, устгах, хариу арга хэмжээг шуурхай, оновчтой зохион байгуулах, эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай суурь тоон мэдээлэл, баримт бүрдүүлэх, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлын баталгаажуулалтыг хангах үйл ажиллагааг зохицуулна.

 

1.3.Төрийн болон хувийн өмчийн бүх шатны мал эмнэлгийн байгууллага нь мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний тандалтын мэдээ, мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх болон мэргэжил аргазүйн зөвлөмжөөр хангах, шийдвэр гаргахад шаардагдах нотолгоонд суурилсан мэдээллийг бүрдүүлэхэд энэхүү журмыг (цаашид "журам" гэх) баримтална.

 

Хоёр.Зохион байгуулалт, хэрэгжилт

 

2.1.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан байгууллагууд хэрэгжүүлнэ.

 

2.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын Тархварзүйн асуудал хариуцсан нэгжийн дарга, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн Тархварзүйн асуудал хариуцсан нэгжийн дарга, Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан нэгжийн дарга, Мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч, шинжээч, Мал эмнэлгийн тасгийн байцаагч, тархвар зүйч, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн болон аж ахуйн нэгжийн малын эмч журмын хэрэгжилтийг хариуцна.

 

2.3. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар нь тус бүр өвчний тандалтын багтай байна.

 

2.3.1.Төвийн тандалтын багийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлагын шийдвэрээр байгуулах ба уг багийг тархварзүйн асуудал хариуцсан нэгжийн дарга ахалж, лаборатори, гоц халдварт өвчин, зооноз өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн ерөнхий эмч, тархварзүйн асуудал хариуцсан нэгжийн дарга тус багт ажиллана.

 

2.3.2.Аймгийн тандалтын багийг Мал эмнэлгийн газрын газрын даргын шийдвэрээр байгуулах ба Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан нэгжийн дарга ахалж, зооноз, халдварт өвчин, тандалт болон өвчний мэдээ, тайлангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, лабораторийн эрхлэгч, шинжээч, тархварзүйч, холбогдох сумдын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч тус багт ажиллана.

 

Гурав.Халдварт өвчний тандалт хариуцсан байгууллага, газар, багийн гүйцэтгэх үүрэг

 

3.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тандалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг

 

3.1.1.Өвчин, халдваргүй болохыг баталгаажуулах халдварт өвчний жагсаалтыг боловсруулж, тандалтыг урт болон дунд хугацаагаар хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйн дагуу гүйцэтгэхээр нарийвчлан төлөвлөнө.

 

3.1.2.Жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан улсын тандалтын төлөвлөгөө, загварыг боловсруулж батлах ба төлөвлөгөөний хэрэгжилтийг мал эмнэлгийн сүлжээ лаборатори, Мал эмнэлгийн тасаг хамтран зохион байгуулахаар тусгана.

 

3.1.3.Жилийн төлөвлөгөөнд тандалтын зорилго, хэлбэр, хамрагдах мэдрэмтгий болон зорилтот мал, амьтны тоо, санхүүжилт, шаардагдах хүний нөөц, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэргийг тусгана.

 

3.1.4.Тухайн жилийн тандалтын зардлыг төсөвтөө тусгаж, оношлуур, хэрэглэгдэхүүний нийлүүлэлтийг эхний хагас жилд багтаан тандалт явуулах орон нутгийн мал эмнэлгийн байгууллагад хүргэсэн байхаар тооцож, худалдан авалтыг зохион байгуулна.

 

3.1.5.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тандалт, судалгаа хариуцсан нэгж, төвийн баг нь Мал эмнэлгийн газрын тандалтын багийг төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хяналт тавих арга зүйн удирдлагаар хангах, халдварт өвчний дэгдэлтийн үед бие даан судалгаа хийх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх, тайлан боловсруулах, үр дүнг хэвлэн нийтлүүлэх талаар дэмжлэг үзүүлнэ.

 

3.1.6.Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг тандалт судалгааны үр дүнд үндэслэн оновчтой төлөвлөж, бодлогын бичиг баримтын төслийг боловсруулна.

 

3.1.7.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төвийн тандалтын багийг халдварт болон гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын бичиг баримт боловсруулах, шаардагдах нотолгоонд суурилсан мэдээллийг тасралтгүй, цуглуулах аргад сургаж, тархвар судлалын судалгааны аргууд дээр үндэслэн мал, амьтны халдварт өвчний дэгдэлтийг таамаглах, эрсдэлт хүчин зүйлс, шалтгааныг тогтоох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах чадвар эзэмшүүлнэ.

