- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2017 оны 04 сарын 21-ний өдөр
Дугаар 81
Төрийн ордон, Улаанбаатар хот
Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, Дотоодын цэргийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тагнуулын байгууллагын цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг хавсралтаар баталсугай.
2. Цэргийн алба хаагчийн дүрэмт хувцасны саравчтай малгай, китель, өмд, юбканы хүрээ /хавчуурга/-ний өнгө нь Зэвсэгт хүчний хуурай замын цэрэгт улаан, агаарын цэрэг, тагнуулын байгууллагад цэнхэр хилийн цэрэгт ногоон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, дотоодын цэрэгт хүрэн улаан, онцгой байдлын байгууллагад улбар шар өнгөтэй байхаар тус тус тогтоосугай.
3. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах тухай" 1998 оны 180 дугаар зарлиг, "Төрийн ёслолын хүндэт харуулын цэргийн ёслолын дүрэмт хувцасны загварыг батлах тухай " 2006 оны 154 дүгээр зарлиг, Зарлигт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2004 оны 83, 2005 оны 122, 2011оны 24, 44, 45, 2016 оны 82 дугаар зарлиг, "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай алба хаагчийн дүрэмт хувцасны загвар батлах тухай" 2014 оны 111 дүгээр зарлигийн тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тагнуулын байгууллагын цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс, дотоодын цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглэхийг Монгол Улсын Шадар сайд /У.Хүрэлсүх/, Батлан хамгаалах яам /Б.Бат-Эрдэнэ/, Хууль зүй, дотоод хэргийн яам /Б.Бямбацогт/-д зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