 

3.1.8.Мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний үед хэрэгжүүлсэн тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тандалтын үр дүнгийн мэдээллийн санг бий болгоно.

 

3.1.9.Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчний тандалтын чиглэлээр шийдвэр гаргах дээд шатны байгууллага, удирдлагыг мэдээллээр хангах ба салбар хоорондын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана.

 

3.1.10.Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчний Мал эмнэлгийн тандалтын нэгдсэн тогтолцооны аргазүй, тандалтын хэлбэрийг батална.

 

3.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тандалт, судалгаа хариуцсан нэгжийн тандалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг

 

3.2.1.Мал эмнэлгийн тандалтын тоон мэдээллийн санг үүсгэнэ.

 

3.2.2.Тандалтын үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулна.

 

3.2.3.Тандалтын багийн гишүүн тус бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж, албан тушаалын тодорхойлолтод тусгуулна.

 

3.2.4.Өвчин, халдваргүй болохыг баталгаажуулах тандалтад хамруулах өвчин бүрд тохирсон сэжигтэй, магадлалтай, батлагдсан тохиолдлын тодорхойлолтыг баталж, тандалтын мэдээ, мэдээлэл цуглуулахад ашиглана.

 

3.2.5.Улсын хэмжээнд мал, амьтны халдварт, гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлын болон батлагдсан тохиолдлын мэдээнд өдөр тутам дүн шинжилгээ хийх, гоц халдварт, эндемик халдварт өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулна.

 

3.2.6."Мал, амьтны гоц халдварт өвчнийг мэдээлэх журам"-ын дагуу гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлын мэдээллийг тухай бүр хүлээн авч, удирдлага, дээд шатны байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийг 1 цагийн дотор нөхцөл байдлын мэдээллээр хангана.

3.2.7."Эрт илрүүлэх, хариу арга хэмжээний тандалтын заавар"-ын дагуу мал, амьтны гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдол болон эмнэлзүйн шинж тэмдгийн үзлэгийн тандалтын мэдээг өдөр тутамд Мал эмнэлгийн нэгдсэн системээс нэгтгэн, дүн шинжилгээ хийх, холбогдох байгууллагын болон мал эмнэлгийн газрын тандалтын багийг мэргэжил аргазүйн зөвлөмж, эргэн мэдээллээр хангана.

 

3.2.8.Мал эмнэлгийн газрын тандалтын багаас онош тодорхойгүй, мал, амьтан гэнэт олноор өвчилсөн, хээл хаясан, үхэж хорогдсон, эсхүл өмнө оношлогдож байгаагүй өвөрмөц өвчний талаарх мэдээлэл ирсэн тухай бүр Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага, Улсын мал эмнэлгийн лабораторийн удирдлага, дээд шатны байгууллагын холбогдох мэргэжилтнүүдэд 2 цагийн дотор утас болон цахим хаягаар мэдээлнэ.

 

3.2.9ал эмнэлгийн газрын тандалтын багаас өвчний дэгдэлт болон эпидемийн үед мал, амьтны өвчлөл, хорогдол, хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй gavs.epi230621@gmail.com хаягаар цахимаар авч, дүн шинжилгээ хийх ба үр дүнг эргэн мэдээлэх, шуурхай хариу арга хэмжээний талаар мэргэжил аргазүйн зөвлөмж өгөх, хамтран ажиллах, дээд шатны холбогдох байгууллагын шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан, үнэн зөв мэдээлээр тасралтгүй хангах ажлыг зохион байгуулна.

 

3.2.10.Мал эмнэлгийн газрын тандалтын багаас мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний батлагдсан тохиолдлын өвчлөл, хорогдлын мэдээг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгон gavs.epi230621@gmail.com цахим хаягаар  авч дүгнэлтийг дараа сарын эхний 7 хоногт багтаан удирдлага, холбогдох мэргэжилтнүүд болон Мал эмнэлгийн газрын тандалтын багийн ахлагчид цахимаар хариу мэдээлнэ. Хариу мэдээлэлд улсын хэмжээнд халдварт өвчний тандалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх аргын талаарх саналыг тусгана.

3.2.11.Мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний батлагдсан тохиолдлын өвчлөл, хорогдол, халдварлалтын түвшний улсын тоон мэдээнд сар, улирал, хагас жил, бүтэн жилээр болон олон жилийн давтамжаар дүн шинжилгээ хийх, өвчин тус бүртэй тэмцэх, сэргийлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг үнэлэх, өвчлөлийн босго үзүүлэлт, хэтийн хандлагыг тооцох, тэргүүлэх чиглэл тогтоох замаар халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, оновчтой хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээллийг бүрдүүлж, бодлого боловсруулахад ашиглана.

 

3.2.12.Мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд бодит байдалд суурилсан тандалтын мэдээллийг оролцооны эпидемиологийн аргаар цуглуулж баталгаажуулна. Шаардлагатай тохиолдолд шуурхай хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх ба тодорхой асуудлаар эргэн зөвлөмж өгч ажиллана.

 

3.2.13.Жилд тав хүртэл Мал эмнэлгийн газрын тандалтын багийн үйл ажиллагаанд биечлэн хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангана.

 

3.2.14.Мал эмнэлгийн газрын тандалтын багийн үйл ажиллагаанд улирал, хагас жил, жил тутамд шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангана.

3.2.15.Улсын хэмжээний мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний тандалтын үйл ажиллагаанд 2 жил тутамд зохих аргачлалын дагуу үнэлгээ хийх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

 

3.3.Улсын мал эмнэлгийн лабораторийн тандалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг

 

3.3.1.Улсын төлөвлөгөөт тандалтын нэгдсэн удирдамж, аргазүйг боловсруулж, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргаар батлуулан, мал эмнэлгийн сүлжээ лаборатори, холбогдох Мал эмнэлгийн тасагтай хамтран тандалтыг зохион байгуулна.

 

3.3.2.Жил бүрийн эхний хагаст багтаан тандалт шинжилгээнд шаардагдах оношлуур, эм урвалж, багаж, тоног төхөөрөмж, шил сав, бусад хэрэглэгдэхүүнийг тандалт явуулах орон нутгийн мал эмнэлгийн байгууллагад хүргэсэн байхаар худалдан авалтыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулна.

 

3.3.3.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын өвчний тандалт, судалгаа хариуцсан нэгжээс мал, амьтан гэнэт олноор үхэж хорогдсон, хээл хаясан эсвэл өмнө нь оношлогдож байгаагүй, өвөрмөц, онош тодорхойгүй өвчнөөр олон мал, амьтан өвчилсөн талаарх мэдээлэл ирсэн тухай бүр холбогдох Мал эмнэлгийн газрын тандалтын багтай холбогдож, халдварын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, онош тогтоох зорилгоор сорьц цуглуулж, шинжилнэ. Шинжилгээний талаарх мэдээллийг өдөр тутамд Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тандалтын багт зөвлөмжийн хамт тайлагнана.

 

3.3.4.Төрийн болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн лабораторид хийгдэж буй тандалт шинжилгээний мэдээлэлд тогтмол хяналт тавьж, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний үүсгэгч илэрсэн тохиолдолд мэдээллийг баталгаажуулан, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тандалт, судалгаа хариуцсан нэгжид 2 цагийн дотор мэдээлж, сорьцод онош баталгаажуулах шинжилгээ хийнэ.

 

3.3.5.Улсын хэмжээнд мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний тандалт шинжилгээг хийхдээ тулгамдаж буй асуудлыг тодорхойлон эрэмбэлж, шийдвэрлүүлэх саналаа Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шуурхай хүргүүлнэ.

 

3.3.6.Мал, амьтны халдварт өвчин тус бүрийн тандалтад хэрэглэгдэж байгаа лабораторийн шинжилгээний аргын хоорондын тохироо, оношлуур, урвалын мэдрэг, өвөрмөц чанарыг судлан дүгнэж, лабораторийн шинжилгээний оновчтой аргаар тандалтыг гүйцэтгэнэ.

 

3.3.7.Бүх түвшний мал эмнэлгийн лабораторид хийгдэж буй тандалт шинжилгээний баталгаажуулалтыг хянаж, улсын хэмжээнд чанарын дотоод хяналтыг хийнэ.

 

3.3.8.Тандалтаар цуглуулж буй сорьцыг хүлээн авах ба тээвэрлэлт, хадгалалтын байдалд хяналт тавина.

 

3.3.9.Бүх түвшний лабораториос тандалт шинжилгээний сорьцын мэдээллийг цуглуулж нэгтгэн, долоо хоног, сар, улирал, хагас жил, жил тутамд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган, лабораторийг эргэн мэдээллээр хангана. Эргэн мэдээллийн хувийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Улсын мал эмнэлгийн лабораторийн удирдлага болон холбогдох бусад мэргэжилтнүүд, Мал эмнэлгийн газрын тандалтын багийн ахлагчид цахимаар хүргүүлнэ. Эргэн мэдээлэлд улсын хэмжээнд халдварт өвчний тандалтын шинжилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын саналыг тусгана.

 

3.3.10.Өвчин, халдваргүй болохыг баталгаажуулах тандалт шинжилгээний тайланг тухай бүр бичиж, үр дүнг хэвлэн нийтлүүлэх ажлыг улсын хэмжээнд хариуцна.

 

3.3.11.Бүх түвшний лабораторид ажиллаж буй шинжээч нарт тандалтын нэгдсэн тогтолцооны талаар болон тандалт шинжилгээний мэдээллийг программд оруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, үр дүнг шийдвэр гаргагчдад мэдээлэх, тайлан бичих, хэвлэн нийтлүүлэх талаар мэргэжил, аргазүйн сургалтыг тасралтгүй зохион байгуулна.

 

3.3.12.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагыг мал, амьтны халдварт, гоц халдварт өвчний тандалт шинжилгээний мэдээллээр тасралтгүй хангана.

 

3.3.13.Тандалтын тайлан нь сүүлийн жилүүдийн дэгдэлт, тандалтын үр дүнг харьцуулсан дүгнэлт, санал, зөвлөмжийг агуулсан байна.

 

3.3.14.Жил тутамд Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын өвчний тандалт, судалгаа хариуцсан нэгжтэй хамтран шалгуур үзүүлэлтийн дагуу Мал эмнэлгийн газар, лабораторийн халдварт өвчний тандалтын шинжилгээнд биечлэн хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллана.

 

3.3.15.Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчний тандалтын арга, аргачлал боловсруулах, тандалт зохион байгуулах, үр дүнг хэвлэн нийтлүүлэхэд дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд, салбар хоорондын байгууллагуудтай хамтран ажиллана.

3.3.16.Мал, амьтны халдварт өвчний дэгдэлтийн үед шаардлагатай тохиолдолд халдварт өвчний голомтод ажиллах, дэгдэлтийн судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээний багт лабораторийн мэргэжилтэнг томилон ажиллуулна.

 

3.3.17.Тандалт шинжилгээний хариу, үр дүнг тандалтад хамрагдсан малчин өрх, хувийн малын эмч нарт мал эмнэлгийн лаборатори, мал эмнэлгийн тасаг, лабораторийн цахим мэдээллийн системээр дамжуулан заавал эргэн хүргүүлнэ.

 

3.4.Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын тандалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг

3.4.1.Улсын тандалтын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан аймаг, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх малын эрүүл мэндийн тандалтын төлөвлөгөөг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан боловсруулж, Мал эмнэлгийн газрын дарга батална.

 

3.4.2.Жилийн төлөвлөгөөнд тандалтын зорилго, хэлбэр, хамрагдах мэдрэмтгий мал, амьтны тоо, санхүүжилт, шаардагдах хүний нөөц, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэргийг дэлгэрэнгүй тусгана.

 

3.4.3.Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн тандалт шинжилгээний сорьц цуглуулах, шинжилгээ хийх, шаардлагатай үед Улсын мал эмнэлгийн лабораторид илгээж онош баталгаажуулах, тээвэрлэх болон оношлуурын зардлыг төсөвт тусган шийдвэрлүүлнэ.

 

3.4.4.Мал, амьтны халдварт өвчний 5-10 жилийн өвчлөл, хорогдлын мэдээнд үндэслэн тандалт шинжилгээний орон нутгийн тэргүүлэх чиглэлийг тогтооно. Тэргүүлэх чиглэлийн халдварт өвчнийг тандалтад хамруулах холбогдох саналыг Мал эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн удирдлага, бусад холбогдох байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

 

3.4.5.Харьяалах засаг захиргаа, салбар хоорондын байгууллагуудыг мал, амьтны халдварт өвчний тандалтын мэдээллээр тогтмол хангаж, хамтран ажиллах, орон нутгийн хэмжээнд зайлшгүй хэрэгжүүлэх халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний талаар засаг захиргааны байгууллагад санал тавьж шийдвэрлүүлнэ.

 

3.4.6.Мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлтийн үед засаг захиргаа, салбар хоорондын байгууллагуудыг нөхцөл байдлын мэдээллээр тогтмол хангаж, хамтран ажиллана.

 

3.4.7ал эмнэлгийн тасгийг халдварт өвчний дэгдэлтийн үед бие даан судалгаа хийх, дүгнэлт гаргах, шуурхай хариу арга хэмжээ авах, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, аж ахуйн нэгжийн малын эмчийг халдварт өвчний сэжигтэй тохиолдол, сэжиг бүхий бүтээгдэхүүн илэрсэн тохиолдолд мэдээлэх, шуурхай хариу арга хэмжээ авах аргад тасралтгүй сургана.

3.4.8.Мал, амьтны халдварт өвчний дэгдэлтийн үед шаардлагатай тохиолдолд халдварт өвчний голомтод ажиллах шуурхай хариу арга хэмжээний багийг томилон ажиллуулна.

 

3.5.Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын тандалтын багийн гүйцэтгэх үүрэг

 

3.5.1.Тандалтын багт хамаарах гишүүн тус бүрийн гүйцэтгэх үүргийг нарийвчлан тодорхойлж, албан тушаалын тодорхойлолтод тусган Мал эмнэлгийн газрын даргаар батлуулна. Тандалтын багийн ахлагч тандалтын ерөнхий төслийг боловсруулж, багийн гишүүдээр хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.

 

3.5.2.Харьяа Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс мал, амьтны гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлын мэдээг өдөр тутамд, бусад халдварт өвчний батлагдсан тохиолдлын мэдээг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгон цуглуулж, дүн шинжилгээ хийн, гоц халдварт болон бусад халдварт өвчний дэгдэлтийг эрт илрүүлж, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

3.5.3.Гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлын мэдээг Мал эмнэлгийн тасгаас тухай бүр хүлээн авч, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын өвчний тандалт, судалгаа хариуцсан нэгжид 2 цагийн дотор албаны цахим хаягаар мэдээлнэ. Хүлээн авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийн, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлж, холбогдох Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмчийг мэргэжил, арга зүйн зөвлөмж, мэдээллээр тасралтгүй хангана.

 

3.5.4.Харьяа Мал эмнэлгийн тасгаас мал, амьтан гэнэт олноор үхэж хорогдсон, хээл хаясан эсхүл өмнө нь оношлогдож байгаагүй өвөрмөц, онош тодорхойгүй өвчнөөр олон мал, амьтан өвчилсөн талаарх мэдээлэл ирсэн тухай бүр нь Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын өвчний тандалт, судалгаа хариуцсан нэгжид 2 цагийн дотор албаны цахим хаягаар мэдээлнэ. Холбогдох тасгийн байцаагч, тархварзүйчид хэрэгжүүлэх шуурхай хариу арга хэмжээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч, хамтран ажиллана.

 

3.5.5.Гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлын болон эмнэлзүйн шинж тэмдгийн үзлэгийн тандалтыг давтамжтайгаар хэрэгжүүлж, сэжигтэй тохиолдол илэрсэн үед яаралтай төвийн тандалтын багт мэдээлэх, тандалтын мэдээнд тухай бүр дүн шинжилгээ хийж, мал, амьтны халдварт өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах, Мал эмнэлгийн тасгийн тандалтын багийг эргэн мэдээлэл, мэргэжил, аргазүйн зөвлөмжөөр тасралтгүй хангах, мэдээ ирүүлэлтийн байдалд хяналт тавих зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Илрүүлсэн сэжигтэй тохиолдлын оношийн баталгаажуулалтын байдалд хяналт тавьж, дүгнэлт хийнэ.

3.5.6.Мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлт, эпидемийн үед холбогдох Мал эмнэлгийн тасгаас мал, амьтны өвчлөл, хорогдол, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний мэдээ, мэдээллийг өдөр тутамд албаны цахим хаягаар авч, дүн шинжилгээ хийж, шуурхай хариу арга хэмжээний талаар мэргэжил, аргазүйн зөвлөмжөөр тогтмол хангах, үр дүнг эргэн мэдээлэх, шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулна.

 

3.5.7.Мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний батлагдсан тохиолдлын өвчлөл, хорогдлын мэдээг Мал эмнэлгийн тасгаас сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгон цахим хэлбэрээр авч, мэдээнд хяналт тавьж, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын өвчний тандалт, судалгаа хариуцсан нэгжид албаны цахим хаягаар хүргүүлнэ.

 

3.5.8.Мал эмнэлгийн тасгаас ирүүлсэн мэдээлэлд сар бүрийн эхний 7 хоногт багтаан дүн шинжилгээ хийж, Мал эмнэлгийн газрын удирдлага болон холбогдох мэргэжилтнүүд, засаг захиргаа, Мал эмнэлгийн тасагт цахим хэлбэрээр эргэн мэдээлнэ. Эргэн мэдээлэлд аймаг, нийслэлийн хэмжээнд халдварт өвчний тандалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх аргын талаар саналыг тусгана.

 

3.5.9.Мал, амьтны халдварт өвчний батлагдсан тохиолдлын өвчлөл, хорогдлын аймаг, нийслэлийн хэмжээний тоон мэдээнд сар, улирал, хагас жил, жил тутамд дүн шинжилгээ хийж, Мал эмнэлгийн газрын удирдлага болон холбогдох мэргэжилтнүүд, засаг захиргаа, Мал эмнэлгийн тасгийг эргэн мэдээллээр тасралтгүй хангана.

 

3.5.10.Мал, амьтны халдварт өвчний батлагдсан тохиолдлын өвчлөл, хорогдлын олон жилийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, өвчин тус бүртэй тэмцэх, сэргийлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг үнэлэх, өвчлөлийн босго үзүүлэлт, хэтийн хандлагыг тооцох, тэргүүлэх чиглэл тогтоох замаар халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, оновчтой хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд ашиглана.

 

3.5.11.Мал, амьтны халдварт өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах зорилгоор харьяа аймаг, нийслэлийн хэмжээнд үйл явдалд суурилсан тандалтын мэдээллийг цуглуулж баталгаажуулна. Шаардлагатай тохиолдолд шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.5.12.Харьяа Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нарт жилд 2-оос доошгүй удаа журмын хэрэгжилтийн асуудлаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангана.

 

3.6.Сум, дүүргийн Мал эмнэлгийн тасгийн гүйцэтгэх үүрэг

 

3.6.1.Гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед Мал эмнэлгийн газрын тандалтын багт 2 цагийн дотор утас болон цахимаар мэдээлэх ба өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, онош баталгаажуулах зорилгоор сорьц цуглуулах ажлыг зохион байгуулна.

 

3.6.2.Гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлын болон эмнэлзүйн шинж тэмдгийн тандалтыг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж хийж, мэдээллийг Мал эмнэлгийн нэгдсэн системд оруулж байгаа эсэхэд хяналт тавих, оруулсан мэдээллийг баталгаажуулах, сэжигтэй тохиолдол бүрийг харьяа Мал эмнэлгийн газрын тандалтын багт 2 цагийн дотор утас болон цахимаар мэдээлнэ.

 

3.6.3.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, аж ахуйн нэгжийн малын эмчээс мал, амьтан гэнэт олноор үхэж хорогдсон, хээл хаясан эсхүл өмнө нь оношлогдож байгаагүй өвөрмөц, онош тодорхойгүй өвчнөөр олон мал, амьтан өвчилсөн талаарх мэдээлэл ирсэн тухай бүр харьяа Мал эмнэлгийн газрын тандалтын багт 2 цагийн дотор утас болон цахимаар мэдээлнэ. Холбогдох аж ахуйн нэгжийн малын эмчид хэрэгжүүлэх шуурхай хариу арга хэмжээ, сорьц авах талаар талаар мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч, хамтран ажиллана. Харьяалах Мал эмнэлгийн газрын тандалтын багийн зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээг зохион байгуулна.

 

3.6.4.Мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлт бүртгэгдсэн үед голомтод ажиллаж буй мэргэжлийн багаас мал, амьтны өвчлөл, хорогдол, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний мэдээ, мэдээллийг өдөр тутамд авч, харьяалах Мал эмнэлгийн газрын тандалтын баг, шийдвэр гаргагчдыг мэдээллээр тасралтгүй хангана. Мэргэжлийн багаас өдөр тутамд ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, мэргэжил аргазүйн зөвлөмжөөр тогтмол хангана. Шаардлагатай тохиолдолд халдварт өвчний голомтод ажиллаж, шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулна.

 

3.6.5.Мал, амьтны халдварт өвчний дэгдэлт бүртгэгдсэн үед хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардлыг засаг захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

 

3.6.6.Харьяа сум, дүүрэгт бүртгэгдсэн мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний батлагдсан тохиолдлын өвчлөл, хорогдлын мэдээг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгон Мал эмнэлгийн газрын тандалтын багт цахимаар хүргүүлнэ. Мэдээлэлд сар бүрийн эхний 7 хоногт багтаан дүн шинжилгээ хийж, сум, дүүргийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүд, холбогдох аж ахуйн нэгжийн мал эмч нарт цахим хэлбэрээр эргэн мэдээлнэ.

 

3.6.7.Харьяа сум, дүүрэгт бүртгэгдсэн мал, амьтны халдварт өвчний батлагдсан тохиолдлын өвчлөл, хорогдлын тоон мэдээнд сар, улирал, хагас жил, жил тутамд дүн шинжилгээ хийж, засаг захиргааны нэгжийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүд, нэгжийн мал эмч нарыг эргэн мэдээллээр тасралтгүй хангана. Хариу мэдээлэлд харьяа сум, дүүрэгт халдварт өвчний тандалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх саналыг тусгана.

 

3.6.8.Харьяа сум, дүүрэгт бүртгэгдсэн мал, амьтны халдварт өвчний батлагдсан тохиолдлын өвчлөл, хорогдлын олон жилийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, өвчин тус бүртэй тэмцэх, сэргийлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг үнэлэх, тэргүүлэх чиглэлийг тогтоох, тэмцэх, сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, тохирсон хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд ашиглана.

 

3.6.9.Мал, амьтны халдварт өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах зорилгоор харьяа сум, дүүргийн хэмжээнд үйл явдалд суурилсан тандалтын мэдээллийг цуглуулж баталгаажуулна. Шаардлагатай тохиолдолд шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

3.6.10.Харьяа нэгж, хувийн хэвшлийн лаборатори, холбогдох аж ахуйн нэгжийн ажиллагсдыг мал, амьтны халдварт өвчнийг тандах, тандалтын мэдээ, мэдээлэл цуглуулах, тохиолдлыг мэдээлэх, тандалтын үед сорьц цуглуулах, дэгдэлтийн судалгаа хийх талаар сургалтад тогтмол хамруулна.

 

3.6.11.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нартай хамтран малын эрүүл мэнд, мал эмнэлгийн тодорхой асуудлаар улиралд хамгийн багадаа нэг удаа малчдын төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлэг, судалгаа зохион байгуулж, малчдаас малын эрүүл мэндийн нөхцөл байдлыг тодруулах ба малчдыг шаардлагатай зөвлөгөө мэдээллээр хангана. Уг арга хэмжээг гүйцэтгэлийн төлөвлөлтөд тусгаж төлөвлөх ба тайлагнана.

 

3.6.12.Сум, багийн удирдлагуудыг улирал тутамд мал эмнэлгийн арга хэмжээний талаарх мэдээллээр хангаж ажиллана (өвчингүй тайван үед).

 

3.7.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмчийн гүйцэтгэх үүрэг

 

3.7.1.Нэгжийн малын эмч нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд илэрсэн мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг Мал эмнэлгийн тасгийн байцаагч, тархварзүйчид мэдээлэл авснаас хойш 2 цагийн дотор мэдээлж, байцаагч, тархварзүйчийн зөвлөсний дагуу шуурхай хариу арга хэмжээг хамтран зохион байгуулна.

 

3.7.2.Гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлын болон эмнэлзүйн шинж тэмдгийн тандалт хийж, илэрсэн сэжигтэй тохиолдол бүрд сорьц авч лабораторид илгээх ба харьяа мал эмнэлгийн хяналтын байцаагчид 2 цагийн дотор мэдээлнэ.

 

3.7.3.Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд мал, амьтны халдварт, гоц халдварт өвчинтэй холбоотой сэжигтэй тохиолдол гарч байгаа талаарх албан бус мэдээлэл, цуу яриа зэргийг малчидтай холбогдон тодруулж, баталгаажуулан, "сэжигтэй" гэж үзвэл байцаагч, тархварзүйчид 2 цагийн дотор мэдээлнэ.

 

3.7.4.Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд мал, амьтан гэнэт олноор үхэж хорогдсон, хээл хаясан эсхүл өмнө нь оношлогдож байгаагүй өвөрмөц, онош тодорхойгүй өвчнөөр олон мал, амьтан өвчилсөн тохиолдолд байцаагч, тархварзүйчид 2 цагийн дотор мэдээлнэ. Шуурхай хариу арга хэмжээг харьяа Мал эмнэлгийн тандалтын багтай хамтран хэрэгжүүлнэ.

 

3.8.Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй малын эмчийн гүйцэтгэх үүрэг

 

3.8.1.Гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед харьяа Мал эмнэлгийн тасгийн байцаагч, тархвар зүйчид 2 цагийн дотор утсаар эсвэл холбогдох бусад хэлбэрээр мэдээлнэ.

3.8.2.Гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдол болон эмнэлзүйн шинж тэмдгийн тандалтыг хийж, илэрсэн сэжигтэй тохиолдол бүрийг харьяа Мал эмнэлгийн тасгийн байцаагчид 2 цагийн дотор мэдээлнэ.

3.8.3.Хариуцсан ферм, аж ахуйд мал, амьтан гэнэт олноор үхэж хорогдсон, хээл хаясан эсхүл өмнө нь оношлогдож байгаагүй өвөрмөц, онош тодорхойгүй өвчнөөр олон мал, амьтан өвчилсөн тохиолдолд сумын Мал эмнэлгийн тасгийн байцаагч, тархварзүйчид 2 цагийн дотор мэдээлнэ. Шуурхай хариу арга хэмжээ болон онош батлагаажуулах зорилгоор сорьц авах ажлыг харьяа Мал эмнэлгийн тасгийн тандалтын багтай хамтран хэрэгжүүлнэ.

 

3.9.Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ханган нийлүүлэгч байгууллагуудад ажиллаж буй малын эмчийн үүрэг

 

3.9.1.Худалдаалагдаж буй мал, амьтанд гоц халдварт өвчний сэжигтэй эмнэлзүйн шинж тэмдэг, маханд сэжиг бүхий эмгэг хувирал илэрсэн бол Мал эмнэлгийн тасгийн байцаагч, тархвар зүйчид 2 цагийн дотор утсаар эсвэл холбогдох хэлбэрээр мэдээлнэ.

 

3.9.2.Гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлын болон эмнэлзүйн шинж тэмдгийн тандалтыг хийж, илэрсэн сэжигтэй тохиолдол бүрийг харьяа Мал эмнэлгийн тасгийн байцаагчид 2 цагийн дотор мэдээлнэ.

 

3.9.3.Гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдолд тандалтын багийн өгсөн зөвлөмжийн дагуу сорьц авч, зохих журмын дагуу лабораторид илгээнэ.

 

Дөрөв.Тандалтын үйл ажиллагаанд хяналт (мониторинг), үнэлгээ хийх

 

4.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын өвчний тандалт, судалгаа хариуцсан нэгж нь Мал эмнэлгийн газрын тандалтын багийн үйл ажиллагааг улирал, хагас жил, жил тутамд зохих шалгуураар хянаж, эргэн мэдээлэл, мэргэжил аргазүйн зөвлөмжөөр хангана.

 

4.2.Мал эмнэлгийн газрын тандалтын баг нь сум, дүүргийн малын эмч нарын үйл ажиллагааг улирал, хагас жил, жил тутамд зохих шалгуураар хянаж, эргэн мэдээлэл, мэргэжил аргазүйн зөвлөмжөөр хангана.

 

4.3.Тандалтын багийн үйл ажиллагааг дор дурдсан шалгуураар хянаж, хэрэгжилтийг хувиар илэрхийлнэ. Тухайн үйл ажиллагааг >90% хэрэгжүүлсэн бол сайн, 70-89% бол хангалттай, <69% хангалтгүй гэж дүгнэнэ. Үүнд:

 

4.3.1."Мал, амьтны гоц халдварт өвчнийг мэдээлэх журам"-ын дагуу 2 цагийн дотор дээд шатны байгууллагад мэдээлсэн гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлын хувь;

 

4.3.1.1.Хоёр цагийн дотор шуурхай хариу арга хэмжээ авч эхэлсэн гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлын хувь;

 

4.3.2."Эрт илрүүлэх, хариу арга хэмжээний тандалтын заавар"-ын дагуу 2 цагийн дотор дээд шатны байгууллагад мэдээлсэн гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлын хувь;

4.3.2.1."Эрт илрүүлэх, хариу арга хэмжээний тандалтын заавар"-ын дагуу эрт илрүүлгийн үзлэг, эрсдэлийн үнэлгээний мэдээг сарын бүрийн сүүлийн өдрийн дотор Мал эмнэлгийн нэгдсэн системд баталгаажуулсан хувь;

 

4.3.2.2.Эрт илрүүлэх, хариу арга хэмжээний тандалтын эргэн мэдээллээр хангагдсан доод шатны тандалтын багийн хувь;

 

4.3.2.3.Эрт илрүүлэх, хариу арга хэмжээний тандалтын мэдээллээр хангагдсан шийдвэр гаргагчдын хувь;

4.3.3.Мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний батлагдсан тохиолдол, хорогдлын сар бүрийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийсэн хувь;

 

4.3.3.1.Сарын мэдээнд хийсэн дүн шинжилгээний үр дүнг доод шатны тандалтын багийн ахлагчид эргэн мэдээлсэн хувь;

 

4.3.3.2.Сарын мэдээнд хийсэн дүн шинжилгээний үр дүнг шийдвэр гаргагчид, салбар хоорондын холбогдох мэргэжилтнүүдэд мэдээлсэн хувь;

 

4.3.4.Үйл явдалд суурилсан тандалтын мэдээллийг цуглуулж баталгаажуулсан хувь;

 

4.3.5.Тандалтын мэдээллээр илрүүлсэн дэгдэлтийн тоо, оношийг лабораториор баталгаажуулсан хувь;

 

4.3.6.Халдварт өвчний тандалтын чиглэлээр сургалтад хамрагдсан эмч, мэргэжилтний хувь.

 

4.4.Тандалтын үйл ажиллагааг үнэлэхдээ чанарын судалгааны арга буюу бүлгийн ярилцлага, асуумжийн арга, мөрдөж буй баримт бичгийг үнэлэх зэрэг аргуудыг хослуулан хийнэ.

 

Тав.Хариуцлага

 

5.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

-----о0о-----